Уртын дууны хэмнэл нэрэгч



Аялгуу нь хүмүүний сэтгэлийн утсыг хөндөж, үгээрээ хүнийг ухааруулдаг ардын, уртын дууны шид нь нүдэнд үл үзэгдэвч нэгэнтээ тодрон гарч ам дамжсаар энэ цаг үетэй золгожээ. Үүнд тэрхүү биет бус өвийг тээн дэлгэрүүлэгчид онцгой үүрэгтэй бөгөөд ааваас хүүд, ээжээс охинд өвлөгдөн явж буй тохиол олонтаа. Ийн хөврөх үргэлжлэлд унасан нутгийн өгөгдөл ихээхэн нөлөөтэйг дотоодын төдийгүй гадаадын судлаачид удаа дараа ярьсан нь дэлгэцэд мөнхөрч, хальсанд хадгалагдан үлджээ. Нийтлэлийн эхлэлийг ийн холоос татахын учир нь ер хоосон зүйл биш. Удамт багш нарынхаа эрдмийг өвлөн үйл хэргийг үргэлжлүүлж яваа эгэл уртын дуучныг энэ дугаарт учран золгуулахаар бэлтгэлээ.  

Уртын дуугаараа хөглөгдөн үйлс бүтээлээрээ хөгжин дэвшиж яваа эрхмийн нэр Оюунбаатарын Анхчимэг. Нийслэлээрээ овоглосон мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэг Улаанбаатар театртаа харьяалагдсанаас хойш 10 гаруй жилийг үджээ. Энэ явцад өөрийн гэсэн донж маягаа эрэлхийлсэн нь үр дүнгээ өгч. Төрөлхийн авьяасыг хөдөлмөр нь өнгөлж сонор баясгах нэгэн болоход нөлөөлсөн гэлтэй. Газар газрын дуу өөрийн онцлогтой. Анхчимэгийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Биндэр сум, буриад зон олны дуу өөрийн амьтай. Хүндээ уусаж илрэхдээ уянгатай агаад нэгийг бодогдуулах ажээ. Түүний хүүхэд нас Биндэр суманд өнгөрсөн. Хүүхэд насны дурсамжид нь эгэл малчин ардын аж амьдралын төрх, хэмнэл тод үлджээ. Малчин айлын хүүхэд эрт унтаж, эрт сэрнэ. Үүрээр босож тугал татахаас тэр өдрийн ажил ундарна. Нар хөөрөхөөс урьтаж малаа бэлчээрлүүлээд тугал, хонь, хургаа услах, наашлуулах ажилд өдрийн ихэнх цагийг зарцуулдаг. Малчин айлын амьдралыг хэлж буй учир нь Анхчимэг ч бусдын адил тугал, хонь хурганы ажлаас чөлөөлөгдөж байсангүй. Харин ч айлын дунд хүүхэд, хурдан шаламгай чанар нь түүнийг тугалын бэлчээрт ихэнх цагийг өнгөрүүлэхэд нөлөөлсөн байх. Энэ талаараа Анхчимэг “Уртын дуучин болоход амьсгаа их чухал үүрэгтэй. Багадаа их гүйдэг хүүхэд байсан нь амьсгаа задрахад нөлөөлсөн байх. Дээр нь малын бэлчээрт олон ч удаа дуулсан. Одоогийнх шиг утас, интернэт гэж байсан биш дээ” хэмээн ярьсан удаатай.

Түүний эмээ их сайхан дуулдаг. Ээжийн талаас эхтэй удмын өгөгдөл түүний багаас илэрчээ. Арван жилийн сургуульд орохоосоо л тэр  дуулж, олон ч тэмцээнд оролцсон. Гэхдээ тухайн үед ирээдүйд дуучин болно чинээ санаагүй. Хичээл номдоо дуртайгаас гадна хими, англи хэлний олимпиадад мэдлэгээ уралдуулдаг охин байв. Бас болоогүй нийгмийн идэвхтэй, спортод ч эвсэлтэй. Сагсан бөмбөг, волейболыг тоглосон шиг тоглодог олон талаар эв дүйтэй хүүхэд байжээ. Түүний сурагч ахуйд нийтийн дуучдаас С.Жавхлан, Т.Баясгалан нар ид мандаж байж. Дууг нь сонсдог фэнүүдийнх нь нэг Анхчимэг байсан бөгөөд яг л тэдэн шиг дуучин болох хүсэл төржээ. Энэ үед түүнийг урлагийн замд чиглүүлсэн хүн нь дуу, хөгжмийн багш нь. Арван жилийн сурагчдын урлагийн томоохон наадмуудын нэг “Яргуй”-н язгуур урлагийн төрөлд уртын дуугаар оролцох боломжтойг багш нь түүнд хэлсэн гэдэг. Хэд хэдэн дууны тэмцээнд оролцоод үзчихсэн есдүгээр ангийн сурагчид багшийнх нь хэлсэн санал сонирхолтой байж. Хичээгээд үзвэл болчихмоор ч юм шиг санагдсан байх. Яагаад гэвэл тэр зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайн “Уяхан замбуутивийн наран” дууг их сонсдог. Сонссоор байгаад зарим нугалаа нь чихэнд хоногшиж, шуранхайлдаг хэсэг нь амны уншлага мэт болсон байж. Зориг ундарч, “Яргуй” наадамд оролцохоор шийдсэн Анхчимэг Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дуучин С.Нансалмаатай энэ л үед уулзжээ. Тэрбээр Гавьяатыг уртын дууны  “А” үсгийг заасан багш хэмээн хүндэлдэг. Юугаа ч мэдэхгүй хүүхэд уртын дуу заалгахаар зориод очиход тосоод авсан Хан Хэнтийгээрээ овоглосон эрхэм дуучин аж. Багш шавийн учран золгоход нэр заан ёсолсон анхны бүтээл нь “Нарийн шарга”. Уртын дуу олон чимэгтэй. Энэ бүхэн Анхчимэгийн сэтгэлийг булааж ирээдүйн мэргэжлээ сонгоход хүргэжээ. Ингэж “Яргуй” наадмаар эхэлсэн уртын дууны хичээл Анхчимэгийн хувьд амьдралынх нь нэг хэсэг болтол өөрчлөгдөн Улаанбаатарт очиж сурах зорилготой болгожээ.

Энэ зуур үйл явдал хөвөрсөн нь мөн л уртын дуутай холбогдоно. Анхчимэг “Яргуй” наадмаас уртын дууг илүү гүн гүнзгий судалж, сурч байж мэргэжлийн уран бүтээлч болохоо ойлгосон. Түүний энэ зорилгыг мэдэх сургуулийн дуу, хөгжмийн багш нь алдарт уртын дуучин Ц.Дэлгэрийн сургалтад хамрагдахыг шавьдаа зөвлөжээ. Энэ нь тухайн үед “нүдээ олсон” зөвлөгөө болсон байна. Агуу уртын дуучнаас номын дуу сонсож,  мэдлэгийн охь шимээс нь хүртсэн Анхчимэг багагүй “олз”-той буцаж, багшийнхаа “Уртын дуучин болмоор хүүхэд байна” гэсэн үгнээс урам авч нийслэл Улаанбаатар, СУИС-ийг зорьжээ.

Их хотын амьдрал Хэнтий аймгаас ирээд удаагүй охинд содон. Ийм түм түжигнэж, бум бужигнасан хотод “Их сургуулийн оюутан болно, хүссэн мэргэжлээрээ сурна” гэж бодохоор сонирхолтой ч санагдсан байх. Олон зүйлийг сонжин, сонирхож явахад түүний сонссон нэгэн мэдээ Анхчимэгийг тухайн үеийн Хөгжим бүжгийн коллеж, энэ цагийн Монгол Улсын консерваторийг зориход хүргэжээ. Учир юу гэвэл, түүний дууг нь шимтэн сонсдог Ардын жүжигчин, дуучин Ш.Чимэдцэеэ тухайн цагт Хөгжим бүжгийн коллежид багшилж байв. Тиймээс эртээс дууг нь сонсож өссөн эрхэм уран бүтээлчийнхээ шавь нь болохоор шийдсэн байх. Гэнэт гаргасан шийдвэртээ эзэн болж таван жилийн хугацаанд багшийнхаа эрдмээс суралцаж 2011 онд сургуулиа төгсөн мэргэжлийн уран бүтээлч болжээ.

Уртын дуу бол Монголын сонгодог урлаг. Монгол ардын урлагийг сонгодог бүтээл болтол нь хөгжүүлж, үрээс үрд уламжлуулсан агуу дууны урлагийн мастерууд юм. Тэдний үйл хэрэг мөнхийн ундаргатай. Монголын олон ястны өв дамжин ирсэн бүтээлийг сэргээж, зарим нь тайзны бүтээл болгон түмэнд түгээж байна. Анхчимэгийн хувьд ч гэсэн нутгийн зон олон, азай буурлуудтай учран золгож эртний дуунуудаас сэргээн дуулж байна. Монгол Улсын Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан “Буриад дууг буриад цустай хүн л дуулна” гэж хэлснийг Анхчимэг дурдаж байв. Үнэхээр ч энэ үг үнэн мэт. Саяхны нэгэн өдөр түүнийг “Торгоны хээ” тоглолтод оролцоход энэ бодлыг бататгах мэт санагдсан. Тэрбээр уг тоглолтод буриад ардын дуу “Хол л байна”, “Бэрцэцэг”-ийг үзэгчдэд хүргэсэн юм.

“Хадын оройгоор харахадам

Харанхы манан соо наран байна

Хайртай гансаяа hанахадам

Харалсахыншье аргагүй холо

                                     лэ байна

Уулын оройгоор харахадам

Униартай манан соо наран

                                          байна

Ушарhан гансаяа hанахадам

Уулзахыншье аргагүй холо лэ

                                          байна

Шэлын оройгоор харахадам

Сэнхирхэн манан соо наран

                                          байна

Сэтхилтэй гансаяа hанахадам

Сэнгэхыншье аргагүй холо лэ

                                         байна”

Ардын дуу шавхагдашгүй баян. Хэчнээн тансаг аялгуутай. Орчин үеийн хэлбэрт оруулан дуулж болно. Гэхдээ судлах шаардлагатайг тэрбээр хэлж байлаа. Сэтгүүлч миний сонирхсон асуултад Анхчимэгийн хариулсан нь энэ. Үнэндээ саяхны болсон үйл явдалтай холбон асуусан маань түүнийг буриад ардын дууны талаар яриаг үргэлжлүүлэхэд хүргэсэн юм. “Монгол олон ястантай. Бүгд л өөр өөрийн онцлогийг агуулсан биет бус өв болсон бүтээлүүдтэй. Уран бүтээлчид тэдгээрийг дуулахдаа мэргэжлийн дуучдаас асууж тодруулж болно. Хэлээд өгөх хүн манайд олон бий. Гэтэл асуудалд мэргэжлийн бус хандаж, хий хуугүй юм хийж алддаг. Уг нь багахан цаг, зав гаргавал аль ч дууг алдаагүй дуулж болно шүү дээ” гэж тэрбээр хэлсэн.     

Анхчимэг өнгөрсөн оны төгсгөлд Монгол үндэстэн ястны ардын богино дуу дуулаачдын олон улсын уралдаанд оролцож тэргүүн байрт шалгарсан. Энэ уралдаанд оролцохдоо тэрбээр “Хол л байна” дууг уртаар нь дуулжээ. Түүнээс уралдааных нь талаар асуухад “Би “Соёл-Эрдэнэ” дууг огт дуулж байгаагүй. Уралдааны нэгдүгээр шатанд энэ дууг сураад дуулсан. Дараа нь тунаж үлдсэн дуучид дуу сугалж дуулахад надад “Соёл-Эрдэнэ” таарсан. Их хичээж бэлтгэсний үр дүнд уралдаанд тэргүүлж чадсан” гэсэн юм. Анхчимэг аливаа зүйлийг их чамбай хийнэ. Эхнээс нь дуустал бүхий л чадлаараа хичээдэг нь олон зүйлээс харагдаж байв. Нэгэн жишээ дурдахад олон улсын уралдаанд оролцохын тулд тэрбээр багагүй хугацаанд бэлтгэжээ. Ажилдаа өглөө эртлэн ирж бэлтгэлээ хийнэ. Хэрхэн дуулснаа утсаараа хураан авч сонсоно. Шаардлагатай бол багшаасаа асууж тодруулна. Ингэж тэрбээр аливаад нухацтай, гүйцэтгэлтэй ханддаг нэгэн аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард төрсөн өдрөөрөө хос цомгоо гаргасан Анхчимэгт хийхээр зорьж буй ажил олон. Гэхдээ тэр цаг хугацаатай уралдаж адгахгүй. Тодрох цагийг хүлээн уран бүтээлээ хийсээр байнам.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 1 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 1 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 1 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 2 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 2 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22