“Voice of Mongolia” шоуны 2018 оны дугаарт авьяас чадвараа сорихдоо тайзан дээр гал мэт дүрэлзсэн оролцогч бол Баяраагийн Одмандах юм. Хэмнэл мэдрүүлж, нам гүм дундаас тодорсон түүний дуу хоолой шоуны дөрвөн шүүгчийг өндөлзүүлээд авсныг санаж байна уу. Түгээмэл бус тийм нэгэн сөөнгөдүү хоолойгоор “Найрах арга чинь буруудаад байна” гэж дуулахаар эргэж харахгүй байхын арга ч үгүй биз. Дээр нь түүний бүрдүүлсэн шинэ донж маяг сонгосон дуунд нь өнгө нэмэх мэт болсон. Ингэж тодоор гэрэлтэн гарч ирсэн охин шоуны гуравдугаар шат хүртэл амжилттай оролцсон ч нам жим болсон юм. Харин саяхны нэг өдөр түүнтэй дахин таарав. Энэ удаа түүнийг Монгол Улсын филармонийн тайзнаа дуулахыг харлаа. Тэрбээр “Movie Swing” концертод “A Star is Born” киноны “Shallow”, “The Greatest Showman” киноны “This is me” бүтээлийг дуулж сонирхуулав. Бас л амаргүй даваа. Хүн бүрийн мэдэх, дэлхийн одууд дуулсан тэдгээр бүтээлийг үзэгчдэд хүргэхдээ алдаа гаргаж болохгүй. Нэг өнгө алдахад л мэдэх хөгжмийн боловсролтой үзэгч тэнд олон бий. Үүний тулд дуучин дуугаа судална. Кино хальсанд буусан дүрсийг үг, аялгууны хослолоор хэрхэн мэдрүүлж, ойлгуулах талаар тунгаах шаардлагатай болно. Ийм ачааллыг авч, эрэл хайгуул хийвэл дуулсан дуу эзэндээ ч, хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрдгийг Б.Одмандахаас харлаа.
Мэргэжлийн хөгжимчний нарийн мэдрэмж ийм үед тодордог ажээ. Ямар ч авьяасыг “зүлгэж” байж өнгө оруулдаг. Түүний авьяас ээжээс нь улбаатай. Залуудаа амьд хөгжмийн хамтлагтай байсан ээж нь бас л шаггүй дуучин. Гитарыг ч гэсэн эвлэгхэн тоглочихдог байжээ. Ээжийн энэ өгөгдөл Б.Одмандах болон түүний ах дуучин Б.Дэлгэрбаярт бий. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаяр Улсын филармонийн гоцлол дуучин юм. Насны хувьд хол зөрүүтэй ч ах дүү хоёул урлагийн замаар алхаж байна. Тэр дундаа Б.Одмандахын эхний сонголт хөгжимчин болох байв. Багын л дуу хөгжимд дурласан охин хөгжмийн сонсголтой. Тиймээс тэрбээр Хөгжим бүжгийн коллежид флейт хөгжимчин болохоор элсэн оржээ. Зарим талаараа флейт хөгжим түүнтэй адилхан. Хэмжээний хувьд жижигхэн ч оркестрын хөгжмийн зэмсгүүд дундаа тод нь. Флейтгүй бол оркестрт өнгө дутна. Б.Одмандах үүнээс ялгаагүй. Түүний бүдүүн, сөөнгөдүү хоолойн өнгө бусдаас содон. Гэхдээ тэр хэн нэгнийг дуурайгаагүй, хүүхэд насанд нь сууснаар хоолойн өнгө нь тогтжээ.
Сонгодог бүтээлийн амтад орж мэргэжлийн хөгжимчин болсон энэ охин сургуулиа төгсөөд дуурийн дуучин болохоор шийдэж. Төрөлх сургууль Монгол Улсын консерваторидоо өөр нэгэн мэргэжлийг эзэмшихээр үргэлжлүүлэн сурчээ. Энэ удаа угтан авсан багш нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан байв. Төрөлхийн өгөгдөлтэй, мэргэжлийн хөгжимчин хүн дуурийн дуучин болохоор зориод ирэхэд багшийн сэтгэл өег байсан болов уу. Гарын шавьдаа ихийг зааж сургахыг хүссэн нь лавтай. Мэргэжлийн хувьд сайн боловсон хүчин бэлтгэхээс гадна хүн байх ёс суртахууныг шавьдаа суулгахыг хүссэн биз. Гэхдээ эрхэм уран бүтээлчийн хувьд дуулах эрдэм заах отгон шавь нь Б.Одмандах байх юм чинээ хэн санах билээ. “Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан багшийнхаа отгон шавь нь би болсон. Багш маань мэргэжлийн хичээл заахаас гадна хүн шиг хүн болох ямар чухлыг ойлгуулсан юм. Төгөлдөр хуурынхаа ард суугаад багш, ширээнийхээ ард суугаад ээж, эмээ шиг хайр цалгисан хүн байсан” хэмээн тэрбээр дурсан ярьж байв.
Б.Одмандахыг сонгодог урлагт дурлуулсан хүн нь хайртай багш нь байв. Багшийнхаа дуулахыг сонсоно. Мөн энэ цагийн примадонна болсон эрхэм уран бүтээлчдийн дуулахыг сонсох дуртай. Боломж гарвал дуурь үзэхийг хүсдэг оюутан байж. Гэхдээ оюутны амьдралд гачигдах дутагдах зүйл цөөнгүй. Тэр дундаас илүүчилж үнэтэй тасалбар авах боломж төдийлөн олдохгүй. Олдсон ч хямд тасалбар авч дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдээ үздэг байв. Яг л тайзан дээр байгаа гоцлол дуучдын адил дуулан уясах мэдрэмжийг авахыг хүсдэг байсан болов уу. Дуурийн театрт үзэж харсан зүйлээ багшаасаа лавшруулан асууна. Заримдаа өөрөө оролдоно. Ингэж тэрбээр ирээдүйд дуурийн дуучин болно гэдэг итгэлээр дүүрч явжээ.
Гэсэн ч бүх зүйл санаснаар болдоггүй. Дуурийн дуучин болохоор суралцаж явахдаа хоолойндоо гэмтэл авснаар бүх зүйл нь өөрчлөгдөж, Дуурийн театр ч алсарчээ. Тэрбээр “Би сонгодог урлагт дурласан. Сургуулиа төгсөөд дуурийн дуучин болох хүсэл эрмэлзэл дүүрэн байсан. Даанч оюутан байхдаа хоолойгоо гэмтээснээс дуурийн дуу дуулах боломжгүй болсон юм. Гэхдээ бууж өгөөгүй. Дуугаа ч орхиогүй” гэсэн. Сонгодгоос өөр жанрын дуу дуулж болохоор санагдсан байх. Итгэлийн цучил дөнгөж асах үед гунигтай үйл явдал болсон нь түүний багштай холбоотой. Дуурийн дуучнаар тайзан дээр гарах боломжгүй болсон түүний амьдралаас хайрлаж, хүндэлж байсан эрхэм хүн орхин одсон нь гэнэтийн цохилт болов. Түүнийг сургуулиа төгсөхөөс дөрвөн сарын өмнө зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан хорвоог орхижээ. Энэ үед охинд нөмөр нөөлөг, тус дэм болсон хүн нь Монгол Улсын Гавьяат жүжигчин Оюунбилэг байв.
Б.Одмандах Монгол Улсын консерваторийг 2019 онд дуурийн дуучнаар төгсөв. Хэдийгээр сонгодог бүтээл дуулахгүй ч дуучнаар ажиллах боломж байсан ч ажлын байр байсангүй. Мэргэжлийн урлагийн байгууллагуудад дуучны орон тоо шинээр гарсангүй. Ганцхан боломж байсан нь флейт хөгжимчнөөр ажиллах байв. Тиймээс сургуулиа төгсөөд Цагдаагийн “Сүлд” чуулгад хөгжимчнөөр ажиллахын зэрэгцээ амьд хөгжмийн хамтлагтай хэд хэдэн дуу дуулжээ. Энэ үеийнхээ талаар тэрбээр “Хүнд ажил, амьдралаа залгуулах мөнгө хэрэгтэй. Сургуулиа төгсөөд дуучнаараа ажиллах гэтэл урлагийн байгууллагуудад орон тоо байгаагүй. Жилийн жилд л урлагийн сургуулиуд дуучид бэлтгэдэг. Гэтэл тэдэнд төгсөөд мэргэжлээрээ ажиллах ажлын байр байдаггүй. Тиймээс төгсөгчдийн олонх нь сургуулиа төгсөөд Япон, Өмнөд Солонгос руу явж ажиллаж байна. Миний хувьд азаар хөгжимчний орон тоо байсан учраас сургуулиа төгсөөд ажлын байртай болсон” гэсэн юм. Энэ нь сургуулиа төгсөж байгаа шинэ, залуу уран бүтээлчдэд тулгардаг түгээмэл бэрхшээл. Мэргэжлийн хэдхэн байгууллагатай учраас залуучуудад боломж олдох нь өдрийн од. Цагдаагийн “Сүлд” чуулгаас ажлын гараагаа эхлүүлж байсан Б.Одмандах одоо Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад харьяалагдаж байна. Бас ганцаарчилсан уран бүтээлдээ анхаарал хандуулаад эхэлжээ. Хэн нэгний дууг дуулах бус зөвхөн өөрийгөө илэрхийлэх уран бүтээлийг гаргахаар зорьж явна. Түүнд ямар ч дууг дуулах материал байна. Гэвч хамтран ажилладаг продакшн, продюсергүй тул бүх зүйлийг өөрөө хариуцна. Цалингаасаа илүүчилж дуугаа бичүүлнэ, клипээ хийлгэнэ. Байр сууриа олохоор хичээж байгаа залуу уран бүтээлчид хүндхэн даалгавар. Гэхдээ тэр зорилгоо тодорхойлсон учраас ухрахгүй. Ковер дуучин нэрнээс салж, мэргэжлийн дуучнаар олон нийтэд танигдах хүслээрээ замчлан урагшилж байна. Залуу уран бүтээлчдэд тулгардаг асуудлын талаар түүнээс тодруулахад “Бусад нь яадгийг би мэдэхгүй юм. Миний хувьд мөнгөө цуглуулж байгаад уран бүтээлдээ зарцуулдаг. Студид хоолой бичүүлэхэд, ая, үг ямар үнэтэй байдаг билээ. Клип хийлгэнэ гэхэд л хамгийн хямддаа таван сая төгрөг байх жишээний. Ганц бие ээжийн хувьд энэ тийм ч хялбар зүйл биш. Хүмүүс “Тэгээд яах гээд байгаа юм бэ” гэх байх. Би жинхэнэ дуучин болмоор байна. Ковер дуучин гэдэг нэрээс салмаар байна” гэсэн юм.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24584/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна