С.Зулцэцэг: Уран бүтээлийн тухайд бол надаас аав харагдаж байхад л болно


 

Сэтгүүлч, зохиолч, яруу найрагч, жүжигчин С.Зулцэцэгтэй ярилцлаа.

 

-Яруу найрагч, зохиолч, тэр дундаа хүүхдийн зохиолч гэж онцгойлон нэрлэж болох цөөхөн зохиолчийн нэг Гэндэнгийн Сэсмээ гуай. Энэ том зохиолчийн охин болж төрөх ямар байсан бэ?

-Хүүхэд байхад аавынхаа том, жижиг зохиолч гэдгийг мэдэхгүй шүү дээ. Зохиолч, яруу найрагчид уран бүтээлийнхээ шагналыг аваад л манайхаар ирнэ. Тэд “Өнөөдөр главлит сонин уншчихлаа гарах болсон” гээд л нэг л том роман туурвичихсан аятай ярилцана. Долоо хоног тутмын сонин гаргахад тийм их өндөр шалгууртай байж дээ. Би тухайн үед гардаг байсан 90 мөнгөний сокны шилэнд ирсэн зочны тоогоор өглөө шар тайлах зуун граммыг нь авч үлддэг байлаа. Ц.Гайтав гуайнх манайх хоёр тэр үеийн 12 дугаар микрорайоны нэг байранд байлаа. Өглөө болгон манайхаар орж ирж ээжээр зангиагаа зангидуулна, зарим үед миний хариуцлагатайгаар авч хадгалсан зуун граммаар шараа тайлж аваад л “Энгэр дэх зангиагаа зангидуулж авлаа элэг ходоодон дахь зангилаагаа тайлуулж авлаа” гээд ингээмсэглэсээр гарч одно. Намайг Бүлтүүш гэж дуудах. Их хэцүү үедээ орж ирээд л “Хүүе Бүлтүүшээ босоорой” л гэнэ. Тэр том зохиолчдын дунд хүүхэд насаа өнгөрөөж гэхэд хаашаа юм, хүүхэд нас гэж байсангүй гэмээр ч юм уу. Хар багаасаа л сэтгүүлч болно гээд хөглөгдчихсөн тэр зохиолчдын сэтгэл хөдлөлийг харж хөглөгдөж, хөглөж явсан нь маш том сургууль, суурь болж байж дээ гэж одоо бодож суудаг юм. “Хүрэн морь”-ийг бичсэн Ч.Лхамсүрэн, Ц.Гайтав гуай, Р.Чойном гээд л тухайн үеийн томчуудын дунд өслөө дөө.

-Аавын тань шүлгийг нь бичсэн “Эрвээхэй”, “Тэмээ том оо, тийм ээ хө” зэрэг хүүхдийн дуунууд одоо хэр нь багачуудын дуртай дуунуудын тоонд орсоор л явна. Зохиогдсон түүх нь эргэн санахад бас л сонин байх вий?

-Хүүхдийн баяр дөхөж байсан үе л юм даг. Аав маань уран бүтээлийн шагналаа аваад надад нэг их гоё эрээн даавуу авч даашинз хийлгэж өгч билээ. Жигтэйхэн гоё тод өнгөтэй, алагласан цэцэгс дээр нь эрвээхэй эргэж буй зурагтай. Даашинзаа өмсөөд зогсож байгааг минь аав хараад охиндоо шүлэг бичиж өгнөө гээд л сууж билээ. Удаа ч үгүй “Эрвээхэй” дууны шүлэг төрсөн дөө. Энэ шүлэгт сүүлд 1987 онд хөгжмийн зохиолч Батболд ая хийж 30 гаруй жил дуулагдаад явж байна.

Би тухайн үед баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар сургуулийн нэгийн “А” бүлгийн сурагч байлаа. 1975 он юм уу даа. Булган аймагт “Эрдэнэт” гэж шинэ хотын суурь тавигдаж эх орны шилдэг ажилчин, сэхээтнүүд шинэ хот, бүтээн байгуулалтад оролцохоор тэмүүлж байв. Зохиолчдын хорооны дарга С.Удвал гуай аавд “Чи Булган нутгийн хүн, танай аймагт том бүтээн байгуулалт болж байна. Тэр шинэ хотын бүтээн байгуулалтад оролцож, хөдөлмөрчин ангийг уран бүтээлээр цангахгүй байх ажлыг хариуцаж театр байгуул” гээд шинэ хотын анхны Соёлын хэлтсийн даргаар томилсон. Ингээд манайх гэдэг айл “Сансар” дахь байраа, би 33 дугаар сургуулийн нэгийн “А” бүлгээ, Ц.Гайтав гуайгаа орхиод нүүсэн дээ. Ангийн багш хөөрхөн шүлэг уншдаг охиноо явуулмааргүй байна гэж, Ц.Гайтав гуай нулимс цийлэгнүүлэн миний Бүлтүүш явах нь гээд л хоцорч билээ. 

-Та түрүүн хөглөгдөж өслөө гэж байсан. Саяхан хоёр ч шүлгийн ном баринтаглаж авсан. Хэзээнээс шүлэг, яруу найраг бичиж эхлэв?

-Тэр том зохиолчдын дунд өссөн хүүхэд чинь шүлэг яруу найргаас яаж хол байх вэ. Манайх Эрдэнэт хотод таван жил амьдраад эргэж Улаанбаатар хотдоо ирлээ. Зохиолчдын хорооноос өгсөн байр байсан хэдий ч аав биднийг Эрдэнэт хотод гэрт амьдруулаад сургачихсан тул одоогийн энэ зургаан буудал хавьцаа том байшинтай хашаа худалдаж аваад амьдарч эхлэв. Одоо эргээд санахад аав биднийг ажил хөдөлмөрт сургаж хаана ч биеэ аваад явчих хүмүүжил суулгаж байж дээ. Ингээд би 35 дугаар дунд сургуульд орж наймдугаар анги хүртлээ суралцаад 17 дугаар сургууль руу 10 жилээ дүүргэхээр шилжиж оров. Тэндээс л бичих сууриа тавьж эхэлсэн юм уу даа. Сургуулийнхаа хэвлэлийн төлөөлөгч аятай л юм гүйж явдаг байлаа. Тухайн үед гардаг байсан “Пионерийн үнэн” сонинд идэвхтэн бичигч учраас сургуульд болж байгаа бүх л зүйлийг мэдээ болгочих гээд л гүйнэ. Нэг хүүхэд хонгилд хаясан цаасыг аваад хогийн саванд хийхийг харчихвал сайны жишээ болгоод л бичих жишээний. Ямар сайндаа сургуулийнхаа захирлын хөрөг найруулал бичиж орхих вэ дээ. Аав маань тэр найрууллыг харчихаад “Миний охин энэ том төрлийг барьж авах цаг нь арай л болоогүй, сонины эрхлэгч ах нь урмыг чинь хугалахгүй гэсэндээ засаж янзлаад тавьсан байх” гэж билээ. Тэр цагаас хойш л шүлэг яруу найргаар өвчилж эхэлсэн байх. Миний саяхан гаргасан “Ижий Монголоо тэвэрлээ би” шүлгийн түүвэр маань аав, ээжийнхээ 90 насны ойд босгосон миний номон суварга юм даа. Дууны шүлгүүдээс гадна хоёр ачлалтдаа зориулсан миний сэтгэлийн хөг, үгэн цацал болон өргөгдөж байгаа юм. Хоёр дахь ном нь “Аавын аяга” нэртэй хүүхдийн шүлгийн түүвэр. Хэдийгээр аавынхаа энд хүрэхгүй ч аав минь л надаас харагдаж байхад болно доо гэж бодож бичсэн.

-Хүүхдийн шүлэг бичих өөр сэдвээр бичих хоёр ялгаатай биз?

-Мэдээж тэс ондоо байдаг. Хүүхдийн сэтгэхүйгээр бодож бичнэ гэдэг эргээд хүүхэд нас руугаа аялна гэсэн үг. Аавтай маань ярилцсан хүмүүс заримдаа та яг хүүхэд шиг болчих юм гэж байхыг нь сонсож байсан. Хүүхэд шиг болж, бодож байж бичдэг учраас л тэр уран бүтээлүүд нь өдий олон жил амьд байж зууны шилдэг зуун уран бүтээлд ороод явж байдаг биз. Хүүхдийн шүлгээ хүүхэд уншихад төвөггүй, хэт урт биш байхаас гадна гоо зүй, өв соёл шингэсэн байдлаар бичих гэж хичээдэг.

-Арван жилээ төгсөөд ямар сургуульд оров. Ямар мэргэжилтэй болох нь тодорхой хүнээс дэмий ч юм асуучихав уу даа. Мартсанаас таныг “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд тоглосныг мэдэх юм?

-Сургууль төгсөхөд би сурлагын дүнгээр жагсаахад эхний арав дотор орчихсон байлаа. Сургуульд сэтгүүлчийн ангийн ганцхан хуваарь ирснийг нь намайг авна гэдгийг сургууль даяараа л мэдэж байв. Ингээд хувиараа ч авлаа. МУИС дээр очиж шүүлгээ өгөөд Ц.Гайтав гуайн “Дамдины Сүхбаатар” найраглалыг задалж бичээд өгтөл Ш.Дулмаа гуай уншиж үзээд дөрөвдүгээр курсын оюутны хэмжээнд бичжээ гэж хэлж билээ. Шалгалтад 15 оноо аваад л эгнэн зогссон хүмүүсийн “Энэ нэгд орсон, 17 дугаар сургуулийнх гэнэ” гэх мэт яриан дундуур цэнхэр торгон дээлтэй харц дээгүүр алхаж явлаа. Шалгалтад нэгээр гарсан юм чинь сургуульдаа орчихлоо л гэж бодож байтал арын хаалгадуулаад алдчихдаг юм байна. Орос уран зохиол судлаачийн мэргэжлээр гадаадад суралцах эрх өгөхөөр нь “Би сэтгүүлч болох гэсэн болохоос ямар судлаач болох гэсэн юм уу” гэж хэлээд урж хаяад зэмлүүлж байлаа. Ингээд хойтон жил нь сэтгүүлчийн ангид орно гээд аав намайг гурван ихрийн сувилалд дагалдан багшаар ажиллуулахаар болов. Хувь заяаны эргэлт гэж сонин юм шүү. Сувилалд ажиллаж байтал Х.Дамдин гуай “Мандах нарны туяа” киногоо хийх гээд туслах дүрийн жүжигчин шалгаруулж яваад надтай тааралдаад орох санал тавьдаг юм байна. Яах вэ ороод л үзлээ, тэнцчихсэн.


Киноны зураг авалт дууссаны дараа Х.Дамдин гуай надад “Чи ийм их авьяастай хүүхэд байж энд юу хийж байгаа юм бэ, явж УБДС-ийн кино драммын ангид шалгалт өг” гэдэг юм байна. Ганцаараа явахаас жаахан эмээгээд нэг найз охиноо дагуулаад л явлаа. Шалгалт нь дуусчихаж. Тэр үед кино драмын ангийн багш нь Доржсамбуу гуай байв. Багш нар ийм хоёр охин ирлээ шалгалт дууссан гэж Доржсамбуу гуайд хэлтэл “Ямар ч авьяас ирж байгаа юм билээ шалгалт ав” гэсэн юм билээ. Эрэгтэйгээс Н.Онон, эмэгтэйгээс би ингээд хоёулаа уран чадварын шалгалтдаа хамгийн дээд 15 оноо авч бусад шалгалтуудаа өгөлгүй шууд л кино драмын ангид орсон. Тухайн үед Э.Оюун гуай бид хоёрыг харчихаад “Ийм нүд хөмсөг болсон хүүхдүүд хэрэгтэй байгаа ав” гэж хэлсэн гэдэг. Төгсөх курст ордог жил СУИС байгуулагдаад бид тэнд нэг жил суралцаж төгссөн. Тэр хооронд би “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Хэрээдийн Номгунгуа бүсгүйн дүрд тоглосон. Тухайн үед жүжигчин, мисс, загвар өмсөгч гээд л маш олон бүсгүйчүүд пробонд орсон, шалгуур ч өндөр. Мэргэжлийн урлагийнхнаас гадна түүхчид, түүхэн романчид эмч, эмнэлгийн ажилтнууд гээд шалгаруулалтад онцгой ач холбогдол өгч байсан байгаа юм. Би СУИС-ийн оюутан 21 настай залуухан охин байв. Анх намайг Хулан хатны дүрд гэж байснаа болиод Есүгэн болоод бүр сүүлдээ Номгунгуа дээр тогтсон юм билээ. Эмчийн үзлэгээр ороод тэр л дээ.

-Уучлаарай. Би буруу ойлгоод байна уу. Номгунгуа бүсгүйн дүрд тоглоход онгон танхи биетэй гэсэн шалгуур тавигдсан байх нь уу?

-Дэлхийд гарах кино тул киноны хэсэг бүрд маш их ач холбогдол өгч байж л дээ. Галбир сайтай бие хаатай байхаас эхлээд эр хүний хуруу байтугай амьсгал ч ойртоогүй тийм онгон танхил биетэй бүсгүй байх ёстой байсан юм уу даа.

-Киноны шалгуур өндөр байж. Одоо үзэж байхад нүсэр төсөл байж дээ гэж бодогддог шүү. Тэгээд та чинь жүжигчин болоогүй сэтгүүлч болчихсон явж байдаг?

-Оюутан байх үедээ “Хойлгийн мөрөөр” киноны гол дүр, “Эр хүн”, “Мандах нарны туяа”, “Чандаган цагаан өргөө” зэрэг хэд хэдэн киноны туслах дүр бүтээж амжсан даа. Гэхдээ л сэтгэлд сэтгүүлч болох гэсэн хүсэл маань унтраагүй л байгаа. Сургуулиа дүүргээд БНХАУ-ын Бээжингийн их сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж дүүргэв. Монголдоо эргэж ирээд л сэтгүүл зүйн салбарт орж өдгөө 28 дахь жилийнхээ нүүрийг үзэж явна. Төгсөж ирээд МҮОНРТ-ээс ажлынхаа гарааг эхэлсэн. Олон цэнгээнт нэвтрүүлэг санаачлан хийж бүтээж явлаа. Уран бүтээлийн онгодтой, омголон давилуун ч залуухан бүсгүй байж дээ. Хөгжөөн цэнгээнт “АХА”, “Татаатунга”, “ХИТ”, “Би чадна” зэрэг нэвтрүүлгийг хийж найруулж, зохиолыг нь бичиж гардан өлгийдөж авч явлаа. “Амны хишиг”, Сүүн зам” зэрэг хөрөг нэвтрүүлгүүд гэх мэт 20 гаруй нэвтрүүлгийн автор, найруулагчаар ажиллалаа. Зах зээлийн эдийн засагт шилжээд уналтад ороод ганц ч үзэгчгүй болсон циркийг амь оруулан дүүргэж байсан “Баатар наадаан” нэвтрүүлгийг одоо ч эргэн дурсах хүн олон байдаг даа. 

-Нэг хүний амьдрал гэмээргүй баялаг дурсамжаа хуваалцсанд баярлалаа.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 10 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22