БНСУ-ын Сөүл хотод энэ сарын эхээр зохион байгуулсан “World Dance Grand Prix Korea” олон улсын бүжгийн уралдаанд Монголын уран бүтээлчид амжилт дүүрэн оролцоод ирлээ. Энэ удаагийн уралдаанд өрсөлдсөн бүжигчдээс контемпорари бүжигчин П.ЭНХТОГТОХЫГ онцлон ярилцлаа. Бүжигчнээс гадна бүжиг дэглээчээр ажиллаж буй түүний талаар балетын жүжигчин У.Бат-Эрдэнэ “Энхтогтох “Pianist” бүтээлээ сайн бүжиглэснээс гадна өндөр түвшинд дэглэж чадлаа. Контемпорари төрлийн бүжиг дэглээч манай улсад цөөн байгаа ийм үед авьяаслаг бүжиг дэглээч олж харсандаа маш их баяртай байна” хэмээн дурджээ. Нэн шинэ үеийн бүжгийн төрлийг Монголд дэлгэрүүлэхээр шамдан буй тэрбээр нийслэлээрээ овоглосон “Улаанбаатар” театрт харьяалагдаад удаагүй явна.
-Сар шинийн баярын өмнөхөн баяртай мэдээлэл сонсогдсон нь тантай холбоотой байлаа. БНСУ-д болсон олон улсын бүжгийн тэмцээнд та ямар амжилт гаргаад ирсэн бэ?
-БНСУ-д хоёрдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулсан “World Dance Grand Prix Korea” бүжгийн тэмцээний creative төрлийн B ангилалд миний бие “Pianist” бүтээлээрээ оролцож нэгдүгээр байрт шалгараад ирлээ. Дорнын цаг тооллоор шинэ оны босгон дээр эх орныхоо нэрийг гаргаж, өөрийнхөө дэглэсэн бүтээлээр алтан медаль хүртсэндээ туйлын их баяртай байна. Уран бүтээлчдээс туршлага судалж, өөрийгөө дахин нэг сорьж амжилт гаргасандаа их урам орлоо.
-“Pianist” бүтээл нэрнээсээ эхлээд сонирхол татаж байна. Уг бүжгээрээ та юу илэрхийлэхийг зорив?
-Бүжиг маань орчин үеийн контемпорари суурьтай бөгөөд монгол бүжгийн элементээр баяжуулан дэглэсэн. Би энэ бүтээлээр сонсголоо алдсан төгөлдөр хуурчийн дотоод ертөнцийг илэрхийлэхийг зорилоо. Сонсголгүй болсон ч төгөлдөр хуураа тоглохыг хэчнээн их хүссэн, түүнээсээ ямар их баяр баясал авдаг байсныг үзэгчдэд мэдрүүлэхийг хичээсэн юм. Уран бүтээлчдийн хувьд алга ташилт “амин дэм” болдог. Хэдийгээр сонсож чадахгүй байгаа ч хүмүүсийн алга ташихыг харсан төгөлдөр хуурчийн сэтгэл ямар их хөдөлдөг. Энх саруул байхдаа тайзнаас, алга ташилтаас авсан мэдрэмж ямар нандин зүйл байсныг би бүжгийн хөдөлгөөнөөрөө илэрхийлэхийг хичээлээ.
-Бүжгээ та өөрөө дэглэжээ. Орчин үеийн бүжгийн төрлөөр ажиллах нь танд ямар санагдсан бэ?
-Үнэхээр сайхан, юутай ч зүйрлэшгүй мэдрэмж төрүүлдэг. Орчин үеийн бүжиг олон төрөлтэй. Миний хувьд тэдгээрээс контемпорари төрлийг сонгон, гүнзгийрүүлэн суралцаж яваа залуу уран бүтээлч. Дээр нь бүжгийн урлагийн дуртай төрлөөрөө бүтээл хийж түүнийгээ хүмүүст хүргэхэд бэлэн болсондоо туйлын баяртай байна.
-Ярилцлагаа таны хэрхэн бүжгийн урлагтай холбогдсон тухай асууж үргэлжлүүлье. Та хүүхэд байхаасаа л бүжиглэдэг байв уу?
-Жоохон байхаасаа л намайг бүжгийн урлагт сонирхолтой байсан гэж ээж маань ярьдаг. Тиймээс бүжигчин болохыг би миний хувь тавилан гэж хүлээж авсан. Намайг бүжигчин болохыг хамгийн их дэмжиж урамшуулсан хүн нь миний хайртай ээж минь юм. Би Сэлэнгэ аймгийнх. Багадаа аймаг, сумын бүжгийн тэмцээнүүдэд алгасалгүй оролцдог хүүхэд байв. Арванхоёрдугаар ангиа төгсөх жил мэргэжил сонгохдоо ямар ч эргэлзээгүйгээр бүжигчин болохоор шийдсэн. 2016 онд СУИС-д шалгалт өгч тэнцэн бүжгийн ангид элссэн. Түүнээс хойш орчин үеийн бүжгийг сонирхон судлах болсон. Цаашид энэ төрлөөрөө өсөн дэвжихийн төлөө явсаар байх болно.
-Бүжгийн урлагийн А үсгийг зааж өгсөн багшаа танилцуулаач?
-Хүүхэд байхад надад бүжгийн А үсгийг зааж өгсөн хүн бол манай дуу, хөгжмийн багш Ч.Мягмар юм. Багш маань биднийг аймаг, сумын тэмцээнд оролцуулахаар авч явдаг байв. Би Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 1-5 дугаар ангиа дүүргэсэн. Дараа нь Шаамар сумын Дулаанхаан тосгонд 6-11 дүгээр анги хүртэл сураад СУИС-д элсэхийн тулд 12 дугаар ангидаа нийслэлийн 45 дугаар сургуульд сурсан. Үүнийхээ хажуугаар бүжгийн ур чадвараа сайжруулахын тулд клубт хичээллэдэг байлаа. Оюутан болоод олон багшаар бүжгийн хичээл заалгасан. Тэдгээрээс намайг бүжгийн урлагийн төлөө зүрх сэтгэлтэй болгосон хүн бол Үндэсний урлагийн их театрын бүжигчин Ш.Батгэрэл багш юм.
-Яг хэдий үеэс орчин үеийн бүжгийн урлагийг сонирхон судлах болов?
-Орчин үеийн бүжгийн хичээл их сургуулийн гуравдугаар курсээс эхлэн ордог. Одоо бодоход тэр үеэс л контемпорари бүжгийг сонирхон судалсан байх. Түүнээс хойш бараг таван жил өнгөрчээ. Тухайн үед бүжгийн хичээлийг Улаанбаатар чуулгын бүжигчин байсан Н.Номгонмаа багш заадаг байв. Ингэж багш маань миний контемпорари бүжгийн суурийг тавьж, зааж, чиглүүлж өгсөн.
-Та олон улсын соёлын хөтөлбөр болох “Dance Motion USA”-д хамрагдсан. Магадгүй энэ нь танд бүжгийн урлагийн шинэ ертөнцийг нээсэн байх?
-“Dance Motion USA” хөтөлбөрийн хүрээнд Америкийн орчин үеийн бүжгийн компанийн төлөөлөл Монголд хүрэлцэн ирсэн нь надад завшаантай үйл явдал болсон. Тухайн үед тэд СУИС-д ирж оюутнуудад мастер класс орсон юм. Ямар гайхалтай байсан гэж санана. Магадгүй тэр үйл явдал надад маш том түлхэц болсон байх. Ер нь СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуульд гаднаас олон төрлийн мастер класс авдаг. Түүнд оюутан, сурагчдыг түлхүү хамруулахыг зорьдог.
-Одоо та мэргэжлийн урлагийн аль байгууллагад харьяалагдаж байна вэ?
-Би 2024 оны нэгдүгээр сараас “Улаанбаатар” театрын бүжигчнээр ажиллаж эхлээд байна.
-Тийм ч түгээмэл бус орчин үеийн бүжгийн төрлийг Монголд хөгжүүлэхэд амаргүй байна уу?
-Амаргүй шүү. Хүмүүс орчин үеийн бүжгийн контемпорари төрлийг өмнөх үе болох модерн бүжгээр нь маш сайн таньдаг. Контемпорари нь нэн шинэ үеийн урсгал буюу модерн бүжгийн дараагийн урсгалынх нь үе гэж хэлж болно. Бүжгийн энэ шинэ төрлийг залуучууд маань мэддэг. Зарим нь сонсож, харсан юм байна гэдэг.
Контемпорари бүжгийг Монголд хөгжүүлэхийн төлөө явж байгаа уран бүтээлч надаас гадна хэд хэд байдаг. Дээр нь СУИС, Монгол Улсын консерватори хичээлийнхээ хөтөлбөрт бүжгийн орчин үеийн төрлийг оруулж өгснөөрөө түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн тус дэм болж байна.
-Та ер нь өнгөрсөн хугацаанд хэчнээн бүжиг дэглэв. Тэдгээрээс заримыг нь онцлон танилцуулж болох уу?
-2019 оноос хойш 10 гаруй бүжиг дэглэжээ. Заримыг нь дурдвал, “Мадам”, “Спринг”, “Шилэн шувуу”, “Pianist” зэрэг бүтээлийг дэглэн үзэгчдэд хүргээд байна.
-Уран бүтээлчийн дотоод ертөнц халгиж цалгиж байдаг шүү дээ. Одоо ямар бүтээл хийхээр зорьж байна вэ?
-Одоо эмэгтэй гоцлол бүжигчидтэй хамтран орчин үеийн бүжиг гаргахаар зорьж байна. Бүжигчдийн онцлог, ур чадварт нь таарсан, бүжиг бүр өөр утга агуулгатай хоёр бүтээл туурвихаар төлөвлөсөн. Үүнийхээ бэлтгэл ажилд ороод явж байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна