Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаатай ярилцлаа.
-Энэ удаад тантай албан ажлын талаар бус хувь хүний тань тухайд ярилцаж болох уу. Та багадаа ямар хүүхэд байв?
-Би өөрийгөө багаасаа л нийгмийн идэвх, санаачилгатай хүүхэд байсан юм болов уу гэж боддог. Урлаг соёл, спорт гээд хичээлээс гадуур зохион байгуулдаг бүхий л төрлийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог байлаа.
-Сурагч нас гэхээр хамгийн түрүүнд ямар дурсамж санаанд тань тод бууж байна вэ?
-Одоо ингээд бодохоор захиа авч байсан, бас үсний туузнаасаа татуулж байсан үе маань санаанд бууж байна. Хүүхдүүд нэг нэгэндээ захиа их бичдэг байж билээ. Энэ бол тэр үеийн сурагчдын хамгийн гоё, гэгээлэг дурсамжийнх нь нэг байсан болов уу. Тухайн үед хүүхдүүд найман настай сургуульд элсдэг байлаа. Харин би уйлж аав ээжээсээ гуйсаар байгаад өөрийн хүсэл сонирхлын дагуу долоон настайдаа сургуульд орж байсан юм. Тэгээд сургуульд ороод нэгдүгээр ангидаа ариун цэврийн дарга болж, ангийнхаа хүүхдүүдийн нэрийг тусгай дэвтэр дээр бичээд нусны алчуур, гутлын алчуур, сам, дүрэмт хувцсаа индүүдэж, бүрэн гүйцэт өмссөн эсэх, хумсаа авсан уу гээд л бүх зүйлийг нь нэг бүрчлэн шалгаж, тэмдэглэгээ хийдэг байлаа шүү дээ.
-Та аав, ээжээсээ ямар зан чанар, хүмүүжил өвлөж авсан бэ?
-Аав, ээж маань намайг бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, багаар ажиллах философид сургаж хүмүүжүүлсэн гэж боддог. Аав, ээж маань “Миний охин хүнтэй ойр яваарай” гэж их захидаг байсан. Бас хол явъя гэвэл олуулаа яв, хурдан явъя гэвэл ганцаараа яв, ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй зэрэг сургаалыг хэлж, утгыг нь тайлбарлаж өгдөг байлаа. Аав ээжийн бий болгосон хүмүүжлээр бас сургаал захиасыг дагаж зөв л хүн байхыг хичээж явна даа. Би шударга, хариуцлагатай зөв хүн гэж хэлж ярих биш үүнийгээ үйлдлээрээ л харуулахыг хичээдэг.
-Багш болох таны багын хүсэл мөрөөдөл байв уу. Энэ мэргэжлээрээ хэр удаан ажилласан бэ?
-Намайг хүүхэд байхад хамгийн мундаг хүмүүс бол багш, эмч, цэрэг байлаа. Хүүхдүүд энэ хүмүүсийн үг, үйлдлийг даган дуурайдаг, тэднээс үлгэр дуурайл авдаг байсан. Би ч гэсэн хамгийн анх багшийгаа хараад багш шигээ багш болно гэж бодсон. Энэ бодол хүсэлдээ хөтлөгдөөд л багш мэргэжилтэй болсон доо. Би нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд багшаар, Сэлэнгэ аймгийн нэгдүгээр сургуульд эрхлэгчээр, Баянгол дүүрэг дэх хувийн сургуульд гүйцэтгэх захирлаар гээд арав орчим жил боловсролын салбарт ажилласан.
-Таны сурагч байсан үетэй одоог харьцуулахад багш нарын үнэлэмж доогуур түвшинд байгаагийн шалтгааныг хэрхэн харж байна вэ. Багш нар үнэхээр ёс зүйгүй байгаад байна уу аль эсвэл олон нийтийн харах хандлагад байна уу?
-Ерөнхийдөө сүүлийн 30 жилд багш нарын нэр хүнд, үнэлэмж буурсан. Үүнээс шалтгаалж багш мэргэжлийг сонгох нь, мөн мэргэжлээрээ ажиллах нь ч багассан гэж болно. "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог" гэдэг дээ. Одоо бол яг л ийм зүйл болоод байгаа. Ёс зүйн болоод төлөвшил хүмүүжлийн доголдолтой зарим багшаас болж багш нарын нэр хүнд, үнэлэмж унаж байна шүү дээ. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд ямар хүмүүжилтэй, хэр түвшний мэдлэг боловсролтой байх эсэх нь багш нараас бас биднээс шалтгаална. Мэдээж академик боловсрол чухал. Гэхдээ үүнтэй адил ахуйн буюу хүн байх боловсрол бас чухал юм. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ талын боловсролыг орхигдуулж буйд л асуудлын учир бий. Тиймээс би боловсролын салбарт ач холбогдол өгч, багш нараа дэмжиж ажиллахыг хичээдэг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас багш нарын нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэхэд, тэднийг чадавхжуулахад чиглэсэн холбогдох шийдвэрүүдийг гаргаж буйд олзуурхаж байна.
-Та улс төрд хөл тавиад хэдэн жил болж байгаа вэ. Улс төрийн тогоонд орсноос хойш ямар зарчмыг жанжин шугамаа болгож байна вэ?
-Улс төрийн ууган хүчин МАН-ын гишүүнээр элсээд 20 жил болж байна. Намайг 2004 онд Сэлэнгэ аймгийн нэгдүгээр сургуульд эрхлэгчээр ажиллаж байхад аймгийн Засаг даргаар тухайн үед ажиллаж байсан Нямсүрэн тэргүүтэй хүмүүс намын баярын арга хэмжээ зохион байгуулсан юм. Тэр үед анх гишүүнээр элсэж байлаа. Дараа нь 2007 оноос Баянгол дүүргийн МАН-ын тухайн үеийн нэршлээр Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн МАН-д тасралтгүй, идэвхтэй ажиллаж намын ажлын сайхан, хүнд хэцүүг мэдэрч явна даа. МАН 2012 оны сонгуульд ялагдал хүлээсэн тэр үед би Баянгол дүүргийн МАН-ын дэд дарга болж байсан. Тэр цагаас хойш намын гишүүдээ идэвхжүүлэх, дэмжигч гишүүдээр хүрээгээ тэлэх, өргөжүүлэх бодлого барьж ажиллаж байна. Нам бол олон хүний итгэл үнэмшилд тулгуурлаж, хамтын шийдвэр гаргадаг учраас намын гишүүн болоод ёс зүйтэй, хариуцлагатай, зөв байх зарчмыг өөртөө гүн суулгаж чадсан гэж боддог.
-Эмэгтэй хүн улстөрч байх амаргүй санагддаг. Та жирийн ээж, эхнэр байхыг хүсэж байв уу?
-Өөрийгөө бодоод улс төрийн хаалгаа хаамаар үе байсан. Гэсэн ч надад ухрах, хойш суух эрх байхгүй. Тиймээс би надад итгэсэн хүмүүсийн итгэл, сэтгэлээс эрч хүч авч урагшилдаг даа. Эмэгтэй хүн албаны ажлаа бас ар гэрээ зэрэг авч явах ёстой болдог. Үүнээс гадна эрчүүдтэй улс төр хийхэд биднээс нарийн ухаан, арга эв шаарддаг. Ар гэрийн амьдралаа авч явахын хажуугаар бусдын сайн сайхны төлөө сэтгэлээ чилээж, чаддаг мэддэг зүйлээ нийтэд зориулахын төлөө ажиллах нь эмэгтэйчүүдээс гарч буй том зориг, их тэвчээр байдаг.
-Нийгэмд тулгамдаж буй олон зүйлээс ямар асуудал таны сэтгэлийг чилээдэг вэ. Тухайн асуудлыг шийдэх шийдлийг та хэрхэн харж байна вэ?
-Хурлын дарга болохоос ч өмнө миний сэтгэлийг зовоож байсан зүйл бол гэр бүл, хүчирхийлэл, харилцаа хандлага, хүүхдийн төлөвшил хүмүүжлийн асуудал. Эдгээрийг багцалж харвал хүний хөгжлийн асуудал болж байгаа юм. Тэгэхээр хүний хөгжлийг дэмжсэн тохиолдолд эдгээр асуудал аяндаа шийдэгдэнэ гэсэн үг.
-Та удирдагч, дарга хүнийг ямар үүрэгтэй байх ёстой гэж боддог вэ?
-Удирдагч хүн хуулийн хүрээнд асуудлыг заавал шийдвэрлэх ёстой бас үүрэгтэй. Яагаад гэвэл, биднийг төлөөлж, бидний асуудлыг шийдвэрлэж чадна гэж итгэл хүлээлгэж тэр удирдагч, даргад тусгайлсан эрх үүрэг өгч байгаа хэрэг шүү дээ. Тиймээс ямар ч байгууллагын дарга асуудлаас зугтах биш түүнтэй нүүр тулж, гарц шийдлийг эрэлхийлэх ёстой. Хэн нэгэн дарга, ямар нэгэн бүлэгт зориулагдсан биш харин ажилтан албан хаагч, иргэн төвтэй удирдагч байх ёстой гэж боддог. Тухайлбал, хүмүүсээ ажиллах таатай орчин нөхцөлөөр хангах, ажилдаа дуртай ирж, дурлаж хийдэг байх сэдлийг төрүүлэх хэрэгтэй. Ямар ч байгууллагын дарга нарыг ялангуяа эрх мэдэлтэй, шийдвэр гаргах түвшнийхнийг энгийн бөгөөд хүнтэйгээ илүү ойр байгаасай гэж боддог. Би ч өөрөө ийм удирдлага байхын төлөө хичээдэг. Хүндээ ойр байснаар хөрсөндөө буусан шийдвэр гаргах боломжтой шүү дээ. Жижиг асуудал хуримтлагдсаар том асуудал болдог тул аливаа асуудлыг жижиг, том гэж ялгаж болохгүй. Ер нь эмэгтэйчүүд аливаа асуудалд нягт нямбай, нухацтай хандаж, тэгш хүртээмжтэй шийдвэр гаргаж чаддаг гэж боддог шүү.
-Эмэгтэйчүүд нэгнээ дэмждэггүй учраас тэд улс төрд, ялангуяа шийдвэр гаргах түвшинд гарч чаддаггүй гэдэг. Та үүнийг юу гэж бодож байна?
-Ёстой санал нийлэхгүй. Яг үнэндээ бодит байдалд эмэгтэйчүүд эвлэлдэн нэгдэж, нэг нэгнээ дэмжиж чаддаг. Жишээлбэл, манай Баянгол дүүргийн ИТХ-д гурван намын төлөөлөл болсон арван эмэгтэй байдаг. Бид нам харгалзахгүйгээр нэгдэн нийлж улстөржилтөөс ангид байж дүүргийнхээ төсвийг жендэрийн мэдрэмжтэй батлуулахад манлайлж чадсан. Дүүргийн ИТХ-ын даргын хувьд би хүний хөгжлийг дэмжсэн бодлого, шийдвэр гаргахыг хичээдэг. Бүтээн байгуулалтын ажлыг бол үе шаттай хэрэгжүүлэх нь ойлгомжтой. Улс орны хөгжлийн суурь тулгуур нь хүн учраас бид хүнийхээ хөгжлийг орхигдуулж болохгүй. Эмэгтэйчүүд бид нийгэмд тулгамдаж буй аливаа асуудал бүрийг олж харж, түүнийгээ эрэмбэлж, улмаар шийдвэрлэхэд эрчүүдийн адил оролцож чаддаг. Товчхондоо, эмэгтэйчүүд хүн төвтэй бодлого шийдвэр гаргахад илүү мэдрэмжтэй ханддагийг олон жишээнээс харж болно. Энэ утгаараа улс төрд ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, МАН манлайлж холбогдох шийдвэрүүдийг гаргаж байгаад эмэгтэй хүнийхээ хувиар баяртай байгаа.
-Таны ширээн дээрх зүйлсээс “Сингапурын хөгжлийн нууц” гэсэн энэ ном сонирхол татлаа. Хөгжлийн нууц нь юу байна вэ?
-Би энэ номыг хоёр дахь удаагаа уншиж байна. Хөгжсөн улс орнуудын нууц нь хүн рүүгээ чиглэсэн бодлого хөтөлбөр хэрэгжүүлж, боловсролынхоо салбарт хөрөнгө оруулалт харамгүй хийдэгт л оршиж байна. Жишээлбэл, Солонгос улс төсвийнхөө 20 гаруй хувийг боловсролын салбартаа зарцуулдаг. Бас нэг жишээ хэлье. Саяхан Японд болсон онгоцны ослын үеэр хэдхэн минутад 200 гаруй хүн ямар ч эрсдэлгүй амьд гарч чадсан. Энэ бол дэг журамтай, хариуцлага, ёс зүйтэй хүмүүсийн үйлдэл. Үүнийг тэдэнд багаас нь л эзэмшүүлсэн гэсэн үг. Гэтэл манайхан нэг уулзвар нэвтрэх гэж ямар нөхцөл байдал үүсгэдэг билээ дээ. Тэгэхээр бид хувь хүний хариуцлага, ёс зүй, боловсролд анхаарах цаг болжээ. Сүүлийн үед хүмүүс бид биш би төвтэй, би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг хандлагатай болж байна. Тэгвэл одоо бид гэсэн үзэл, хандлагатай иргэнийг төлөвшүүлэх хэрэгтэй болжээ. Дарга, багш, ээж, эмэгтэй хүний хувьд би ингэж хардаг. Хөгжье, хүчирхийллийг багасгая, хүний эрхийг дээдэлье гэвэл боловсролоо л дэмжих ёстой. Ингэж чадсан цагт манай улс орон хурдтай хөгжих нь гарцаагүй.
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хэрэгжүүлж буй бодлого шийдвэрээрээ дамжуулан дүүргийнхээ бүсгүйчүүдэд ямар бэлэг барихаар төлөвлөж байна вэ?
-Бид энэ өдөр эмэгтэйчүүд, хүүхдүүд, гэр бүлд зориулсан хөгжлийн төвөө нээж бэлэг барих гэж байна. Энэ төвийг нээх санаачилгыг Баянгол дүүргийн ИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс гаргаж, шаардлагатай төсвийг нь батлуулсан. Тухайн төвийн зорилго бол гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэж байгаа юм. Жишээлбэл, гэр бүлийн номын сан, сэтгэлзүйн болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зөвлөгөө авах өрөө, сургалтын танхим, хүүхдийг гэрт нь цоожилж үлдээхээс сэргийлсэн хүүхэд харах өрөө, хөгжмийн зэмсэг, гар зургаар хичээллэх гэх мэт өрөө бий. Дүүргийн иргэд маань эдгээр өрөөгөөр үйлчлүүлэхэд нээлттэй. Ер нь энэ өдрийг баяр болгож тэмдэглэн өнгөрүүлэхээс илүүтэй эмэгтэйчүүд нийгэмд эерэг уриалга түгээж, бусдад зөв үлгэр дуурайл үзүүлээсэй гэж боддог. Эмэгтэйчүүд бид өөрсдөөсөө л эхлэх ёстой. Цахим орчин дахь сөрөг, буруу зүйлсийг хуваалцаж түгээхгүй, үзэн ядсан, доромжилсон, хараалын үгтэй сэтгэгдэл үлдээхгүй байх хэрэгтэй. Ингэж бид өөрсдөө түрүүлж үлгэрлэн манлайлбал нийгмийн хандлага аяндаа л өөрчлөгдөж эхэлнэ.
-Сүүлийн асуултаараа ажил, амьдралаа зэрэг амжуулж яваа эмэгтэйн нэг өдрийг хуваалцмаар байна. Та өглөөг яаж эхлүүлдэг вэ?
-Ээж, эхнэрийн үүргээ гүйцэтгэж өглөөг эхлүүлдэг дээ. Гэр бүлийнхнийхээ өглөөний цайг бэлтгэж, хамт цайгаа ууна. Дараа нь тэр өдрийнхөө төлөвлөгөөг харж хувцсаа тохируулж өмсөөд л ажилдаа явдаг даа. Тэгээд л хурал цуглаан, уулзалт гэсээр нэг л мэдэхэд өдөр өнгөрсөн байдаг. Заримдаа өдрийн цайгаа ч ууж амжихгүй байх үе гардаг. Ер нь аль болох л цагаа зөв төлөвлөж, хувь, хувьсгалын аль аль ажлаа л амжуулдаг байх хэрэгтэй. Одоо бидэнд ус агаар мэт хэрэгтэй байгаа зүйл бол харилцаа хандлага. Тиймээс нийгмийг түүчээлж буй, гэр бүлээ манлайлан авч яваа эмэгтэйчүүд та бүхэн маань зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хүсэж, уриалж байна. Ингээд "Монголын үнэн" сонины уншигчид болон Монголынхоо үзэсгэлэн гоо бүсгүйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна