Монголын сонгодог урлагийн сод төлөөлөгч У.Бат-Эрдэнийн нэрэмжит “World Ballet and Dance Grand Prix Mongolia” олон улсын уралдаан Улаанбаатар хотноо ирэх сарын 22-29-нд болно. Тэрбээр энэхүү нэр хүндтэй уралдааныг эх орондоо зохион байгуулах болсноор балетын урлагаар шимтэн хичээллэдэг монгол оюутан, сурагч, залуу бүжигчдэд том боломж олгож буй юм. Уралдааны тэргүүн шүүгчээр ОХУ-ын Ардын жүжигчин Вячеслав Гордеев ажиллана. Нэгэн цагт Зөвлөлтийн сонгодог урлагийн бэлгэ тэмдэг байсан В.Гордеевийн тухай уншигчдадаа танилцуулж байна. Их театрын домог болсон энэ агуу бүжигчин өнгөрсөн онд 75 насны, удирдаж буй “Русский балет” театрын 40 жилийн ойг тэмдэглэсэн. Урлагаас хөндий гэр бүлд төрж өссөн ч балетын сургалтаараа тэргүүлдэг Москвагийн хореографийн сургуулийг төгсжээ. Тамирчин болох зорилготой 10 настай хүү Галина Улановаг “Хунт нуурт” бүжиглэхийг хараад хүсэл мөрөөдлөө өөрчилжээ. Хувь заяаныхаа эзэн байхаар хатуу шийдэн Суворовын сургуульд бус "Улаан Октябрь" сонирхогчийн бүжгийн студид элссэн байна.
Ингээд 12 насандаа Москвагийн хореографийн сургуульд шалгалт өгч, 200 гаруй хүүхэдтэй өрсөлдөн Петр Пестовын ангид тэнцжээ. Төрөлхийн зөрүүд зантай, бараг бүх спортоор хичээллэдэг өв тэгш бие бялдартай тэрбээр ямар ч ачаалалд бэлэн байлаа. Хичээлээ тараад 21:00 цаг хүртэл бэлтгэл хийнэ. Шаргуу суралцсаар сургуулиа төгсөөд Зөвлөлтийн бүжигчдийн мөрөөдлийн театрт ажилд оров. Их театрт 1968 онд ирээд бүтээсэн анхны дүр нь "Щелкунчик" балетын алиалагч байв. Пируэт болон үсрэлтүүдийг төвөггүй гүйцэтгэхийг анзаарсан үзэгчид “Шинэ од мэндэллээ” гэж өөр зуураа үнэлж байлаа. Түүнийг ирэхэд Их театрт Юрий Григоровичийн эрин дуусаагүй байв. Оросын сонгодог балетын "Алтан үе"-ийнхнээс Гордеев жүжиглэх чадвараараа ялгарна. Их театрт 20 жил гоцлоочоор ажиллахдаа уран бүтээлчийн хувь заяанд ховор тохиолддог олон дүрийг бүтээсэн азтай нэгэн. Москвагийн олон улсын балетын тэмцээнд 1972 онд түрүүлснээр цаг үеийнхээ шилдэг бүжигчин Надежда Павловатай хослов. Энэ мөчөөс тэдний алдарт дуэт эхэлсэн. Арван жилийн хугацаанд тэд Зөвлөлтийн ард түмний хамгийн хайртай бүжигчин, алдартай хосууд болжээ. Мөн “Гордеев-Павлова” гэсэн хэллэг дэлхийн балетын түүхэнд тод үлдсэн юм. Алдар нэрийнхээ оргил үед Гордеев, Павлова нар барууны орнуудад аялан тоглосон. Гаднын томоохон агентлагууд тэдэнд ЗХУ-ыг орхих санал тавьж, эд баялаг, алдар нэрийг амлаж байв. Эцэг эх бас театраасаа холдохыг хүсээгүй Вячеслав тэр бүх саналаас татгалзсан гэдэг. Энэ тухай хожим дурсахдаа “Америкчуудын амласан усан сантай байшин, олон мянган ам.долларын цалинд “нүдээ өгсөн” бол миний карьер тэс өөр тийшээ хазайх байсныг үгүйсгэхгүй. Зөвлөлтийн бүжигчдээс баруунд үлдээд алдаж, замхарсан түүх бий” гэжээ. Их театрын тэргүүн гоцлоочоор 1968-1989 онд бүжиглэсэн. Энэ хугацаанд 1976 онд ЗХУ-ын Гавьяат жүжигчин, 1982 онд ЗХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн юм. Түүний Их театрт бүтээсэн сүүлчийн гол дүр “Хунт нуур”-ын ханхүү байлаа. 1995-1997 онд Их театрын балетын уран сайхны удирдагч, “Русский балет” театрын удирдагч байсан юм.
“Русский балет” театрын урын санд 2021 онд тод нээлт боллоо. Вячеслав Гордеев “Дон Кихот” балетыг шинэчилж, бүжгийн техникт нарийн төвөгтэй хөдөлгөөн нэмжээ. Хувийн амьдрал нь ч мэдрэмжээр нь хөглөгдөн хөвөрнө. 19 настайдаа учирсан анхны хайр нь Москвад солилцоогоор ирсэн Италийн балетын бүжигчин бүсгүй байв. Тэдний харилцаа үргэлжлээгүй юм. Их театрт хослон бүжиглэж байсан Надежда Павловатай гэрлэн 10 гаруй жил хамт амьдарчээ. Хожим нь хамтын уран бүтээлдээ анхаарч, гэр бүлээ цуцлуулсан Гордеев “Уран бүтээлийн хамтрагчид гэр бүл зохиох хэрэггүй” хэмээн шавь нартаа сургах болсон. “Гордеев-Павлова” нарын салалт Зөвлөлтийн урлагийн бэлгэ тэмдгийг устгасан мэт олны шүүмжлэлд өртжээ. Их театрын хөгжмийн удирдаач Майя Саидоватай дахин гэрлэж, хоёр хүүхэдтэй болоод салжээ. Тэрбээр 26 насаар дүү, төгөлдөр хуурч Оксана Золотареватай гэрлэсэн нь шар хэвлэлүүдийг шуугиулсан. Гордеев 2007 онд Москва мужийн Боловсрол, соёл, спорт, залуучууд, аялал жуулчлалын хорооны орлогч дарга, Думын гишүүнээр ажиллажээ. Түүний сонгодог урлагт оруулсан хувь нэмрийг үнэлэн 2006 онд Аугаа Петрийн одонгоор шагнасан байна.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан У.Бат-Эрдэнэ, ЗХУ-ын Ардын жүжигчин В.Гордеев, ОХУ-ын Гавьяат жүжигчин, хамтрагч Марина Богдановагийн хамт. Мехикод аялан тоглолтын үеэр, 1994 oн.
В.Гордеев: Ганцхан хүн чадна, тэр нь орос биш монгол
В.Гордеевийн хараанд өртсөн монгол бүжигчин бол У.Бат-Эрдэнэ. Тэр бол монголчуудын сайн танихгүй, харин оросуудын дунд цахиур хагалж, шилдгүүдийнх нь тоонд багтаж, Их театрын тайзыг эзэгнэж явсан уран бүтээлч. Бүжигчний гараагаа Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхлүүлж Москвагийн Их театр, “Русский балет” театрын тэргүүн гоцлоочоор ажиллажээ. Карьерынхаа оргил үед буюу 1988 онд ОХУ-ын Перм хотод болсон “Арабеск” тэмцээнд үзэгчдийн нэрэмжит шагнал, 1989 онд Токио хотод болсон Ази, Номхон далайн орнуудын тэмцээний гуравдугаар байр, 1989 онд Москва хотод болсон олон улсын балетын VI тэмцээнд “Орчин үеийн бүжгийн шилдэг бүжигчин”, 1992 онд Варна хотод болсон олон улсын балетын А зэрэглэлийн тэмцээнд “Finalist Diplom”-ын эзэн болжээ. Ингэхдээ Их театрын сонгодог балет, Кремлийн ордонд зохион байгуулсан гала тоглолтуудад гоцолж, “Русский балет” театртай хамтран 40 гаруй улсаар аялан тоглолт хийсэн юм.
Өдгөө тэрбээр Нью-Йоркийн балетын академид багш, ЮНЕСКО-гийн харьяа “World Ballet Grand Prix” байгууллагын уран сайхны удирдагчаар ажиллаж байна. Гордеев түүний тухай “ Бат-Эрдэнийг ЗХУ-ын балетын шилдгүүдийг бэлтгэсэн Пермийн хореографийн сургуулийн оюутан байхад анх харсан юм. Энэ сургууль өдгөө ч мэргэжлийн өндөр статусаа хадгалсаар байна. Туранхай ч өв тэгш биетэй хүү балетын нарийн төвөгтэй эргэлтийг ямар динамикаар гүйцэтгэж байгааг сонирхов. Хүний байгалийн шинж чанар үсрэлт, зарим хөдөлгөөнийг гүйцэтгэхэд саад болдог. Гэтэл Пермиэс тодорсон Бат орос бүжигчдийг сайжруулах хөшүүрэг болсон юм. Их театрын бүжигчдийн бардамналыг бут ниргэсэн, амбицтай монгол залуу “Бүхнээс хурдан, бүгдээс өндөрт, илүү хүчтэй” гэсэн олимпын зарчмаар жигүүрлэж байв. Уран бүтээлээр “цангасан” тэрбээр балетын бүжигчдийн уран сайхны түвшнийг хөгжүүлэхэд тусалсан. Тэр үед “Манай театрт шинэ од, жинхэнэ солист гарч ирлээ” гэж Их театрын уран сайхны удирдагчийн хувьд баярласан ч балетын бүжигчний хувьд өөрийгөө илүү дайчлахад хүргэсэн. Би угаасаа бүжигчдэдээ бууж өгөхийг хүсдэггүй. Балетад хамтрагч, өрсөлдөгчөө эргэлтийн тоогоор ялдаг. Бат ялагч байсныг хүлээн зөвшөөрнө. Оросын сонгодог балетын үнэлж баршгүй агуу их мастеруудыг залуучууд залгамжилдаг. Тэд балетыг цаашид авч явах үүрэгтэй. Бид Батыг ажилдаа нухацтай хандаж байгаад сэтгэл хангалуун байлаа. Тэрбээр өглөөний бэлтгэлийг нэг ч удаа алгасаагүй. Би “Русский балет” театрыг удирдаж байхад Бат зургаан жил хамтран ажилласан. Манай театр чансаатай, өндөр зэрэглэлийн бүжигчидтэй, дэлхийн хэмжээний театруудаар аялан тоглодог байв. Өнөөдөр Бат мэргэжлийн байгууллагуудад хичээл зааж, балетын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд сууж байна. Түүний мэргэжлийн ур чадварыг хаана ч өндрөөр үнэлж, эрэлттэй мэргэжилтэн болжээ. Бат Америкийн балетын элитүүдийн нэг болсныг бардам хэлнэ” хэмээжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна