Талын язгууртнуудын дэлхийд бүтээсэн түүхийг Чингис хаан музей хүүрнэнэ


Сүлдэт баганын дэргэдэх

                 ширхэг энэ чулуунаас

Сүхбаатарын талбай хүртэл эх

                          орон минь бий...

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарчийн “Эх орны хилээс” шүлэг монгол хүний эх орноо хайрлах сэтгэлийг эрхгүй төрүүлдэг билээ. Үүн лүгээ талын язгууртан их өвгөд, үеэс үед цогцлоосон төрт улсын түүхээрээ омогшин бахархуулах Чингис хаан үндэсний музейгээс “Дугаарын сурвалжилга”-аа бэлтгэлээ. Чухам энд л Хүннүгийн үеэс Богд хаант Монгол Улс хүртэлх он тоололд багтах баримт, эх сурвалжуудыг хадгалан олон нийтэд таниулж буйгаараа онцлог. XX зууны дэлхийн археологийн шилдэг нээлт Ноён уулын булш, Түрэгийн хааны тахилын онгон, талын дайчид, хаад хатдын оршуулгаас илрүүлсэн үнэт олдворуудыг тус музей олон нийтэд дэлгэжээ. Эдгээр үзмэрийн 92 хувь нь эх үзмэр аж. Чингис хаан үндэсний музейн бүтээн байгуулалтыг энгийн иргэний нүдээр харахад шавар зуурч, тоосго өрсөн гурван жил байв. Энэ хугацаанд эрдэмтэн, судлаачид түүхийн үнэнийг эрж, хайж, цуглуулж байсныг, үнэмлэхүй хөдөлмөр өрнөж байсныг үүнээс харж болно. ЮНЕСКО-гийн судалгаагаар дэлхийн улс орнуудын музей, соёлын үйлчилгээний газруудын  13 хувь нь цар тахлын үед санхүүгийн алдагдал хүлээн, үүдээ бүрмөсөн барьжээ.

Харин монголчууд цар тахлын хямрал дунд бүтээн байгуулж чадсан нь энэ юм. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын тууриас олдсон барилгын баганын чимэглэл, их хааны элчийн алтан гэрэгэг бэлгэдсэн хаалга гээд үүднээсээ л түүх өгүүлнэ. Хана, туурга, хаалга, цонх, багана гээд гадаад үзэмждээ үндэсний хээ угалз, тамганы бэлгэдлийг шингээсэн учир тус музейн барилгыг уран барилгад тооцож болно.


Цэлгэр танхимуудын өгүүлэх түүх болгон адилгүй

Чингис хаан үндэсний музейн Боловсрол, олон нийтийн харилцаа, маркетингийн хэлтсийн тайлбарлагч Б.Оюунсайтар бидэнд үнэт үзмэрүүдээ тайлбарласан юм. Музей “Монголын эртний төрт улсууд”, “Монголын их эзэнт улс, түүний бүрэлдэхүүн улсууд”, “XV-ХХ зууны үеийн Монголын хаад язгууртнууд”, “Дэлхий дахин ба монголчууд”, “Их хааны хүндэтгэлийн өргөө” зэрэг байнгын үзүүллэгийн зургаан танхим, түр үзэсгэлэнгийн хоёр танхимтай. Цэлгэр том танхимууд өөр өөрийн гэсэн утга агуулгатай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн захиалгаар Чингис хааны залуу үеийн төрхийг бүтэн биеэр нь зурсан уран зураг уг музейн хаалгаар оронгуут таныг угтана. Түүний өмнө зургаа авахуулах боломжтой. Их эзэн хаанаараа овоглосон музейн тайлбарт аялал угтах үйлчилгээний хэсгээс эхлэв. Музейд ирсэн хүн бүр “Монголын эртний төрт улсын танхим”-д зочилсноор түүхийн жимээр хийх аялал эхэлнэ. Хүннү бол бидний өвөг дээдэс, Монголын анхны төрт улс гэж омогшдог өнөө цагийнханд торгоны замыг захирч, хот балгад бүтээсэн хүннүгийн түүхийг мэдүүштэй, судлууштай болов уу. Тэр цагт алтнаас үнэтэй торгоор хувцас урлаж, Ром, Гректэй худалдааны харилцаатай, хөрш Хан улстай Энх ургийн гэрээ байгуулж явсан хүннүгийн язгууртнуудын эдлэл хэрэглэл, чимэглэл, урлаг, Сянбийн үед хамаарах Айрагийн гозгорын дурсгалууд, Жужаны хаант улсын хадны оршуулга, монгол хэлний анхны дурсгал Хүйс толгойн бичээс, Мандухай сэцэн хатны үеийн аяга, монгол шатар, Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулиар урласан 1000 бурхан, Монгол ноёдын захидал бичиг, Манж гүнжийн эдлэл хэрэгсэл бий.  “Дэлхий дахин ба монголчууд: Монгол бахархлын танхим”-ын хаалгаар ормогц морин дэл дээрээс нум сумны хүчээр монголчууд дэлхийг байлдан дагуулсныг санууллаа.


Дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурь, бахархлыг харуулна. Энд монголчуудын хэрэглэж байсан 2000 сум, дуулга, хуяг, Японы эзэн хааны ордон дахь Хубилай хааны дайны зураг, монгол хаадын захидлын хуулбар, Хархорум хотын дурсгалууд, Монголын хаадын зоос, ЮНЕСКО-д бүртгэгдсэн өвийн видео, бичиг үсгийн дурсгалууд, Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд, Ногоон дара эх, монгол язгууртны өргөө зэргийг багтаажээ. Танхимаас оньсон хаалгаар гарна. Энэ нь монголчууд өдгөө дэлхийг оюуны чадавхаараа дахин дагуулна гэсэн санааг бэлгэджээ. Тайлбарлагч Б.Оюунсайтар “Манай музей Монгол Улсын соёлын байгууллагуудын сор үзмэрийг дээжилснээрээ онцлог. Дэлхийн музейнүүдээс дутахааргүй, орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг бүх насныханд зориулсан боловсрол, соёл, амралтын орчинтой. Өнөө цагийн монголчууд өвөг дээдсийнхээ хэрэглэж явсан алт, мөнгөн эдлэлүүдийг хараад биширдэг бол гадаадынхан бидний тэр бүр анзаардаггүй бичиг, соёлын дурсгалуудыг үзээд уулга алддаг. Шашин ондоо хүмүүст Өндөр гэгээний урласан бурхад, бурхны шашны өвүүд сонирхолтой санагддаг. Өдгөөгөөс мянганы тэртээ Монгол нутагт 100 гаруй мянган оршин суугчтай хот байсан гэхээр жуулчид мэл гайхдаг. Учир нь, тэр үед ийм хэмжээний хүн амтай хот дэлхийд гарын арван хуруунд багтам байсан. Тиймээс би үзэгчдэд Чингис хаан үндэсний музейг хоёр удаа үзэхийг зөвлөдөг. Эхний удаа тайлбарлагчтай, дараа нь тайлбарлагчгүйгээр үзмэр бүрийг анхааралтай үзэх хэрэгтэй” гэж ярилаа. Ийн хоёр мянганы түүхийг хоёр цагт багтаасан аялал дуусахтай зэрэгцэн гадаадын жуулчид ирж, англи хэлээр хөтөч хийх шаардлагатай болсон тул Б.Оюунсайтар бидэнд амжилт хүсээд, ээлжит тайлбартаа явлаа. Үүнээс үзвэл Чингис хаан үндэсний музейг зорих олны хөл татардаггүй, тайлбарлагч нар ч завгүй ажилладаг бололтой.


Үндэсний Дэвшилтэт музей

Орчин цагт байгуулагдсан болоод ч тэр үү Чингис хаан үндэсний музей дэвшилтэт технологи, зочдын ая тухыг хангасныг дурдах хэрэгтэй. Тухайлбал, үзмэр болгоны дэргэдэх QR кодыг ухаалаг утсаараа уншуулахад, тухайн үзмэрийн дэлгэрэнгүй мэдээлэл монгол, англи хэлээр гарч ирнэ. Онцлох үзмэрүүд AR аппликейшныг тэмдэглээтэй. “Chinggis khaan AR” апп-ыг суулгаад, тухайн үзмэрийг бүх өнцгөөс нь үзэж, шилэн хоргон дотор орсон мэт гайхалтай мэдрэмж авах боломжтой.  Чингис хаан үндэсний музей мягмар гарагт амарч, бусад өдөр ажилладаг. Өвөл 09:00-17:00, зун 09:00-20:00 цаг хүртэл нээлттэй. Тасалбар түгээгүүр үүнээс нэг цагийн өмнө хаадаг аж. 16 хүртэлх насны хүүхдүүд үнэгүй үздэг. Үзмэрийн танхимд гэрэл зураг дарах тусгай төлбөртэй байдаг. Зөвхөн тавдугаар давхарт зураг авахыг зөвшөөрсөн үнэ төлбөргүй тусгай бүс бий. Хэрвээ та энэ музейг үзэхээр шийдсэн бол үндэсний дээл, хувцсаараа гоёод очоорой. Өргөн зургаар харвал, Чингис хаан үндэсний музей бол олон талт соёлын төв юм. Хэтийн зорилго нь Чингис хаан судлалын олон улсын төв болох. Музей нийгмийг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үзмэр, сан хөмрөгөөс гадна боловсролын хөтөлбөр, мастеркласс сургалт, шинжлэх ухааны уран зөгнөлт болон баримтат кино, сонирхолтой лекц өрнөдөг “амьд” орчин болжээ. Энэ бол монгол угсаатны мандан бадралыг өгүүлсэн соёл, уран барилгын их бүтээн байгуулалт. Тиймээс түүхэн кино хийхээр төлөвлөсөн уран бүтээлчид эл музейд судалгааны аялал заавал хийгээрэй. Тэр үеийн хот суурингийн зохион байгуулалт, хувцас, эд өлгийн зүйлс тэр байтугай ямар бичиг хэрэглэж байсан зэрэг арвин мэдлэг хуримтлуулна. Версалийн ордон бол Францын сэргэн мандалт, Эрмитаж бол Оросын хаадын хүчирхэгжилт, Нью-Йоркийн Метрополитан бол АНУ-ын их түрлэгийн бэлгэ тэмдэг болдог. Уран барилга үзэл санаатай,  өвөрмөц сонин содон агуулгатай, зохиомжтой, ур хийц материалын өвөрмөц давтагдашгүй өнгө аястай уялдаж байдаг. Чингис хаан үндэсний музейн хамгийн дээд давхарт буюу шилэн орой дотор одоо ч бүтээн байгуулалт өрнөж байна. Их эзэн хааны алтадсан хөшөөг энд залж, ёслол хүндэтгэлийн өргөө болгож байна. Тус танхимын оройг монгол гэрийг бэлгэдсэн тоонын цамхраа, урд талаар нь эсгий туургатныг илтгэх цагаан туурга, дотор талд нь монгол хаад, язгууртны орд өргөөг төлөөлүүлж, загварыг нь гаргасан байна.


Үзүүллэгийн танхимаас гадна хана, талбайг үндэсний бахархал шингээсэн зураг, дүрслэлээр чимжээ. Бурхан Халдун уулын дөрвөн улирлын өнгө төрхийг харуулах бичлэг содон. Ингэж музейн дотоод үзмэр, үйлчилгээг илүү бүтээмжтэй, өндөр түвшинд бэлтгэхийн тулд жилийн дөрвөн улиралд Бурхан Халдунд очиж, дүрс бичлэг хийсэн байв. Иргэд, залуучууд, хойч үе түүхийн олон эх сурвалжтай өөрийн биеэр танилцаж, мэдээллээр бүрэн хангагдах нөхцөлийг хангажээ. Лигдэн хааны ордонд 400 жилийн өмнө эгшиглэж байсан, эртний хөгжмийн аялгуу энэ музейд эшиглэдэг. Тус музейн дэргэдэх “Хаан найрал” чуулга Монгол нутгаас олдсон, Чингис хаанаас эхлээд Лигдэн хутагт хүртэлх Монгол хаадын ордонд тоглож байсан 21 төрлийн 38 зэмсгээр эртний хөгжим тоглодог онцлогтой. 


Мөнх хааны зарлигаар Хархорум хотод эзэн хааны Түмэн-Амгалант ордон дотор 1254 онд бүтээсэн Мөнгөн мод тухайн үедээ хосгүй бүтээл байсан гэдэг. Уг модыг долоон метр өндөртэйгөөр сэргээн бүтээж, Чингис хаан музейд байрлуулаад байна. Монгол урчуудын түүхээ судалж, ухаанаа уралдуулж, ураа гаргаж бүтээсэн “Мөнгөн мод”-ыг тун удахгүй үзэгчдэд толилуулна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 7 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22