“Хурд” хамтлагийн гишүүн, Монгол Улсын Гавьяат жүжигчин, продюссер Д.Отгонбаяртай ярилцлаа.
-Тантай би өнөөдөр ямар нэг уран бүтээлийн талаар ярилцах гэж ирсэнгүй. Монгол улсын Засгийн газрын хийсэн олон ажлаас нэлээд хэл ам дагуулсан ажлын нэг Соёлын яамтай болсон явдал байлаа. Соёлын яамтай болох шаардлага рок, попынхонд байсан уу?
-Миний нэг санаа зовж явдаг зүйл Монгол Улсын Соёлын яам, соёлын бодлого байлаа. Соёлын яамыг 1990-ээд оны дунд үед ТТГ -тай хамт татан буулгасан. Тухайн үед би залуу халуун ч байж, нийгэм улс төрийн амьдралд анхаарал хандуулахаас илүү хамтлаг уран бүтээлдээ илүү анхаарал хандуулдаг байж. “Хурд” хамтлагийн уран бүтээл нийгмийн хүртээл болж, бид ч өдөр ирэх тусам хүрээллээ тэлээд ирэхээр уран бүтээлийнхээ үнэ цэнийг ойлгоод, нийгэмд юу өгч байгаа вэ гэдгээ бодож эхэлсэн. Мэдээж уран бүтээлийнхээ үнэ цэнийг бодохоор уран бүтээлчдийн эрх зүйн орчин ба соёл урлагийн бодлогыг хэн удирдах юм, яаж зангиддаг юм гэж өөрийн эрхгүй сонирхож, санаа зовж эхэлсэн.
-Энэ бүх зүйлийг бодлогоор зангиддаг тухайлсан яам байх атал байдаггүй?
-Яг тийм. Соёлын газар, хэлтэс, хороо ч бил үү нэг газар байсан. Соёл урлаг гэхээр зөвхөн дуу, хөгжим биш шүү дээ. Соёл урлагийн гэх бүх салбарыг хамруулаад өнгөрсөн цаг үеэс улбаатай биет болон биет бус өв соёл, ахуй, зан заншил одоо болон ирээдүйд шийдвэрлэж явах соёлын бодлого. Та бидний ярьж суугаа хүртэл соёлтой холбогдоно. Энэ асуудлууд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх л айл өрх, хүн амтай холбоотой юм. Үүнийг олж харж цогцоор нь шийдэж, бодлого боловсруулах яам хэрэгтэй биз дээ. Яамны боловсруулсан соёлын бодлого үндэстний хувьд дархлаа болох ёстой байлаа. Гэтэл соёлын бодлоггүй явж ирснээс болоод юу болов. Гаднын соёл чөлөөтэй нэвтэрсэн.
-Таныхаар гаднын ямар соёлууд нэвтэрсэн хэрэг вэ?
-Телевиз болгоноор гарах олон ангит киног хар, гудамжид гараад нийтийн хоолны гуанз ресторануудын хаяг шошгыг хар. Хамгийн наад захын жишээ. Бид чинь үндэстнээрээ шахам англи хэлтэй болохоор хийрхэж ч үзлээ шүү дээ. Өөрийн гэсэн онцлогтой ахуйн соёл хөдөөд л дөнгөж амьтай төдий оршиж байгаа гэвэл маргах хүн олдохгүй биз. Гэтэл улс үндэстнүүд бие биеэ соёлын бодлого буюу зөөлөн хүчний бодлогоор эзлэх чимээгүй өрсөлдөөнд аль хэдийнэ орчихсон. Гэхдээ ийм бодлого эрт урьдын үед ч байсан л стратеги. Монголын эзэнт гүрний үед ташуу захтай дээл моодонд орж тухайн үеийн эзлэгдсэн орны залуус дурлан өмсөж байсан гэдэг шүү. Өөрөөр хэлбэл, соёлоор дамжуулан эдийн засгийн ашиг сонирхлоо тухайн улс оронд өсгөх сонирхолтой цаашилбал тусгаар тогтнолын ч асуудал яригдана. Ийм олон талт бодлогыг бусад улс боловсруулаад эхэлжээ.
-Та Соёлын яам зайлшгүй хэрэгтэй юм байна гэдгийг хэзээнээс ярьж, энэ талаар төр засгийн түвшинд ярьж эхэлсэн бэ?
-Одоогийн Ерөнхийлөгч Ерөнхий сайд байх үед буюу 2018 онд урлагийнхныг цуглахыг урьдаг юм байна. Дуурь бүжгийн эрдмийн театрт яах гэж цуглуулж байгаа талаар ямар ч ойлголтгүй хэдэн хүн цугларлаа. Ерөнхий сайд урлагийнхантай “Соёл урлагт юу болохгүй байна, та бүхэнд юу дутагдаж байна” гэх мэт асуудал хөндөж ярилцсан. Тэнд байгууллага бүр, хувь уран бүтээлчид өөрт тулгарсан зовлон бэрхшээлээ ярьж л байлаа. Тэр уулзалт дээр би “Энэ урлагийн байгууллага, хувь хүмүүсийн тоочиж байгаа зовлон бэрхшээл, асуудлууд бол өнөөдрийн гол ярилцах сэдэв биш ээ. Дээврийн хар цаас, тоглолтын хувцас солих, цалин нэмэх зэрэг наад захын хэрэг. Та Монгол Улсыг Соёлын яамтай болгож өгөөч. Соёл урлаг гэдэг Монгол Улсын нүүр царай юм аа. Уул уурхай биднийг монгол чигээр нь авч үлдэх нэг номерын салбар биш. Даяаршил дунд бидний дархлааг тээж үлдэх ондоошил соёл урлагт л бий. Үүнийг бодлого шийдвэр болгодог газар нь Соёлын яам юм аа. Бидэнд Соёлын яам байгуулж өгөөч” гэдэг санал тавьсан. Уулзалтад оролцсон хүмүүс маш зөв зүйтэй санал гэж халуун дотноор хүлээж авч байсан. Тухайн үеийн Засгийн газар ч Соёлын яамтай болох ёстой гэдэг чиглэлээр судалгаа хийж урлагийнхны санаа бодлыг сонсож эхэлсэн үе байж таарсан. Уулзалтад оролцсон хоёр талын сонирхол нэг зүйлд огтлолцсон байгаа биз. Ингээд “Хурд” хамтлаг Соёлын яамтай болгож өгвөл чөтгөртэй ч нөхөрлөж дэмжээд, дуу хоолой нь болж ард түмэндээ ойлгуулаад явахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Энэ нь ганц манай хамтлагийнхны хүсэл биш Монголын урлагийн байгууллагуудын нийт ажилчин, ажилтан, уран бүтээлчийн хүсэл байлаа. Ерөнхий сайд маань ч бидэнд Соёлын яамтай болгож өгнө гэж амласнаар бид сэтгэл тэнэгэр уулзалтаа өндөрлөж билээ.
-Соёл урлагийг зугаа цэнгэл төдийхнөөр авч үздэг хүмүүс байдаг. Үнэнээ хэлэхэд би ч хүртэл таны ярианаас соёл урлагийн талаар дутуу дулимагхан дүгнэлттэй байснаа олж мэдэж байна. Соёлын яамтай болохыг эсэргүүцэгчид, над шиг л дутуу дүгнэлттэй нөхөд байсан байх даа?
-Соёлын яам байгуулагдахад наадамд анх удаа явах гэж буй залуу хүү шиг л догдлолтой байв шүү. За ашгүй бид Соёлын яамтай боллоо. Хэн нэгэн дахиад нураагаад сүйтгээд хаячихгүй байгаасай, өв соёлоо бүү устгаасай билээ л гэж залбирч байсан. Соёл урлагийн салбарийнхан бүгд тийм бодолтой байсан биз. Гэтэл дараа нь юу болж эхэллээ. “Энэ Соёлын яамаар яадаг юм бэ, төсвийн үрэлгэн зардал. Яг ямар учиртай юм бэ” гэх мэтчилэн эсэргүүцэгчид гарч эхэлсэн. Араас нь “No Naadam” гэх мэт хөдөлгөөн гарч Монголын өв соёл руу довтлоод л Монголыг өөрчлөх гээд байна шүү дээ. Би тэр хөдөлгөөний эсрэг байна гэдгээ шууд л хэлсэн. Энэ цагаан сар, наадам үндэсний их баярууд бидний Монгол гэдгийн оношилгоо юм. Энэ баярууд Монгол гэдэг үндэстэн хэдэн зуу магадгүй хэдэн мянган жил оршин байхын баталгаа, дархлаа. Морь уралдаж, бөх барилдахыг харахдаа учир нь биш. Үүний чинь ард маш том соёлын өв хамгаалагдаж байгаа. Энэ хамгаалалтыг бататгахын тулд Соёлын яам байх ёстой. Соёл, Боловсролын яамд нь Монгол Улсын хамгийн тэргүүнд эрэмбэлэгдэх учиртай салбар. Эрүүл мэнд, соёл, боловсрол. Төр үүнд хэнийг ч халдаах ёсгүй. Түүнээс гадна энэ гурван яамны хүрээнд гаргасан бодлого хөдөлшгүй байх нь зөв. Хэн нэгэн сайд гарч ирээд өөрийн дураар өөрчилдөг бодлого байж болохгүй. Нам харгалзахгүйгээр голч бодлогоо бариад, дархан амгалан аваад явдаг, Монгол гэдэг ганцхан эрх ашигт үйлчилдэг болмоор байна. Төрийн залгамж халаа гэдэг үгийг энд л ашиглах ёстой. Соёл, боловсрол бол бидний дотоод хил хязгаар юм.
-Соёлын яамтай болсноор соёл урлагийнханд, та бүхний уран бүтээлд ямар нэгэн өөрчлөлт оров уу?
-Хамгийн энгийн жишээ хэлэхэд бид Өвөрмонголд очиж тоглолт хийхэд албан бичиг хэрэг болдог. "Хурд" хамтлагийг тодорхойлоод өгөх Соёлын яамтай болсон. Албан бичгийг нь гаргаад, бодлогын хэмжээнд дэмжээд өгнө. Ингэхээр Соёлын яам бодлогоор дэмждэг газар түүнээс мөнгө тараадаг газар биш л дээ. Яах вэ гаргасан бодлогын хүрээнд мөнгө санхүүгээр дэмжих салбар байна. Уран бүтээл, соёлын бодлогыг нь сайжруулах зорилгоор. Хамгийн гол нь Монгол Улсын иргэн би соёлын хүрээнд яамны бодлогоор дэмжүүлж байна гэдэг сэтгэлд хамгийн эерэг урам. Энэ мэтчилэн яривал та бид хоёрын яриа өнөөдөр дуусахгүй ч байж мэднэ. Эцэст нь хэлэхэд орчин үед нийгэм улс төрийн амьдрал, спортын наадмууд гадаад харилцаа гээд урлаггүйгээр болдог арга хэмжээ нэг ч байхгүй. Дандаа урлаг, соёл энтертаймэнттай явж байна. Тэгэхээр Соёлын яамтай болсон нь зөвхөн Д.Отгонбаяр гэдэг хүний, "Хурд" хамтлагийн цаашлаад урлаг соёлынхны том хожоо биш нийт монголчуудын том хожил юм шүү.
-Сүүлийн үед гарсан нийгмийн шуугианууд уран бүтээлчдийг сэрээж оюуны өмчийн талаарх маргаан, хэлэлцүүлэг рүү татаад оруулчихав бололтой?
-Би нийтдээ 30 гаран жил уран бүтээл хийж байна. Надад ажиглагдсан зүйлс гэвэл нэгдүгээрт "Оюуны өмч гэдэг зүйл элгээрээ хэвтсэн". Оюуны өмчийг хамгаалах газар, дуу бүтээгчдийн холбоо зэрэг байгууллага жаахан дутуу дулимаг хууль эрхзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан. Гэхдээ л “Хурд” хамтлагийн уран бүтээл ямар ч үнэлгээгүй хаа нэг газар хэрэглээнд ороод явж л байгаа. Монголын ард түмэн, тэр ч бүү хэл монгол хэлт хэн бүхэн дуулдаг. Би үүн дээр л анхаарал хандуулж ярья. Энэ ганцхан "Хурд"-ын асуудал биш. Ард түмнээрээ ярих ёстой. Бурхан минь энэ соёлын хуулийг монгол ахуй, хэв маяг, өв соёлд зохируулан хэлэлцүүлж уран бүтээлч, зохиогч, зохиолчид зориулан өв соёлоо хамгаалдаг байхаар, уран бүтээлчдийн хөдөлмөр, оюуны өмчийг зах зээлийн эргэлтэд оруулж яг зөв хүнийх нь хэтэвчинд унтаад сэрэхэд 10 төгрөг орж байдгаар баталж өгөөч. "Хурд" хамтлаг гэхэд л уран бүтээлийнхээ борлуулалтаас нэг ч төгрөг авч үзээгүй. Гэтэл компаниуд бидний уран бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулчихсан зах зээлээс мөнгө босгоод сууж байна. Энэ мөнгө хаагуур яваад байгааг бид мэдэхгүй. Магадгүй тодорхой эрх ашигт үйлчилж байгааг үгүйсгэх аргагүй. Гэтэл кино бүтээгчид хэдэн жил дээр доороо орж үзэлцсээр байгаад киноны хууль батлуулаад авлаа. Үүн шиг том амжилт гэж хаа байх вэ. Одоо кино бүтээгчид 10 гаруй тэрбум төгрөг гаргаад монгол кино, контент хийсэн найруулагч, уран бүтээлчдээ дэмжээд олон улстай харилцаад эхэллээ. Хувь хүн яваад тэр оло○н улсын кино наадамд тэнцэнэ гэдэг хэцүү. Ахиад л үүн дээр бид бодлоготой байж, төртэйгөө нэгдэж, хуультай болж байж урлаг соёлоо дэлхийд гаргана.
-“Хурд” хамтлаг үүссэн цагаасаа өдий хүртэл 30 гаруй тоглолт хийсэн юм байна. Түүн дотор гуравдугаар сард тоглолт түлхүү хийжээ. Саяхан Эх орончдын өдөр болоод өнгөрлөө, одоо 18-нд Монгол цэргийн өдөр болно. “Эх орон”, “Цэргийн бодол” зэрэг супер хит дуунууд та бүхний уран бүтээлд байдаг. Танаас би “Эх орон” гэж юу юм бэ гэж бүр онцолж асуумаар санагддаг юм?
-Эх орон гэдэг том агуулга хэрнээ маш жижигхэн зүйлээс эхэлдэг. Та би эх орон. Та бид хоёрын хүүрнэн суугаа аялгуу сайхан хэл минь юм. Миний хуулиар хамгаалах ёстой гэж үглээд байгаа шавхагдашгүй далай мэт өв соёл минь юм. Бүр тодруулбал, эх орон гэдэг миний ээжийн алтан сав юм. Эх оронч гэхээр буу үүрч хил дээр зогсоод л, их бууны сумыг цээжээрээ хаагаад явдаг гэсэн үг биш. Мэдээж ингэж чадсан хүмүүс эх оронч мөн. Гэхдээ бидний амьдран суугаа энэ цаг мөч дайн тулаангүй эх орноо цээжээрээ хамгаалах үе биш. Эх оронч гэдэг орчин цагийн ойлголтоор өв соёлоо дээдэлдэг, өрлөг түүхээрээ бахархдаг, эх сайхан хэлээрээ энгүүн сайхан хүүрнэдэг, хуулиа дээдэлж төрөө хүндэлдэг ийм л иргэнийг хэлнэ. Бид хэний ч нутаг дээр очиж суугаагүй, хэний ч нутаг руу халдан довтолж эзлээгүй. Өрлөг түүхээ сандайлсан, өнө эртний үндэстэн. Бидэнд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг бий. Энэ бүгдийг зангидаад хэлэхэд эх оронч гэдэг монгол сэтгэл юм.
-Эх орон, эр цэргийн сэдэвтэй хэчнээн уран бүтээл туурвисан бол. Удахгүй эр цэргийн баяр боллоо, танай зарим дуу жагсаалын дуу болчихсон ч явдаг байх?
-Эх орон, эр цэргийн холбогдолтой уран бүтээл гэвэл нэг цомог гаргах хэмжээний бий шүү. Бид чинь цэвэр уран бүтээлчид болохоор ямар нэг компани шиг төлөвлөгөө гаргаад л энэ жил эр цэргийн холбогдолтой ийм дуу хийнэ гээд суухгүй шүү дээ. Цэвэр онгодоор. Тийм ч учраас "Хурд" хамтлаг 1992 оны намраас эхлэн цуурайтсан. Энэ цаг үе биднийг монголоороо байх, монголоороо гоёх, монголтойгоо адилхан байх, эх оронч сэтгэлтэй зөв хүн байхыг уриалан дуул гэсэн учраас дуулсаар байна хойшид ч дуулах болно.
-Ярилцсанд баярлалаа.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна