"ПАККАЛЕ" ХХК-ийн ерөнхий захирал А.Айнагүльтэй ярилцлаа.
-Дотоодын аялал жуулчлал сэргэж монголчуудын аялах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор баруун аймгууд руу тэр дундаа хамгийн баруун цэг, хамгийн өндөр ноён оргил байдаг Баян-Өлгий аймаг руу их аялах болсон. Аялаад ирсэн хүмүүсийн ярианд Памуккале ресторан заавал дурдагддаг учир рестораны эзэнтэй ярилцах хүсэл төрөөд байлаа л даа, хоёулаа рестораны үүслээс яриагаа эхэлье?
-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй, хөдөлмөрийн зах зээл шинэхэн. Түүгээр ч үл барам Монгол Улсын хувьд ямар нэгэн бизнесийн санаа бүр шинэ, бизнес хийх нь хүн бүрийн хүсэл мөрөөдөл болж байв. Тийм өөдрөг хүсэл эрмэлзэлтэй залуучуудын нэг нь би. Тухайн үед өөртөө байгаа нөөц бололцоо, хүсэл сонирхлоо түшиглэн, мөрөөдлөөрөө жигүүрлэсэн залуухан бүсгүй аймгийн төвд анхны, явуулын түргэн хоолны газрыг ажиллуулж эхэлсэн нь 1999 он байлаа. Хоёр ажил давхар хийж өдөр шөнөгүй хөдөлмөрлөсний эцэст үйл ажиллагаа маань алхам, алхмаар өргөжин амжилттай тэлж чадав. Ингээд арай том хүрээнд бизнес эрхлэх шийдвэрийг нөхөр А.Абдуллахтайгаа ярилцаж шийдээд хамтарсан бизнесээ өргөжүүлж 2005 онд аймгийн төвд анхны бүх стандартад нийцсэн "Памуккале ресторан Монголия" нэртэй рестораныг нээж чадсан даа.
-Бизнес эрхлэгчдэд анхны амжилт бүхэн нь тод дурсамж үлдээдэг дээ?
-Миний хувьд явуулын түргэн хоолны гуанзаа өргөжүүлэн үйл ажиллагаагаа илүү хүртээмжтэй болгож, ресторан байгуулж чадсан нь хамгийн анхны амжилтын түүхэн эхлэл байлаа. Одоо ресторан маань зах зээлд өөрийн гэсэн байр сууриа эзэлж хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хүртсэн, аймгийн шилдэг ресторан болсон. Бид зочлох үйлчилгээний салбарт 19 дэх жилтэйгээ золгож гадаад, дотоодын үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, хэрэгцээ шаардлага, хууль дүрмийн дагуу чанар стандартад нийцсэн амт чанар, үйлчилгээний соёлыг мөрдөн хэвшүүлж, өөрийн гэсэн орон зайг бий болгон ажиллаж байна.
-Амжилтад ханадаг хүн гэж байхгүй. Таныг ганц ресторан байгуулчихаад зогссон гэж бодохгүй байна?
-Тэгэлгүй яах вэ. Хөдөлмөр хийсэн хүнийг хувь заяа нь шагнадаг ёс бий шүү. Бид хоёр 2013 онд компанийн үйл ажиллагаагаа өргөтгөж "ПАККАЛЕ" ХХК-ийг байгуулсан. Компани маань нийтийн хоол, ундаа үйлдвэрлэл үйлчилгээ, зочлох үйлчилгээний салбар, сүүний ферм, худалдаа үйлчилгээ зэрэг чиглэлээр таван салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа эрхэлдэг. Зочлох үйлчилгээний салбарын зах зээлийн шаардлага, шинэлэг байх хэрэгцээнд нийцүүлэн 2017 онд Памук кофе шопын үйл ажиллагааг албан ёсоор нээж байсан нь саяхан мэт. Гэтэл аль хэдийнэ долоон жилийг ардаа орхисон байна. Кофе шопоо нээж ажиллуулснаас хойш гурван жилийн дараа бид зөвхөн зочлоод, дайлаад гаргадаггүй, зочдоо байрлаж, амарч тухлах газартай болгох сонирхолдоо хөтлөгдөн зүтгэсний хүчинд "Памук ресорт" жуулчны баазаа ашиглалтад оруулж авсан даа. Ингээд олон улсын стандартад нийцсэн "Памук ресорт" жуулчны бааз маань зочдоо авч эхэлсэн.
-Олон улсын стандартад нийцсэн гэдэг нь маш их таалагдаж байна, ирсэн зочид ч өндөр сэтгэгдэлтэй буцдаг байх?
-Үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж ISO 9001:2016 сертификатыг авч хэрэгжүүлж байгаа. Түүгээр ч зогсохгүй бүтээгдэхүүн үйлчилгээндээ Халал стандартын Олон улсын байгууллагаар баталгаажуулан нэвтрүүлж чанарын GSO 2055-1:2015 стандартыг анхдагч байгууллага болж хэвшүүлэн ISO 22000 HACCP хүнсний аюулгүй байдлын стандарттай хослуулан хэрэгжүүлж байна. Үүгээрээ бид бахархдаг шүү. Ирсэн зочид ч сэтгэл хангалуун буцдаг нь таны анхны асуултаас харагдаж байна шүү дээ.
-Хоёулаа бизнес л яриад байдаг. Уншигчид маань хэн гэдэг хүнтэй яриад байгаа юм бол гэж гайхах байх. Та өөрийгөө танилцуулж болно биз дээ?
-Бололгүй яах вэ. Намайг Аявхан овогтой Айнагүль гэдэг. Баян-Өлгий аймаг, Өлгий сум 1977 оны зургадугаар сарын 8-ны өдөр найман хүүхэдтэй сэхээтэн айлын тав дахь хүүхэд нь болж мэндэлсэн. Эцэг эх маань нийгмийн идэвхтэй, төрд олон жил зүтгэсэн хүмүүс. Аав маань Монгол Улсын Гавьяат эдийн засагч хүн болохоор багаас эерэг хандлагатай зөв хүмүүжилтэй болгож өсгөсөн. Би бусдын л адил аймгийн төвийн нэгдүгээр 10 жилийн дунд сургуульд дунд боловсролоо эзэмшиж, 1995-1999 оны хооронд Улаанбаатар хотод Санхүү эдийн засгийн их сургуульд Бизнесийн удирдлага, эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн. Их сургуулиа төгсөөд шууд ажил олж санхүүгийн хэрэгцээгээ хангана гэдэг амаргүй байлаа. Нэг хэсэг Монгол-Туркийн хамтарсан сургуульд нарийн бичиг, хүний нөөцийн асуудал хариуцан ажиллаж байгаад 2002 оноос эхлэн “Дуния мебель” ХХК-д нягтлан бодогч хийсэн дээ. Ингээд эхлүүлсэн бизнесээ өргөжүүлэх шаардлага гарсан учир 2004 онд ажлаасаа гарч 2005 оноос өдийг хүртэл гэр бүлийнхээ бизнесийг өргөжүүлээд компанийнхаа ерөнхий захирлаар ажиллаж байна. Сүүлд ажлын шаардлагаар 2020 онд Сити их сургуулийг нягтлан бодогчийн мэргэжлээр төгссөн. Бас болоогүй тогоочийн нэг, хоёрдугаар зэрэгтэй. Одоо нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
-Танайхаар ирсэн зочид өндөр сэтгэгдэлтэй буцдагийн нууц юунд байна. Ямар бүтээгдэхүүн үйлчилгээ чинь зочдын эргэн ирэх шалтгаан байгаасай гэж хүсдэг вэ?
-Бидний өөрийн гэсэн үндэстний хэв маяг шингэсэн онцлогтой, бусдаас ялгарсан үйлчилгээ болон хоолны тусгай жор нь олон жил дээд зэргийн чанар стандартаа барьж тогтмолжсон нь хэрэглэгчдийн анхааралд байдаг. Энэ бол бидний үнэт зүйлсийн зайлшгүй нэг хэсэг юм. Халал стандартад нийцсэн Турк үндэсний хоол болон Ази, Европ хоолоор үйлчилгээ үзүүлэхээс гадна өдөр бүр олон нэр төрлийн цоо шинэ талх, нарийн боов, амтат бялуугаар үйлчилдэг нь бидний бас нэгэн онцлог үйлчилгээ. Халал стандарт нь хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан тусгай технологиор боловсруулж бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүн гэдгийг та бүхэн мэдэх байх.
-Дотоодын аялагч, гаднын жуулчид баг бүрэлдэхүүнээрээ, ажлын хамт олон, гэр бүлээрээ гэх мэт олуулаа явдаг болсон. Танайх хэдэн хүн хүлээн авах хүчин чадалтай вэ. Танай аймгийг зорихоор төлөвлөж байгаа хүмүүст бусад үйлчилгээнийхээ талаар ч мэдээлэл өгье л дөө хоёулаа?
-Манай "PAMMUKKALE" ресторан нэг ээлжиндээ 150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Тав тухтай цэвэр орчинд, найрсаг хамт олон угтан авч үйлчилдэг. Нэмээд хэлэхэд бид үйлчилгээндээ чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн ISO 9001:2016 сертификатыг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Манай Pamuk coffee & tea shop маань Pamukkale рестораныхаа хоёрдугаар давхарт байрладаг. Нэг ээлждээ 45 хүн хүлээн авах хүчин чадалтай. Италийн чанартай кофены ханд болон орон орноос ирсэн төрөл бүрийн цай, сайн чанарын ундаа жүүс, турк үндэсний нарийн боовны амттануудыг хийж үйлчилдэг. Тохилог нам гүм, тав тухтай орчинд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Интернэтийн WiFi сүлжээтэй гэх мэтээр бид хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг үргэлж дээдэлж ажилладаг хамт олон. Мөн үйлчилгээндээ чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн ISO 9001:2016 сертификатыг авч хэрэгжүүлэн ажилладаг. Хэрвээ баруун аймгууд руу аялал хийхээр төлөвлөж байгаа хамт олон байвал урьдчилсан захиалгаа өгөөд л ирээд үйлчлүүлж болно. Баян-Өлгий аймаг тавдугаар баг, Цагдаагийн төв байрны баруун талд "PAMMUKKALE" ресторан байрладаг.
-Хамт олны захиалга авна гэснээс "ПАККАЛЕ" ХХК жуулчны баазтай. Аялагчид очоод тухалчих газар сонирхож байж болох юм?
-Бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилд нэмэр болохуйц онгон төрхөөрөө хадгалагдаж үлдсэн байгалийн өвөрмөц цогцолбор, ховор ан амьтан, ургамлын төрөл зүйл, баялаг бүхий өргөн уудам газар нутаг, түүнд зохицсон нүүдлийн амьдралын өвөрмөц хэв маягийг давуу талаа болгон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Pamuk Resort” амралтын цогцолбор газрыг 2021 оны долдугаар сарын1-ний өдөр албан ёсоор нээсэн юм. Баян-Өлгий аймгийн төвөөс гурван километрт байх Их булангийн амны "Найрамдал" толгойн урд өвөрт байрладаг. Ховд голын эрэгт амар тайван орчин, ногоон төгөл, хүүхдийн тоглоомын талбай, дасгалын болон сагсан бөмбөгийн талбай зэрэгт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, ая тухтай амрах бүрэн боломжтой. Бид захиалгын дагуу спортын арга хэмжээ, хурим найр, хүлээн авалт зохион байгуулдаг. Ази, Европ болон Турк үндэсний хоол, кофе, цай мөн өдөр бүр, турк үндэсний нарийн боов, амттануудаар үйлчилдэг. Хоногийн 24 цагийн интернэтийн WiFi сүлжээтэй. Мөн л үйлчилгээндээ чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн ISO 9001:2016 сертификатыг авч хэрэгжүүлэн ажилладаг. Найман казах гэр, гурван монгол гэр, есөн дүнзэн байшинтай бөгөөд нэг ээлждээ 70 хүн хүлээн авах хүчин чадалтай. Харин кафе маань 47 хүн хүлээн авах боломжтой байдаг бол гэр рестораны үйлчилгээ 250 хүнд хүртээмжтэй буюу хүчин чадалтай. Дүнзэн байшингууд маань дотроо ариун цэврийн өрөө, душтэй мөн нийтийн ариун цэврийн газартай. Нийтийн душ маань 14 хүн нэг дор үйлчлүүлэх боломжтой. "PAMUK RESORT" амралтын цогцолбор маань "Халал" буюу амрагчдынхаа бие эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглодгоороо онцлог, давуу талтай.
-Баян-Өлгий аймгийг зорихоор төлөвлөж байгаа аялагчдад хангалттай мэдээлэл өгч чадсан байх. Компанийн хувьд ирээдүйн зорилт, зорилго бодож төлөвлөсөн ажлаасаа бидэнтэй хуваалцана уу?
-"ПАККАЛЕ" ХХК 2024 оны хоёрдугаар улиралд багтааж 250 хүний багтаамжтай түүх соёлыг харуулсан орчин үеийн гэр рестораны үйл ажиллагааг бүрэн хангах хамгийн ойрын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ховд Баян-Өлгий хооронд олон улсын жишигт нийцсэн зам дагуу түр буудаллах цэгийн шинэ төслийн ажлыг 2024-2025 онд багтаан эхлүүлэх зорилт тавьж байна. Ер нь компанийнхаа ирээдүйг хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хангахуйц дэлхийд танигдсан компани гэж хардаг. Манай компанийн орон нутгийн эдийн засагт оруулсан хувь нэмрийг онцгойлон үнэлж олон улсын “Ази, Номхон далайн бүс нутгийн худалдаа аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн холбоо”-оос (GACCI) шагнасан шүү дээ. Энэ нэр хүндээ өргөж явахыг хичээн ажиллах нь бидний хувьд хамгийн том зорилт маань юм даа.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна