Бөхийн өргөөний хаяанд шахуу орших “Арту” урланг зорилоо. Газар ойр, олоход хялбар, мэргэжлийн уран зургийн сургалт явуулдаг энэ урланд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Ж.Болортүвшин багшлаад удаагүй байна. “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Эхнэрээ зээлээч”, “Солиотой жүжиг”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Гамлет” зэрэг жүжигт зураачаар ажилласан түүний бүтээлүүд содон. Зураачийн үзэл санаа нэг талбарт багтаагүй гэмээр үйл явдлаар өрнүүн. Хийсвэрлэлийн тун нь ихэдсэн гэмээр санагдах үе ч таарна. Түүний сүүлийн үеийн бүтээлүүдэд байсан нэгэн илэрхийлэл энэ удаагийн ярилцлага хийх сэдэл болсон юм. Ж.Болортүвшин зураачийн оршин байх хамгийн дуртай, халуун дулаан орчин болох урланд бидний ярилцлага өрнөлөө.
-Хүүхдүүдэд хичээл заах нь танд их сонирхолтой байгаа бололтой. Дуртай ажлаа хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна?
-“Арту” урланд ирээд гурван сар болох гэж байна. Багшлах үнэхээр сонирхолтой. Шавь нар маань ч гоё. Би тэдэнд зааж байгаа ч өөрөө давхар суралцаж байна. Яг л эргээд хүүхэд насандаа очсон мэт сэтгэгдэл төрөх юм. Намайг хүүхэд байхад энэ цагийнх шиг будгийн хэрэгсэл элбэг байсангүй. Зурдаг хүн ч тийм олон байгаагүй. Зах зээлийн үед талх л чухал байлаа шүү дээ. Тийм үед урлан бүтээх дугуйланд очсон хүүхдэд аарц өгдөг. Түүнийг нь уух л гэж очдог байсан. Тэр үед юм болгон шинэ санагддаг байжээ. Одоогийнх шиг олон материал байсан биш өнгөө хүртэл өөрсдөө гаргаж авдаг байв.
-Байхгүй зүйл олон учраас шинийг хайж тэр эрэлхийллийн үр дүнд өнөөдрийн эхлэлийг тавьжээ?
-Юм бүхэн ховор байхад тэндээс бид гоо сайхныг эрэлхийлсэн. Хүн өлсөх чухал биш. Яагаад гэвэл, даван туулах боломжтой. Уйтгартай байх нь ч чухал биш. Учир нь, тэндээс гоо үзэсгэлэнг олж харна. Үүнийг мэдсэн учраас бусдын адил шинэ зүйлийг эрэлхийлсэн. Тэгээд эргэн тойрноо ажихад гоё сайхан зүйл олон байсан юм. Жишээ нь, тэр үед Оросын ОРТ1 сувгаар гардаг хүүхэлдэйн киног их үздэг байсан. Хэдийгээр балетын жүжигчин болохгүй ч үзэх дуртай. Тэр өнцгөөрөө тэжээгдэж явсаар өнөөдөртэй золгосон байна.
-Будгийн хэрэгсэл элбэг дэлбэг байсан биш хар харандаа л аминд ордог байсан үе. Тийм үед таны нөхөрлөсөн зургийн анхны хэрэгсэл юу байв?
-Өвөөгийн минь авч өгсөн жижигхэн будгийн хэрэгсэл байсан. Хар өнгө нь гоё санагдаад зураг зураад өвөөдөө үзүүлтэл “Будаг үрсэн ажил байна” гэсэн. Тэгж анх будгийг дураараа хэрэглэсэн дээ. Түүнээс хойш дандаа л хар харандаатай нөхөрлөсөн. Яг мэргэжлээ сонгоход нөлөөлсөн зүйл нь хүүхэлдэйн кино. “Хөдөлдөг зураасыг яаж хийдэг юм бол” гэсэн бодол санаанаас ерөөсөө гараагүй.
-Тухайн цагт байгаагүй мэргэжлийг сонгосон таныг хэн гэдэг багш угтав. Яаж байгаад тайзны зураачийн ангид элссэн юм бэ?
-Би Мөнхцэцэг, Санжаасүрэн гээд хоёр мундаг багштай. Намайг сургуульд орохоор анх очиход монгол зургийн ангид сурахыг санал болгосон. Яагаад гэвэл, тухайн үед тайзны зураачийн ангид эрэгтэй хүүхдүүд сурдаг гэсэн ойлголттой байсан юм. Тэр үед манай багш уцаарлангуйгээр “Сонголтоо хийгээд ирсэн хүүхдийн бодлыг өөрчилж яах гээд байгаа юм” гэж байсан. Би багадаа дизайнер болно гэж боддог. Тиймээс тайз хувцасны эскизтэйгээ хамт явдаг гэхээр нь тайзны зураач болох сонголтыг хийсэн. Хичээлээ судлаад ойлгоод ирэхийн цагт тайзны бүтээл рүүгээ гүн гүнзгий орсон. Учир нь, тэнд асар их мэдээлэл дамждаг. Бусад ангиа бодоход зохиолын задаргаа хийнэ. Ер нь л тайзны зураачаар сурч байгаа хүн тархиа бүрэн ажиллуулах шаардлагатай. Найруулагчийн хэмжээнд очиж байж сургуулиа төгсдөг гээд хэлэхэд буруудахгүй байх.
-Уран сэтгэмждээ автаад түүнээсээ гарч чадахгүй байх тохиолдол бий юү?
-Гүн гүнзгий орох тохиолдол бий. Ялангуяа жүжгийн үед. Өдөр шөнөгүй зүүдэлнэ. Гэхдээ хамгийн сайхан нь бүтээлийнхээ ард гарсны дараа бүгд замхран алга болдог. Энэ дадлыг багш маань бидэнд суулгасан. Багш ангид орж ирэхдээ л бусад асуудлаа хаалганы цаана үлдээхийг зөвлөдөг. Үүнийг нь ч бид сурсан. Ажил бол ажил. Ажил дууссаны дараа амьдрал үргэлжилнэ.
-Зураач нар зүүд зөнгийн талаар их ярьдаг. Зарим нь зүүдэндээ харсан зураглалаараа цуврал бүтээл хийсэн тохиолдол ч бий. Харин танд тийм бүтээл хэр олон байдаг вэ?
-Анх өөрийн гэсэн урлантай болчихоод сэтгэлгээний бүтээлүүд уншиж эхэлсэн. Түүнээс зүүдэндээ анхаарал хандуулах ёстой гэдэг бодол төрсөн. Түүний тулд зүүдээ манадаг болсон. Зүүдээ манадаг болж сурахад багагүй хугацаа шаардлагатай. Заримдаа урландаа унтана. Тэгээд сэрэхдээ зүүдээ мартахгүйн тулд хажуудаа үргэлж цаас харандаа бэлтгэж тавьдаг. Зүүдний зургийг зөвхөн зураач өөрөө л зурна. Энэ утгаараа цор ганц бүтээл болно.
-Өөр нэгэн бүтээлийг тань оны өмнө харснаас хойш бэлгэдлийнх нь талаар бодсоор өнөөдөр ирлээ. Бэлгэдлийн агуулгатай уг бүтээлийг хийхэд багагүй хугацаа зарцуулсан байх?
-Хүн хүүхэдтэй болж, амьдрал үзэж байж хүн болдог. Өмнө нь уг нь хайрлаад л байсан. Гэхдээ ээж болоод хайрыг илүү гүн гүнзгий мэдэрдэг болдог юм билээ. Би ээж болоод гурав, дөрвөн жил гэр амьтай байсан. Таны хэлж байгаа бүтээл бол тийм орчинд, тийм мэдрэмжээр хийсэн ажил маань. Хайртай бүтээлүүдийн минь нэг нь. Тэр зурагт эмэгтэй хүнийг олон гартайгаар төсөөлж зурсан. Яагаад гэвэл, эмэгтэй хүн хүүхдээ асарна, хоолоо ч хийнэ, бас нийгэм, улс төрийн амьдралд ч оролцоно. Хэдийгээр илэрхийллийн хувьд бодит бус ч тэдгээр гар оршдог. Мөн олон нүдийг дүрсэлсэн. Ээж хүн олон мэдээллийг авна. Түүнээс шалтгаалан гомдож, уурлаж, дургүйлхэж, баярлаж байдаг. Усны хомстол нүүрлэх эрсдэлтэйг сануулж биеийн хэсэгт усны гүйдлийг оруулж өгсөн. Тэр дунд амьтад, олон чих зэрэг шавсан дүрслэлээр бөө, удганыг ч санагдуулна. Тэгснээ өвөр дээр нь хачин дүрстэй. Тэр нь хөгжим юм. Үүгээрээ хүн урлаггүйгээр оршихгүйг илэрхийлэхийг хүссэн.
-Тухайн үед би таны илэрхийллийг ойлгоогүй. Одоо дахин хармаар санагдлаа?
-Урлагийн мөн чанар нь энэ. Яагаад гэвэл тэр бүтээл яг л кино шиг. Миний ярьсныг сонсохоор асар олон зүйл түүнд оршиж байгаа биз. Тэр зурагт үнэгтэй дүрсэлсэн нь би өөрөө. Бид өнгөрснөө орхиж чаддаггүй. Гэхдээ хаях хэрэгтэй. Цаг хугацаа үнэгний нэг удаагийн үсрэлт шиг хурдан өнгөрдөг гэдгийг тэр дүрслэлээр илэрхийлсэн юм. Ингэж асар олон зүйл нийлсэн учраас шууд уншигдахгүй. Тиймээс одоо дахин нэг удаа хараарай.
-Өнгөрсөн хугацаанд олж авсан туршлага таны хувьд үр дүн болно. Тэгвэл та зөвхөн таныг илтгэх тэр нэгэн бүтээлээ хийж чадсан уу?
-Эрэл хайгуул хийсээр л байна. Гэхдээ тийм нэгэн бүтээлийг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна. Учир нь, үнэн зүйл байгаа газар л үр дүн оршино. Хамгийн гол нь хүн өөрийгөө таних нь чухал. Нас дээр гарсан ч өөрийгөө таниагүй байх нь бий. Гэхдээ тэр хүн дараа төрөлдөө үүнийгээ ойлгосон байхыг үгүйсгэхгүй. Миний бодлоор энэ их чухал ойлголт.
-Сүүлийн үед та сэдвээ олж байна уу. Эсвэл уран бүтээл танд ногдоод ирэх юм уу?
-Ер нь сэдэв өөрөө гарч ирдэг. Би харандаа хэрэглэдэггүй. Шууд будагтай ажилладаг. Одоогоор би модон дээр бүтээл хийж байна. Юм хийж байгаад илүү дутуу гарсан паркет их байдгийг мэдээд түүнийг ашиглан бүтээл хийж байна.
-Тайзны дараагийн бүтээлдээ хэзээ орох гэж байна вэ?
-Тайзны бүтээл хийнэ гэхээр айдаг болчихоод байгаа. Яагаад гэвэл, найруулагчид зураач нараа хүндэлдэггүй. Хүндэлдэг байсан хэд нь бурхан болсон. Найруулагч хүн шиг хүн байдаг. Жишээ нь, Б.Баатар найруулагч миний системийг хийсэн. Б.Баатар найруулагчтай би “Эхнэрээ зээлээч” жүжигт хамт ажилласан. Тэр хүнээс би их зүйл сурсан. Найруулагч намайг гадагшаа явна гэдгийг сонсоод “Очсон газар орныхоо оршуулгын газрыг хамгийн түрүүнд хараарай. Тэндээс тухайн улсынх нь соёл шууд харагдана” гэж хэлдэг байсан. Очоод харахад яг л тийм байсан юм.
-Таныг одоогоор тайзны бүтээл хийхгүй гэж бодлоо.
-Би хамгийн сүүлд “Хурмастын дагина” балетын бүх хувцасны эскиз дээр ажилласан. Цаг давчуу нэлээ шахаж хийсэн. Өмнө нь хэлсэнчлэн одоо хүүхдүүдэд хичээл зааж байна. Би хийж байгаа зүйлдээ өөрийгөө бүрэн зориулдаг төрлийн хүн. Тиймээс одоо цагтаа бүх анхаарлаа хандуулна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/
Сэтгэгдэл (3)