​ Ч.Чинбат: Аавынхаа авч байсан шагналыг хүртсэн нь “Ач гавьяаг нь хариулж байна уу даа” гэх бодолд хөтлөгдсөн



Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбаттай ярилцлаа. Сонгодог урлагийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг чадвараа дайчлан, хойч үеийг сурган хүмүүжүүлж, авьяас чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан түүний энэ цагийн бодлоос хуваалцсанаа хүргэе. 

 

-Таван жилийн өмнө бид энэ танхимд уулзаж ярилцсанаас хойш багагүй зүйл өөрчлөгджээ. Тухайн үед тантай хамт байсан шавь тань театрын удирдаач болж Монгол Улсын консерваторийн оркестр бүл нэмснийг харлаа. Хамгийн онцлууштай нь таны энгэрт Ардын жүжигчний цол тэмдэг гялалзаж байна. Мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж, сонгодог урлагийн хөгжилд таны оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлсэнд баяр хүргэе. 

-Баярлалаа. Одоо ч сэтгэл хөдөлсөн хэвээр байна.

-Ардын жүжигчин болсны дараа хамгийн түрүүнд юу таны бодолд буусан бэ?

-Хүн хийсэн хөдөлмөрөө үнэлүүлэх үнэхээр сайхан. Тэр тусмаа аавынхаа авч байсан шагналыг хүртсэн нь “Ач гавьяаг нь хариулж байна уу даа” гэх бодолд хөтлөгдсөн.

 Аливаа шагнал тухайн хүний хамтран ажиллаж байгаа хамт олноос ихээхэн шалтгаалдаг. Тиймээс ч Ардын жүжигчин болсны дараа хамт олондоо маш их баярласан. Бас оюутан сурагчдадаа талархахгүй байхын аргагүй юм. Өнгөрсөн хугацаанд оюутнуудаа уран бүтээлч болгох гэж хичээсний үр дүн надад урам зориг болон эргэн ирлээ. Намайг Ардын жүжигчин болоход гэр бүлийнхэн, ах дүү нар маань маш их баярласан. Мөн энэ шагналыг надад хүртээсэн нь олон түмний сайхан сэтгэл, үзэгч түмний маань надад өгч байгаа урам зориг гэж хүлээж авлаа. Мэдээж ямар ч шагнал ардаа маш том хариуцлага дагуулдаг. Ялангуяа уран бүтээлчдийн хувьд маш том итгэл найдвар хүлээлгэж байгаа хэрэг юм. 

-Монгол Улсын консерваторийн гурван үеийн төлөөлөл таныг аавын тань бүтээлээр угтахыг хараад огшиж байлаа. Тэр тусмаа таныг бүчсэн түмэн олон дунд балчир хүүхдүүд хүртэл алга ташин мэндчилэхийг хараад сэтгэл тань үнэхээр их хөдөлсөн байх?
-Монгол Улсын консер­ваторийнхон маань хэлэх гэсэн баярын үгээ хөгжмөөр илэрхийлж, заал дүүрэн хүн, оюутан сурагч багтаж ядан угтахыг хараад сэтгэл маш их хөдөлсөн.


-Та сүүлийн жилүүдэд мэр­гэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх ажилд түлхүү анхаарсан. Тэр дундаа удирдаачдыг бэлтгэхэд анхаарч шавь нарын тань түрүүчээс тайзнаа дохиж эхлээд байна?
-Би одоо удирдаачаар тав, зургаан оюутан сургаж байна. Өмнө нь төгсгөсөн оюутнууд маань маш сайн явж байгаа. Тухайлбал, Үндэсний урлагийн их театрын удирдаачаар Э.Мөнхбаяр ажиллаж байна. Ваншигдорж гээд Өвөрмонголын сайн удирдаач бий. Арай төгсөөгүй, эрдмийн цол зэрэг хамгаалах гээд тун завгүй явна. УДБЭТ-ын удирдаач Т.Юндэн байна. Тэр Новосибирскт тэтгэлгээр сурахаар явсан, энэ жил буцаж ирнэ. Дуурийн удирдаачаар дагнан суралцаж байгаад нь би их олзуурхаж байгаа юм. Мөн Б.Эрхэмбаяр маань “Улаанбаатар” театрын удирдаач болсон. Шавь маань намайг Ардын жүжигчин болсон өдөр “Алтангадас” одонгоор шагнуулсан гээд бэлтгэсэн шавь нар маань сайн явж байгаа. 

Хөгжимчдөө хүндэтгэн харилцаж бай. Хүнийг хүндэлж байж чи хүндлүүлнэ

-Хэн дуртай нь удирдаач болдоггүй. Мэдрэмж, мэдлэг, туршлага гээд олон зүйл огтлолцож байж мэргэжлийн уран бүтээл төрдөг. Гэтэл та ийм ярвигтай ажлыг олон жил шантралгүй хийлээ. Өөрийн эрхгүй яагаад гэж асуумаар санагдах юм?
-Эд маань бүгд Монгол Улсын консерваторийн бүтээгдэхүүн. Тэднийг сурах явцад нь оркестрт дохиулж удирдаачийн ажилд дурлуулсан. Багадаа тав, зургаан жил оркестртой ажиллаж байж удирдаач болж байгаа юм шүү дээ. Үүгээрээ маш онцлогтой. Одоо надад Итгэлтөгс гээд 12 дугаар ангийн сурагч байна. Тэр Рахманиновын төгөлдөр хуурын концерт, “Уран хас” балет зэрэг олон бүтээлд дохисон. Энэ оюутан маань цаашид удирдаачаар суралцана. Бас л нэлээд сайн удирдаач гарах болов уу гэж харж байна. Ер нь удирдаачийг багаас нь бэлтгэж гарыг нь тавьж өгөх хэрэгтэй байдаг. Дээд сургуульд орсных нь дараа бэлтгэнэ гэвэл цаг алддаг. Энэ бол миний баримталдаг зарчим. Дээр нь би оюутнууддаа хөгжимчидтэйгөө яаж харилцах ёстой талаар заадаг. Яагаад гэвэл, удирдаачийн хийх гэснийг хөгжимчид гүйцэтгэдэг. Тиймээс тэдэнд маш хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Аав маань надад “Хөгжимчдөө хүндэтгэн харилцаж бай. Хүнийг хүндэлж байж чи хүндлүүлнэ” гэж захидаг байсан. Хөгжимчдөө загнаж зандардаг удирдаач байдаг. Тэгэх шаардлагагүй. Аль болох хувьд нь хэлж байхыг би шавь нартаа захидаг. 

-Оркестр хөг аялгуугаар дутах эрсдэл тулгараад байгаа энэ үед мэргэжлийн уран бүтээлчийг дотооддоо чанартай бэлтгэж байгаа нь таны оруулж буй үнэтэй хувь нэмэр юм. Монгол Улсын консерваторийн дэргэд томоохон бүрэлдэхүүнтэй оркестртой болсныг бас дурдахгүй өнгөрч болохгүй?
-Би хийл тоглоогүй ч оркестроосоо холдоогүй. Өнгөрсөн хугацаанд консерватори маань олон дуурь тавьсан байна. Оркестр маань 120 хүний бүрэлдэхүүнтэй болж чадлаа. Бид “Уран хас”-ыг  энэ жил бүтнээр нь тоглож удирдаачаар нь Э.Мөнхбаяр ажилласан. Үндсэндээ Э.Мөнхбаяртаа өөрийнхөө ажлыг өгөөд одоо зөвлөн тусалж байна. Багш хүн авьяас чадалтай оюутнууддаа байр сууриа тавьж өгч байх ёстой гэж би боддог. Одоо тэд мэдсэн сурснаа гаргаж ажиллах цаг нь болсон. Уран бүтээлийн хувьд бид дэлхийн том соёлоос хоцорч болохгүй. 

Хүний  тархи толгойг цэнэглэе гэж байгаа бол дэлхийн соёлтой танилцуулж байх ёстой. Яагаад гэвэл манай ардын соёл монгол хүн бүрийн дотор хадгалаастай явж л байгаа. Цусанд нь бий. Гэтэл дэлхийн сонгодгийг бид тоглож нутагшуулах шаардлагатай. Түүгээрээ Монгол Улсын хөгжил хаана явна гэдгээ харуулна. 

-Таны сэтгэл их өег байгааг харлаа. Чухам яагаад гэдгийг тодруулж болох уу?
-Урлагийн хүн дандаа сайхан зүйлээр өөрийгөө хөглөж явдаг. Ард түмнийхээ алга ташилтаар ядаргаагаа тайлдаг. Дээхнэ үед сонгодог урлагийг үзүүлэхийн тулд баг хамт олон, албан байгууллагаар нь хамруулсан ажил зохион байгуулдаг байв. Одоо бол сонгодог урлагийг хүмүүс зорин ирж үздэг болсон. Зарим бүтээлийн тасалбар нь олдохгүй байна. Энэ бол ололт, миний сэтгэл өег яваа шалтгаан юм. Бид үзэгчдийн хүсэл зорилгыг биелүүлэхийн тулд одооноос хөгжимчин, дуучин, бүжигчин, циркийн жүжигчдээ бэлтгэх хэрэгтэй.  


