“Уран зохиол” буландаа “ЧҮНДЖ” паблишинг нэгдлийн орчуулагчдын шилдэг бүтээлээс цувралаар хүргэж байгаа билээ. Энэ дугаартаа Оросын утга зохиолыг шимтэн сонирхдог уншигчдадаа зориулан зохиолч Антон Чеховын “Хуучин байшин” өгүүллэгийг орчуулагч Э.Солонгын хувилбараар нийтэлж байна.
Хүний сэтгэлийн чанадад нууцлагдан үлдсэн эмзэг торгон мэдрэмж, нарийн зөрчлийг нээж гаргаснаараа А.Чеховын өгүүллэгүүд алдартай. Орчуулагч Э.Солонго ШУТИС-КТМС-ийг бизнесийн удирдлагаар төгссөн ч олон улсын бестселлер бүтээлүүдээс эх хэлнээ хөрвүүлэн хэвлүүлжээ. Онцлон дурдвал, Анна Быковагийн “Бие даасан хүүхэд буюу хэрхэн залхуу ээж болох вэ?”, орчуулагч Д.Оюунгэрэлийн хамтаар Анна Быковагийн “Залхуу ээжийн сурагчид”, “Толбон засал”, А.П.Чеховын “Хайрын өгүүллэгүүд”, Лукришиа Хэйлийн “Петеркиний өгүүллэгүүд”, Рэйчэл Поллакийн “Мэргэн ухаанд хүргэх 78 алхам” номыг орчуулан олон нийтийн хүртээл болгосон байна.
А.П.Чехов
(Байшингийн эзний өчил)
Шинэ байшин барихын тулд хуучнаа нураах шаардлага тулгарав. Уран барилгачийг хоосон өрөөнүүдээр дагуулж явангаа янз бүрийн түүх ярьж өглөө. Урагдсан ханын цаас, сүүмгэр цонх, харласан зуух энэ бүхэн саяхныг хүртэл энд амьдрал байсан гэх ул мөрийг хадгалж, дурсамжийг сануулна. Жишээлбэл, энэ шатан дээр согтуу хүмүүс талийгаачийг өргөж яваад бүдэрч, австай хамт доош ойчсон юм. Амьд хүмүүс нь гэмтэж хөндүүрлэж байхад талийгч юу ч болоогүй юм шиг чухал царайлж, шалан дээрээс өргөн авс руу хийх үед толгойгоо сэгсэрч байв. Дараалсан гурван хаалга гарч ирлээ. Энд үргэлж л зочид хүлээж авдаг авхай нар амьдардаг байсан тул бусад түрээслэгчдээс илүү цэмцгэр хувцаслаж, түрээсээ тогтмол төлнө. Хонгилын үзүүрт байрлах хаалга өдөр нь хувцас хунараа угааж, шөнө нь шар айраг ууж шуугилддаг угаалгын өрөө рүү хөтөлнө. Гурван өрөө энэ байрны бүх зүйлд нян савханцар шингэжээ. Энэ ч муу хэрэг шүү. Олон олон түрээслэгч энд нас барсан болохоор би энэ байрыг хараагдсан, бас хүмүүстэй хамт үл үзэгдэгч нэгэн амьдардаг гэдгийг батлан хэлэх байна. Нэгэн гэр бүлийн хувь тавиланг би ер мартдаггүй юм. Ээж, эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг, ямар ч онцгой зүйлгүй, жирийн л нэг хүн. Түүнийг Путохин гэнэ. Нотариатын бичээч хийж сард 35 рублийн цалин авна. Архи уудаггүй, шүтлэгтэй, нэлээд нухацтай нөхөр байв. Түрээсийнхээ төлбөрийг өгөхөөр ирэхдээ муухай хувцасласандаа, тав хоног хоцроосондоо үргэлж уучлал эрдэг сэн. Баримт өгөхөд минь цагаахнаар инээмсэглээд “Ахиад л! Надад энэ баримтууд таалагддаггүй юм!” гэнэ. Ядруухан боловч цэвэрхэн амьдардаг айл байлаа. Голын өрөөнд дөрвөн хүүхэд, эмээтэйгээ байрлаж, хоолоо хийж, унтаж, зочид хүлээн авч, бүр бүжиглэнэ гээч. Харин энэ өрөөнд Путохин өөрөө амьдрах агаад хувийн захиалгаа хийж гүйцэтгэх ганц ширээтэй. Ажил үүрэг, тайлан зэргийг хуулан бичдэг юм. Баруун талын өрөөг тэр слесарь Егорычид түрээслүүлсэн байв. Төлөв төвшин хэдий ч балгадаг. Үргэлж халууцдаг болохоор ч тэр юм уу, дандаа хөл нүцгэн, ганц муу хантаазтай л явна. Егорыч цоож, гар буу, хүүхдийн дугуй засна. Хямдхан ханын цаг засаж сэлбэхээс ч татгалзахгүй. Тэшүүр хийсэн боловч үүнийгээ үл ойшоож, өөрийгөө хөгжмийн зэмсгийн төрлөөр мэргэшсэн хүн гэнэ. Түүний ширээн дээр ган болон төмрийн хогон дунд хавхлаг нь хугарсан, эсвэл хажуу тал нь хонхойсон аман хуур үргэлж л хэвтэж байдаг сан. Өрөөний түрээсийн төлбөр гэж хоёр рубль тавин мөнгө Путохинд төлөх бөгөөд үргэлж ажлын ширээнийхээ дэргэд өнжин, зууханд ямар нэгэн төмөр хийх үедээ л гадагш гардаг байв.
Ховорхон ч гэлээ, оройн цагаар энэ байранд орох бүрд дараах дүр зураг угтдаг сан. Путохин ширээнийхээ ард суугаад юуг ч юм хуулан бичиж, ядруу царайтай, туранхай ээж, эхнэр хоёр нь дэнлүүний хажууд суун юм оёцгоож, харин Егорыч чихэнд чийртэй хуурайдах дуу гарган сууна. Хараахан унтраагүй, халуунаараа байгаа зуух төөнөж, бүгчим оргино. Бүгчим агаарт байцаатай шөл, нялх хүүхэд, бас Егорыч үнэртэнэ. Тарчиг, бүгчим хэдий ч ажиллагсдын царайнаас, зуух дагуулж тохсон хүүхдийн өмднүүдээс, Егорычийн төмрийн хэсгүүдээс амар амгалан, таатай, ханамжтай байдал мэдрэгдэнэ... Энэ хорвоо дээрх бүх зүйлс үргэлж л элбэг дэлбэг, үүнд эцэс төгсгөл гэж байхгүй тул өглөө орой бурхандаа л залбирах хэрэгтэй гэдэгт итгэсэн хүүхдүүд хаалганы цаана, хонгилд гүйлддэг байлаа.
Харин одоо, яг энэ өрөөний голд, зуухнаас хоёр алхмын цаана Путохины эхнэрийн цогцос бүхий авс байна гээд төсөөлөөд үз. Үүрд амьдардаг эхнэр нөхөр гэж үгүй ч энэ үхэл их содон байсан юм. Оршуулах ёслолын үеэр нөхрийнх нь сүрхий няхуур царай, ширүүн нүд рүү харахдаа би “Яана даа!” л гэж бодов. Тэдэнтэй хамт амьдардаг үл үзэгдэгч зүйл хэдийнэ түүний, хүүхдүүдийн, эмээгийн, Егорычийн тавиланг зурчихсан юм шиг надад санагдсан билээ. Би бол байрны эзэн, мөн дөчин жилийн турш түрээслэгчидтэй харьцсан хүн болохоор ихээхэн мухар сүсэгтэй л дээ. Эхнээсээ л сайн хөзөр ирэхгүй байвал дуусан дуустлаа хожигдсоор л байна гэдэгт хувь тавилан таныг болон гэр бүлийг тань газрын хөрснөөс арчиж хаях шаардлагатай болбол эхний золгүй явдал нь ихэвчлэн урт гинжин хэлхээний эхлэл болж, бүх цаг хугацааны туршид тасралтгүй, тууштай үргэлжилдэгт би итгэдэг.Угаас золгүй явдал бол ижилхэн чулуунууд. Бусад нь дагаад унах учраас өндөр эргээс ганц чулуу унагахад хангалттай. Нэг үгээр бол, Путохины эхнэрийн оршуулах ёслолоос буцаж байхдаа би түүнд болон гэр бүлд нь таагүй нөхцөл байдал үүснэ гэдэгт итгэлтэй байлаа... Үнэхээр ч долоо хоногийн дараа нотариатч Путохиныг ажлаас халж, оронд нь залуу авхайг ажилд авчээ. Яаж байгаа нь тэр вэ? Путохин ажлаа алдсандаа бус, түүний оронд эрэгтэй хүн биш залуу авхайг ажилд авсанд л илүүтэй санаа нь зовж байлаа. Яагаад залуу авхай гэж? Үүнийг доромжлол гэж үзсэн учир гэртээ ирээд хүүхдүүдээ түлхэж, эхийгээ харааж загнан, архи уулаа. Егорыч ч хамт уув. Путохин надад түрээсээ төлөхөөр ирэхдээ, хэдийгээр 18 хоног хэтэрсэн байсан ч гэсэн ер уучлал эрсэнгүй, баримт авахдаа ч бас үг дуугарсангүй. Дараа сард эх нь төлбөрөө авчирч өгөхдөө түрээсийнхээ талыг өгөөд, үлдсэнийг нь долоо хоногийн дараа барагдуулна гэж амлалаа. Гурав дахь сараас нь би нэг ч зоос авахаа байсан төдийгүй, 23 тоотын оршин суугчид биеэ “зохисгүй” авч явах болсон талаар жижүүрээс гомдол сонсох боллоо. Үнэхээр муугийн дохио байв.
Дараах дүр зургийг төсөөлөх гээд үзээрэй. Сүүмгэр цонхоор харагдах Петербургийн бүрхэг өглөө. Хөгшин эмэгтэй зуухны дэргэд хүүхдүүдэд цай өгнө. Том ач хүү болох Вася л шилэн аяганаас цай ууж, харин бусад нь шууд таваг руугаа хийх аж. Зуухны урд Егорыч явган суугаад, гал руу төмрийн хэлтэрхий шидэлнэ. Өчигдөр ууснаас болж толгой нь хүндэрч, нүд нь сүүмийнэ. Бувтнаж, чичирч, ханиалгах аж.
Муу чөтгөр уруу татаад, толгой самууруулаад хаячихлаа! гэж үглэнэ. Өөрөө л ууна биз, бусдыг гэм нүгэл рүү татаж оруулж байдаг.
Путохин өрөөндөө, ямар ч бүтээлэг, дэргүй орон дээрээ үсээ үгтээн сууж, хөл доорхоо үг дуугүй ширтэнэ. Уранхай хувцастай, бохир заваан харагдах агаад бие нь өвдсөн нь ил.
Уу, хурдан уу, үгүй бол сургуулиасаа хождох нь! Васяг эмгэн яаруулна. Жүүдүүд дээр очиж шал угаах цаг минь ч болчхож...
Ганц энэ хөгшин л эрүүл ухаанаа алдаагүй байлаа. Тэр хуучны өдрүүдээ дурсан санаж, хар бор ажил хийнэ. Баасан гарагт жүүдийн зээлийн газарт шал угааж, бямба гарагт худалдаачид дээр очин угаалга хийж, нямд өглөөнөөс орой болтол өгөөмөр сэтгэлтнийг хайж хотоор гүйнэ. Өдөр болгон л ямар нэг ажил хийнэ. Угаалга хийж, шал угааж, нялх хүүхэд асарч, гуйлга гуйна. Уй гашуунаас болж архи уух дургүй ч, уусан үедээ бас үүргээ мартдаггүй байлаа. Вася цайгаа уучхаад, номуудаа цүнхлэн, зуухны ард гарав. Тэнд эмээгийн даашинзны хажууд хүрэм нь өлгөөтэй байдаг юм. Хормын дараа зуухны араас гарч ирэн, асууж байна.
Миний хүрэм хааччихав?
Эмээ нь бусад хүүхдүүдтэйгээ хамт удаан гэгч хайсан ч хүрмийг олсонгүй. Хааччихав аа? Эмээ, Вася хоёр айж, царай нь цонхийв. Егорыч хүртэл гайхшаа баржээ. Гагцхүү Путохин л юу ч үл дугаран, хөдлөлгүй сууна. Аливаа эмх замбараагүй байдалд соргог байдаг тэрбээр энэ удаа юу ч хараагүй, сонсоогүй мэт дүр эсгэв. Сэжигтэй.
Наадах чинь уучхаж! гэж Егорыч хэлэв.
Путохин дугарсангүй, тэгэхээр үнэн болж таарлаа. Вася айв. Түүний хүрэм, талийгаач ээжийнх нь даавуун даашинзаар хийсэн гоёхон хүрэм, эрээн даавуун дотортой дулаахан хүрмийг нь архины мухлагт өгчхөж! Тэгэхээр хүрэмтэй нь хамт халаасанд байсан цэнхэр харандаа, “Nota bene” гэсэн алтан үсэгтэй номыг ч бас архинд өгчихсөн гэсэн үг. Номон завсар баллууртай өөр нэг харандаа хавчуулснаас гадна дотор нь хуулбар зургууд бий. Вася уйлмаар байсан хэдий ч уйлж болохгүй. Эцгийнх нь толгой өвдөж байхад уйлах дуу сонсогдвол чанга хашхирч, хөлөөрөө дэвсэлж, зодож эхэлдэг бөгөөд шартсан үедээ бүр илүү аймшигтай болно. Эмээ нь Васяг хамгаалбал, эцэг нь эмээг ч цохино. Егорыч зодоонд оролцож, эцэгтэй нь зууралдан хамт шалан дээр унаснаар энэ зодоон эцэс болдог билээ. Хоёул шалан дээр өнхөрч, тийчигнэж, араатан амьтад шиг улангасаж, эмээ уйлж, хүүхдүүд чарлалдаж, хөршүүд жижүүрийг дуудахаар хүн явуулна. Уйлахгүй ээ, уйлахгүй байсан нь дээр. Уйлж, чанга дуу гарган зэвүүцлээ илэрхийлж нэгэнт чадахгүй тул Вася амандаа бувтнаж, гараа нухчиж, хөлөө тэлчлэх юм уу, ханцуйгаа хэмлэн, удаан гэгч нь шүдээ хавирна. Хүүгийн нүд галзуурсан мэт, царай нь цөхрөнгөө барсан байдалтай харагдаж байлаа. Эмээ нь түүнийг харангаа гэнэт толгойн алчуураа тайлан, гар хөлөө мөн адил янз бүр болгож, чимээгүйхэн гөлөрч эхлэв. Энэ үед хүү, хөгшин эмэгтэй хоёрын толгойд амьдрал нь сүйрсэн, ямар ч найдвар байхгүй гэдэг бодол бат суусан гэж би бодож байна...
Путохин уйлах чимээ сонсоогүй ч гэлээ, өрөөн дотроосоо бүгдийг харж байлаа. Васяг хагас цагийн дараа эмээгийнхээ алчуурыг нөмрөн сургууль руугаа явахад тэрбээр миний дүрсэлж хэлж чадамгүй хачин царай гарган, гадагшаа гарч араас нь явав. Хүүг дуудаж, тайтгаруулж, уучлал эрж, талийгаач ээжийнх нь нэрээр тангараглаж, чин сэтгэлийн үгээ хэлэхийг хүссэн ч түүний цээжнээс зөвхөн цурхиран уйлах дуу л гарч байлаа. Чийглэг хүйтэн өглөө аж. Сургууль руугаа дөхөж ирээд Вася бусад нөхдөдөө эмэгтэй хүн шиг гэж шоолуулахгүйн тулд алчуураа тайлж, нимгэн ганц цамцтайгаа дотогш орлоо. Путохин гэртээ эргэж ирэхдээ цурхиртал уйлж, утга учиргүй үгс бувтнаж, ээж, Егорыч болон түүний ажлын ширээний хөлд мөргөнө. Бага зэрэг сэхээ орсныхоо дараа над дээр амьсгаадан гүйж ирээд, бурхныг бодож ямар нэгэн ажил өгөөч гэж гуйлаа. Мэдээж хэрэг, би дэмжиж байна.
Эцэст нь нэг юм ухаан орлоо! гэж тэр хэлэв. Эрүүлээр бодох цаг болжээ. Булай авирлаж ханалаа.
Мань эр надад баярлаж, талархаж байв. Байшинг эзэмшиж байх бүх хугацаандаа эдгээр түрээслэгч ноёдыг сайтар судалсан би түүнд хандан:
Оройтсон! Хэтэрхий хожимдсон! гэж хэлмээр санагдаж байлаа.
Путохин сургууль руу гүйж явна. Хүүгээ гарч ирэхийг хүлээлээ.
Юу гээч, Вася! гэж хүүгээ гарч ирэхэд нь тэр баяртайгаар хэлж байна. Надад ажил олж өгнө гэж амласан. Сайхан үслэг хүрэм авч өгтөл хүлээчих... Би чамайг гимназид сургана! Ойлгож байна уу? Гимназид! Би чамайг язгууртан болгоно! Ахиж архи уухгүй. Үнэн шүү, уухгүй.
Гэрэлт ирээдүйд үнэхээр гүнээ итгэсэн байлаа. Үдэш болов. Эмгэн жүүдүүдээс ажлын хөлс болох хорин зоосоо аван, ядарч туйлдан ирээд хүүхдийн даавуу угааж эхлэв. Вася хичээлээ хийнэ. Егорыч харин дэмий суух аж. Путохины хишгийг хүртдэг байсан тэрбээр хатуухан юм балгах хүсэлдээ автан сууна. Өрөө бүгчим, халуун. Хөгшний хувцас угааж буй тэвшнээс уур савсана.
Явах юм уу? гэж Егорыч дүнсгэр царайлан асуув.
Түрээслэгч маань дуугарсангүй. Сэргэснийхээ дараа тэсвэрлэхийн аргагүй уйтгарт автжээ. Уух хүслийнхээ эсрэг уйтгартайяа тэмцэх авч... уйтгар гуниг дийллээ. Тэгэлгүй яах билээ... Шөнө болоход Егорыч, Путохин хоёр гарч, харин өглөө нь Вася эмээгийнхээ алчуурыг олсонгүй.
Дээрх түүх энэ байранд болсон юм. Алчуурыг архиар сольж ууснаас хойш Путохин ч бас гэртээ эргэж ирсэнгүй. Хаашаа алга болсныг хэн ч үл мэднэ. Түүнийг алга болсны дараа эмгэн архи уух болж, улмаар хэвтэрт оров. Хөгшнийг эмнэлэгт аваачиж, бага хүүхдүүдийг хамаатан садан нь авч, харин Вася энэ угаалгын өрөөнд амьдрах болсон юм. Өдөр нь юм индүүдэж, шөнө нь шар айрганд гүйнэ. Түүнийг угаалгын өрөөнөөс хөөсний дараа залуу авхай нарын нэг дээр очин, даалгасныг нь гүйцэтгэн шөнөөр гүйх болсон тул түүнийг “хаалгач” гэж хочилдог болсон байлаа. Хойшид түүнд юу тохиолдсоныг би мэдэхгүй.
Харин энэ өрөөнд гуйлгачин хөгжимчин арван жил амьдарсан юм. Нас барсных нь дараа өдөн дэвсгэрийн доороос хорин мянгыг олсон юм даг.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна