Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал Ж.ЗОЛЗАЯА-тай ярилцлаа.
-Эдийн засгийг солонгоруулахад мэдээлэл, технологийн салбар голлох үүрэгтэй оролцоно-
-Танд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Ажлаа хүлээж аваад юунаас эхэлж байсан бэ. Таны хувьд энэ ажлыг хүлээж аваад нэг жилийн хугацаа болж байна. -Баярлалаа. “Монголын үнэн” сонины уншигчдадаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье.
-Ажлаа хүлээж аваад хамгийн эхэнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO 2023”-ыг зохион байгуулсан. Энэ арга хэмжээ амжилттай болж, 185476 иргэн үзэж сонирхсон. Экспод 194 байгууллага оролцон, 880 гаруй гэрээ хэлэлцээр хийгдэн, салбарын холбогдох хүмүүс хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ. Хувийн хэвшил өөрсдийн оюун санаагаараа бүтээсэн 492 шинэ технологио олон нийтэд танилцуулж, гадаадын болон дотоодын байгууллагуудтай гэрээ хэлцэл байгуулан 4.8 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 6.9 тэрбум төгрөгийн экспортын гэрээ байгуулсан.
Экспог онлайнаар болон өөрийн биеэр үзсэн үзэгчдийн тоо давхардсан байдлаар 2.627.607-д хүрчээ. Энэ жилийн экспо цаасгүй болсон гэдгээрээ онцлог байв. Үр дүнд нь 216 модыг хэмнэж, байгаль дэлхийдээ ээлтэй байх гэсэн зорилгоо биелүүллээ.
Харин энэ онд олон улсын хоёр томоохон арга хэмжээ зохион байгуулна. Эхнийх нь стартап бизнесийг дэмжих зорилгоор хувийн хэвшлийн санаачилгаар "Start Up Challenge 2024" тэмцээнийг зохион байгуулж олон улсад өрсөлдүүдэх шилдэг стартап компаниудаа тодруулна. Мөн Азийн Шинжлэх ухааны паркийн холбоо (ASPA)-ны 27 дугаар чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Энэхүү чуулганаар Азийн улс орнуудын Шинжлэх ухаан, технологийн паркуудын төлөөлөл, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид гээд 200 гаруй гаднын зочин төлөөлөгчид ирэх болно. Далайд гарцгүй оронд "Оюун санааны гол болон цутгая" гэсэн консепцыг сүүлийн жилд салбарын яам тодорхойлон уул уурхайн олборлолтоос оюун санааны олборлолт руу гэсэн уриаг дэвшүүлэн Mining to Mind гэдэг уриаг барин салбар байгууллагууд ажиллаж эхэлсэн.
-Хагас зууны түүхтэй энэ байгууллагын анхны эмэгтэй захирал ямар мэргэжилтэй вэ. Яагаад энэ салбарыг сонгох болсон бэ?
-Миний хувьд энэ байгууллагын 50 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй захирал. Үүнээс гадна энтрепренер буюу бизнесийн төлөөллөөс орж ирсэн. Би бизнесийн менежмент, маркетингийн чиглэлийн хүн. Энэ байгууллагыг илүү сайн засаглалтай, менежменттэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болгохын тулд хамт олноороо ажиллаж байна.
Би энэ салбарт 2017 оноос хойш технологи болон инновацын гарааны бизнесийг бойжуулах чиглэлээр "СМС" компанийг үүсгэн байгуулж, анхдагчдын нэг болох хамтын оффисыг байгуулж, 200 гаруй бизнесийг бойжуулж гарган, тэдгээрт 9.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон төслийн санхүүжилтийн ажил зохион байгуулж байлаа.
Бизнесүүдийг бойжуулах, дэмжих ажлыг хийж байгаад энэ туршлагадаа тулгуурлан анх удаа төрийн ажил хийж байна. Өөрөө орж ажиллая, оролцъё, өөрчилье гэсэн байр суурьтайгаар бүх хувийн ажлаа хаяад орсон. Салбарын байгууллагуудтайгаа хамтарч ажиллаад эхний үр дүн гарч байгаад баяртай байна.
-Энэ салбарт цаашид ямар шинэчлэл хийхээр зорьж байна вэ?
-Бид “Тал нутгийн цахим хөгжлийн хурдасгуур” уриатай. Монгол хүнд энтрепренер сэтгэлгээг таниулан нутагшуулах, мэргэшүүлэх, инновац нэвтрүүлэх, шинэ санаа, шилдэг шийдлийг бий болгох, гарааны бизнесийн таатай орчин бүрдүүлэх, Монголын цахиурын хөндийг хамтдаа бүтээх нь бидний эрхэм зорилго. Дундардаг бус ундардаг оюуны баялгийг бүтээж буй инновац, технологийн бизнесүүдээ дэмжиж, дэлхийд гарах гүүр нь болохоор зорин ажиллаж байна. Энэ хугацаанд МТҮП инкубаторын 50 элсэлтээр 162 гаруй гарааны бизнесийг бойжуулж, 480 гаруй технологийн бүтээгдэхүүн, 4512 ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлсэн байна.
Бид “Алсын хараа-2050”, Цахим үндэстэн бодлогын бичиг баримт, олон улсын чиг хандлагад үндэслэн дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, таван зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хамгийн том зорилт бол технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, технологийн экспортыг нэмэгдүүлэх зорилготой.
Монгол Улсад юникорн компани одоогоор төрөөгүй байна. Дэлхий даяар тэрбум ам.долларын үнэлгээнд хүрсэн компанийг “Нэг эвэрт” буюу юникорн компани гэдэг. Анхны юникорн компанийг бий болгохын тулд бизнесүүдээ юникорн төлөвшилтэй болгох, улс бодлогын, хөрөнгө оруулалтын, хамтын ажиллагааны дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай.
Мэдээллийн технологийн салбар АНУ-ын нийт зах зээл дээр байгаа компаниудын экспортын долоон хувь нь бүрдүүлдэг. Тэгвэл Монголд ердөө нэг хувьд ч хүрч чаддаггүй. Олон улсын судалгааг авч үзвэл 2023 оны байдлаар манай улс гарааны бизнесийн экосисемийн хөгжлөөрөө олон улсдаа 79 дүгээрт эрэмбэлэгддэг.
Бид 2030 он гэхэд нийт экспортын нэг хувь буюу 135 сая ам.долларын мэдээллийн технологийн экспортыг эхний ээлжид хийхээр зорин ажиллаж байна. МТҮП-ийн хувьд энэ зорилтын хүрээнд олон улсын харилцаагаа тэлж, дотоодын компаниудаа олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхээс гадна салбарын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.
ЦХХХ-ны сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг ирэх хаврын чуулганд өргөн барина. Ингэснээр бид анх удаа салбарын хуультай болох юм. Энэ хууль батлагдсанаар стартапуудыг татварын бодлогоор дэмжих, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдэнэ.
-Хэчнээн улс оронтой хамтын ажиллагаатай вэ. Ямар төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна вэ?
-Бид энэ хугацаанд олон улсын харилцаагаа тэлж хамтын ажиллагаа бий болгосноо дурдвал, ЖАЙКА-тай нягт хамтын ажиллагаатай байдаг. ЖАЙКА Монголд анх удаа гарааны бизнесийн эко системийн судалгааг хийхэд дэмжсэн. Аливаа улсад тоо, дата, судалгаа маш чухал байдаг.
Мөн бид Япон улсаас хөрөнгө оруулалт татах, бизнес аялалд найман стартап өнгөрсөн оны зургадугаар сард авч явсан. ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-д айлчиллаа. Энэ айлчлалаар Сан-Францискогийн “Silk Road Innovation Hub” байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Монгол Улс албан ёсоор нэгдэж, эхний 10 компани орсон. Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын олон зуун аж ахуйн нэгжийг төлөөлж дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийн төв, эдийн засгийн цөм болсон Цахиурын хөндийн эко системд нэвтэрч, олон улсын зах зээлд гарах томоохон алхмаа хийсэн түүхэн үйл явдал болсон гэж үзэж болно.
“Silk Road Innovation Hub” төв нь Азийн найман орны технологийн бизнесийг АНУ-ын зах зээлд гаргахад дэмжих зорилготой. Төв Азийн бүсийн Казахстан, Узбекистан, Тажикистан, Азарбейжан, Монгол гэх зэрэг найман улс орон нийтдээ 140 сая хүн амтай ч одоогоор юникорн компани байхгүй. Тиймээс Төв Азийн бүсийн улс орнууд нэгдээд “Silk Road Innovation Hub” байгууллагаар дамжуулж, Америкийн зах зээлд таван жилийн хугацаанд хамтдаа 5-7 юникорн компанийг бий болгохоор зорьж байгаа юм. Мөн олон жилийн хамтын ажиллагаатай Солонгос, Япон, Сингапурт салбарын хүний нөөцөө бэлтгэх чиглэлээр албан ёсны эрхтэй олон улсын шалгалт юм. Анхан, дунд, ахисан түвшинд мэргэжлийн мэдээллийн технологийн инженерийн шалгалт авдаг. Саяхан ЦХХХЯ-наас энэ шалгалтад тэнцвэл бакалаврын диплом харгалзахгүй, олон улсын сертификатаар ажилд орох боломжийг нээсэн тогтоолыг баталсан.
-Мэдээллийн технологи улс орнуудын хөгжлийн тэргүүлэх салбар болж байна. МТҮП энэ чиглэлд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Мэдээлэл, технологийн үндэсний парк анх 1972 онд Шинжлэх ухаан, мэдээллийн төв нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Харин 2002 оноос шинжлэх ухаан, технологийн гарааны бизнесүүдийг бойжуулж, хүний нөөцийг мэргэшүүлэх чиглэлээр Мэдээлэл, технологийн үндэсний парк нэртэй болж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн үед мэдээллийн технологийн салбар дэлхий даяар асар хурдтай хөгжиж байна. Өнөөдөр бид хиймэл оюун ухаан, дата, блокчэйн гээд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхах ёстой. Зөвхөн мэдээллийн технологийн бус бүх салбарт цахим шилжилт, технологи, инновац шингээх процесс явагдаж байна.
Энэ утгаараа мэдээллийн технологийн салбар Монголд төдийгүй олон улсад цөм салбар болж байна. Тиймээс манай байгууллага технологийн бизнесүүдийн санааг бодитой болгох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх Инкубатор хөтөлбөр хэрэгжүүлж, оффисоор хангаж, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, сургалт, арга хэмжээг хийдэг. Нөгөө талдаа салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, цахим ур чадварыг иргэдэд олгох чиг үүрэгтэй.
-Монголын эдийн засгийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Тэгвэл IT салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө ямар түвшинд байдаг бол. Эдийн засгийн тэргүүлэх салбар болоход ойрхон уу?
-ЦХХХЯ-наас гаргасан судалгаагаар манай салбарын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл нь маш бага буюу 0.3 хувь. Харин харилцаа холбооны салбар өндөр хувьтай байдаг. МҮХАҮТ-аас жил бүр гаргадаг ТОП-100 компанид ч мэдээллийн технологийн компани багтдаггүй. Гэтэл бусад орнууд мэдээллийн технологийн салбарын экспортдоо гол хүчээ өгдөг.
Манай улсын хувьд уул уурхайн салбараас хэт хамааралтай. Нэг салбараас эдийн засаг хамааралтай байх нь бодлогын хувьд буруу. Тиймээс Монгол Улсын эдийн засгийг солонгоруулахад манай салбар голлох үүрэгтэй оролцох том амбицтай байна.
Бид өнөөдөр яамтай болсны хувьд өөрсдийн салбарын бодлогыг тодорхойлж, цахим эдийн засгийг илүү хурдтай хөгжүүлэх, тэргүүлэх салбар болоход ойртож байгаад баяртай байна. Манай мэдээллийн технологийн залуус маш чадварлаг болсон. Тиймээс энэ салбарыг хамтдаа хөгжүүлэх итгэл, тэмүүлэл бидэнд байна.
-Шинэ үе мэдээллийн технологийн салбарыг сонгож байна. Үүнтэй холбоотой танай байгууллагаас хүүхэд, залууст ямар чиглэлийн сургалт зохион байгуулдаг вэ?
-Бид ШУТИС-тай хамтарч лицей сургуульд нь Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн хоёр анги нээж, IT парк дээрээ байрлуулж, орчинд нь суралцуулж байна. Энэ хүүхдүүд маань манайд байгаа 33 компанид дадлага хийх боломж олгоно. Мөн удахгүй "Оюутан инкубатор" элсэлт авна. Ингэснээр оюутан цагаасаа технологийн бизнес хийх боломжтой болно. Мини кодын эхлэл, Хакатон гээд хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
-Эмэгтэйчүүддээ чиглэсэн ямар бизнес хөтөлбөрийг санал болгож, дэмжиж байна вэ?
-Анх энэ салбарт эрэгтэйчүүд дийлэнх нь байсан. Сүүлийн үед эмэгтэйчүүд хүч түрэн орж ирж байна. IT паркийн тухайд 2002 оноос хойш 160 стартапыг бойжуулж гаргасан. Үүний ес нь эмэгтэй үүсгэн байгуулагч байсан. Одоо ажиллаж байгаа компаниудаас ердөө гуравхан эмэгтэй үүсгэн байгуулагч. Тиймээс бид саяхан эмэгтэй бизнес эрхлэгч инкубатораа зарлаж, нэг бизнесмэн IT парктаа нэмж бойжуулах болсон. Энэ хөтөлбөр нь анх 2013 онд хэрэгжиж байсан ч орхигдсон байлаа. Тиймээс 11 жилийн дараа энэ хөтөлбөрийг дахин сэргээлээ. Мөн манайх салбарын олон улсын эмэгтэйчүүдийн холбоотой хамтарч ажиллаж байна.
-Бүх салбар дэвшилтэт технологид суурилсан хөгжлийг зорилгоо болгож байна. Мэдээллийн технологиос бусад ямар салбар технологи, инновацыг илүү нэвтрүүлж байна вэ?
-Манай улсын хувьд банк, санхүүгийн салбар маш том цахим шилжилт, хөрөнгө оруулалт хийж байна. Сүүлийн 3-5 жилд финтек буюу санхүүгийн олон платформын шийдлийг гарган ажиллаж байна. Мөн боловсролын салбарт олон стартап төрөн гараад байна.
-Өнөөдөр манайд хүн бүр интернэт орчинд хувь, хувьсгалын ажлаа зохицуулж байна. Иргэд цахим хэрэглээгээрээ ямар түвшинд байдаг бол?
- Иргэдийн хэрэгцээ, шаардлагыг үндэслэн ЦХХХЯ-ны бодлогын хүрээн DQ /Digital Quotient/ төслийг ирэх дөрөв, тавдугаар сараас хэрэгжүүлнэ. Энэ төслөөр иргэдийн цахим ур чадвар ямар түвшинд байгааг DQ тестээр тодорхойлно. Иргэд E-mongolia-гаар дамжуулан өөрийгөө цахим иргэн мөн эсэхээ тестээр шалгана. Энэ тестээр та 70-аас дээш оноо авбал онлайнаар үнэгүй “Цахим иргэн” сертификаттай болно. Энэ сертификат нь тухайн иргэнийг ажилд орох, ур чадвараа хөгжүүлэхэд түлхэц болох юм. Хэрвээ 70-аас доош оноо авбал та онлайн болон танхимын сургалтад хамрагдаад дахин шалгалт өгөх боломжийг бүрдүүлж байна. Энэ нь цахим ур чадвар олгох чиглэлийн хүрээн дэх хүртээмжтэй төсөл байх болов уу гэж харж байна.
-Ярилцлага өндөрлөж байна. Та уншигчдадаа хандаж юу хэлмээр байна вэ?
-Монголчууд бид оюун ухааны чадвар, спортын олон төрлөөр дэлхийд тэргүүлдэг болсон. Тэгвэл одоо технологи, инновац, шийдлээрээ дэлхийд өрсөлдөх цаг ирсэн гэдэгт итгэлтэй байна. “Олны хүч оломгүй далай” гэдэг. Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын олон талт хамтын ажиллагаа хамгаас чухал. Тиймээс оюутан, сурагч, мэргэжилтэн, инженер, эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллахыг зорьсон хүн бүрд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Баярлалаа. -Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Н.ЭНХБАТ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна