Дан.НЯМАА
/Соёлын гавьяат зүтгэлтэн,
яруу найрагч/
Номин ногоон “эрдэнэ”
Миний гартаа анх барьж үзсэн мөнгө бол нүүрэн талдаа хуучин төрийн сүлдтэй, Сүхбаатар жанжны цэрэг хувцас бүхий хөрөгтэй гуравтын дэвсгэрт. Тэр гуравтын дэвсгэртийг надад авга ах Гомбо аавтай минь золгохоор ирэхдээ өгсөн юм. Манайх Өвдөгийн бууцад хаваржиж байсан санагдана. Шинийн найман хавьцаа л байсан болов уу. Эрдэнэцогтын хангайгаас зорьж ирж буй нь тэр. Аав минь ээжийнх нь төрсөн дүү юм, ээж Пагма нь 90 гарч насалсан, саяхныг хүртэл амьд байв шүү, аав минь айлын долоон хүүхдийн отгон нь.
Сургуулийн амралтын үе, тэгээд ч цагаан сараар гэртээ байж таарсан юмдаг уу даа. Аав, ээж хоёртой минь хадаг дэлгэн золгож, дүү биднийг үнсэн өхөөрдөж, удалгүй цай цүй, бууз банш болоод явчихлаа. Бидэнд тус бүрд нь бэлэг сэлт өгсний дотор надад огт мартагдаггүй юм бол бэлгэн дээр тавьж өгсөн гурван төгрөг. Хуучирч, ноолорсон гуравтын дэвсгэрт. Номин ногоон өнгө бүхий “эрдэнэ”. Түүгээр юу ч худалдаж авч болно гэдэг л гайхамшиг. Лавтай нэг “Молоко” худалдаж авахад цаана нь бас нэг төгрөг үлдэнэ. Түүгээр бас юу ч худалдаж авч болно. Дэвтэр 15 мөнгө байсан цаг, гэхдээ хэзээ ч дэвтэр авна гэж боддоггүйсэн, 60 мөнгөний печень авахад дахиад л мөнгө үлдэнэ. Түүнийгээ жижигхэн тэмдэглэлийн дэвтэрт хавчуулан хонь мал хариулж, аргал түүж явахдаа гаргаж харах дуртайсан. Нэг өдөр хонь хариулж яваад харжээ суутал гэнэтхэн сэвүүрхэн салхи ирээд хийсгэж аваад явчихлаа. Тэр даруй би ч араас нь ухас хийсэн юм. Гуравтын дэвсгэрт минь яг л болжмор шиг нисэн буун хийснэ. Би араас нь барьж авахаар жирийлгэнэ. Тун ч ойрхон очиж барьж авахын даваан дээр л нисчихнэ. Хол саахалтын зайд гүйжээ. Амьсгаа ч давхцах янзтай байтал гуравтын дэвсгэрт минь хэсэгхэн дэрсний унгид тээглэн тогтов шүү. Тэгж би гуравтын дэвсгэртээ барьж авч билээ. Лавтай бүтэн жил хадгалсан юм, сүүлд чухам юунаас өгснөө одоо үл сананам.
Тэр гуравтын дэвсгэртийг гүйн хөөн, хөөн гүйж барьж авснаа бэлгэшээн санах өдөр амьдралд олон тохиолджээ, анхны номын мөнгөө цүнхэлж байхдаа, Сүхбаатар аймгийн театрт найруулагч, жүжигчин С.Даримын найруулгаар тоглогдсон “Айдас” жүжгийн мөнгөө Дорноговь аймагт болсон таван аймгийн театрын жүжгийн уралдаанд оролцохоор ирэхэд нь очиж үзэн, найруулагч, жүжгийн баатруудтайгаа хундага тулган догдолж, зохиогчийн шагналын мөнгөө гардан, галт тэргэнд хувцсаа тайлалгүй мөнгө хийсэн халаасаа байн байн тэмтрэн дарж нийтийн тасалгаанд дуг хийлгүй ирсэн гучаад насаа дурснам. Ямар нэг мөнгө орж ирэх болгонд л тэр гуравтын дэвсгэртийг салхинд тавиад туучихалгүй барьж авсан минь л мөнгөөр дутахгүй явах үйл заяанд хөтөлж дээ гэж бодно шүү дээ.
Б.ШҮҮДЭРЦЭЦЭГ
/Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч/
Бараашигт согтсон шинийн нэгэн
Бага байхад минь хотод Цагаан сар хориотой байлаа. Нэгдэлчдийн баяр нэртэй малчид цагаалдаг, хотод хамаагүй болгосон байв даа.
Тиймээс гэр хороололд суух голдуу хөгшчүүд цагаална.
Хүүхэд бид ээж аавыгаа гэртээ цагаалж шинэлж байхыг хараагүй, эмээ өвөө нарын баяр гэж боддог байлаа.
Манай хөгшин ээж, хөгшин аав хоёр Толгойтод гэрт сууна. Мэдээж тэднийх хөлтэйхэн битүүлж, цагаална.
Олон хүүхэдтэй, хориод ач зээтэй, дүү нар нь, садан төрлийнхөн нь очиж золгох тул Цагаан сарыг дэлгэр сайхан тэмдэглэлгүй яахав.
Тэр үед чихэр боовны үйлдвэр самрын тосонд хайрсан тос багатай, хатуу, царай муутайхан ул боов хийх боловч, айлууд голдуу өөрсдөө тавгийн боовоо хийнэ. Манай хөгшин аав мужаан хүн байсан тул ул боовны том, жижиг тун ч уран хээтэй хэв өөрөө урлаж түүгээрээ гэртээ тавгийн боовоо хийхээс л Цагаан сарын ажил эхэлнэ дээ. Жижиг хэвээр хүүхдийн ул боов хийж, хүүхдийн таваг засдаг нь бидэнд сайхан гэж.
Би "Эмээ бид хоёрын зун" дурсамж өгүүллэгтээ “Цагаан сарын өмнөх амралтын өдрүүдээр бид нагац ах, эгчтэйгээ хөгшин аавынд цуглан мянга гаруй бууз чимхэж, ул боовны гурил нухаж, түрүүчийн хийсэн бууүнаасаа амсах нэрээр жигнэж идэн гэр дүүрэн инээд хөөр болдог. Тэр үед цагаан сараар шинэчлэхийг хорьдог байсан ч хүүхэд бид энэ баярыг тэсэж ядан хүлээдэг сэн... Битүүний орой тэгэхээс тэгэх гэсэн юм шиг аав, ээж хоёр хурал сонсгол гэсээр оройтож,Толгойт руу явах автобус зогсчихно. Цагаан сар хийлгэхгүй гэсэн намын бодлогоор бүх албан газар тэгж орой болтол хүмүүсээ барьж хорлодог байсан юм билээ. Аав ажлынхаа жижүүрийн машины жолоочтой хуйвалдан шөнө 11 цагийн үед манайх бөөнөөрөө хөгшин аавындаа очно доо..." хэмээсэн байдаг.
За тэгээд би хоёр, гуравдугаар ангид л байсан байх. Аанай л шөнө 10 өнгөрсөн хойно бид хөгшин аавындаа очиж битүүлэв. Жаахан байсан болохоор маргааш нь шинийн нэгнээр хөгшин аавындаа үлдмээр байсан ч өглөө эрт явцгаана шүү гэж ээж сануулж байлаа.
Бид үеэлүүдтэйгээ тоглож, дураараа бууз банш, мах идэх зуур, хөгшин аавын орны хөндийд тавьсан чихэрлэг бараашигнаас хутгаж ууцгаагаад л тун сайхан байсан юм.
Гэтэл өглөө ээжийг сэрээхэд миний дараагийн дүү бид хоёр сэрж чаддаггүй ээ. Нүд анилдаад л, инээд хүрээд л, ээжийг "Босоорой миний хүү харьж өдөр хичээлдээ яв" гэхийг бүүр түүр сонсох атал, нүд анилдаад инээд хүрээд бас толгой ангалзаад хачин байв.
"Хихи, нүд нээгдэхгүй байна. Тэр хар юм юу вэ?" орны урдуур нохой ч юмуу нэг хар юм гүйх шиг.
Тэгтэл дүү нүд нь аниастай өндийснөө бөөлжиж байна.
-Хөсөрнүүд бараашигт согтсон байна гэж хөгшин аав хэлэв.
Манай хоёр үеэл мөн л согтуу бөөлжицгөөв. Ингээд хэдэн согтуу толгойг аргагүйн эрхэнд орхиод ээж аав нар ажилдаа явцгааж, бид бөөн баяр хөгшин аавындаа шинийн нэгнээр үлдэж цагаадсан юм даг.
Хөгшин ээж, “Бараашгаа хол тавихгүй яасан юм. Хүүхдийн хичээл таслуулчихлаа...” гэж хангинахад хөгшин аав, “Олигтой исэж гавиагүй байхаар нь орны хөндийд орхисон юм. Энэ хөсөрнүүдийг олж уугаад согтоно гэж яаж мэдэх юм” гэж хэдэрлэж байж билээ.
Тэр бараашиг нь хар чавгаар исгэсэн хачин гоё чихэрлэг агаад исгэлэн, ходоодны мухар халуу оргиулсан ундаа шиг л юм байж билээ. Ингэж нэг бараашигны ачаар тэр цагаан сарын шинийн нэгнээр хичээлд явахгүй сайхан шинэлж билээ.
Б.Цоожчулуунцэцэг
/МЗЭ-ийн шагналт зохиолч/
Ижий нөмөртэй, сэтгэлд тодхон шинийн өглөө...
Шинийн нэгний өглөө ойртох тусам сэтгэлд нуугдаж үлдсэн бага насны дурсамж сэмэрч, холын холд одсон ээжийгээ санан гэгэлздэг юм. Ижийтэйгээ угтдаг байсан шинийн нэгний өглөөний нар, гал дээр даргилан буцлах цайны үнэр сар, жил өнгөрөх тусам улам бүр тод санагдахыг яана.
Манайх аймгийн төвд амьдардаг, цөөн малтай, хэдэн ямаагаа дөрвөн охин шигээ эрхлүүлдэг айл байлаа. Аав, ээж хоёр маань ёсорхуу ч гэж жигтэйхэн, Цагаан сарын бэлтгэлээ бүр эртээс базааж эхэлнэ. Бэлэг сэлтээ цуглуулж, хоол ундаа бэлтгэн хөлгүй их ажил ундардагсан. Тэр жил аав, ээж хоёр их л аминчлан ярилцаж бараашиг исгэхээр болдог юм байна. Ээж урд орой нь уут дүүрэн элсэн чихэр, хатаасан алим, чавга авчирч, аав тогоо, тогоо ус буцалгаж 40-ийн бидон дүүрэн бараашиг эсгэхээр тавилаа. Зуухны дэргэд тавьсан, битүү таглаатай том бидоныг дүү нар их л шохоорхоно. Хатаасан алим, чавга дүүрэн байгааг мэдэж байгаа болохоор тэр. Амттан дүүрэн тэр савыг хэзээ онгойлгохыг тэсэж ядан хүлээж чихээ нааж сонсоно. Шир шир дуугарах чимээ, чихрийн хорхойтой хүүхдүүдийн сэтгэлийг байж ядтал татсаар хэд хонов.
Битүүний өглөө бүгд л ажилтай, хичээл сургуультай байсан болохоор ээж тавгийн идээгээ засах чихэр, ул боовоо оруулж тавиад ажилдаа явлаа. Дүү нар гэрээ цэвэрлэж би хичээл тарж ирээд цай чанах үүрэг хүлээлээ. Хичээл тараад гэртээ иртэл гэрийн хаалга дэлгээтэй. Гэрээр дүүрэн ямааны баас хөглөрч байх юм. Тавгийн ул боов энд тэнд хугарчихсан хэвтэх нь үзэгдэнэ. Эрх хөх ишиг орон дээр гараад хэвтчихсэн, хамаг юм ундуй сандуй… Ээж, аав хоёр ажлаасаа ирээгүй нь илт. Ээжийн орон дээр тухлах хөх ишгийг хөөж, хогоо шүүрдэж зогстол хоёр дүү хаалгаар багтаж ядан орж ирцгээлээ. “Томоо та ирсэн юм уу? Бид хоёр бараашигны чавга идсэн. Ёстой гоё. Нээрэн, ямаа ул боовонд их дуртай юм байна шүү. Сонин юм аа. Цагаан сар болох гэж байгааг манай хөх ишиг мэддэг юм байх даа” хэмээн ээрч түгдрэх зургаан настай дүү маань удсан ч үгүй ор налаад унтаад өгөв. Найман настай дүү охин маань баяр ёслол болох гэж байгааг ч мэдэж байгаа ч шинж алга. Нүд нь байдгаараа сүүмийчихсэн, бага дүүг тэврэн дуу аялан тонголзох нь инээдтэй.
Тэд бараашигны чавга түүж идсээр байгаад согтсон нь илт. Айлын том охин учраас ээж ааваас айж, ирэхээс нь өмнө гэрээ цэвэрлэж, цай чанаж тавих санаатай хэрэндээ л сандарлаа. Тогоон дээр бор цай чанаж байсан бололтой. Галаа түлж, цайгаа сүлтэл өнгө нь нэг л биш ээ. Сүү нэмээд л байдаг, цай маань цэхийсэн хөх өнгөтэй болчихоод болдоггүй. Аргаа бараад самарч үзтэл тогооны ёроолоос аавын тамхины том төмөр хайрцаг цухуйдаг байгаа. Хамаг ул боовоо хугалчихсан, тавгийн чихрээ идэхийг нь идэж, тараахыг нь тарааж орхисон гэртээ яахаа мэдэхгүй самгардаж, цэвэрлэж амжаагүй суутал ээж, аав хоёр давхиад ирлээ. Ээжийг уурлаж загнана гэж үнхэлцгээ хагартал айж билээ. Харин ээж маань эрх охидынхоо тарьсан хэргийг харж, толгой сэгсэрч сууснаа үг дуугүй гараад явчихлаа. Удсан ч үгүй хайрцаг дүүрэн идэж уух юм, тавгийн боов чихэр барьсаар ирлээ. Харин гай дагуулсан өнөөх бараашгийг хэрэглэсэнгүй, муу усны нүх рүү асгаж, дахиж хэзээ ч манайх бараашиг исгээгүй юм даг. Орой нь ээж маань өдөржин бараашигны чавга идэж, “тас үсэрсэн” гурван хүүхдээ өхөөрдөн харж сууснаа “Чихэр, хор хоёрыг ялгаж танихгүй балчир амьтад шүү дээ” хэмээн санаа алдаж байсан нь өнөөдөр ч нүдэнд харагдаж байна. Алдаа бүхнийг минь цайруулдаг аав, ээж хоёрыгоо сандаргасан энэ битүүний өдөр хэзээ ч мартагддаггүй юм. Цагаан сар гэхээр битүүний үдшийн найр наадам, шинийн нэгний өглөөний нар л миний сэтгэлд хамгийн тод үлдэж.
Олон хоногийн угаалга цэвэрлэгээ, хоол ундны ажил сая л нэг цэгцэрч, битүүний өдөр ээж маань хонь цагт идээ будаагаа засан, арц хүж уугиулна. Хүүхдүүд нар жаргахыг тэсгэл алдан хүлээцгээж, зочин ирэхийг битүүхэн харуулдацгаадагсан. Нар шингэнгүүт битүүлэг тараах ажилд гарахаар зэхэж, хэн хэнийд очихоо ярилцан хөөрхөн маргаан болдог байлаа. Битүүний үдэш нохой хуцах, хашааны хаалга цохих чимээ тасарна гэж үгүй. Хүүхдүүд тавагтай бууз, хуушуур, тавгийн идээ, халуун савтай цай барин гүйлдэцгээнэ. Битүүлэг авчирч өгсөн хүүхдийг айлууд хоосон гаргана гэж байхгүй. Хамгийн хүндтэй зочин нь болж, хоймортоо урьж дайлж цайлж бэлэг өгөөд гаргана. Хөгшид хорол тоглож, хатуу дарс задалж, битүүний үдшийн битүүхэн найр их л хөгжилтэй.
Шинийн нэгний өглөө Уранмандалын оройг нэвт гийгүүлэх нарны туяа, хаврын урь орж байгааг зарлан мандаж, хүүхдүүд айл золгууд хийх их ажилдаа гарцгаана. Гудамжныхаа айлуудыг үлдээлгүй золголт хийж бэлэг цуглуулна. Хэн ч тэднийг төвөгшөөхгүй, хэр чадлаараа л бэлэг сэлт бэлтгэж тавьдагсан. Хамрын алчуур, дэвтэр, харандаа голдуу бэлэг цуглуулсаар дороо л өвөр түнтийгээд ирнэ. Таван айлд ороод л бэлгээ хийх газаргүй болж, гэр лүүгээ гүйхээс өөр аргагүйд хүрдэгсэн. Хүүхэд л юм болохоор бэлгээ чамлаж, таалагдахгүй бол гэрийнх нь бүсэнд хавчуулчихаад орхидог байж билээ. Хөгжилтэй, хоргүй, гэмгүй, багын дурсамж эргэн санахад дэндүү сайхан.
Хот суурин газар бараадаж амьдраад цөөнгүй жилийг үдэж байна. Олон олон битүүний үдэш, олон олон шинийн нэгний өглөөг угтлаа. Битүүний үдэш хэн нэгэн нь хаалга тогшиж, битүүлэг авчирч өгөхийг битүүхэн хүлээсээр…
Шинийн нэгний өглөө золгуут хийхээр орж ирэх хүүхдүүдийг харуулдсаар… Гэвч хажуу хаалгандаа хэн амьдардгийг ч сайн мэддэггүй хотынхны битүүлэг, цагаалга миний сэтгэлд мөрөө үлдээсэн хээгүй, гүндүүгүй, хоргүй тунгалаг тэр л дурсамжаас шал өөр аж.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24584/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна