Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгын үүд хаалгыг тавдугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж, нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажилдаа оржээ. Тиймээс бид энэ удаагийнхаа сурвалжилгыг номын сангаас бэлтгэн хүргэж байна. Нүүлгэхтэй холбоотойгоор номын сангийн үйл ажиллагааг энэ сарын 1-ний өдрөөс түр хугацаагаар зогсоожээ. Хаалгаар нь орох төдийд ном, сонины үнэр сэнхийж, скочны чимээ сонстох нь тэр. Хонгилд “Үндэсний номын сан” гэсэн бичигтэй цаасан хайрцагтай номууд өрөөстэй байгаа нь нүүх ажилдаа шуурхайлан орж, номуудаа хайрцаглаж буйг илтгэж байлаа.
Тус номын сангийнхан дөрвөн жилийн өмнөөс бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөгөө, судалгаа хийж нүүлгэлтийн цогц төлөвлөгөө, нүүлгэн шилжүүлэх заавраа баталж, түүнийхээ дагуу ажлын есөн хэсэг байгуулан энэ сарын 18-ны байдлаар 380 мянга гаруй ном хайрцаглаж, тээвэрлэхэд бэлэн болгосон байна. Ном хайрцаглах, тээвэрлэх, шинэ танхимд байршуулах явцад учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хайрцаг болон тээвэрлэх контейнер бүрд температур хэмжигч байршуулж, хяналт тавих юм.
Шинэ салбар бүх насныханд зориулсан чөлөөт сонголттой уншлагын танхимуудтай байх учраас ихэвчлэн орчин үеийн буюу 534 мянган ном хэвлэл, сонин сэтгүүлийг шилжүүлэхээр төлөвлөсөн байна.
Олон улсын номын сангийн жишигт нийцүүлсэн, орчин үеийн шийдэлтэй 12 давхар, 9948 ам метр талбай бүхий тус номын санд эрүүл мэнд, боловсрол, нийгэм, байгалийн ухаан гэх мэтээр төрөлжүүлсэн 16 танхимыг бий болгожээ. Онцолбол, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, гэр бүлд зориулсан мөн хүмүүсийг бие даан хөгжүүлэх зориулалттай бүтээлч орон зай гэсэн танхим байлаа. Тус танхимд хүүхэд, залуучууд техник сэтгэлгээ, бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх, мэдээллийн технологийн төрөл бүрийн хичээл, сургалт зохион байгуулах боломжтой. Мөн хувцас дизайн, гар урлал, хаягдал цаасаар бүтээл хийх гэх мэт эко боловсрол, мэргэжлийн чиг хандлага олгох, бүтээлч сэтгэхүй хөгжүүлэх боломжтой аж. Чөлөөт сонголттой уншлагын танхимтай болсноор номын сангийн фондын эргэлт сайжрах, уншигдахгүй байсан ном уншилтад орох боломж бүрдэх юм байна.
Шинэ барилга үүд хаалгаа нээснээр номын сангийн суудлын тоо тав, танхим дөрөв дахин нэмэгдэхээс гадна үндсэн номын сангийн сан хөмрөгийн ачаалал багасах, ном, хэвлэмэл бүтээгдэхүүний соёлын бүтээлч үйлдвэрлэл болон үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, иргэд сурч хөгжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтдаа хөгжих боломж бүрэн дүүрэн бүрдэх аж.
Хуучин барилгыг баримтат өвийг хадгалах, сэргээн засварлах чиг үүргийн хүрээнд өргөжүүлнэ
Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиглалтад оруулснаар хуучин барилгыг нь ямар чиглэлээр хэрхэн ашиглах тухай асуудал олны анхаарлыг татаж буй. Тэгвэл Монгол Улсын Үндэсний номын сангийн барилга өөрөө соёлын өв, архитектурын дурсгалт барилгаар 2015 онд бүртгэгдсэн тул баримтат өвийг хадгалах, сэргээн засварлах, монгол судлал болон эрдэм шинжилгээ, судалгааны номын сангийн чиг үүргийн хүрээнд өргөжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ өмнөх шигээ уламжлалт болон цахим үйлчилгээ үзүүлэх бөгөөд хуучны ном судар, гар бичмэл, барын ном, бичиг үсгийн дурсгалыг хадгалан хамгаалах, архивын ном хэвлэлийн нэгдсэн сан хөмрөгийг бүрдүүлж, судлах, сурталчлах чиглэлд анхаарах аж. Номын сангийн тухай хуульд заасны дагуу тус номын сангийнхан цаасан суурьтай баримтат өвийг сэргээн засварлах лабораторитой болох зорилго тавин шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлыг зохион байгуулаад эхэлсэн байна.
Т.Баярлах: Чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэж байна
Монгол Улсын Үндэсний номын сангийн Ерөнхий номын санч Т.Баярлахтай цөөн хором ярилцлаа.
-Үндэсний номын сан шинэ салбартай болсноор ямар ахиц дэвшил гарах вэ?
-Үндэсний номын сангийн чиг үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Бид сан хөмрөгийг баяжуулах, уншигчдад мэдлэг, мэдээлэл олгох, уншлагын үйлчилгээ явуулах, соёл олон нийтийн ажил зохион байгуулах чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Мөн Номын сангийн тухай хуульд заасны дагуу бид улсын бүх төрлийн номын санг мэргэжил арга зүй, удирдлагаар хангах, мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага боловсруулдаг. Түүнчлэн Монгол Улсад хэвлэгдэн гарч буй ном, хэвлэлийн бүрэн бүртгэлийг хийх үүргийнхээ дагуу ном зүйн бүтээл гаргадгаараа онцлогтой.
-Номын сангийн үйл ажиллагаа өргөжиж байгаатай холбоотойгоор бүтэц зохион байгуулалтын хувьд ямар өөрчлөлт оруулж байна вэ?
-Шинэ салбартай болох гэж байгаатай холбоотойгоор номын сангийн хувьд маш их шинэчлэл хийж байна. Бүтэц зохион байгуулалтын тухайд үндсэн таван хэлтэс дээр мэдээллийн технологи, боловсрол олон нийттэй харилцах гэсэн хоёр алба шинээр нэмж байгуулахаар төлөвлөж байгаа. Номын сангийн үйл ажиллагааг хэдэн номтой, хэчнээн хүнд үйлчилж байгаагаар нь бус уншигч тухайн номын сангаас ямар мэдээлэл авч, ажил, амьдралдаа хэрэгжүүлж, хэрхэн эерэг өөрчлөлт гаргаж байна вэ гэдгээр нь хэмждэг болсон.
-Шинэ салбартай болох гэж байгаатай холбоотойгоор ном бүрдүүлэх ажлыг нэмэлтээр зохион байгуулсан уу?
-Жилд дунджаар 30 гаруй сая төгрөгөөр ном бүрдүүлдэг. Өнгөрсөн жил 3518 ширхэг ном, сонин хэвлэл шинээр авсан. Мөн хуульд заасны дагуу Монгол Улсын түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдолтой ном, хэвлэлийн гурав хүртэлх хувийг заавал авах ёстой. Тиймээс жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд буюу Дэлхийн ном зохиогчийн өдрөөр ном хандивлах арга хэмжээг зохион байгуулдаг. Бидний үйл ажиллагаа өргөжиж, хүртээмж нэмэгдэхийн зэрэгцээ чөлөөт сонголттой уншлагын танхимтай болж байгаа тул цаашид ном бүрдүүлэх төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай.
-Монгол Улс Цахим хөгжлийн яамтай болж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимтэй өрнүүлж байгаа. Танай номын сангийн хувьд энэ чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Номын сангийн мэдээлэл, үйлчилгээг цахимжуулахад нэлээд ач холбогдол өгч байгаа юм. Шинэ номын сангийн бүтээн байгуулалттай холбоотойгоор номын сангийн нэгдсэн цахим системийг шинээр нэвтрүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд цахим уншлагын танхим бий болгосон. Тиймээс уншигчид маань хаана байгаагаас үл хамаарч цахимаар бүртгэл үүсгэж, үйлчлүүлэх боломжтой болох юм. Мөн Үндэсний тогтмол хэвлэлийн нэгдсэн сан гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ингэснээр номын сангийн цахим хуудаст хандаж, 21 аймгийн эрхлэн гаргадаг сониныг унших боломжтой болсон. Ер нь бид олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажиллаж байна.
-Уншигчид шинэ салбараар үйлчлүүлэхийн тулд дахиж карт нээлгэх үү?
-Бүртгэлтэй үйлчлүүлэгчид маань дахиж карт нээлгэх шаардлагагүй. Харин шинээр уншигч болох хүмүүс маань журамд заасны дагуу иргэний үнэмлэх, нэг хувь цээж зураг, 6000 төгрөг, оюутны эсвэл ажлын газрын үнэмлэхтэйгээ аль ч салбарт хандаж, бүртгэл үүсгэх боломжтой. Одоогоор бүртгэлтэй байгаа 90 гаруй мянган хүнээс 4000 орчим нь байнгын уншигч буюу жил бүр картаа сунгуулдаг.
Үндэсний номын сангийн барилгыг 1951 онд барьж ашиглалтад оруулж байжээ. Тухайн үед 500 мянган номтой үйл ажиллагаа эхлүүлж байсан бол өдгөө ном, судрынх нь тоо 3.5 сая болж, долоо дахин, ачаалал нь 4-9 дахин нэмэгджээ. Тиймээс олон улсын жишигт нийцсэн шинэ номын сантай болох шийдвэрийг Засгийн газраас гаргаж, барилгын шавыг одоогоос 16 жилийн өмнө буюу 2008 онд тавьж, түүнээс хойш зургаан жилийн дараа барилгын ажлыг нь эхлүүлж байв. Тэгвэл олон жил гацсан, царцсан, удааширсан энэхүү барилгыг ашиглалтад оруулах зорилтыг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж, барилгын ажлыг эрчимжүүлснээр Үндэсний номын сангийн өргөтгөлийн барилга өдгөө ийнхүү ашиглалтад ороход бэлэн болж, номын сангийнхан нүүлгэлт болон шинэ зохион байгуулалтын нөр их ажлыг хийж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24590/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна