Социнтернийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн 2024 оны ээлжит хурал, Мадрид хот. 2024-02-21
Дэлхийн санхүүгийн төвөөс мэдээлэл цуглуулж, шаардлагатай хөрөнгийг татан төвлөрүүлэх, шинэ зах зээлд хөл тавихад гүүр болсон монгол банкируудын нэг, олон улсын санхүүгийн шинжээч-зөвлөх Д.Энхжаргалтай ярилцлаа.
-Багадаа сурлагатай, тэр дундаа тооны хичээлд толгой цохидог хүүхэд байсан учраас та анхнаасаа л банк, санхүүгийн хүн болно гэж бодсон уу. Ер нь хүүхдүүдийн олонх нь тоондоо тийм ч дуртай байдаггүй шүү дээ?
-Би хуучнаар зургаа одоогийн 45 дугаар дунд сургуулийг онц дүнтэй төгсөж, аавынхаа банк санхүүгийн мэргэжлийг өвлөж авахаар МУИС-ийн Эдийн засгийн сургуульд конкурс өгсөн. Тухайн үед гурван хичээлээр шалгуулсны нэг нь орос хэл байсан. Тиймээс Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд хэлний бэлтгэлд суухгүйгээр суралцахаар болсон. Яагаад гэвэл, тухайн үеийн банк санхүүгийн салбарын шилдгүүд бүгд Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг төгссөн. Бас энэ сургууль Монголтой ойрхон учир би сурахаар шийдсэн юм.
-Орос хэлэндээ сайн байсан учраас тэр сургуульд суралцахад бэрхшээл тулгараагүй байх?
-Харин ч эсрэгээрээ. Хичээл эхэлсэн эхний өдрөөс л асуудал үүссэн. Хичээл дээр хүүхдүүд багшийн хэлж зааж байгааг сонсоод тэмдэглэл хөтлөөд байдаг. Гэтэл би юу ч тогтож ойлгоогүй. Арван жил онц сурч, орос хэлэндээ онцсайн дүн авсан мөртлөө багшийн хэлж байгааг ойлгохгүй байгаадаа сэтгэлээр унасан. Судлах хичээлүүд ч тийм хялбар биш байлаа. Тухайлбал, Карл Марксын “Капитал”-ыг уншиж товчлол хийгээд түүнийхээ талаар ярих шаардлагатай болсон. Гэтэл тэр хэмжээний орос хэлний мэдлэг надад байгаагүй. Тухайн үед Эрхүү дэх Консулын газарт хандаж, Монгол руу шилжүүлж өгөхийг хүсэхэд МХЗЭ-ийн Төв хороонд ажиллаж байсан Энхбаяр гуай надад хэдэн сар хичээж, бүх үгээ цээжлээд үзэхийг зөвлөсөн юм. Хэлснээр нь хэдэн сар гүрийж, чадахаасаа чадахгүй хүртэл хичээгээд үзэхээр шийдсэн. Хамгийн түрүүнд улс төр, эдийн засгийн ухааны багшдаа бичсэн номын товчлол, орчуулгаа харуулж бүх хичээл дээр ингэж ажиллах цаг хүрэлцэхгүй байгааг хэлээд үзэв. Тэгсэн багш маань миний хөдөлмөрийг ойлгож, туслахаар болсон нь надад их дэм болсныг мартдаггүй. Багшийн тусламжтайгаар хичээлээ хамгийн сайн тэмдэглэдэг орос оюутнаас тусламж авдаг болсон.
Ангийнхаа онц сурлагатны конспектыг авч орчуулан, нэг бүрчлэн цээжилсний дараа багшид юу сурснаа тайлбарлаж байхаар тохиролцсоноор миний ачаалал багассан. Ингэж уйгагүй хичээсний дүнд би орос оюутнуудын нэгэн адил суралцах боломжтой болсон доо.
-Тэр үед сурлага, нийгмийн оролцоо зүтгэлээрээ бусдыгаа хошуучилсан оюутнууд цалинтай суралцдаг байсан бөгөөд тэдний нэг нь таныг байсан тухай уншсан. Их махруу, хичээмтгий оюутан байжээ дээ?
-Шартай ч юу байхав, эхлүүлсэн ажлынхаа ард нь гарахыг хичээдэг гэвэл илүү ойртох байх. Орос хэлийг бол хоёр, гурван сарын дотор зүтгэсээр байгаад ард нь гарсан. Хоёрдугаар курс төгстөлөө бүх шалгалтдаа онц авсан учраас Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан болов. Нийгмийн идэвхийн хувьд Эрхүүд монгол оюутан олон учраас Монгол Ардын Намын үүр ажилладаг байсан. 1984 онд намайг МАН-ын идэвхтэн гишүүнээр элсүүлж, удаах жил нь орлогч гишүүн болсон. 1986 онд МАН-ын жинхэнэ гишүүн болж, элсэж байсан түүхтэй. Гэхдээ тухайн үед намын гишүүн болоход шалгуур өндөр байлаа. Намын гишүүн багш, оюутнууднаас батлан дааж, намын үүрийн хурлаар оруулснаар намын үүрийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар гишүүн болгодог байв.
-Та сэхээтэн айлын хүүхэд. Бусдаас арай давуу гэмээр энэ байдалдаа дулдуйдан давилуун явах зам байсан ч тэгээгүй. Магадгүй та тухайн үед ямар нэг зүйлд зорьж байв уу. Юу танд тийм хүчтэй нөлөөлсөн юм бэ?
-Би Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар арван жилийн сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон. Ангийн багшийг маань А.Оюунханд гэдэг, цэл залуухан багш байсан. Би гэдэг хүн хичээлдээ гайгүй, математикийн олимпиадын аварга болчихсон додигор явтал гуравдугаар ангид олимпиадын тоогоо бодож чадаагүй. Тэр үед багш маань зэмлэнгүй харцаар хэдэн хатуу үг хэлэхэд нь тэсэхгүй уйлчихаж билээ. Яагаад ч юм, багшийн хэлсэн үгийг сонсоод, бодож чадахгүй байсан бодлогынхоо ард хоромхон зуур гарсан. Багш намайг дайчилж, шахаж байснаар тоондоо сайн болоход маш их нөлөөлсөн. Тухайн үедээ би дээд ангийнхаа ах эгч нарын үздэг тоог ч бодох хэмжээний мэдлэгтэй болсон байв. Тэгэхээр миний математикийн суурийг тавихад А.Оюунханд багшийн нөлөө яахын аргагүй их бий. Багш маань сүүлд Монгол Улсын Гавьяат багш болсон.
-Та банкны салбарыг шатлан дэвшсэн боловсон хүчний нэг, сүүлд Монголбанк Лондонд төлөөлөгчийн газраа нээхэд томилогдон ажилласан. Түүнээс гадна та Монгол банкны Дэд ерөнхийлөгчөөр ажилласан анхны эмэгтэй. Эрчүүд давамгай салбарын удирдах түвшинд гарч ирэхэд ихээхэн хүч хөдөлмөр шаардсан нь лавтай?
-Бусдаас хоёр, гурав дахин илүү ажилласан. Хүмүүс ажлаа тараад явахад би илүү уншиж, судалж ойлгохыг хичээдэг байв. Түүнээс биш би эмэгтэй учраас заавал албан тушаалтай болох ёстой хэмээн муйхарлаж болохгүй. Гол нь өөрөө хэн бэ, ямар боловсрол, мэдлэг, чадвартайгаа харуулж байж тухайн албан тушаалд очих нь илүү амттай. Би Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуулийн хоёрдугаар курст байхдаа бусад оюутантай харьцуулахад илүү өндөр стипенд авч байв. Түүгээрээ Офицеруудын ордны дэргэдэх англи хэлний курсэд сурсан. Энэ нь 1990-ээд оны эхээр зах зээлд шилжин ороход миний англи хэлний анхан шатны мэдлэг, зах зээлийн эдийн засгийн мэдээллийг уншиж харьцуулалт хийхэд давуу тал болсон учраас ахин дэвших боломж олдсон.
-МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нэртэй байхад та Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын дэд ерөнхийлөгч байсан. Тухайн үед Монголбанкнаас энэ ажлын шаардлагаар албан тушаалаасаа буусан уу?
-Үгүй дээ. Монголбанканд ажиллахдаа намын сонгуульт ажлаас түдгэлзсэн. Монголбанкны ажлаа өгсний дараа эмэгтэйчүүдийн олон нийтийн ажилд идэвхтэй оролцож байлаа. Монголбанк Лондон хотод төлөөлөгчийн газраа анх нээхэд би томилогдон ажилласан. Дэлхийн санхүүгийн төвөөс Монголд хэрэгтэй мэдээллийг цуглуулж удирдлагадаа хүргэх, гаднын зах зээлээс бага хүүтэй, урт хугацааны чанартай санхүүжилт олохыг зорилгоо болгож байв. Тухайн үед Монгол Улсын валютын нөөц 300 сая орчим ам.доллар байсан учраас энэ нөөцийг нэмэгдүүлэх бүхий л аргыг судалсан. Дэлхийн хэмжээний банкуудтай харилцахад нэг дилерийнх нь арилжаа хийдэг валютын хэмжээ 300 сая ам.доллар. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээний нэг банкирын валютын арилжааны лимит хязгаартай дүйцэхүйц улсын валютын нөөцтэй байсан учир санаа зовж, Монгол Улсаа хэрхэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах вэ гэж сэтгэл гарган зүтгэсэн. Дэлхийн зах зээл дээр их мөнгөн дүнтэй, сайн төслүүдийг хайгаад ангуучлаад байдаг. Яавал үүнээс багахныг нь ч болов Монголдоо оруулж ирэх вэ, ямар боломж гарц байгааг эрэлхийлж, судалж ажилласан.
-Санхүүгийн зах зээлийн томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, Монгол Улсыг хараанд нь өртүүлэхийн тулд ямар арга хэмжээ авсан бэ?
-Лондонд Европын сэргээн босголт хөгжлийн банк гэж олон улсын байгууллага байсан. Тэр байгууллага тухайн үеийн социалист системээс задарсан Европын орнуудад зээл, хөнгөлөлттэй санхүүжилт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байв. Тухайн үед Унгар, Чех, Болгар гээд л хуучин социалист орнууд Баруун Европын орнуудтай харилцаагаа сайжруулж том банкууд нь хувьчлагдсан тул Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас зээл авах шаардлагагүй болсон байлаа. Тийм үед нь бид Монгол Улсад зээл, санхүүжилтээ өгөөч гэсэн хүсэлт тавихаар шийдсэн. Монгол Улс Европын газар нутагт харьяалагддаггүй учраас хичнээн хүссэн ч боломж байгаагүй. Тиймээс тухайн банкны томоохон хөрөнгө оруулагчдын нэг, Нидерландын багийнхантай Европын Сэргээн босголт хөгжлийн банкны дүрэмд өөрчлөлт оруулах боломж байгаа эсэх талаар ярилцсан. Ихээхэн хүчин чармайлтын дүнд тус банкны дүрэмд заасан “Европ” гэсэн хязгаарлалтыг арилгаж, Монгол шиг зээл авах хүсэлтэй олон оронтой хамтран ажиллах боломж байгааг хэлж энэ лобби маш амжилттай хэрэгжсэн. Үр дүнд нь банкны дүрмээс “Европ” гэдэг үг хасагдаж Монгол Улс Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлжих эрхтэй орон болсноор энэ банк Монголд төлөөлөгчийн газраа нээж өнөөдрийн том үйлдвэрүүд, төслүүдийг санхүүжүүлэх эхлэлийг тавьсан түүхтэй. Ингэж л бусадтай харьцуулахад хувийн салбарыг зээлжүүлдгээрээ Монгол нэгд эрэмбэлэгдсэн, хамгийн том олон улсын банк болсон. Монголын эдийн засгийг солонгоруулах үүднээс олон талт салбаруудыг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, удирдлагын чадавхыг сайжруулахад үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг үйлчилгээнүүдийг нэвтрүүлсэн юм.
-Сонирхолтой бас эрсдэлтэй алхам хийжээ. Гэхдээ зорьсон эхний томоохон ажил амжилттай болсон учир танд урам өгсөн байх. Ажил урагштай, хийх зүйл ч багагүй үед таныг яагаад Монгол руу эргэн татах болов. Бас л шинэ даалгавар уу?
-Дэлхийн санхүүгийн зах зээлийн мэдээлэл цаг хормоор хэмжигдэнэ. Хэдэн сарын дараах үйл явдлыг урьдчилан харж чадвал түрүүлж хөдлөх боломжтой. Тухайн үед буюу 2007 онд банк санхүүгийн салбарын том доргилт болно гэсэн мэдээллийг авсан. Энэ талаар ам.доллар үнэгүйдэх гэж байгааг Монголбанкны Батсүх ерөнхийлөгчид хэлж мэдээлж байв. Яагаад гэвэл, валютын нөөцийг ерөнхийлөгч биечлэн хянаж, удирддаг учраас валютын нөөцийг өсгөх эсрэгээрээ үнэ цэнийг нь унагах ямар мэдээлэл дэлхийн зах зээлд байгааг байнга мэдээлэх үүрэгтэйгээр ажиллаж байсан. Тиймээс долоо хоногт багадаа нэг удаа холбогдож дэлхийн зах зээлийн талаарх мэдээллийг өгдөг байсан. Энэ мэдээллийг өгсний дараа намайг удирдлагаас “Монголд маш яаралтай ир” гэсэн.
-Таны өгсөн мэдээлэл эрсдэлээс сэргийлэх урьдач нөхцөлийг бүрдүүлж чадсан уу?
-Санхүүгийн хямралын талаарх мэдээллийг эрт мэдсэн ч итгэх хүн ховор. Монгол Улсын удирдах албан тушаалтнууд нухацтайгаар хүлээж аваагүй. Тэр үед Монголбанк алтны хэд хэдэн хэлцлийг хийсэн байсан. Тэр нь Монголын Засгийн газарт ашиггүй байсан тул зогсоох, алтны үнийг өсөхөөс өмнө хааж дуусгах шаардлагатай. Түүнээс гадна дэлхийн 3А зэрэглэлтэй хамгийн том банкуудад Монгол Улс валютын нөөцийг байршуулсан байсан. Тийм үед Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажилласан. Үүний зэрэгцээ дэлхийн санхүүгийн хямралтай тэмцэх ажлын хэсгийг Монголбанкан дээрээ ахлан ажиллахаар болсон юм. Бид дэлхийн санхүүгийн зах зээлийн хямралыг урьдчилан мэдсэнээр гаднын томоохон банкуудад байршуулсан валютын нөөцийг цаг хугацаанд нь татаж авсан. Мөн тухайн үеийн Худалдаа хөгжлийн банк ч гадаадын том банкуудад ард иргэдийн валютын хадгаламжийг байршуулсан байсан. Тэдгээрийг Монгол банк хянаж, шалгадаг учраас энэ хөрөнгийг татах үүрэг өгснөөр бид Засгийн газар болон ард иргэддээ ямар ч хохиролгүйгээр хямралыг даван туулах боломж бүрдсэн. Тухайн үед миний одоо ярьж байгаа мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжгүй. Одоо бол цаг хугацаа өнгөрсөн учраас ярьж байна.
-Монголын Мянганы сорилтын сангийн захирлаар таныг томилсон талаар миний дараагийн асуулт үргэлжилж байна. Таныг захирлаар томилогдсон мэдээлэлд сөрөг коммент нийгмийн сүлжээнд тавигдсан байсныг санаж байна. Албан тушаалаасаа буусан учир одоо тухайн үед болсон үйл явдлын талаар ярьж болно биз?
-Монголын Мянганы сорилтын сангийн интерим гүйцэтгэх захирлаар намайг томилогдохоос өмнө Монгол болон Америкийн талын удирдлагууд нь бүгд солигдоод хэдэн сар болсон байсан. Америкууд төслийн хүрээн дэх асуудлуудыг тухайн жилийн аравдугаар сарын 15-ныг гэхэд яаралтай шийдвэрлэхгүй бол зогсоох шаардлагыг Монголын талд өгсөн байв. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-д тусгай үүрэг гүйцэтгэгч томилдогтой адил Монголын Мянганы сорилтын сангийн төслийг урагшлуулахад гацаасан асуудлуудыг шийдвэрлэхээр тусгай үүрэг гүйцэтгэгч, тусгай гэрээтэйгээр зургаан сарын хугацаанд би ажилласан юм.
Тухайн үед Монголын Засгийн газраас санхүүжүүлэх ёстой 56 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байсан. Монголын Засгийн газар гэрээний дагуу жил бүр 10 сая ам.долларыг төсөлд зориулан улсын төсөвт тусган шийдвэрлэж байсан боловч тэр мөнгийг ашиглаагүй байсан.
Жилийн эцэс болохоор ашиглаагүй хөрөнгийг улс буцаан татдаг. Түүнээс шалтгаалан төслийн санхүүжилт дутагдалтай болж төсөл цааш үргэлжлэх боломжгүй байсныг шийдвэрлэх шаардлага үүссэн хэрэг. Тиймээс Монгол Улсын хууль дүрэмд нийцүүлэн усны төслүүдийг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын ТЭЗҮ, газрын зөвшөөрөл зэрэг хууль дүрмийн дагуу бүхий л бичиг баримтыг бүрдүүлж УИХ улсын төсөв батлах үед оруулж шийдвэрлүүлж чадсан. Ингэснээр бид Америкийн Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг авч чадахгүй байдалтай байсныг үргэлжлүүлэх боломж нөхцөлийг гаргаж өгсөн. Миний хувьд тодорхой үүрэг, зургаан сарын гэрээтэй байсан учраас хариуцсан ажлаа амжилттай биелүүлсэндээ их баяртай байгаа. АНУ-ын өндөр албан тушаалтнуудын гарын үсэгтэй талархлууд хүлээж аваад маш их баярласан.
-Улсад ихээхэн нөлөө, ач холбогдолтой ажлын ард гарахын тулд баг хамт олныг удирдах, хамтран ажиллах овсгоо зайлшгүй шаардлагатай. Чухал үед гол хөшүүрэг нь юу болж байсан бол?
-Монгол Улс хууль засагладаг орон. Олон улсын төсөл ч байсан, Монголын төсөл ч байсан хууль дүрмийн дагуу л ажиллах ёстой гэдэг зарчмаар ажлаа явуулсан.
-Одоо та олон нийтийн ямар ажил эрхэлж байна вэ?
-МҮХАҮТ-ын дэргэдэх Залуу бизнес эрхлэгчдийн клубт ментор, зөвлөхөөр ажиллаж байна. Монгол залуус заавал төрд ажиллахгүйгээр улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, бие даах чадвартай. Илүү олон ажлын байр бий болгохын төлөө олон сайхан залуус хамтран ажиллаж байна шүү дээ. Тэднийг дэлхийн санхүүгийн зах зээлд гарахад нь мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцах нь миний нэг зорилго. Удахгүй Лондоны хөрөнгийн болон металлын биржийг залуу бизнесүүдтэй холбож өгөх бизнес аяллыг нь зохион байгуулах гэж байна. Энэ зуур Чехийн Прага хотод Олон улс дахь монгол эмэгтэйчүүдийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Сониноос гэвэл, дэлхийн санхүүгийн хямралыг даван туулах ажлыг дуусгасны дараа Лондон дахь Монголбанкны төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа томилогдсон. Томилогдох болсон гол шалтгаан нь хоёр намын хамтарсан Засгийн газар байсан. Ардчилсан намаас Монголбанканд төлөөлөгчөө томилуулах шаардлагатай болсон үед би ажлаа өгсөн. Энэ саналыг Монгол банкны ерөнхийлөгч надад тавьснаар Лондонд томилогдож ажилласан.
Бид Монголд банкны салбар, банкируудыг яаж дэлхийн түвшинд хөгжүүлэх вэ. Тэднийг дэлхийтэй нэг түвшинд ажилладаг болгохын тулд чадавхыг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр анхаарч ирсэн. Тухайн үед банкны удирдлагуудыг Лондоны хөрөнгийн бирж, олон улсад нэр хүндтэй томоохон тэргүүлэх банкируудтай танилцуулах ажлыг зохион байгуулсан.
Тухайлбал, Лондон дахь Монголын Элчин сайдын яамны байранд зохион байгуулсан банкируудын арга хэмжээнд ханхүү Эндрю уригдаж ирсэн. Энэ уулзалтын үеэр ханхүү монгол банкируудтай уулзаж, Монголд ямар бизнест хөрөнгө оруулах боломж байна вэ гэдэгтэй танилцахаар ЭСЯ дээр анх удаа биечлэн ирж байсан нь түүхэн үйл явдал болсон. Тухайн үед би банкны удирдлагуудыг бас Люксембург рүү авч явсан. Тухайн үед тэндхийн Сангийн сайдтай сайн танилцсанаар монгол банкирыг олон улсын банк санхүүд мэргэшүүлэн дадлагажуулж сургахад хамтран ажиллахаар болсон. Улмаар Люксембургийн их сургуулийн харьяанд банкны магистрын анги нээснээ мэдэгдэж, эхэн үедээ манай улсад 10 гаруй хүнд тэтгэлэгтэй сургах квот өгч байлаа. Тэнд суралцаж төгссөн 100 гаруй төгсөгч өдгөө Монголын банк санхүүгийн салбарт өндөр албан тушаал хариуцлагатай ажил алба эрхлэн ажиллаж байна. Монголбанкны Лондон дахь төлөөлөгчийн газар монгол банкируудыг дэлхийн түвшний банкир болгон хөгжүүлэхэд онцгой анхаарч гүүр нь болж ажилласан.
-“Зууны 100 эмэгтэй” төслийн талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Нийгмийн шаардлагаар эхлүүлсэн энэхүү төсөл одоо ямар шатандаа явж байна вэ?
-Монгол Улсын 1921-2021 оны түүхэн үйл хэрэгт гар бие оролцож өнөөдрийг бүтээлцэн түүчээлж явсан эмэгтэйчүүдийг бид мартах ёсгүй. Бараг мартсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Тиймээс тэдний тухай ном бүтээж, охид залууст мэдлэг түгээхийн тулд “Зууны 100 эмэгтэй” төслийг эхлүүлж байв. Үүний тулд цахим сайт ажиллуулж олон нийтээс зууны 100 эмэгтэйд нэр дэвшүүлэх санал авснаа эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагынхантай хамтран сонгосноор хоёр боть номын маань эхлэл тавигдсан. Энэ төсөл хажуудаа хоёр хавсарга төсөлтэй. Wiki4women төслийн хүрээнд Монголын 100 эмэгтэйн түүхийг монгол, англи, орос хэлээр хөврүүлэн "Wikipedia"-д оруулах ажлыг үе шаттайгаар хийж байна. Удаах ажил нь цахим сувгуудаар мөн л зууны 100 эмэгтэйн талаар 30 минутын контент бэлтгэн үзэгчдэд хүргэж байгаа юм.
-Ярилцлагынхаа төгсгөлд Монголын банк санхүүгийн салбарт ямар ажил хийхээр зорьж яваагаа тодруулаач?
-Банкныхаа салбарыг өргөжүүлэх асуудлыг 20-оод жилийн өмнө Лондонд Монголбанкны төлөөлөгч байхаасаа л ярьсан. Олон улсын санхүүгийн төвүүдийн томоохон зөвлөгөөний үеэр Монгол Улс ч гэсэн олон улсын бүсийн санхүүгийн төв болон хөгжих боломжтой гэж илтгэл тавьж байлаа. Яагаад гэвэл, Хятад улс гэдэг хэрэглэгчдийн агуу том зах Монголын хаяанд байна. Орос гэж байгалийн асар их баялагтай оронтой бид хиллэдэг. Хоёр хөршийнхөө дунд Монгол Улс зуучлагч нь болох боломж бий. Хэрвээ олон улсын санхүүгийн төвийг Монголд байгуулж энэ хоёр орны бүс нутагт хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байгаа томоохон хөрөнгө оруулагчдын итгэлийг олж ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадвал Монгол Улсын хөгжил нэг байтугай нэлээдгүй шат ахих болно гэдэг саналаа хэлсэн. Олон жилийн өмнөөс ярьсан энэ ажлаа орхиогүй, цаашид ажил хэрэг болгоход анхаарна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна