“Морин толгойт хийлийн мастер”


Германы хөгжмийн ертөнцөд  тод мөрөө үлдээсэн морин хуурч, хөөмийч Дандарваанчигийн Энхжаргалыг “Монгол бахархал” буландаа онцоллоо. Олон үндэстний уран бүтээлчидтэй дэлхий даяар аялан тоглож,  язгуур урлагаа хөгжүүлж, сурталчилж буй түүнийг баруунд маэстро хэмээн хүндэтгэнэ. Ажнай сайн хүлгийн дөрвөн туурайн тэгш нэгэн хэмнэлтэй, асар өндөр хайрхан уулсын оргил дээгүүр дуурсан халиах эгшиглэн төгөлдөр морин хуурын хүнгэнэм дуу монгол гэлтгүй хүн төрөлхтнийг уяраан догдлуулдаг. Байгаль дэлхийгээ аргадан баясгахыг эрмэлздэг Д.Энхжаргал тайзны Эпи нэрээрээ барууны хөгжмийн ертөнцөд хэдийнэ танигджээ. Дуу хоолой,  ая эгшгээс нүүдэлчин ахуй мэдрэгдэнэ. Уул, усаа аргадан хайрлах мэдрэмжээс нь бүтээл урган гарав уу гэлтэй. Талын салхи шиг омголон хэрнээ сэтгэл уяруулсан монгол аялгууг суурьшмал иргэд сонсоод бидний мэдэрдэг шиг, түүний хүргэхийг хүссэн шиг тийм мэдрэмжээр хөглөгдөнө.

 

“Алтайн оргил”-оос Европын оргилд

 

Улаанбаатар хотод 1968 онд мэндэлж, ОХУ-ын хилийн ойролцоо орших Алтанбулаг хотод  өссөн хүү хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн морин хуур сурахаар Хөгжим, бүжгийн дунд сургуульд элсжээ. Морин хуурын татлагыг анх заасан багш Ё.Батбаяр. Морин хуурын сургалтыг хөгжүүлж, үе үеийн олон хуурчдыг бэлтгэн гаргасан Ё.Батбаяр багш нь БНМАУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт, алдарт морин хуурч, профессор Г.Жамъяны шавь байв. Энхжаргал Ё.Батбаяр багшаараа дөрвөн жил хичээл заалгаад алдарт Г.Жамъян хуурчид шавь оржээ. Ардын жүжигчний шавь болсон нь уран бүтээлчийн замналд эергээр нөлөөлсөн. Гэхдээ Монголын сор болсон цөөхөн хуурчийн нэг Ё.Батбаяр багшийгаа хуурдахыг сонсоод ангайн биширдэг байсан тэр л сэтгэлээрээ өдгөө багшаа хүндэтгэнэ. Мөнхүү Зууны манлай алдарт хуурч Жамъян өвөөгөөрөө бахархан баярлаж дурсан санаж сууна. Тэрбээр  1993 онд “Алтайн оргил” хамтлагийн хамт Германд хөл тавьж, Рюдигер Опперманн тэргүүтэй хөгжмийн урлагийн төлөөлөгчтэй танилцжээ. Тэд 1994  оноос  Герман, Европын орнууд, АНУ-аар аялан тоглосон юм. Түүний оролцсон томоохон тоглолтоос дурдвал,   “Hermes” загварын ордны тусгай шоу, 7000 суудалтай цэнгэлдэхэд Далай ламд зориулан тоглож байжээ.  Энэ хугацаанд Питер Гётцманн, Райнер Гранзин нартай хамтарсан уран бүтээл туурвижээ. Барууны үзэгчид түүнийг “ташуур” хэмээн  тодотгодог ч угтаан бол тун  уян хүн болох нь “Хэен хуар”, “Тандаа”, “Гүн ертөнц” зэрэг уран бүтээлээс нь харагдана.

 

Гайхалтай гурвал

 

Д.Энхжаргал цоо шинэ хөгжим, хэв маягаар импровиз хийхдээ төгс уран бүтээлч. Бие даасан анхны “Хоёр өнгө” цомгоо 2002 онд хэвлүүлжээ.  Ингэхдээ морин хуурын татлагыг  барууны хөгжим, импровизацтай хослуулах чаджээ. Морин хуур бүх үндэстний хөгжмийн зэмсэгтэй гаргууд хосолдог.  Энхжаргал морин хууртайгаа Францын симфони найрал хөгжим, Бавари, Берлиний филармонитой хамтран тоглосноос гадна  Димитар Гоуговтай гадулка хэмээх босоо хийл, Фабиен Гуйотын бөмбөрийн хэмнэлтэй хослон хөгжимдсөн. Тэд Монгол, Болгар, Францын гайхалтай гурвал. 2008 онд нэгдсэн цагаасаа Европын томоохон фестивалиудын алтан зочид болжээ.  “Violons Barbares” уран бүтээлийн нэгдлээс Балканы аялгуу, монгол хөөмий, тал нутгийн морин төвөргөөн сонсогдоно.  “Байгаль, ан амьтан, эх дэлхийгээ дээдэлцгээе гэсэн мессежийг бүтээлээрээ дамжуулдаг. Мэдээж эдгээр хөгжимчинтэй хамтран тоглоход өөр өөр мэдрэмж авна. Тухайлбал, төгөлдөр хуурч Матиас Фрэйтэй тоглоход хүрхрээний дэргэд очсон мэт санагдана. Хуруу нь хурдтай, тоглох нь чихэнд чимэгтэй” хэмээн Д.Энхжаргал хуурч ярьсан юм. Түүний аялгуунаас Монголын тал, уудам нутгийн үнэр, үзэмж үзэгчдийн сэтгэлд дурайж, сонорыг мялаана. Энэ бол мэдрэхүйн таашаал. Нүүдэлчин амьдралын утга учир нь  байгаль. Хог хаягдалгүй оршин ирсэн соёлоо хадгалах, ой мод, уул усаа хамгаалж, байгалийн жам ёсны дагуу амьдрахыг Эпи уран бүтээлээрээ сурталчилж байна. Мөн Францын жазз хийлч Дидье Локвуд, Хятадын эрху буюу хуучрын  мастер Гуо Ган нартай хамтран аялан тогложээ. Тэдний төслийг импровизац сайтай, хөгжмийн шинэ нээлт гэж дүгнэсэн. Тэр бол байгалиас заяасан билиг авьяастан, монгол соёлын сэтгэл хөдлөм төрх. Д.Энхжаргалыг тоглох сургаар Германы театруудын танхим дүүрдэг.  Парисын “Theatre de la Ville” театрт соло тоглолтоо хийж,  Германы домогт  “Klangwelten Tour”-ын чухал хэсэг болж, дэлхийн хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй "Violons sur le Sable" наадамд оролцжээ. Тэр өдөр бүр өөр хотод тоглодог. 2024 оны жилийн төлөвлөгөө, хувиараа гаргасан байна.

 

“Эпи бол гайхамшиг”

 

“Deutsche” радио “Морин толгойт хийлийн мастер” нийтлэлдээ “Морин хуурынхаа хоёр чавхдасыг юугаар урлахаар ийм яруу аялгуу гардаг юм бол. Тэр Германы хөгжмийн урлагт Азийн өнгө аясыг авчирч чадсаныхаа төлөө 2011 онд Морис Лакруагийн  тусгай шагналыг хүртжээ. Танхим дүүрэн  үзэгчдэд дэлхийн хөгжим, сонгодог болон орчин үеийн хөгжмийн өвөрмөц хослолыг мэдрүүллээ. Эпи үндэсний хувцсаараа бусдаас ялгарна. Мөн таван октав давсан хоолойгоороо сонсогчдыг бүрэн автуулдаг. Байгалийн дуу чимээ байснаа гэнэтхэн бөөгийн дуудлага, дараагийн агшинд нарийн өнгө аястай дуулалт болж хувирах нь хөөмийн гайхамшиг.  Хөөмийлөхдөө дүүлэн нисэх бүргэд шиг дифоник дуу авиаг гаргана. Энэ үзүүлбэрээ морин толгойтой хийл хөгжимтэйгөө  хослуулжээ.  Тайзан дээр ганцаараа ч олон бүтээлч зэрэг гарав уу гэлтэй. Тэр өөр өөр хоолойгоор дуулна. Монголд очиж гайхалтай тоглолт үзсэн мэт. Ийм сайхан тоглолт үзнэ гэж төсөөлөөгүй үзэгчид суудлаасаа босон зогсолтгүй алга ташихад Эпи хүндэтгэн ёсолсоор байв.  Үүнээс монгол ардын дуу хөгжим , бүжиг үзэгчдийн сэтгэлийг хөндөж уярааж чаддаг морин хуурч  өөрийн шүтэн бишрэгчтэй болсон нь харагдана” гэсэн байна. Тэгвэл Герман, Швейцар, Францад  зохион байгуулдаг Дуу хоолойны наадмыг санаачлагч Хелмут Бургел “Эпи бол гайхамшиг. Түүний хоолой, хөөмийлөхийг рок хөгжмийн элемент гэхэд буруудахгүй. Хоолойндоо бас өөртөө дэндүү итгэлтэй уран бүтээлч. Эпи надтай амьдралынхаа түүхийг хуваалцсан. 12 наснаасаа аав, ээж, дүү нартайгаа хамтран дуулжээ.

Үндэсний урлаг нь бусдаас ондоог мэдрээд урлагт улам бүр хөгжимд автжээ. Хөөмий хүчтэй байснаа илүү намуухан дуугаралттай болж солигдох нь сонин. Энэхүү хоолойныхоо уян хатан чанараар үзэгчдийг алмайруулдаг.  Найрсаг, яриа хөөрөөтэй, үргэлж инээмсэглэдэг түүний онцгой оршихуй намайг Монголыг сонирхоход хүргэсэн. Монголчууд хоолойны хүч чадалтай төрдөг нь тал газартай холбоотой болов уу. Тэдний дуу хоолой 10-20 километрийн зайд сонсогдохуйц чанга. Хэрэв та Монголд очвол гудамжинд хүмүүс дуулахыг сонсоод бүү гайхаарай” гэжээ.

 

 

Цомгууд

 

2002 он “Хоёр өнгө” соло цомог,

2010 он  “Violons Barbares” цомог “Violons Barbares” хамтлагтай хамтарсан,

2014 он “Saulem Ai” цомог “Violons Barbares” хамтлагтай хамтарсан,

2016 он “Crazy Horse” цомог Матиас Дуплесстэй хамтарсан,

2017 он  “Souffles des steppes” цомог Генри Тоурниертэй хамтарсан, 

2018 он “Wolf's Cry”  цомог “Violons Barbares” хамтлагтай хамтарсан,

2019 он “Сэтгэлийн гүний цуурай” соло цомог,


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/ 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 10 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22