Э.Халиун: Бизнес эрхлэгчид төрийн дэмжлэг хүлээлгүй сорилтуудаа даван туулж ирсэн


Азийн тансаг зэрэглэлийн загварын  зах зээлд амжилттай маркетинг хийж буй “Super Rubin”компанийн захирал Э.Халиунтай ярилцлаа. 

Тэрбээр Европын гоёл чимэглэлийн ертөнцөд өндөр байр суурь эзэлдэг “Dyrberg Kern”, “United Nude”, “4CCCCEES” зэрэг олон улсын алдартай брэндүүдийг дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлж, “ Үйтэм” брэндээ үүсгэн байгуулжээ


-Данийн “Dyrberg Kern” брэндийг монголчууд мэддэг, хэрэглэдэг болоод 13 жил өнгөрчээ. Алт, монет, мөнгөн эдлэлд дуртай монгол хүний  гоёл чимэглэлийг төсөөлдөг уламжлалт ойлголтыг өөрчилж, шинэ бүтээгдэхүүн танилцуулахдаа судалгаа хийсэн байх. Шууд л дэлгүүр нээгээд, борлуулалт хийгээгүй болов уу?
-Монголчууд алт, монет, мөнгөөр урласан гоёл чимэглэлийг түлхүү хэрэглэдэг байхад бид брэндээ оруулж ирсэн юм. Ган эдлэл, даймонд, кристал, сваровски шигтгээг мэддэг хүн цөөхөн учир брэндийнхээ онцлогийг харуулах, Монголд  нутагшуулахыг зорьсон. Алт, мөнгө зөөлөн металл учир нарийн хэлбэр  гаргаж чаддаггүй. Тэгвэл гангаар чамин хийцтэй эдлэл урлаж болдог. Мөн сваровски шигтгээнүүд маш гоё гялалздаг, удаан эдэлгээтэй. Би хэрэглээд чанарыг мэдсэн учраас Монголд оруулж ирсэн. Зах зээлд анхдагч байх хэцүү, чанга юм билээ. Худалдан авагчдад ойлгуулж, бартааг давж гарах амаргүй байсан. “Алтны хольцгүй”, “Ломбардад тавих боломжгүй” эдлэл авахгүй гэсэн бодолтой хүмүүстэй алхам бүрд таарсан ч тууштай байж, бууж өгөөгүй. Нөгөөтэйгүүр даничуудын өвөг дээдэс Викингийн түүх, гарвал бидэнтэй төстэй. Данийн хойд нутгийн хүмүүсийн төрх, ахуй монголчуудтай адилхан зэрэг сонирхолтой давхцал надад ойр байсан. Хээ угалз, Цагаан-Уул цэцэг гээд үндэстний бэлгэдэл, сэтгэлгээ ойролцоо учраас “Dyrberg Kern”-ийн загварууд монгол эмэгтэйчүүдэд таалагддаг. Дани хатан хаантай орон учраас  манай брэндийн цуглуулгууд хаад, хатдынхаа нэрээр нэрлэсэн байдаг. 


-Танай сурталчилгаа ч их содон. Олны танил алдартнуудын төрх, имижийг бүрэн өөрчилж, нүүр царайгаа болгосон шүү дээ?
-Монголчуудад “Хөөрхөн загвар өмсөгч рекламдаж байгаа учраас гоё харагддаг” гэж өөрийгөө голдог нийтлэг ойлголт бий. Тэр тусмаа дотоодын зах зээлд танигдаагүй брэндээ хэрэглэгчдэд хэрхэн хүргэх вэ гэж удаан бодсон. Төв компанийн гэрээтэй гадаад моделиудыг ашиглах эрхтэй ч дотооддоо танигдахыг зорьсон учраас олны танил хүмүүсийг сонгосон. Олны танил дотроо хүмүүсийн даган дуурайдаг, нийгэмд зөв нөлөөлдөг, дөчөөс дээш насны эмэгтэйчүүдийг сонгосон. Ер нь дөчөөс дээш насныхан “Би хөгширлөө. Намайг хүн тоохгүй” гэсэн бодолтой байдаг. Яагаад тэдний гадаад төрхийг өөрчилж, дотоод ертөнцийг илүү тод гаргаж болохгүй гэж. Гадаадад ажиллаж, амьдрахдаа брэндүүдийн сурталчилгааг их анхаардаг, анзаардаг байлаа. Нас бол тоо. Брэндийнхээ нүүр царай болсон эмэгтэйчүүдтэй олон удаа уулзаж, хүн бүрийн мэддэггүй зан чанаруудыг тодруулахыг хүссэн минь хэрэглэгчдэд хүрсэн.


-Албан ёсны эрх авна гэдэг дипломат хэллэгээр төлөөлөгчийн газраа нээсэнтэй адил.  Нуулгүй хэлэхэд, манай зах зээл жижигхэн, дистрибьюторын эрх авахад амаргүй байсан уу?
-Зах зээл жижигхэн нь үнэн. Ганцхан “Dyrberg Kern” гэлтгүй бусад брэнд оруулахаар холбоо тогтооход “Таван жилийн дараа салбараа нээе. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь өсөг” гэсэн наашгүй хариу сонсдог. Тэр бүрд “Манайх хөгжиж байгаа улс. Дэлхийн брэндүүд манайд салбараа нээж эхэлсэн. Жуулчдын орон шүү дээ, бидэнд боломж бий” гэх зэргээр учирлаж тайлбарлана. “Dyrberg Kern”-ийн төв компанитай хоёр жил уйгагүй ярилцаж байж эрх авсан. Одоо манай компани Монголоосоо даваад Азийг хариуцан ажиллаж байна. Монгол Улс хүн ам цөөтэй ч “Dyrberg Kern” тодорхой хэмжээний, хэсэг бүлэг эмэгтэйчүүдэд зориулагдсан учраас харьцуулагдаад явахаар манайх өндөр үзүүлэлттэй гардаг. 


-Хэдий жижиг гэж гологдож байсан ч  Монгол Улс, танаар дамжин “Dyrberg Kern” брэнд Азийн зах зээлд гарчээ?
-Энэ жишээ бидэнд боломж өгсөн. Дани, Финланд, Норвеги, Шведийн жуулчид ирээд  гайхдаг. Хойд Европтоо алдартай брэндийн дэлгүүр Монголд байгаа нь нэг талаараа аялал жуулчлалын салбарын нэр хүндийг өргөж байгаа юм. Заримдаа эдгээр улсыг Монголтой холбох гүүр нь манай брэнд болдог. Данийн компаниудад манайх тод жишээ болж байна.  Мөн боломжгүй зүйл гэж байхгүйг ойлгосон. Гол нь уйгагүй л байх хэрэгтэй.


-Монголчууд бэлгэдэл зүйтэй угсаатан. Үнэт эдлэл худалдан авахдаа ээлтэй чулуу, өнгөө сонгодог. Тэгэхээр олон загвар дундаас монголчуудын хүсэл, сонирхолд нийцүүлж бүтээгдэхүүнээ сонгодог уу?
-Бүх цуглуулгаа авах ёстой гэсэн төв компанийн шаардлага бий. Цуглуулга бүр онцлогтой. Дубайн хэрэглэгчид алтлаг, монголчууд мөнгөлөг өнгө сонгодог зэрэг соёлын ялгаа байна. Гэхдээ худалдан авагчид шууд сонголтоо хийж чаддаггүй. Брэнд буюу зах зээл нь хэрэглэгчдэд санал болгодог. Бид “Яагаад та үүнийг зүүх ёстой”, “Хэрэглэснээрээ ямар ашигтай”-г тайлбарлаад ойлгуулахаар загварын ялгаа гардаггүй. 


-Эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн A, B копийг худалдаалах явдал манайд элбэг тохиолддог. Дуураймал бүтээгдэхүүний эсрэг хэрхэн тэмцэж байна вэ?
-Хэдий хүн бүр худалдаа хийх эрхтэй чөлөөт зах зээл ч шударга өрсөлдөх, бизнесийн ёс зүйтэй байх хэрэгтэй. Хүмүүс манайхыг амжилттай яваа гэж хардаг. Би ч тэгж боддог. Гэтэл зарим худалдан авагчдаас гомдол ирсэн. Асуугаад тодруулахаар “Танай онлайн дэлгүүрээс авсан” гэдэг. Манайх онлайн дэлгүүргүй. Бидний нүүр царай болох сурталчилгааны зургуудыг ч ашигласан байдаг. Хуурамч, дуураймал бүтээгдэхүүн компанийн нэр хүнд, хэрэглэгчдийн сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлнө. Олон шалгуураар дистрибьюторын эрх аваад албан ёсоор импортлон, дэлгүүрээ нээсний хэрэг юу билээ. Хуурамч бүтээгдэхүүн борлуулсан  хүмүүстэй тэмцсэн. Муудалцаад яваад байвал утгагүй. Одоо хэсэг бүлэг дураараа нөхөд Монгол Улсын нутаг дэвсгэрт “Dyrberg Kern” брэндийн нэр бичигдсэн бүтээгдэхүүн оруулж ирэхийг гааль дээр хориглосон. Хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд буух эзэн буцах хаяггүй газраас бараа бүтээгдэхүүн худалдан авах хэрэггүй.   


-Ковидоос хойш тансаг зэрэглэлийн брэндийн зах зээл савлаж байна. Энэ салбарыг манайхан төдийлөн мэдэхгүй. Үүнд дасан зохицох, тэсэж үлдэхийн тулд ямар маркетинг баримталж байна вэ?
-Ковидын үед манайх таван дэлгүүрээ хааж цохилтод орсон. Хөл хорионы үед Европын улсууд бизнес эрхлэгчдээ дэмжиж, тэтгэлэг хүртэл өгсөн. Харин манайд эсрэгээрээ, бэрхшээлүүдийг бизнес эрхлэгчид  туулаад гарсан. Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаагаа зогсоосон атал дэлгүүр, худалдааны төвүүд бүтэн түрээс нэхнэ. Зээлээ төлөөгүй гээд банкнаас данс хаана. Зээлгүй компани, байгууллага байхгүй. Энэ бол Монголд бизнес эрхлэхэд  эр зоргийг мохоодгийн жишээ. Бизнесүүдээ дэмжиж, өөдөө гаргаж ирэх байтал боомилохоор яаж дээшлэх вэ дээ. Ковидоор манайх гэлтгүй бусад салбарын бизнес эрхлэгчид  олон сорилттой нүүр тулсан. Тэр үед бизнес эрхлэгчдээ төлөөлөн Засгийн газарт хандан хэвлэлийн бага хурал хийсэн юм. Үүний үр дүнд 60 мянган бизнес эрхлэгчдээ тусалж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд дэм болсон. Тансаг зэрэглэлийн брэнд бол талх биш. Манайхыг зүүхгүй байсан ч хүн амьдардаг. Энэ төрлийн зах зээлийн онцлог, үүрэг хариуцлагыг хаа хаанаа ойлгох цаг болжээ. Хатуу гээд яахав  хуулийн дагуу ажиллаад, ажилтнуудаа цалинжуулаад явж байна. Хамгийн чухал нь манай хэрэглэгчид бидэнд итгэдэг нь хэцүү үед хөшүүрэг болдог. Дэлхийн савлагаанаас илүү дотоодод валютын ханш хэлбэлзэн, тогтворгүй байдал үүсгэдэг.  


-Өрсөлдөөнтэй хэрнээ тогт­вор­гүй зэх зээл бололтой. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн сонирхол амархан өөрчлөгддөг. Хэрэглэгчдээ уйдаахгүй байхын тулд загваруудаа тогтмол шинэчилдэг үү?

-Загварын чиг хандлага тогтмол өөрчлөгдөнө. Эмэгтэйчүүд тэр бүрд дуурайхыг хичээдэг. Тиймээс өөрийгөө олж, дотоод ертөнцөө тодорхойлохыг хэрэглэгчдэдээ зөвлөдөг. Хэн нэгэнд таалагдахыг хичээх биш, өөрөөрөө байх шиг сайхан зүйл үгүй.   Загварын салбарынхан жилийн өнгө, трэндийг урьдаас хандлагаа тодорхойлж, бүтээгдэхүүнээ гаргадаг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдээс түрүүлж алхдаг. “Dyrberg Kern”  зургаан сар тутамд шинэ цуглуулга гаргадаг учраас хэрэглэгчид уйдахгүй. Худалдан авагчдын сэтгэл ханамжаас бид эрч хүч авч байна. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эмэгтэйчүүд дэгжин байж, аз жаргалтай болдог. Мөн хаана ч явсан “гоё байна” гэсэн урмыг сонсдог учраас дахин дахин манайхаас худалдан авалт хийдэг. 


-Энэ жилийн загварын чиг хандлагыг тодруулна уу?
-Энэ жил гүн өнгө загварын ертөнцөд зонхилсон. Моод эргэдэг гэдэг. 1990-ээд оны загварууд зонхилж байна.  Үүнд зохицуулж манай брэнд илүү минимал загварын цуглуулга гаргасан. Хэлбэр хийцийн тухайд зоос, эртний хатдын гоёлуудаас шингээсэн бэлгэдэл ихтэй бүтээгдэхүүн зонхилж байна. Манай брэндэд олон бэлгэдэл шингээснээрээ онцлог. Жишээлбэл, ногоон бол роял өнгө, хатан язгуурын хэв шинжийг илтгэдэг. Эмэгтэйчүүд хааяа өөртөө итгэлгүй сул дорой болох үе бий. Тэр үед зүүсэн ээмэг, бөгжөөсөө эрч хүч авч сэргэдэг.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/


0
angry
1
care
0
haha
2
liked
5
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22