Монголын нутгаас олдсон, түүх соёлтой холбоотой үнэт өв, эд өлгийн зүйл, олдворуудыг хилийн чанадад хууль бусаар гаргасан тохиолдол олон байдаг. Тэдгээрийн заримаас эх оронд нь авчирсан сайхан үйл явдлаар мэдээллээ эхлүүлье. Энэ ажлыг Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлсэн бөгөөд палеонтологийн олдворуудыг авчраад удаагүй байгаа юм. 2013 оноос эхлэлтэй хоёр улсын хамтын ажиллагааны үр дүнд өнгөрсөн сарын 19-ний өдөр АНУ-д худалдагдах гэж байсан зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улсад буцаан авчраад байна. Энэхүү онцлох үйл явдлын хүрээнд зохион байгуулж буй “Welcome home” буюу “Гэртээ тавтай морил” тусгай үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Байгалийн түүхийн музейд дэлгэсэн үзэсгэлэнд дээрхээс гадна өнгөрсөн хугацаанд АНУ-аас хүлээн авсан олдворуудаас сорчлон олон нийтийн хүртээл болгож байна. “Гэртээ тавтай морил” үзэсгэлэнгийн нээлтэд Соёлын сайд Ч.Номин оролцож "Монгол Улс нь ЮНЕСКО-гийн 1970 оны “Соёлын үнэт зүйлсийн хууль бус экспорт, импорт түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенц”-ыг соёрхон баталж, үзэл санааг нь тууштай хэрэгжүүлдэг улсын хувьд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, сөрөг үр дагаврыг бууруулах чиглэлд ихээхэн хүчин чармайлт гарган дэлхийн улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Бид энэ удаа Монгол Улсын хилийг хууль бусаар давуулж АНУ-д худалдаалагдсан зургаан зүйлийн үлэг гүрвэлийн 16 чулуужсан олдворыг тээвэрлэн авчрах ажлыг зохион байгуулж, өмнө авчирсан олдворуудтай хамтатган “Welcome home” тусгай үзэсгэлэн гаргаж, та бүхэнд дэлгэн үзүүлэхэд бэлэн болоод байна. Энэхүү үзэсгэлэнд байгалийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой найман төрлийн үлэг гүрвэлийн 20 гаруй үзмэрийг дэглэн үзүүлж байна. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Монгол орны байгаль цаг уур, амьтны аймгийн хувьсал өөрчлөлтийн талаарх түүхтэй танилцаж шинэ мэдлэг олж авна гэдэгт итгэлтэй байна” гэв. Түүнчлэн тэрбээр “Соёлын үнэт зүйлсийн хууль бус эргэлт нь улс орны соёлын үнэт зүйлийн сан хөмрөгт ямар их хор хохирол учруулдаг болохыг ойлгуулж, энэ төрлийн гэмт хэргийг үл тэвчих үзэл санааг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай хамтран хууль бусаар хил давуулж, АНУ-д худалдаалагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг буцаан авах таван удаагийн арга хэмжээг зохион байгуулаад байна. Энэ ажлыг гүйцэтгэхэд АНУ-ын хууль сахиулах байгууллага, хоёр талын Элчин сайдын яам, Монгол Улсын төрийн захиргааны төв байгууллагууд, хууль сахиулах байгууллагууд, даатгал, тээврийн компани болон хоёр талын сайн санаат хүмүүсийн туслалцаа дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлж байна.
Миний бие үгийнхээ төгсгөлд нийт хүн төрөлхтний тусын тулд соёлын орон зайн үнэ цэнт байдлыг хүндэтгэн, соёлын өвийн эсрэг аливаа гэмт хэрэг зөрчлийг үл тэвчиж, ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд нэгдэхийг уриалж байна" хэмээн онцоллоо.
Энэхүү үзэсгэлэнд Монгол нутгаас олддог нэн ховор олдворууд болох Тарвозавр Батаар, Овираптор, Протоцератопс, Завролофус, Орнитомимозавр Пситтакозавр, Пахицефолозавр, Анкилозавр зэрэг найман төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворын толгойн яс, хэлхээ яс, хурдсанд хадгалаастай яс, дунд чөмөгний яс, сээр нурууны яс гэсэн хэлбэрээр үзүүлж байна. Олон нийт ялангуяа хүүхэд багачууд, залуус палеонтологийн олдворуудыг сонирхон зорин ирж буй нь харагдаж байлаа. Тэдний зарим нь музейн хөтөч тайлбарлагчаас олдворуудын талаар дэлгэрүүлэн асууж байв.
Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд уг үзэсгэлэнг зохион байгуулж байна. Цаашид Байгалийн түүхийн музей, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид хамтран эдгээр олдворыг судлах, сэргээн засварлах аж. Үүний зэрэгцээ боловсруулах, сурталчлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна