“Луу амталсан нулимс”, “Хун шувууны инээмсэглэл”, “Ганлингийн дуу”, “Өнхөрч яваа чулуу”, “Тан гүрнийг мөхөөсөн тайган эрийн өчил” зэрэг олон сайхан романаараа уншигчдын талархлыг хүлээсэн зохиолч Б.Ойдовтой ярилцлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Таны хамгийн сүүлд гаргаад буй “Тан гүрнийг мөхөөсөн тайган эрийн өчил” роман өнгөрсөн жил судлаач, уншигчдын дунд дуулиан дэгдээлээ. MNC телевизийн санал асуулгаар энэ оны шилдэг романаар шалгарлаа. Энэ романы гоц гойд чанар нь чухам юундаа байсан бэ?
-Урьд өмнө нь Монголд сонсогдож, бас хэвлэгдэж байгаагүй цоо шинэ түүх, домгууд энэхүү романд тусгалаа олсон. Тиймээс манай уншигчид тэс өөр ертөнц рүү яваад орчихсон. Яагаад гэвэл сүүлийн хорин жилийн хугацаанд маш олон түүхэн зохиолч төрөөд Чингис хаан болон түүний баатар жанжид, хатад эмс, үр хүүхэд гээд бичээгүй сэдэв бараг үлдээгүй. Зөвхөн Чингис хааны тухай гэхэд л хорь гучаад ном бичсэн байдаг. Сүүлдээ улиг болсон. Тийм болохоор манай түүхэн зохиол нэгэн хэв загварт баригдаад байгаа тухай судлаач, шүүмжлэгч, нийтлэлчид бас үгээ хэлсэн л байдаг юм. Жишээ нь, манай шилдэг нийтлэлч Д.Дамдинжав “Тан гүрнийг мөхөөсөн тайган эрийн өчил” романы туурвил зүйн гоц чадварыг аргагүй бахадлаа. Түүхийг ингэж л бичмээр юм байна. Хаа байсан Тан гүрний түүх шүү дээ. Маньд хамаагүй, хамааруулаад байх ч хачиргүй, монголчуудад бол харь сэдэв. Яаж ч сэтгээд Дундад орны хамгийн том түүхэн гүрний унал сэхэл дунд харанхуй зууны нүүдэлчид гол дүр болоод давхиж явахыг ингэж үнэмштэл туурвина гэдэг ой тойнд багтамгүй юм. Хятадын "Мөрөн голын шулам бүсгүй", "Гурван улсын үлгэр", "Усан хөвөөний шастир" зэрэг зохиол шиг монгол үндэсний гэх онцгой хэв шинжит бүтээлүүд төрнө дөө гэж бодов. Тэгвэл уйтгартай, сунжруу, нэгэн хэвийн, баримтад хэт дулдуйдсан, хайрцаг болоод шугамнаас давж гишгээгүй түүхэн зохиолын урсцыг цоо шинээр сэлбэсэн том урсгал болно доо” гэж дүгнэсэн. Үүнийг зөв дүгнэлт гэж үзэж байгаа.
-Өөр бас олон хүн ингэж дүгнэсэн байдаг. Жишээ нь шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэрт нийтлэлч Ш.Нэргүй гэдэг хүний дүгнэлтийг би зориуд танаас асууна гэж бодож байлаа.
-Энэ хүн намайг арай л томоор үнэлсэн байдаг юм. Монголд хятад судлаач гэхэд бараг гарын таван хуруунд багтахаар цөөхөн хүн байлаа. Томоохон нь академич Ч.Далай, доктор Чимэдцэеэ, Бээжингийн монгол хэлний радиод бараг насаараа ажилласан Д.Сүрэнжав агсан гээд л бараглана даа. Тэд нэг иймэрхүү хэмжээний роман бүтээмээр атал энэ эрхэм Б.Ойдов ийм романуудад хүч сорино гэдэг том зүрх зориг, онцгой авьяас чадвартайн шинж юм гэж нэрт нийтлэлч Ш.Нэргүй гуай бичсэн. Энэ мэтээр олон хүн бичсэн. Тэр бүхнийг энд тоочих арга алга, дүү минь.
-Та энэ зохиолоо анх бичихдээ Тан гүрний их найрагч Ли Байн нэгэн шүлэгнээс санаа авсан гэж хэлсэн байсан. Ямар шүлэг байв?
-Хөхөрч чилсэн нүднийхээ нулимсыг
Арчиж амжаагүй л явна
Хөдөөний тоосыг түшмэл хувцаснаа
Гүвж амжаагүй л явна
Ганц нарийхан олбог байсан нь
Бут шарилж болчихжээ
Газар дэлхийтэй хам нийлээд
Үүл хүртэл царцчихжээ... гэдэг шүлэг. Энэ нь тайган хүнд зориулагдсан юм билээ. Яагаад гэвэл Тан гүрний үед тайганууд ид мандан бадарч, тухайн улс орны хамаг дээд албан тушаалыг тайганууд эзэгнэж байсан байдаг юм. Эндээс би арваад жилийн өмнө санаа авч “Тан гүрнийг мөхөөсөн тайган эрийн өчил” гэдэг роман бичихээр болсон. Одоогоос хэдэн жилийн өмнө "Өвөрмонголын шилдэг тэргүүний эмэгтэйчүүд" хэмээх төслийн зохиолчоор уригдан Дундад орноор аялж явахдаа манай эриний 618-907 онд оршин тогтнож байсан Тан гүрний үлдээсэн ул мөрийг ихэд сонирхож, энэ улсын үe үeийн хаад тал нутгийн нүүдэлчидтэй хэрхэн холбогдож байсан талаар хэдийнэ бичээд эхэлсэн. Үүнийг бичихэд хятадаар ус цас шиг ярьдаг өвөрмонгол найз нөхөд, бичгийн хүмүүс маань надад сэтгэл харамгүй тус болсон. Зохиолтой холбоотой Тан гүрний бүхий л эх сурвалжийг тэд эртний ханз үсэгнээс крилл рүү буулгаж, хятад хэлнээс монгол руу хөрвүүлээд надад илгээдэг байлаа. Би бас тэдэнд зохих ёсны үнэ хөлс төлсөн. Ингэж л монголчуудын дуулж сонсоогүй хачин хачин түүх домгууд энэхүү романд тусгалаа олсон юм.
-Өмнө нь би тайган гэхээр зөвхөн хааны ордны хатад эмсийг л манадаг хүн гэж боддог байлаа. Тэгтэл таны романаас зөвхөн хатад эмсээр тогтохгүй тухайн улс орныхоо хамаг эрх мэдлийг хашдаг, бас жирийн хүмүүсээс оюун санаа нь хэт хөгжсөн айхавтар улс байжээ гэж ойлгосон. Энэ тухай дэлгэрүүлнэ үү?
-Энэ романыг бичихийн тулд би тайган хүн гээчийг овоо судалсан. Тайганууд Хятадад таван мянгаад жилийн тэртээ алба хашиж эхэлсэн юм байна. Тэр үед Дундад оронд нярай хүүхэд их энддэг байж. Үүнээс болж л тайганууд бий болсон байдаг. Таван мянгаад жилийн тэртээ Хятадад эзэн хаад, сайд, жанждыг хүний дээд гэж биширдэг байсан тул тэдний үр садыг олноор төрүүлбэл агуу их Хуася үндэстний удам угсаа сайн хүмүүсээр арвижна гэдэг мухар сүсэгт автсан байдаг. Үүнээс үүдээд үe үeийн эзэн хаад тэнгэрт гартал мандаж их, бага хатдаасаа гадна хэдэн зуун татвар эмсийг ордондоо бөөгнүүлэх болсноор олон хүүхэдтэй болох ёс заншил дэлгэрсэн юм билээ. Ингээд л хаан болоод сайд, жанждын араалдсан олон татвар эмсийг эр нөхөртөө үнэнч байлгах, тэднийг зарц боол, ноёд түшмэдээс хамгаалах онцгой шаардлага тулгарч, үүнд хамгийн найдвартай хүмүүсээр тайган эрчүүд тодорсон. Тэгтэл нэг асуудал гарч ирсэн. Тайган болно гэдэг чинь эр хүний хамгийн нандин бахархлаасаа үүрд сална гэсэн үг. Тиймээс санаан зоргоороо тайган болох хүн тэр бүр олдсонгүй. Харин дайнд олзлогдсон харь орны цэргүүдэд цаазаар авах ял оноогоод нэгэн болзол тулгаж, тайган болж хааны ордонд үнэнчээр үлдэх байлаа. Амь нас нь хутганы ирэн дээр ирсэн олзлогдогсод энэ болзлыг нь дуртайяа хүлээн зөвшөөрсөн. Тэгж байтал хүмүүс тайган болох бас нэг шалтгаан гарч ирсэн байдаг. Хуася үндэстний Чү Гон хэмээх хаан хэрцгий гэмт хэрэг үйлдсэн ялтны толгойг тасдаж, харин хулгай, дээрэм, хүчин хийсэн гэмт хэрэгтний хамрыг таслах, гар хөлийг тайрах, хоёр төмсгийг нь суга татах зэрэг шийтгэл ногдуулах болсон нь тайгануудын тоог олшруулсан. Тэд хамаргүй, бас гар хөлгүй амьд явснаас тайган болсон нь дээр гэж үзсэн.
-Тэгвэл тайганууд төрийн өндөрлөгт хэрхэн хүрсэн юм бол?
-Эртний Хятадын эзэнт гүрнүүдийн түүхийг бүхэлд нь хээл хахууль дагалдаж ирсэн байдаг. Eр нь хээл хахууль гээч нь Хуася үндэстний цусанд шингэсэн үзэгдэл юм билээ. Тийм болохоор хотын дарга, мужийн захирагч, яамдын сайд, засгийн түшмэд, цэргийн жанжид, бас чөлөөт худалдаа эрхлэгчид, бүгд л хээл хахуульд хутгалдаж, албан тушаалын хойноос үхэлдэж, тэд эзэн хааны эрдэнэсийн санд цутган орж ирдэг арвин их зоосноос атга атгаар нь хумсалдаг болсон байгаа юм. Тэд үзэсгэлэнт хатад эмсээ үргэлж хангалуун байлгахын тулд, балчир үрсээ ирээдүйд баян чинээлэг амьдруулахын тулд хөрөнгө зоорь хураах нь аргагүй шүү дээ. Тэгтэл үр хүүхэд, хань ижилгүй гон бие гозон толгой тайганууд эзэн хаандаа тус болж эхэлсэн.
Тэд хээл хахуулийн өндөр зузаан хана хэрмийг цөм цохиж, эзэн хааныхаа хамгийн үнэнч шударга хүмүүс болж хувирсан.Тэд зөвхөн хааны ордны хатад эмсийн манаач төдий биш болж, сүүлдээ хот, муж, засаг захиргааны чухал ажлыг гүйцэтгэх болсон. Яамны сайд болсон тайганууд олон байдаг. Бас эр хүний бахархал байхгүй хэрнээ цэргийн жанжин болсон тайган ч бий. Үүнээс үүдээд сайн дураараа тайган болох хүмүүс олширч, зарим хаадын үeд тайгануудын тоо арван мянгаас хол давж байсан.
-Гэвч нөгөө тайганууд нь улс орноо мөхөөгөөд эхэлсэн байдаг шүү дээ?
-За яг тийм юм болсон байдаг. Тан гүрнээс өмнө Дундад оронд олон эзэнт улс бий болж мандаж, бас мөхөж ирсэн. Манайхан эртний Хятадыг зөвхөн Хан гүрнээр л төсөөлдөг. Тэгтэл Хан гүрнээс өмнө Цин гүрэн байсан. Хоёр мянга гаруй жилийн тэртээх Цин гүрнийг тайган мөхөөсөн. Уг нь анхандаа Цин гүрнийг үүсгэн байгуулсан Ши Хуанди хааны нэр хүндийг өндөрт өргөх хамаг сүр жавхланг тайган эрчүүд бүрдүүлсэн байдаг. Ингээд Ши Хуанди хаан улс орон даяар өөртөө зориулж хэдэн зуун ордон бариулж, сүүлдээ бүр ихээр омогшиж “Миний байгуулсан Цин гүрэн мянган жил оршино. Өнөөдрөөс эхлээд бүх дайныг үүрд зогсооно” гэж зарлаад сайд түшмэдийнхээ хамаг зэвсгийг хураан цуглуулж өрвөлзсөн улаан галд хайлуулаад арван хоёр том хөшөө босгосон байдаг. Гэвч мянган жил оршино гэсэн агуу их Цин гүрэн зуугаадхан жил оршин тогтноод эмгэнэлтэйгээр мөхсөн. Юунаас болов гэвэл Ши Хуанди хааны итгэлтэй хэдэн тайган түүний сэдэж байсан Хүн гүрэнтэй хийх дайны нууцыг задруулсан хэрэгт холбогдож, үүнд уурссан хаантан бүх тайганыг хядах тушаал буулгасан. Харин нууц задруулсан тайгануудыг хаанд илчилсэн ганцхан тайган амьд үлдсэн. Тэр тайган бол Ши Хуанди хааны тамгын газрын дарга Жао Гао гэдэг хүн байсан. Цин гүрэн мөхсөний дараа энэ тайганы тухай дуу хүртэл зохиогджээ. Жишээ нь,
Цин гүрний ордонд зуун тайган
мэндэлжээ
Ши Хуанди хааны нууцыг
тэд задалжээ
Хаан эзэн тэднийг толгой дараалан
нойрсуулжээ
Хамгийн сүүлд тэнд ганц тайган
үлджээ
Эзэн хаан удалгүй тэнгэрийн
оронд морилжээ
Эцэс сүүлд нь ганц тайган Цин гүрнийг мөхөөжээ... гэх мэт. Дараа нь Хан улсын төгсгөл үед тайганууд мөн л бөөн бөөнөөрөө боссон. Энэ үед Зуо, Тан, Сю, Жү нарын дөрвөн тайган хааны ордныг эзэгнэх болж “Дөрвөн тайганы эзэрхийлэл” гэсэн хэлц үг гарсан. Тэдэнд зориулж бас дуу зохиогдсон байдаг юм. Жишээ нь,
Зүо тайган Тэнгэрийн хүүгийн
тархийг мэрж иднэ
Жү тайган зэвсэг атгаад хэнийг ч
хөнөөж дөнгөнө
Тан тайган шударга олныг тамлан
хашрааж зодно
Сю тайган сүнс зайлтал худлаа
бурж чадна
Дөрвөн тайганы эзэрхийлэл дөрвөн
зүгийг эзэгнэнэ
Тавин живаа ард маань Тэнгэрийн
хүүд найдна... гэх мэт.
-Хан улсын дараа ямар улс тогтносон юм бол?
-Гэхдээ энэ дөрвөн тайган бол Хан улсыг мөхөөж арай чадаагүй. Харин Хан улсын арван хоёр дахь эзэн хаан Шао Ди-гийн үeд "Арван тайганы аюул" гэж гарч ирээд тус улсыг мөхөөсөн. Үүний дараа нөгөө Хятадын түүхэнд алдартай “Гурван улсын түүх” эхэлсэн. Энэ үеэс эхлээд тайганууд ор мөргүй устсан. Төдөлгүй Ву Ди хэмээх алдарт жанжин төрөн гарч Вэй, Чу, Шу хэмээх гурван улсыг гэнэт байлдан дагуулж нэгтгээд Жин гүрнийг байгуулсан. Жин гүрний дараа Ци гүрэн, үүний дараа Жоу гүрэн, тэгээд Сүй гүрэн гэж ээлж дараалан байгуулагдсаар манай эриний 618 онд Тан гүрэн байгуулагдсан. Энэ хэдэн улс орныг оршин тогтнож байх таван зуугаад жилийн туршид тайганууд бараг устсан байдаг. Үүнийг Хятадын түүхэнд “Тайгануудын унтаа үе” гэж нэрлэдэг юм байна.
-Тэгвэл Тан гүрний үед тайганууд бас л босоод иржээ дээ?
-Тэгсэн. Тан гүрний эхний зуун жилд бол тайганууд байгаагүй. Яагаад гэвэл Тан гүрнийг үүсгэн байгуулсан Гао-Зун хаан чинь Сяньби угсааны нүүдэлчин хүн байсан болохоор тал нутгийнхныхаа жишгээр тайгануудаас хол хөндий явж ирсэн байдаг. Түүний хүү алдарт Тайзун хаан бол Тан гүрнийг бүх талаар нь мандан бадруулсан гавьяатай. Энэ хааны үеэс “Тан гүрний таван чимэг” гэж гарч ирсэн. Таван мянган жилийн түүхтэй Дундад орны соёл урлагт цойлон гарч ирсэн хамаг сайн найрагчид Тан гүрний үeд л төрж гарсан байдаг. Домогт найрагч Ли Бай, түүний хүндэт нөхөд Дү Фү, Лу Лунь, Хэ Чжан, Мэн Хао, Ван Вeй нарыг дурдаж болно. Мөн тэр үед Чэнь Зы-Ан, Дай Шулунь, Жюй-И, Юань Жэнь, Ли Шан-Ин, Дү Мү нарын сод найрагчдын шүлэг дуулал Тан улсын ард түмний амны уншилга болж байжээ. Тан гүрний хоёр дахь чимэг нь хүмүүн төрөлхтний түүхэнд анх удаа дарь хийсэн явдал юм. Тэрхүү дариа хад чулуу үсэргэн шидэх "Гүйвүүр"-т хийж гэрэлт сум болгож тэнгэрт цацраасан. Гурав дахь чимэг нь Анкуин боомтод барьж байгуулаад догшин далайн усанд цалгиулан тавьсан аварга том хөлөг онгоц гээд л явж өгнө.
-Та хамгийн гол юмаа хэлсэнгүй шүү дээ. Тан гүрний үед тайганууд яагаад бослого гаргасан тухай?
-Тан гүрний Сюань-Зун хааны үeэс эхлээд тайганууд нойрноосоо сэрж эхэлсэн байдаг. Тэр үед “Ань Лушаны бослого” гэж олон зуун мянган тариачныг хамарсан айхавтар хэрцгий бослого дэгдсэн юм билээ. Тан гүрэн нийслэл хотоо алдаад бараг мөхөх дээрээ тулж байтал Ань Лушан хэмээх дийлдэшгүй зандалчны толгойг тасдаж хэрцгий бослогыг өөр тийш нь эргүүлсэн хүн бол Ань Лушаны биe хамгаалагч Ли Жуэр гэдэг тайган эр байсан. Энэ хүн Тан гүрнийг мөхлөөс аварсан. Тэгээд энэ үeэс эхлээд толгой сайтай, үнэнч шударга тайганууд дээшээ залагдах болсон. "Ань Лушаны бослого"-ын дараа Тан гүрний эдийн засаг сэргэсэн нь тайгануудын ач. Тэр үeд "Шибо тайганууд" гэж гарч ирсэн байдаг.
-“Шибо тайганууд” гэж ямар хүмүүсийг хэлж байв?
-Тайган болох хүмүүсийг эрдэмтэн Күнзийн шалгуураар оруулж, эзэн хаандаа хязгааргүй үнэнч, бас өндөр дээд ёс суртахуунтай болгож хүмүүжүүлснээр “Шибо тайган” болдог байж. Ийм нарийн шалгуурыг эрхэм болгосон тул муу тайган төрж гарах ёсгүй байлаа. Хан улсын үeд бол цаазаар авахуулах ялнаас мултарсан гэмт хэрэгтнүүд тайган болдог байсан болохоор муу тайганууд олноороо гарч ирж улс орноо мөхөөсөн байдаг юм. Харин "Шибо тайганууд"-ад бол гэмт хэрэг үйлдэж байсан хүнийг хэзээ ч сонгож байсангүй. “Шибо тайганууд”-ыг анхандаа Дундад орны зүүн өмнөд эргийн бүс нутагт гадаад худалдааг зохицуулах албанд зүтгүүлэх болж, тэд эх орныхоо ашиг тусын тулд хөлөг онгоц удирдах, боомтын худалдаа эрхлэх ажилд онцгой амжилт гаргасан байдаг. Өмнө нь эндхийн сайд түшмэд хээл хахуульд идэгдээд эзэн хааны сан хөмрөгт орж ирэх ёстой арвин их зоосыг асгаж цутгах нь их байж. Сүүлдээ “Шибо тайганууд” улам дээшээ дэвшиж, улс оронд онцгой гавъяа байгуулсан хүчирхэг тайганууд энд тэндээс тодрон гарч ирснээр тэд засгийн эрхэнд морилж, үүнийг "Тайгануудын хоёр дахь эрин үe" гэж нэрлэх болсон. Тэгээд энэ явдлаас хойш зуун жилийн дараа нүүдэлчин Киданчуудаас Тан гүрний эзэн хааны ордонд шургалуулсан Цахлай жанжин буюу их тайган Чуу Ванцай Тан гүрнийг дотроос нь ялзруулаад мөхөөж байгаагаар энэхүү зохиол төгсдөг юм. Ер нь сайд түшмэд, цэрэг жанждаа хэн болохыг таньж мэддэггүй сул дорой эзэн хаад л тайгануудад хамаг найдлагаа тавьсан. Харин нүүдэлчин удамтай, Тан гүрний анхны эзэн хаан Тайзун шиг агуу хүн бол тайгануудын сэтгэхүйд захирагдаагүй. Үүн лүгээ Юань гүрнийг байгуулсан Хубилай хааны үед тайганууд гэж байсангүй. Харин XV зууны Мин улсын үед тайгануудын гурав дахь эрин эхэлж, зөвхөн хааны ордонд гэхэд л арван мянган тайган ажиллаж энэ нь сүүлдээ тус улсын төгсгөл үед далан мянга хүрч том нөлөө бүхий улс төрийн хүчин болсон. Тэгээд тэд Мин улсыг мөхөөсөн. “Эрдэмтэн сайд нараа үл ойшоож, тайгануудыг толгой дээрээ гаргаснаар Мин улс мөхсөн юм” хэмээн Хятадын түүхч, судлаач нар тэмдэглэсэн нь бий.
-Эцэст нь танаас нэг зүйл асууя. Энгийн хүнээс ялгарах тайган хүний онцгой шинж чанарын тухай хэлээч?
-Тайган хүний хамгийн гоц чанар гэвэл энгийн хүмүүс барьц алдан тэвдэх хүнд хэцүү байдлаас хөнгөхөөн мултраад гарчих чадвар. Тэд жирийн хүний ганц өдөр ч тэсээд гарахад хэцүү тийм их зовлонг сэтгэлдээ байнга тээж, хамгийн бэрх шаналал, ганцаардлыг дотоод сэтгэлдээ буглуулан дарж явдаг. Мөн тэд энгийн хүний ой тойнд буухгүй гоц гойд зүйлийг маш хурдан сэтгэж чаддаг. Тэд гэр бүлдээ буцаж очих нүүргүй, хань ижил гэх юмгүй, үр удмаа үргэлжлүүлэх боломжгүй учраас амиа хорлохоос ч сийхгүй. Ер нь баргийн хүний санаанд оромгүй хамгийн аймшигтай хэрцгий хорлонтой санаа тайганаас л гарсан байдаг. Хүнийг харанхуй нүхэнд хорьж залхаан цээрлүүлдэг eр бусын хонзогнолыг бичгийн мэргэд, ноёд түшмэд, баатар жанжид анх сэдэж бий болгоогүй. Харин золгүй хувь заяандаа өширхөж гомдсон тайган анх сэдсэн гэж эртний Хятадын түүхчид онцлон бичсэн байдаг.
-Сонирхолтой яриа өрнүүлсэн таньд баярлалаа.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна