Манлайлагч төрүүлдэг тэргүүлэгч сургууль


“Гадаад хэлийг орчинд нь очиж сурахад давуу тал олон байдаг юм билээ. Миний хувьд хэлний мэдлэг, түвшин ахихаас гадна юм үзэж нүд тайлаад ирсэн. Анх удаа аав ээжээсээ хол байж үзсэн болохоор бие даах чадварт суралцлаа” хэмээн нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн IX ангийн сурагч Х.Сарнай Солонгос улсад хоёр сарын хугацааны хэлний сургалтад хамрагдаад ирсэн тухайгаа ярив. Түүнтэй хамт явсан М.Маргад-Эрдэнэ “Олон орны сурагч, оюутан залуустай мөр зэрэгцэн суралцлаа. Би айлын ганц хүүхэд болохоор бусадтай харилцах тухайд учир дутагдалтай байсан. Харин энэ сургалтад хамрагдсанаар хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхээс гадна харилцааны тал дээр өөрчлөлт ахиц гарч, олон найз нөхөдтэй болсон” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэдний ТОПИК-ийн оноо хоёр болон дөрөв бөгөөд ирэх сард тэд амжилтаа ахиулж тав, зургаа болгох зорилго тавьжээ.  


Тус сургуулийн VI-XI ангийн 40 сурагч хоёр багшийн хамтаар Солонгос улсын Сүнчон их сургуульд хоёр сарын хугацаанд хэлний сургалтад хамрагдаж, сертификат авчээ. Тэд хэл сурахаас гадна тухайн улсын үүх түүхтэй танилцаж, соёлоос нь суралцахын зэрэгцээ урлаг, соёл зэрэг томоохон арга хэмжээнд амжилттай оролцсон талаар тус сургуулийн химийн багш Д.Хандмаа ярилаа. Тэрбээр “Хүүхдүүд маань хэл сурахаас гадна харилцааны соёл, цаг төлөвлөх, бие даах болон хамтарч ажиллах чадвар, мөнгөө хэрхэн зарцуулах зэрэг олон зүйлд суралцаж, туршлага, мэдлэг хуримтлуулж чадсан. Тус сургуулийн захирал сертификатаа үзүүлээд манай сургуулийн хэлний бэлтгэлд үнэ төлбөргүй хамрагдах боломжтойг тодотгон хэлсэнд хүүхдүүд маань баяртай байгаа. Энэ бол бидний сургалтын үр дүн. Өөрөөр хэлбэл, сурагчдын амжилт, өөртөө бий болгосон том боломж” хэмээн ярив.  
Үүнтэй адил гүнзгийрүүлэн судалдаг хэлний хүрээнд бусад улс оронтой ч мөн адил хамтын ажиллагаа өрнүүлж, урт богино хугацааны сурагч солилцооны хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлдэг байна. Мөн орос, япон, англи, солонгос, хятад, герман гэсэн зургаан хэлний гүнзгийрүүлсэн сургалттайгаараа онцлог, давуу талтай. Тус сургуулийн удирдлагууд гадаад хамтын ажиллагааг ийн өргөн хүрээнд тэгш хүртээмжтэй хэрэгжүүлэх бодлого барихын зэрэгцээ хичээл сургалтын үйл ажиллагаа явуулах, олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч буйд тус сургуулийн багш, сурагчид ам сайтай байлаа. Тодруулбал, зарим хичээлийн танхимыг иж бүрэн тохижуулж, мөн ухаалаг самбараар хангажээ. Тухайлбал, дизайн технологи, дүрслэх урлагийн хичээлийн танхимыг иж бүрэн тохижуулж кабинет болгосноор багш нар хичээлээ заахад амар хялбар, сурагчид хичээлдээ илүү дуртай, идэвхтэй оролцдог болсон талаар дизайн технологийн багш Ш.Цэрэнбат ярьсан бол ухаалаг самбарын тухайд дизайн технологийн багш М.Мөнхбаяр “Ухаалаг самбар багш нарт хичээл заахад дэвшилтэт боломжийг олгосон. Зааж буй хичээлтэй холбоотой мэдээллийг интернэтээс шууд татах, видео хичээл орох, файл үүсгэж хадгалах, янз бүрийн хэлбэр дүрс зурахад хялбар гэх мэт олон давуу талтай. Бас нэг талаараа багш нар шохой ашиглахгүй болсноор эрүүл мэндийн хувьд ч давуу талтай байгаа” гэлээ. Үүнтэй адил эмэгтэй сурагчдын технологийн танхимыг мөн иж бүрэн тохижуулсан тул хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахад дэвшилтэт нөхцөл байдал үүсжээ. Энэ давуу байдлаа ашиглан малчдад туслах зорилгоор дунд болон ахлах ангийн эмэгтэй сурагч бүр нэмнээ оёж байгаа тухай дизайн технологийн багш Х.Долгорсүрэн ярилаа. 


Энэ жил ерөнхий боловсролын бүх сургуульд олон улсын Еduten болон Pearson хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тул эдгээр хөтөлбөрт сурагчдыг тэгш хүртээмжтэй хамруулах зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмж, интернэтийн орчныг шийдвэрлэжээ. Энэ тухайд герман хэлний 3е ангийн багш Б.Оюунсүрэн “Eduten хөтөлбөрийн хүрээнд заадаг математикийн хичээлийг хоёрдугаар улирлаас эхэлж, долоо хоногт нэг удаа орж байгаа. Хүүхэд бүр “өөр өөр”-ийн iPad дээрээ ажиллаж, багш түүнийг нь нөүтбүүкээсээ хянаж явдаг. Хэн аль хичээлийг ямар түвшинд хийж байна вэ,  хүүхдүүд аль бодлого дээр алдав, хэр хугацаа зарцуулж байна зэргийг нарийвчилж харах боломжтой. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр хүүхдүүдийн маань цээжээр бодох чадвар эрс сайжирсан” гэв.  
Ингэж хичээл сургалтын үйл ажиллагаанд хүүхдүүдийг тэгш хүртээмжтэй хамруулахаас гадна сургуулийн удирдлагууд хүүхдийн өөрөө удирдах байгууллагуудын гаргасан санал санаачилгыг дэмжин ажилладагт сурагчид талархалтай хандаж буйгаа илэрхийлж байлаа. Тухайлбал, “Охидын клуб”, “Өсвөрийн цагдаа”, “Өсвөрийн эмч”, “Хос уянга” зэрэг 20 орчим клуб, дугуйлан секц үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр клубийнхэн сурагчдын дунд өөрсдийн үүрэг чиглэлийн дагуу арга хэмжээ зохион байгуулахын зэрэгцээ “Өглөөний цайны ач тус”, “Үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлье”, “Малгайгүй явбал толгой өвддөг” гэх мэт эерэг уриалга, контент бүтээн нөлөөллийн ажил хийж олон нийтэд түгээдэг аж.  
Мөн монгол бичгийн “Хос уянга” дугуйлан 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж өдгөө клуб болтлоо хөгжсөн байна. Клубийн гишүүд хамтран 2016, 2018 онд улсын хэмжээнд бүтээлийн үзэсгэлэн гаргажээ. Тэд энэ жил гурав дахь үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэл ажилдаа орсон талаар монгол хэл, бичгийн багш Н.Золжаргал ярилаа. Тэрбээр “Дугуйлан маань тав дахь өдөр бүр хичээллэдэг ба жилд 30-50 хүүхэд хамрагддаг. Одоогоор анхан шатны болон хулсан үзэг, хичээнгүй, уран бичгийн тэг гэсэн үндсэн гурван хичээлийг зааж байна” гэсэн бол сурагчдын бие даасан гурав дахь үзэсгэлэнгийн талаар тус клубийн тэргүүн, 11а ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ “Би 2020 онд энэ клубийнхээ гишүүнээр элсэж, түүнээс хойш хичээнгүйлэн суралцаж байна. Одоо би хулсан үзгээр бичихэд суралцаж байна. Үзэсгэлэнд хэчнээн бүтээл дэлгэх талаар гишүүдтэйгээ ярилцаж бэлтгэлээ хангаж байгаа. Миний хувьд арав гаруй бүтээл дэлгэхээр төлөвлөж байна” гэв.  Мөн Б.Баяр-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” улсын хэмжээний уралдааны ахлах ангийн төрөлд даавуун дээр хар, улаан бэх хослуулан  бийрээр бичсэн “Тамгагүй төр” бүтээлээрээ энэ онд гуравдугаар байр эзэлсэн бол өнгөрсөн онд энэ тэмцээний дунд ангийн төрөлд цагаан дээр хараар квадрат хэлбэртэйгээр “Монголын нууц товчоо"-г бийрээр бичсэн бүтээлээрээ нэгдүгээр байр эзэлж байжээ. Энэ мэтчилэн тус сургуулийн сурагчдын амжилтын цуваа тасралтгүй үргэлжилдэг байна. Ийнхүү үеийн үед манлайлагч, түүчээлэгчдийг төрүүлж буй тэргүүлэгч сургуулиас энэ удаагийнхаа дугаарын сурвалжлагыг бэлтгэн хүргэлээ. 


Ш.Оюунсүрэн: Хүүхдийн хөгжил Монголын ирээдүй

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн захирал Ш.Оюунсүрэнтэй сургуульд гарч буй өөрчлөлт шинэчлэлтийн талаар ярилцлаа. Ш.Оюунсүрэн тус сургуульд 1999-2020 онд багш, сургалтын менежерээр ажилласан ба 2020-2023 онд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэст мэргэжилтэн, хэлтсийн даргын албан үүргийг хашиж байгаад 2023 оны хоёрдугаар сард сургуулийнхаа захирлаар томилогдон, боловсролын салбарт тасралтгүй 25 жил ажиллаж байна. 

-Танай сургууль гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай улсын тэргүүлэх сургууль тул эцэг эхчүүд хүүхдээ суралцуулах хүсэл сонирхолтой байдаг. Танайд одоогоор хэчнээн хүүхэд суралцаж байна вэ? 
-Олны дунд Орос 23, гадаад хэлний хэмээн хэлэгддэг сургууль маань 1957 онд байгуулагдсан. Англи, орос, хятад, солонгос, япон, герман хэлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг. Одоогоор 3330 сурагч, 150 гаруй багш, ажилтан албан хаагчтайгаар хичээл, сургуулийн үйл ажиллагаа явуулж байна. Сурагчид маань хоёр гадаад хэл бүрэн эзэмшиж төгсдөг. 


-Гадаад хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлж байна вэ?  
-Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гэдэг утгаараа гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа онцгойлон анхаарч ажилладаг. Бид уламжлалт үйл ажиллагаан дээрээ нэмээд олон ажлыг санаачлан хэрэгжүүлсээр байна. Сурагчдыг судалж буй хэлнийх нь дагуу тухайн оронд, орчинд нь сургалт хөтөлбөрт хамруулж, мэдлэг чадварыг нь нэмэгдүүлэхийг зорьдог бөгөөд урт богино хугацааны сургалтад маш олон сурагч хэлний бэлтгэлд хамрагдсан. Тухайлбал, ХБНГУ-ын Гёте студийн 100 хувийн тэтгэлгээр 9В ангийн сурагч Ч.Даваабаяр, М.Дэлгэржаргал ХБНГУ-ын Дрезден хотод, Н.Мөнгөнболор П.Саруул-Оюун нар Франкфурт хотод нэг сарын хэлний сургалтад, Япон улсад нэг сарын хугацаанд дунд ангийн 40 сурагч, Солонгос улсын Сүнчон их сургуулийн зуны хоёр сарын сургалтад дунд ангийн 40 сурагч, өвлийн нэг сарын сургалтад нь ахлах ангийн 28 сурагч хамрагдлаа. Түүнчлэн Солонгос улсын Бусан хотын охидын сургуультай хамтын ажиллагаагаа сурагч солилцооны хөтөлбөрөө сэргээж, манай сургуулийн арван сурагч багш нартайгаа явж, тус сургуулийн 20 сурагч, багш, эцэг эхийн хамт ирж сургалт аялалд оролцлоо. Хятад хэлний тухайд урт болон богино хугацааны сургалтад сурагчдаа тогтмол хамруулдаг уламжлалтай. Энэ сарын 1-нд 52 сурагч БНХАУ-ын Тун-ляо ахлах сургуулийг зорьсон. Тус сургуульд өнгөрсөн жил 320 гаруй сурагч урт богино хугацаанд сургалтад хамрагдаж хятад хэлний мэдлэг чадвараа ахиуллаа. Жил бүр төгсөгч сурагчид маань гадаад дотоодын их дээд сургуульд тэтгэлгээр суралцаж байгааг дурдах хэрэгтэй гэж бодож байна. Жишээлбэл, БНХАУ-ын Тяньжины их сургуульд тав, Шанхай их сургуульд гурав, Шанхайн эдийн засгийн сургуульд хоёр, Шанхайн Далайн тээврийн сургуульд хоёр, Бээжингийн тээврийн их сургуульд нэг сурагч тэтгэлгээр суралцаж байгаа. Мөн БНСУ-ын Бусаны их сургуульд дөрөв, Сүнчоны их сургуульд нэг, Корео их сургуульд тав, Конгүг их сургуульд гурав, Сүнчон Хян их сургуульд есөн сурагч тэтгэлгээр сурч байна.  Эдгээр сурагч маань ерөнхий боловсролын сургуульд суралцах явцдаа энэ боломжийг олж авч чадсан гэсэн үг. Ер нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд сурагчид олон улсын түвшин тогтоох шалгалтын оноогоо дөрвөөс дээш түвшинд хүргэсэн тохиолдолд тэтгэлгээр суралцуулах боломж нөхцөлийг бүрдүүлдэг. ОХУ-ын хувьд жилд гурван удаа зохион байгуулдаг “Олон улсын цайны их зам” наадамд сурагчид маань тогтмол оролцож, төрөл тус бүрд нь амжилт гаргадаг. 2023 оны төгсөгчид Г.Соном-Янжмаа, Ч.Эрдэнэ-Үжин Санкт-Петербургийн улсын их сургуульд, С.Эмүжин Санкт-Петербургийн Анагаах ухааны их сургуульд, Э.Ану Москва хотын Павловын нэрэмжит Анагаах ухааны их сургуульд, Н.Бадармаа Санкт-Петербургийн барилга, архитектурын их сургуульд тэтгэлгээр суралцаж байгаа олон сурагчаа дурдахад таатай байдаг. 


-Хэлнээс гадна хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдэд сурагчдыг тэгш хүртээмжтэй хамруулах нөхцөлийг хэрхэн бүрдүүлээд байна вэ?
-Олон улсын англи хэлний Pearson хөтөлбөрийг тав, зургадугаар ангид, математекийн eduten хөтөлбөрийг гурав, дөрөвдүгээр ангид хэрэгжүүлж байгаа. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэн түрүүн цахим орчин шаардлагатай байдаг тул багш, сурагчдад орчин нөхцөлийг маш сайн бүрдүүлж өгсөн. Тодруулбал, хүүхэд бүрийг ipad, homebooк-ээр хангахаас гадна нэг ээлжид 150 хүүхэд нэгэн зэрэг интернэтэд холбогдож хичээлээ хийхэд саадгүй байх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр бүх сурагчаа хөтөлбөртөө бүрэн дүүрэн хамруулж чадаж байгаа.


-Зарим анги ухаалаг самбартай болсноор ямар өөрчлөлт гарч байна вэ?  
-Бид эхний ээлжид 11 анги танхимд ухаалаг самбар байрлуулсан. Ингэснээр багшийн ажлыг илүү хөнгөвчлөхөөс гадна хичээлээ сонирхолтой байдлаар заах боломжтой болсон. Мөн бид технологийн хичээлийн танхимыг хичээлийн онцлогоос хамаарч иж бүрэн тохижуулсан, наад зах нь ширээ сандлаа өөрчилж тавих боломжтой, хоол үйлдвэрлэлийн болон оёдол эсгүүрийн хэсгийг тохижуулж өгснөөр тухайн хичээлийг стандартын дагуу заах бүрэн нөхцөл бүрдсэн. Ер нь улс нийслэлд жишиг кабинетуудын нэг болсон доо. Мөн нийслэлийн мэдээлэл зүйн олимпиадыг манай сургууль дээр зохион байгуулдаг уламжлалтай. Тиймээс бид дотоод нөөц боломжоо ашиглаж, анги танхимаа томруулах, тоног төхөөрөмжийнхөө чанар, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж засвар хийсэн. 


-Багш нараа чадавхжуулж хөг­­жүүлэхэд хэрхэн анхаарч, дэмждэг вэ? 
-Мэдлэг чадвартай сурагчдыг бэлтгэхийн тулд багш нараа тогтмол чадавхжуулах ёстой. Тиймээс бид багш нараа суралцах, мэргэших, өөрийгөө хөгжүүлэх боломж нөхцөлөөр хангахын тулд ажлын өдрүүдэд тодорхой хэмжээний уян хатан зохицуулалт хийж өгдөг. Саяхан хоёр багш маань боловсрол судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Мөн “Цэнэглэх цаг” арга хэмжээг 14 хоног тутамд зохион байгуулдаг. Хамгийн сүүлд хүүхэд хамгааллын чиглэлээр хоёр багц сургалт зохион байгуулаад байна. 
-Гадна тохижилтын тухайд дугуйн зогсоолтой байгаа нь шинэлэг санагдаж байна? 
-Сурагчид маань дулааны улиралд дугуйгаар хичээл сургуульдаа ирж буцах тохиолдол их байдаг ч гадаа байрлуулах, харж хамгаалахаас эхлээд асуудал их гардаг байлаа. Тиймээс сургуулийнхаа дотоод нөөц бололцоонд тулгуурлан 60 дугуйны зогсоолыг хийсэн. Мөн гадна хашаан дээр дугуй унаж буй хүүхдүүдэд зориулсан санамж, зөвлөгөөг байршуулсан байгаа. Энэ бол жижиг мэт боловч хүүхэд, эцэг эхчүүдийн сэтгэлд нийцсэн, цаашлаад сургуулийн ойр орчмын төдийгүй хотын түгжрэлийг багасгахад бага ч болов хувь нэмэр оруулж байгаа болов уу. 


-Сүүлийн асуултаараа танай хамт олны өнгөрсөн онд гаргасан амжилт болон энэ оны зорилго зорилтыг хуваалцъя? 
-Олон улс, улс, нийслэлийн хэмжээнд багш, сурагчийн гаргасан амжилтыг дурдаад дуусахгүй маш их, бахархалтай. Өнгөрсөн жил гаргасан амжилтаасаа дурдвал Чингэлтэй дүүргийн шилдэг менежменттэй сургууль, нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль,  Боловсролын үнэлгээний төвийн 20 жилийн ойн хүрээнд сүүлийн таван жилийн үнэлгээгээр тогтвортой байсан сургуулиар нйислэлд шалгарсан. Мөн PISA олон улсын шалгалтад хамрагдаж, унших чадвараар дэлхийн түвшинд үнэлэгдсэн.Түүнчлэн бид зөвлөх багшийнхаа тоог гурваар нэмж, Монгол Улсын хэмжээнд зөвлөн туслах эрхтэй зургаан багштай болсон нь бидний хувьд бахархам том амжилт. Цаашид бид гадаад хэлнийхээ сургалтын чанарыг илүү өндөр түвшинд хүргэхээс гадна байгалийн ухааны хичээлүүддээ түлхүү анхаарах зорилго тавин ажиллаж байна. Хүүхдийн хөгжил Монголын ирээдүй учраас манай сургууль “Хүн бүр хүүхэд нэг бүрийн төлөө, хүүхэд бүр өөрийнхөө төлөө” гэсэн уриан дор үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бид энэхүү уриагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд массын буюу нийтийн амжилт гаргахын төлөө хичээн ажиллаж байна.  

 С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22