-Консерватори илрээгүй авь­яастныг тодруулан мэр­гэшүүлдэг. Харамсалтай нь, ингэж цаг хугацаа зарцуулж бэлтгэсэн бүтээгдэхүүнээ гаднын байгууллагуудад алдчихаад байх юм. Тэднийг эх орондоо үлдээж авьяасыг нь тэтгэвэл үлдэх өгөөжийг юутай ч харьцуулшгүй юм даа? 
-Энэ бол багш бидний хувьд эмзэг асуудал. Яагаад гэвэл, бэлтгэсэн сайн хөгжимчдөө бүгдийг нь гадагшаа гаргаад туучихсан шүү дээ. Бидний бэлтгэсэн хөгжимчид гадаадын оркестрт концертмейстерээр ажиллаж байна. Европын томоохон оркестрт солист хийж байгаа хүн олон бий. Бид л хөгжимчдөө олж харахгүй байгаа болохоос биш бусад нь аль хэдийнэ олж хараад урьдаг. Тиймээс тэднийг үлдээх орон зай, ажлын байраар хангах шаардлагатай. Монголд Радио телевизийн дэргэдэх оркестр алга. Киноны дэргэдэх оркестргүй байна. Байгаа нь ердөө дуурь, филармони бас Дорнодын театр оркестртой. Тэгээд манай сургуулийн оркестр гээд үндсэндээ дөрөвхөн байгаагаас нэг нь сургалтын байгууллагынх гэсэн үг. Одоо бол мэргэжлийн хоёр байгууллага нуруугаа авч байна шүү дээ. Тиймээс Монголд гурав дахь томоохон оркестр шаардлагатай байна. Энэ асуудалд улсын бодлого зайлшгүй шаардлагатай юм. 

-Мэргэжлийн байгууллагад ганц байсан хөгжимчин нь амьдралын эрхээр ажлаасаа гарахыг харсан. Та ч энэ талаар гадарлаж байгаа болов уу?
-Хамгийн ойрын жишээ дуурь, филармони хоёр хоёулаа ганц ганцхан арптай. Тэр хоёр үгүй бол хөг дутна шүү дээ. Гэхдээ дандаа бас муу юм ярина гэж юу байхав. Дутагдах эрсдэлтэй байсан зарим хөгжмийн зэмсэг, хөгжимчнийг бэлтгэсэн. 

-Дутагдаж байгаа хөгжимчин байгаа юу?
-Дутагдах эрсдэлтэй хөгжимчид бий. Яагаад гэвэл бидний бэлтгэсэн хөгжимчид амьдралаа бодоод гадаад руу гараад явчихаж байна. Бидэнд тэднийг хорих арга байхгүй. Тэр хүн чинь уран бүтээл хийе, өсөж дэвжихийг бодох нь аргагүй. Тэгээд Орос, Хятад болон Европын орнууд руу гараад явчихаж байна. 

-Миний дараагийн асуултад та хөтөллөө. Хөгжил биднийг хүлээхгүй, тиймээс дагаж чадвал хамтдаа урагшлахыг хичээх ёстой гэдэгтэй та санал нийлэх үү?
-Биднийг Японд очиход яг энэ талаар ярьж байсан. Японд уран бүтээл хийх нөхцөл нь бүрэн дүүрэн байсан. Тэнд дэлхийд гайхагдахаар гоё театр байна. Гэвч тэнд ердөө л  долоо, наймхан хүн ажилладаг. Тэр үед тэд өөрсдийгөө манай улстай харьцуулан ярьж байсан. “Танайх өөрийн гэсэн дуучин, бүжигчин, оркестртой байна. Танайд уран бүтээл хийх нөхцөл цогцоороо байна” гэсэн. Тэд уран бүтээл хийхдээ энд тэндээс уран бүтээлчдийг цуглуулдаг. Үүнийг бид эхэндээ эдийн засгийн хувьд ашигтай гэж боддог байсан. Тэд үүнийгээ одоо буруу юм байна гэж бодож байна. Тэгэхээр манайх энэ талаараа уламжлалаа хадгалах ёстой юм шиг санагдсан. Бүр өндөр хэмжээнд авч явах ёстой. Манай дуурь, балетыг үзэх гэж гаднаас хүмүүс ирж байна. Энэ юундаа байна гэхээр, тэд Монголд сонгодог урлаг хөгжиж байна гэдгийг мэддэг. Тэгэхээр бид өөрсдийгөө голох биш, байгаагаа илүү сайжруулж хөгжүүлэх хэрэгтэй байна. 

Ном Бичих нь мэргэжлийн биш надад их л хүнд ажил юм

-Та удирдаач Э.Мөнхбаярт ажлаа өгч зөвлөн тусалж байна. Одоо хувийн уран бүтээлдээ анхаарал хандуулна биз дээ?
-Удирдаач болохоор суралцаж байгаа оюутнууддаа хичээл зааж байгаа хэвээрээ. Дээр нь би аавынхаа 90 насны ойд зориулан ном гаргасан. Одоо болохоор өөрийнхөө ажиллаж байсан үүх түүх, энэ сургуульд хамт ажиллаж байсан багш нар, хамт уран бүтээлд оролцож байсан уран бүтээлчдийнхээ хүрээнд зурагт ном бүтээж байна. Энэ номынхоо ажилд их хугацаа зарцуулах боллоо. Ном хийх нь мэргэжлийн биш надад их л хүнд ажил юм. Зургийг нь сайн нягталж, нэлээд нухаж сууж байна. 
Үүнээс гадна Хутаг-Өндөр рүү эхнэр бид хоёр зундаа гардаг. Тэндээ жижиг отогтой. Хонгор багт эхнэр бид хоёр нэг цэцэрлэг байгуулсан юм. Тэр цэцэрлэг маань 30-аад хүүхэдтэй. Олон түмний тусламжаар хүүхдийн цэцэрлэг байгуулсан. Жил болгон энэ цэцэрлэгээ өөд татах гэж бодох юм. Тэнд голдуу малчин, тариаланчдын хүүхдүүд сурдаг. Би багш болохоор хүүхдүүд маань ямар сурч байгаа бол, энэ цэцэрлэгт сураад сургуульд орсон хүүхдүүд хэр явж байна гэж ажиглах дуртай. Тэгээд тийм уралдаан тэмцээнд түрүүллээ гэхээр багш хүний хувьд их баярладаг юм даа. 

-Хөгжмийн зохиол бичих бодол  бий юү?
-Үнэндээ завгүй явсаар байгаад өдий хүрчээ. Зав, чөлөөтэй хөгжмийн зохиолчид шиг байсансан бол хөгжмийн зохиол бичих л байсан байх.  

-Тэгвэл одоо л танд уран бүтээл хийж, дотогшоо чимээлэх цаг гарч байна шүү дээ?
-Тийм ээ. Ядаж хийлийн чуулгад зориулан нэг зохиол бичих юмсан гэж боддог. Сараачиж л байгаа. Гаргасан хойноо л юу юм гэхээс биш одоо ч хэлэх аргагүй юм даа. Сургуулийн ажил их байсан. Би чинь энэ сургуулийнхаа сурагч, оюутан, нэгдлийн ахлагч, захирал нь гээд хийгээгүй ажил бараг байхгүй. Миний хувьд консерватори хоёр дахь гэр юм. Энэ л сургуульд хамаг залуу нас маань өнгөрчээ. Залуу байхад ноотон дээрээ их сууна. Их ч цээжилнэ. Их ганцаардмал цаг хугацаа өнгөрсөн шиг санагддаг. Дээрээс нь надад ноот олддоггүй нь их хэцүү байсан. Хөгжимчдөдөө тавьж өгөх ноот байхгүй учраас тухайн хөгжимчний тоглох хэсгийг хуулан бичиж өгдөг байлаа. Үүнд маш их цаг алддаг байсан. Үүний уршгаар хараа, сонсгол муутай болдог юм байна. Ер нь чих их хатуу болж байна. Тэглээ гээд хойш суухгүй. Өөрт хэрэгтэй юмыг хүн чимх чимхээр авч байх ёстой. Үүнээс хүн хөгждөг. Өөрт байхгүй зүйлээ бусдаас олж авч байх хэрэгтэй.  

-Ааваасаа үлгэр авч, нэрийг нь өндөрт өргөж явах хариуцлага танд бий. Энэ үүрэг хариуцлага одоо таны үйл хэргийг үргэлжлүүлж байгаа хүүхдүүдэд иржээ?

-Гэр бүлийн хариуцлага гэж их айхавтар том зүйл бий. Манай гэр бүлийнхэн “Жамьян өвөөгийнхөн” гэсэн фэйсбүүкийн групптэй. Бидний хэдэн ах дүүс “Уран хас”-ын 45 жилийн ойгоор цугласан. Тэгэхэд манай гэр бүлд урлагийнхан олон байсан. Түүгээрээ ч бид их бахархаж явдаг юм. Бидний үргэлжлэл одоо ч урлагийн салбартаа ажиллаж байна. 
-Ярилцсанд баярлалаа. 

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 10 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22