Монгол, Франц улсын харилцаа XIII зуунаас эхлэлтэй. Тэртээх 1253 онд Францын IX Людовик хаан хоёр улсын харилцааны түүхийг эхлүүлж байсан бол 770 жилийн дараа буюу 2023 онд БНФУ-ын Ерөнхийлөгч Эмманнуэль Макрон Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн. Энэ бол хоёр орны ард түмний эртний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан, түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн чухал үйл явдал болсон билээ.
Улмаар хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, түүх соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Франц улсын Нант хотын Бретанийн гүнгийн ордон буюу түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн өнгөрсөн оны аравдугаар сард нээлтээ хийсэн юм.
Энэхүү үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжин ажиллаж байгаа бөгөөд талуудын хамтын ажиллагаа, соёлын сурталчилгааны хүрээнд ашгийн бус зорилгоор Чингис хаан үндэсний музей Франц улсын Нант хотын Бретанийн гүнгийн ордон буюу түүхийн музей хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Чингис хаан музей, Хархорум музей, хувь цуглуулагчдын нийт 400 гаруй үзмэрийг толилуулж байгаа юм. Францын Лувр, Сэвр, Азийн урлагийн Гимэй, Франц улсын Ерөнхийлөгч асан Жак Ширакийн нэрэмжит Брэнли музей болон Европын холбооны бусад улсаас нийт 150 гаруй үзмэрийг дэлгэсэн бөгөөд түүхэн баримт бүхий үзэсгэлэнг дэлхий нийтэд анх удаа олон нийтийн хүртээл болгож байгаагаараа онцлогтой.
Их эзэн Чингис хаан болон монголчууд дэлхийг хэрхэн байлдан дагуулж байсан агуулгыг илтгэх энэхүү үзэсгэлэн нь НТӨ II зуунаас НТ-ын XIV зуун хүртэлх хугацааг хамрах бөгөөд Монголын эзэнт гүрэн ба Францын хаант улс, Чингис хааны өмнөх талын эзэнт гүрнүүд (Хүрэл зэвсгийн үеэс XII зуун), Чингис хаан (1160-1227), Эзэнт гүрэн (1228-1368), Монголын их солилцоо, Шинэ ертөнц зэрэг үндсэн бүтэцтэй. Түүнчлэн Европ тивд талын их нүүдэлчдийн түүх, соёлын өвийг сурталчилсан томоохон арга хэмжээ болж байна.
Эдүгээ уг тусгай үзэсгэлэнг 100 мянга гаруй хүн үзэж сонирхоод байгаа юм. Үүний зэрэгцээ олон улсын томоохон хэвлэлүүд үзэсгэлэнг онцлоод байна. “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн ирэх тавдугаар сарыг дуустал үргэлжилж, нийтдээ 200 мянга гаруй хүн үзэж сонирхоно хэмээн тооцоолоод байгаа ажээ.
Үзэсгэлэнгийн талаар хэн, юу хэлэв
“loeil” сэтгүүл:
-Франц улсад дэлгэгдэж буй энэхүү үзэсгэлэн Монголын эзэнт гүрний түүхийг 450 гаруй үзмэрээр баяжуулан Баруун Европод танилцуулж буйгаараа онцлог. Түүнчлэн эзэнт гүрний түүхийг танин мэдэхэд чухал түлхэц боллоо.
“BeauxArt” сэтгүүл:
-Талын дайчин Чингис хаан болон түүний өв залгамжлагчдын тухай туйлын үнэнийг шинжлэх ухаан, улс төрийн үүднээс харуулсан энэхүү үзэсгэлэн Европын ард түмний нийтлэг ойлголтыг өөрчилсөн. Түүнчлэн нүүдэлчин ард түмэн хэрхэн дэлхийн түүхэнд нөлөөлж, эдүгээ нийгмийг цогцлооход оруулсан гайхалтай хувь нэмрийг харуулсан.
“Connaissance des Arts” сэтгүүл:
-Нантын түүхийн музейд дэлгэгдэж буй үзэсгэлэн нь Монголын эзэнт гүрний эдийн засаг, шинжлэх ухаан, урлаг, шашин шүтлэг зэрэг олон салбарт оруулсан хувь нэмрийг Баруун Европод дэлгэн таниулж буйгаараа онцлогтой.
“L’obs” сэтгүүл:
-Европчууд ерөнхийдөө Монголын эзэнт гүрнийг өмнө нь эзлэн түрэмгийлэгчээр төсөөлдөг. Гэвч үнэн хэрэгтээ энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн эд өлгийн зүйлс, шинжлэх ухааны судалгаа зэрэг нь тэднийг даяарчлалын үндсийг тавьсан ард түмэн гэдгийг нотлон харуулж байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна