Л.Амаржаргал: Тусгаар тогтнол, нийгэм, улс төрийн агуулгатай зохиол С.Буяннэмэхийн бүтээлд зонхилдог


Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэхийн ач охин Л.Амаржаргалтай ярилцлаа. Тэрбээр их зохиолчийн уран бүтээл, судлал шүүмжлэлийг хөгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан “Төгөлдөр Буяннэмэх” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байна.

 

-Монгол Ардын Намын түүхэн үйл хэргүүдэд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн оролцоо, үүрэг ямар жинтэй байсан талаар ярилцлагын эхэнд тодруулъя?

-Ярилцлагын зочноор урьсанд баярлалаа. Бидний өвөө Сономбалжирын Буяннэмэх 18 настайдаа буюу  1920 онд Хиагтад очиж, хувьсгалчидтай уулзан,”Түмэнд тунхаглан зарлах бичиг”, “Чигч шударгыг шүүмжилсэн шүлэглэлийн оршил”, “Таван мөнгө хүрэхгүйгээр түмэн ардыг худалдсан халхын ноёд”, “Өчүүхэн дурсамж” зэрэг зохиол бүтээлтэйгээ Ардын хувьсгалд оролцсон байдаг. 1921 онд Эрхүү хот дахь Коминтерний Дорнод хэлтсийн нарийн бичгийн дарга нарын газарт Монгол талын төлөөлөгчөөр найман сар ажиллахдаа “Монголын үнэн” сонины  дугааруудыг хилийн чанадаас гаргахад гар бие оролцсон юм. Нам, эвлэлийн ажилд идэвхтэй оролцож, залуучуудын эгнээг өргөтгөн бэхжүүлэх их үйлсэд хүчин зүтгэн, Хувьсгалт залуучуудын эвлэлийн Анхдугаар их хурлаас тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байв. Түүнчлэн 1922 онд Москва хотод болсон КИМ-Дорно зүгийн Ардын төлөөлөгчдийн II их хуралд оролцохдоо В.И.Ленинтэй уулзаж, Хувьсгалт залуучуудын эвлэлийн II их хурлаас Эвлэлийн төв хорооны даргаар сонгогдсон.

1922 онд С.Буяннэмэхийн үг, аяыг зохиосон “Монгол интернационал” дуу 1950 он хүртэл Монгол Улсын төрийн дуулал болон эгшиглэсээр ирсэн билээ. Мөн 1923 онд болсон Монгол Ардын Намын II их хуралд төлөөлөгчөөр сонгогдон, намын Төв хорооны улс төрийн илтгэл тавихын зэрэгцээ Монголын зохиолчдыг төлөөлөн баяр хүргэн үг хэлсэн байдаг. Өвөө маань 1924 оны наймдугаар сард  Монгол Ардын Намын III их хуралд Төв хорооны гишүүн, МЗЭ-ийн Төв хорооны даргын хувьд оролцож байв. Тэрбээр 1927 оны аравдугаар сарын 11-ний МАХН-ын Төв хорооны 34 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын Намын хорооны даргаар батлагдан ажилласан бөгөөд тухайн үед нам төрөөс даалгасан ажлыг биелүүлэхийн тулд авьяас, бэлгэ хүч чадлаа дайчлан ажилладаг их хүмүүн байсан юм.

-Их зохиолч бүтээлүүддээ тухайн цагийн байдлыг хэрхэн шингээж, ямар төрлөөр  түлхүү бичсэн байдаг вэ?

-Монгол Ардын Нам, Ардын хувьсгалын ялалтын тухай, Монголын ард түмний байлдан олсон ололт, тусгаар тогтнол, нийгэм, улс төрийн агуулгатай зохиол бүтээл С.Буяннэмэхийн зохиолд зонхилж байдаг. Тэрбээр эх орондоо шинэ хувьсгалт соёл урлаг түгээн дэлгэрүүлэх, ялангуяа хувьсгалт уран зохиол бий болгоход жинтэй хувь нэмэр оруулж, хичээн зүтгэсэн хүмүүсийн нэг.

Монгол дахь жүжгийн зохиолын анхны бүтээл бол С.Буяннэмэхийн “Сандо амбан буюу Ойрхи цагийн товч түүх” билээ. Энэ нь харийн түрэмгийлэгчдийн эсрэг улс үндэстний тусгаар тогтнолын төлөө тэмцэл, хөдөлмөрчин ардын эрх чөлөөний хувьсгалд дэвшсэн түүхэн үйл явдлын халуун мөрөөр бичсэн зохиол юм.

Бошгыг халах залуучуудын эвлэл, Хувьсгалт залуу­чуудын эвлэл болон зохион байгуулагдахад залуучуудыг уриалан дуудах зорилгоор “Залуучуудын зорилт” шүлгээ бичсэн. МАН-ын үйл хэргийг таниулж, ард түмнийг уриалан дуудахын тулд “Ардын намын эдүгээх аливаа хэргийн шүлэглэл” зэрэг бүтээлүүдээрээ за­луучууд, ард иргэдэд хувьсгалын үйл хэргийг ухуулан сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүний бүтээлүүдээс тухайлбал,

 

“Ардын намын анхны долоон журамт нөхөд

Ар Хиагтын газар журмын

                                          тугийг байгуулж

Ард түмний гашуун зүдрэлийг анхан

                                         хуралдаа илтгэж

Аюулт дайсан гамин бароноос авран

                                   тэнхрүүлэхийг зөвлөв

Аливаа учраа ард түмэнд ухуулж

Ардын цэргийг Алтанбулагт элсэж

Авралт нөхөр болсон зөвлөлт Оросоос

Асар их бодлоготой гуравдугаар

                                          интернационалаас

Аливаа зам мөрөө удирдуулан заалгаж

Ази тивийн олон ардын намууд лугаа

Ах дүүгийн холбоог үүсгэн байгуулав

Улаан тугийн сүр жавхланг дэгдээж

Урагш нэгэнт зориглон дайран ормогц

Урвасан бялдууч нарыг бүрнээ

     сүрдүүлэв” гэсэн шүлгийг энд онцолъё.

-Олон нийтэд хүргэсэн болон хүрээгүй жүжгийн зохиолууд байдаг талаар та дурдсан. Тэдгээрт Монголын эх орончдын дүрийг тод томруунаар дүрсэлсэн нь ямар бүтээл вэ?

-Их зохиолч С.Буяннэмэх театрын урлаг, түүний утга зохиолын үндэс болох жүжгийн зохиолыг үүсгэн хөгжүүлэхийн төлөө хувьсгалын анхны өдрөөс эхлэн өөрийн авьяас бэлгээ зориулсан. Түүний бичсэн 1922-1937 оныг хүртэлх олдсон 22 жүжгээс 11 нь хэвлэгдэж нийтийн хүртээл болсон, бусад жүжиг нь төлөвлөгөө байдлаар эсвэл эхний гурван бүлэг нь ч юм уу олдсон байдаг. Өөрөөр хэлбэл, дуусгаагүйгээр олдсон байдаг гэсэн үг.

Монголын эх орончдын дүрийг тод томруунаар дүрсэлсэн бүтээлүүд бий. Жүжгийн шинэ зохиолын анхны бүтээл бол С.Буяннэмэхийн “Сандо амбан буюу Ойрхи цагийн товч түүх”. Энэ нь харийн түрэмгийлэгчдийн эсрэг улс үндэстний тусгаар тогтнолын төлөө тэмцэл, хөдөлмөрчин ардын эрх чөлөөний хувьсгалд дэвшсэн түүхэн үйл явдлын халуун мөрөөр бичсэн зохиол юм. Хувьсгалын бэлтгэл үеийн бодит байдлыг зөв тусгаж, түүхт хүмүүсийн үнэн үйл явдлаас үндэслэн бичсэн. Мөн Сүхбаатар жанжны тухай “Дайснаа дарсан Сүхбаатар”, “Ардын долоон баатар”, “Долоон сайн эр” жүжгүүдийг туурвисан байдаг.

-“Монголын үнэн” сонины түүх энэ эрхэм хүмүүнтэй салшгүй холбоотой. Хувьсгалт хэвлэл өнгө төрхөө олоход  түүний хичээл зүтгэл үлэмж их байсныг онцлон дурдах нь зүйтэй болов уу?

-Ардын намын Төв хорооны шийдвэрээр 1921 оны гуравдугаар сарын 25-нд С.Буяннэмэхийг Эрхүү хот дахь Коминтерний Дорнод хэлтсийн нарийн бичгийн дарга нарын газарт МАН-ын төлөөлөгчөөр томилсон. Их зохиолч С.Буяннэмэх Эрхүүд Б.Шумяцкий болон бусад монгол нөхдийн хамт МАН-аас “Түмэнд тунхаглан зарлах бичиг”,  “Монголын үнэн” сониныг эрхэлж анхны зургаан дугаарыг гаргалцаж байсан билээ. 1921 оны долдугаар сарын 1-нд “МАН-ын Эрхүү хотноо суугаа төлөөний хүн Буянхүү(Буяннэмэх) нарын бичиг” нэртэй ухуулах хуудас барлагдан гарч байсан нь одоо манай улсын архивын сан хөмрөгт хадгалагдаж байдаг.

Зохиолч С.Буяннэмэх “Ардын үндэсний эрх” сонины 1937 оны нэгдүгээр сарын 1-ний дугаарт Монголын хувьсгалт хэвлэл анх үүссэн тухай бичихдээ “Зөвлөлийн Засагт Холбоот улс нь бидний Монголд зэр зэвсэг, эд хөрөнгөөр туслаад зогссон бус хамгийн түрүүчийн манай хэвлэлд халуун тусламж үзүүлсэн явдлыг үл дурсан өнгөрүүлж яахан болох билээ. Арваннэгдүгээр он болох анхны тэр нэгэн өдөр Ардын Хувьсгалт Намаас өөрийн төлөөлөгчийг илгээж, Эрхүү хотноо бүхий коминтерний нэрийн өмнөөс хамгийн анхны “Монголын үнэн” сониныг гаргаж билээ” хэмээн хэлсэн.

-2012 онд байгуулсан  “Төгөлдөр Буяннэмэх” ТББ-аас багагүй ажил зохион байгуулж байна. Онцлон хэлэхэд түүний мэндэлсний 120 жилийн ойгоор судлал шүүмж чиглэлд ихэд анхаарсан нь олзуурхууштай байлаа?

-“Төгөлдөр Буяннэмэх” сан нь 2012 онд Алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн өвийг судлах, Монголын нийгэм, уран сайхны сэтгэлгээнд оруулсан үнэт хувь нэмрийг тодруулах, өсвөр залуу үе болон уншигч, судлаачдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулагдсан.

Бид 120 жилийнх нь ойд зориулж олон ажил зохион байгуулсан. Тэдгээрийн заримаас дурдвал, Дундговь айм­гийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эсээ, зохион бичлэгийн уралдаан, их сургуулийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурлын уралдаан, СУИС-ийн Театр, урлагийн сур­гуультай хамтран зохиолчийн есөн жүжгийн зохиолоор “Дүрийн үүц” ном болон шилдэг жүжиг, киноны шилдэг зохиолын улсын уралдаан гээд ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 120 жилийн ойгоор судлал шүүмж талын номуудыг гаргасан. “Буяннэмэхийн голомтын дөл”, “Сономбалжирын Буян­нэмэх (1902-1937)” ном зүйн ном, “Суу билигт зохиолч Сономбалжирын Буянэмэх” намтарчилсан найраглал, “С.Буяннэмэхийн туурвилын уран сайхан”, “Олонд хайрлагдах онцгой тавилан” дурсамж дуртгалын но­муудыг тус тус гарсан.

-“Олонд хайрлагдсан онцгой тавилан” ном болон баримтат киноны зургийг авах явцад цаашид хийх олон ажил илэрхий болсон байх. Тухайлбал, их зохиолчийн дүрийг авч үлдсэн баримт олдох боломж байгааг та лавтайяа мэдсэн биз?

-“Олонд хайрлагдах онцгой тавилан” номыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Х.Зандраабайдий агсан хянан нягталж миний бие эмхэтгэн гаргасан. Тус номд Улсын алдарт гавьяат зохиолч С.Буяннэмэхийн хэлсэн үг, тодорхойлолт, түүний тухай мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч байсан эрдэмтэн, зохиолч, судлаач, театрын жүжигчид, хожмын үеийн эрдэмтэн судлаачдын дүгнэсэн дүгнэлт, нотолгоо, дурсамж багтсан байдаг юм.

Одоогоор бидэнд зохиолчийн дүрс бичлэг олдоогүй байна. “Монгол хүү” кинонд байсан дүрсийг нь 1929 онд тайрчихсан. ОХУ-ын Санкт-Петербургийн архивт “Монгол хүү” кино бүрэн эхээрээ байдаг гэсэн. Боломж олдвол тийшээ хүн явуулж нягтлуулах санаа байна. МАН-ын хоёр, гурав, дөрөвдүгээр их, бүгд хурлын бүгдийнх нь илтгэлийг С.Буяннэмэх бэлтгэсэн байгаа юм. Тэр бүү хэл  хоёрдугаар Их хурлын илтгэлийг С.Буяннэмэх өөрөө тавьсан. Намын гуравдугаар Их хурал бол “Индэрийн хурал” гэж нэрлэгддэг нөгөө айхавтар хурал нь шүү дээ. Тэгэхэд С.Буяннэмэх тэнд үг хэлсэн байгаа юм. 1923 онд Д.Сүхбаатарыг нас барахад С.Буяннэмэх МХЗЭ-ийг төлөөлж гашуудлын үг хэлсэн. Энэ мэт үйл явдлын дүрс олдох магадлалтай, мөн бид судалсаар байгаа.

-Дорнын тооллоор шинэ оны эхэнд нэгэн бүтээл мэндэлсэн нь С.Буяннэмэх судлалтай холбоотой байж таарлаа. Хэвлэгдээд удаагүй байгаа уг номынхоо талаар та тодруулж болох уу?

-“С.Буяннэмэх судлал ба эрин цаг” эрдэм шинжилгээний эмхэтгэл ном нь их зохиолч С.Буяннэмэхийн 120 жилийн ойд зориулж Улаанбаатар хотод 2023 оны нэгдүгээр сард хийсэн эрдэм шинжилгээний хурал болон Дундговь аймагт болсон хурлын илтгэлийг эмхэтгэн оруулснаараа онцлогтой.

Илтгэлүүдийн утга агуулгаас харахад их зохиолч С.Буяннэмэхийн бүтээлийн ур чадварыг задлан тайлбарласан, ололт амжилтыг бататган тодорхойлсон, улс төр нийгмийн зүтгэлтэн болох талаас нь шинэ баримт материалуудыг “С.Буяннэмэх судлал”-д нэмэн оруулж ирсэн ач холбогдолтой ном болсон.

-Ярилцлагын сүүлд Буяннэмэх судлаачийн хувьд хийхээр төлөвлөж байгаа ажлуудаасаа танилцуулна уу?

-Миний бие шинэ он гарснаас хойш багагүй ажил хийхээр төлөвлөөд байна. “С.Буяннэмэх” маркийг “Монгол шуудан” ХХК-тай хамтран эхний хагас жилд бүтээнэ. Түүнчлэн “Сономбалжирын Буяннэмэх” III ботийг хэвлэхэд бэлэн болоод байна. Мөн их зохиолч С.Буяннэмэхийн хүүхдийн зохиол, шүлэг яруу найраг, нийтлэл тэмдэглэл, туужаар тус тусад нь ном болгон хэвлүүлж, уншигчдын гарт хүргэхээр  ажиллаж байна. Утга зохиолын онолч, шүүмж судлаачдын дунд нэрэмжит уралдаан зохион байгуулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 9 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 14 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22