Монголчуудын хувьд хотын соёл, хотын урлаг, хотын яруу найраг хэзээнээс хөгжиж ирсэн юм бол. Мэдээж Өргөө хотоо нийслэл хэмээн зарлан тунхагласнаас хойш хотжих, суурин иргэншил бий болсон биз. Эсгий хотын анхны үес яруулаг, суурин газрын найраглаг мэдрэмж төрүүлэхээр зүйлс байсан эсэх нь юу л бол. Харин бидний мэдэж байгаачлан ардын засгийн өмнөх үеэс 1940-өөд он хүртэл хотын урлаг соёл харьцангуй хөгжсөн гэхэд хилсдэхгүй. Миний бичих сэдэв биш учир энд хүргээд дуусгая. Хотын шүлэг гэхээр соёл урлагтай холбоотой учраас жаахан таамаг бичиж орхилоо. Социалист нийгэм модернизм, урбанизм гэхээсээ илүү магтуу маягийн хэмнэлтэй шүлэг яруу найраг, реалист уран бүтээлүүдийг таашаадаг байлаа. Гэхдээ хотын яруу найраг огт байгаагүй гэвэл худлаа. Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжавын “Улаанбаатарын үдэш” зэрэг шүлгүүд хотын өнгө аясыг илэрхийлсэн үгстэй байв.
Нийгмийн шилжилтийн эхлэл үеэс цуурайтаж эхэлсэн “Хонхны дуу”-г орчин цагийн зарим урбанистууд хотын урлаг, яруу найргийн суурийг тавьсан гэж үзэх нь бий. “Рашаантын 18”, “Хонхны дуу”, “Албан тасалгааны цонхоор” гэх мэтчилэн дууны шүлэг нь тухайн цаг үеийн яруу найргаас тэс өөр өнгөөр уншигдаж байлаа. Судлаач биш болохоор сайн мэдэхгүй юм. Гэхдээ л 1990-ээд оноос хойш модерн үе дуу хадаан мэндлээд зогсохгүй сүргийн манлай, модернист фронт командлагчаар Б.Галсансүхийг нэрлэсэн Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Б.Батрэгзэдмаа тэргүүтэй урбанистууд “Бурханд зөвлөгөө” өгч эхэллээ. Эдгээр урбанистууд тухайн он цагийн маш том “үзэгдэл” байв. Маш том үзэгдэл маш том үр дагавруудыг бүтээж эхлэх нь лавтай. Үр дагаврууд нь Л.Хасар, Г.Сүхзориг, Д.Болдхуяг нэрээр үр дүнгээ үзүүлж эхлэв. Эдгээр үр дагавруудын нэг нь Г.Сүхзориг. Түүнийг Монголын утга зохиол, яруу найргийн ертөнцөд “Модернист” Сүхээ нэрээр нь андахгүй. Асаж дүрэлзсэн омогт эр. Г.Сүхзориг Төмөр замд өссөн жирийн л айлын жирийн хүү. Өөрийнх нь өгүүлснээр “Байшингийн буланд салхинд эрчигнэн эргэх гялгар уут” хэзээнээс түүнд яруулаг мэдрэмж төрүүлж эхэлснийг мэдэхгүй. Нэг л мэдэхэд охидыг өөрийнхөөрөө хайрлаж, мөн өөрийнхөө л мэдрэмжээр бишрэн хотын хэмнэлээр уянгалж эхлэв.
Түүний шүлгүүдээс дор сийрүүлэв.
...Салаа замын уулзварт хөлийн чимээ
тасалдаад
Санасан уу? хонгорхон минь...
Агаарт нэлэнхүйдээ тархах үнсэлтийн амт
Эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй хүзүүнд нь асаж асан
Савсаг харц минь горьдлого тасран буцлаа...
Болор цомын саатай хоргой шиг дэгжин үгстэй шүлгээр хотжиж амжаагүй хөдөөнийхөн хүзүүгээ ороон дэгжирхэж байхад модернизмоор уянгалж болдог гэдгийг урбанистууд ухааруулах гэж оролдсон ч үгүй. Шөнийн неон гэрэлд хонгилын баарны саравч доор тамхи угзран зогсоо хөлчүү найрагч л “Urban retro”-г шившинэ.
URBAN RETRO
Залуу насны минь ой дурсамжинд минь торж ч үлдээгүй
Зарлагын падаан шиг сараачсан хайрын
шүлгүүдийн эзэд
Үлэмж гоо үзэсгэлэнтүүд минь
Өнгөрсөн цаг дээр бүгд хүүрнэлдэх болсон энэ зэвхий сааралт хотын түүхийг тархинд минь тод чангаар хашхиран
тодорхойлогч
Чарласан улаан, орилсон шар,
уйт цагаан, нууцлаг хар солонгын
долоон өнгөт
До ре ми фа соль ля си эгшиг
нотууд минь
Та нарын алхаанаас Манчестер-ийн
дөрвөл
/Take That/-ийн хэмнэл сонсогдох
90-ээд оны Афродита
Бурхдын төлөөх омогт эрсийн нударган
тулаан нийслэл хүрээг
Ромын Колизей шиг дуулиан шуугианд
живүүлж
Суу алдарт гоо үзэсгэлэнг чинь орц
болгон банзан гитартай дуулж байсныг
би гэрчилнэ.
Эвдэрхий хэрнээ эрээн чамин энэ
хотын өнгө үзэмж нь болж явсан
Миний дурлалын эзэд
Автобусны билетгүй зорчсон хэрмэл
амьдрал шиг ой дурсамжаас арилаагүй
Их хотын чимэг.
Домог үлгэр шиг та бүгдийг одоо цаг сонсохоо больсон шугамын радио шиг
умартсан ч гэлээ
Том хар нүдний шилний цаана асах
харцыг чинь
Би зүрхэндээ мэдэрнэм
Асаж явсан түймэр шиг залуу
насыг чинь гэрчилж шүлгүүд минь
одоо ч амь халуун байнам
Нүдийг минь нээж, ертөнцийг таниулсан
үзэсгэлэн гоо, их хотын түүх
Мань эр хэдийгээр урбанизмыг тунхаглан зарлагч модернист фронтын цөс ихт шүлэгч ч гэлээ цэнхэр тэнгэрийн хэвтэр цэлгэр тал нутгаас гаралтай. Тэгээд ч Монголд хөдөөнөөс их юм байх биш магтахгүй гээд яах вэ. Хотын хүү дэлхийн соёл урлагийн "Делфик III” наадамд яруу найргийн төрөлд нүүдэлчдээ төлөөлж оролцов. Түүний 2009 онд"LURA AWARDS" шагнал хүртсэн "Миний нутаг" шүлэг хотын нүүдэлчний үгтэй.
“Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон”
Д.Нацагдорж
ОХИНДОО
Охин минь “Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон”
Миний хөдөө нутаг
Чиний даашинз мэт
Хөв хөх тэнгэртэй
Түүний дор
Мөхөөлдөс лугаа
Мөнх цаст уулс байдаг
Тэр мөхөөлдөстэй төстэй
Уулс нь утаа шиг мананд умбаад сүрлэг
Уулнаас ширүүн урсгалт гол урсаад
Ширүүн урсгалт голын эргээр
Ханын цаасан дээрх хээ мэт
Эрвээхэй тэргүүтэй соно, тэмээлзгэнэс
нисэлддэг юм.
Миний охины тоглодог
Бамбаруушнаас хамаагүй том
Хонь ямаа бэлчиж
Миний охины зурагтай номон дээрх
Адуу тэмээ үхэр бэлчдэг
Тэнд өвс ногоо, цэцэгс
Хивс шиг талыг бүрхээд
Хүмүүс дээр нь гэрээ бариад
Аз жаргалтай амьдардаг юм Охин минь
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон”
2006 он
ЗҮҮД
Энд л эмээ минь гудсан доороосоо
Гурав нугалсан САР-ыг гаргаж ирээд
тэнийлгэн
Тэнгэрт тооноороо гарган нааж
Эрээн арслантай авдартаа нандигнах
Мамбсааны хайрцагтай алаг эрээн
ОДОД-ыг
Хурмастаар нэг цацчихаад, эрхи имрэн
тухлан сууж
Эрт урьдын цагт
Эмгэд өвгөд учир БИТҮҮЛЭГ
аз жаргалтай амьдардаг байсан
нууцыг
Хийцтэй цай даргиулах шиг, маанийн
хэдэн үсэгтэй холин хүүрнэсээр
Эсэн мэнд бүгд амар сайхандаа жаргаж
дуусахад, эмээ минь сая нэг босож
бүгдийг хураан далд хийнэ.
Эмээгийн үлгэр жаргаж өглөө сэрэхэд
өнөөх АМЬДРАЛ бахь байдгаараа
Өөдөөс өр нэхсэн харцаар ширтэнэ.
2017.02.21
“Мөнгөн үе”-ийн яруу найргийн томоохон төлөөлөл бол Б.Батрэгзэдмаа. Саяхан л бидэнтэй адил дуулж, уйлж, шүлэглэж, бодож, дурлаж явсансан, Тэр бурханд морилохоор одож, биднээс өөрөөр шүлэглэж, биднээс өөрөөр бодохоор...
ХАЧИН ЮМАА
(Романтизм )
Цэцгүүд ой болж, бүх дэлбээнүүд
тэртээд шүхэрлээд
Хачин юм аа..
Миний хайртай хүн уул болж, үүл хүзүүнд
зүүгдэх юм аа
Хачин юм аа...
Нохой маань хаан болж, алтан титэм
өмсөөд төр захирч байна.
Хачин юм аа...
Таван зуун жил өнгөрсөн билүү ...ердөө
таван зуун жил өнгөрөхөд
Ямар их юм өөрчлөгдөө вэ?!
Тэнгэрийн чинагш одоод тэсэлгүй буцаад ирэхэд бүх юм танихын эцэсгүй хувирчээ...
Сонин юм аа...
Чулууны хэлийг ойлгох болоогүй ч шувууны
хэлийг ойлгодог болжээ.
Сонин юм аа... Шувуугүй гэр орон
алга байна.
Сонин юм аа... Агаар ийм тунгалаг
болно гэж байх уу...
Агаараар хооллож ундлаад
байна уу...
Хичнээн жил өнгөрсөн юм болоо...
зуны сар ямар урт болоо вэ?
Юу болоо юм болоо... Гэнэтийн
юм болжээ...
Хачин юм аа... солонгонд биеэ угаадаг болжээ, хүмүүс өнгөт гэрлэн урсгалд
үсээ биеэ угааж байна...
Хачин юм аа... энэ охин өтлөхийг
тэсэн ядан хүлээж байна гэж
усны дусалтай ярьж байна.
Сонин юм аа.. билгүүнт мэлмий бүгд
нээгдээд бурхны орныг шууд
л хардаг болжээ...
Зөгийнүүд ямар гоё хөгжим зорж
үлээдэг болсон юм бэ?
Миний дэлхий энэ мөн үү?
Сонин юм аа...бүр хачин сонин гэж
жигтээхэн их..?!
Бурхан багш дахин морилсон гэв үү...
АМРАГ ЧИ
Жаргалаар наалдсан чи минь
Зовлонгоор ч зууралдсан чи минь
Үс чинь ч өвөрт минь унана.
Зүс чинь ч энгэрт хээ хэвээ үлдээнэ.
Хонгор минь, гэрэлтэй өдрийн ч
түшиг минь
Харанхуй шөнийн ч хань минь, хайрт минь
Нулимсы̆г чинь дуустал би дэргэд чинь
Үсийг минь цайтал чи дэргэд минь
Аль цагийн үйлийн үр минь чи вэ?
Амрагласан хувь заяа минь,
чамайг би тас тэвэрнэ?!
Хэзээний сэтгэлийн өр нэхэл минь чи вэ?
Яаж би барах вэ?
Хэзээ одуулсан хүслэн минь чи вэ?!
Хувиран ирсэн хүсэл минь чамайг
би гоо бүсгүй болсныг таньж ядна.
Хөлс минь чиний төлөө урсана.
Хөл минь чамайг зүглэнэ.
Урьдын ерөөл үү?
Учирмагц би чамд дурласан.
Урьд чи ус мөрөн байсан уу?
Урсгалд чинь би биеэ угаасан уу?
Одоо чи миний сэтгэлд угаагдахаар
Зовлонгоо надад тоочно уу?
Жаргалаар наалдсан чи минь
Зовлонгоор ч зууралдсан чи минь
Хайр минь чамайг өлгийдөн өлгийдөвч
Харин чи уйлан дуулна.
Амрагласан хувь тавилан минь
Хувиран ирсэн хүсэл мөрөөдөл минь
Яаж чамайг агуулах вэ
Яаж ангижруулан амраах вэ
Эцсийн нулимсы̆г чинь аргадах
ёстой юу?
Эх ус мөрний төгсгөл тэр болох уу?
Гоо усан галбирт минь!
Гол мөрөн шиг чи минь!
ЦЭЦГЭН ЭЭМЭГ
***
Ээжээс минь үлдсэн энэ бөгжөөр би
чамд ээмэг цохиуллаа
Би чихэнд чинь өөрөө зүүж өгье!
Ингээд чи минийх боллоо
Ээж маань бас залуу боллоо
Энэ өдрөөс эхлээд би чамайг
хайрлах болно
Эхдээ зориулж чадаагүй бүхнээ
би чамд зориулах болно
Нууцаар хэзээ ч битгий
нулимс унагаарай
Надад хэлээрэй нулимсыг чинь
арчих болно.
Оймсоо урагдсан ч бүү оёорой
Оёж суухад нь би ижийгээ
Өрөвдөж мэддэггүй байлаа
Үнсэх болно би
Үсийг чинь үргэлж илбэн хайрлана
Үүрд гил хар байдаггүй юм билээ
Эрт босож цай чанаж
Элдвийг хийж бүү санаашраарай
Энэ цагаас эхлэн би босож чамд цай
чанаж өгнө.
Бүү гайх бүсгүй минь
Би эхдээ өртэй.
Эмэгтэй хүнд өртэй
Би хийх ёстой бүхнийг хийх
цагт нь хийгээгүй
Хөлөө жийж, чи хөнжилдөө цайгаа уу
Хүүхэд шиг чи эрхэлж
Хүссэнээ надаас нэх, би баярлах
болно
Итгэхгүй байгааг чинь би харж байна
Ингэх ёстой. Чи бол миний боломж
Хөөрхий ээжийнхээ дэргэд би
гял цал зогсоод
Хуучин дээлтэй эх минь
Хүүгээ харлуулчих вий гээд
Хүмүүсээс зайдуу хулмалзаж явдаг
байжээ
Харин одоо минийх биш,
ээж таны ээлж
Хүүхдүүд минь таныг бахархаж
байх болно
Хүрэн зүрхийг нь би өөрөө хайлуулна
Эхийн санаа үрд, үрийн санаа
ууланд явдаг бол
Үрийн санаа эхдээ, эхийн санаа
ууланд явдаг
Үүнийг би энэ амьдралдаа
өөрчлөх болно
Эмэгтэй хүн, эх хүн жаргаж болохыг
Энэ удаа би ертөнцөд бүтээж
үзмээр байна
Бүсгүй минь цэцгэн ээмгээ тольдон
Бүх эмэгтэйчүүдийн өмнөөс
жаргалтай дуу аял
Энэ л миний амьдрал байх болно
Эхийгээ хайрласан даа гэж
би өөрийгөө аврах болно.
Чи бол миний боломж
Б.Батрэгзэдмаа
/“Зөвхөн хайр” номоос /
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна