Манай цэнхэр гаргийн гадаргын 71 хувийг ус эзэлдэг. Хэдийгээр энэ тоо нэлээд их харагдаж байгаа ч нийт усны ердөө 2.5 хувь нь бидний хэрэглэж болох цэнгэг ус юм. Цэнгэг усны нөөцийн ихэнх хэсгийг өмнөд, хойд туйлын мөс цас, мөсөн голууд эзэлдэг учир байршил, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад түүний 31 хувийг л хүмүүс хэрэглэх боломжтой ажээ. Өнөөдөр дэлхий даяар хүний хэрэгцээнд зориулан 4600 гаруй шоо километр ус олборлож буйгаас 69 хувийг хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаанд, 19 хувийг аж үйлдвэрлэл, 12 орчим хувийг хотын хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглаж байна. Хүн амын хурдтай өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр усны хэрэглээ жил бүр эрчимтэй нэмэгдэж байна. Жишээ нь, 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 9.8 тэрбумд хүрч, усны хэрэглээ өнөөгийнхөөс даруй 20-30 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Хүн амын өсөлт аж үйлдвэржсэн орнуудад нэг хувиас доош байхад хөгжиж буй улсад хоёр хувь, Африк, Ази, Ойрхи Дорнодын зарим оронд гурван хувиас давж байна. Үүнээс үзэхэд дэлхийн хүн амын өсөлтийн 90 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад төвлөрөхөөр байгаа юм. Хотжилт эрчимтэй явагдсанаар цэвэр усны хүртээмжийн тэнцвэр алдагдаж, хүн ам болон цэвэр усны нөөцийн жигд биш тархалттай холбоотойгоор ойрын хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн олон улс оронд цэвэр усны нөөцийн хомстол нүүрлэх төлөвтэй байна. Дэлхийн хэмжээнд 1950 онд 10 саяас дээш хүн амтай цорын ганц хот нь Нью-Йорк байсан бол 2019 онд энэ тоо 45 болж, хотын хүн амын тоо 4.2 тэрбумд хүрээд байгаа бол 2050 он гэхэд дахин хоёр тэрбумаар нэмэгдэх төсөөлөл гарчээ. Дэлхий нийтийн туршлагаас харахад усны хомстол нь хоол хүнсний гачигдал, уснаас үүдсэн бүс нутгийн чанартай мөргөлдөөнүүд, эдийн засгийн өсөлт удаашрах, байгаль орчны доройтол зэрэг олон хямралын эх үүсвэр болж байдаг.
Монгол Улсын хувьд цэвэр усны нөөц, хүртээмж, хангамж ямар байдаг вэ. Монгол Улсын усны нийт нөөц 564.8 км куб. Үүнээс нуур, тойромд 500 км куб, гол, мөрний ус 34.6 км куб, мөнх цас, мөсөн хуримтлал 19.4 км куб, газрын доорх ус 10.8 км куб байна. Нийт усны нөөцийн 10.5 км куб усыг ашиглах боломжит нөөц гэж тооцдог. Ус ашиглалтын 90 орчим хувийг газрын доорх уснаас хангадаг бөгөөд энэ тоо өмнөх оны дүнгээс байнга өссөн үзүүлэлттэй байдаг. Манай орны хувьд усалгаатай газар тариалан нийт ус ашиглалтын 25 хувийг, мал аж ахуй 31 хувийг, уул уурхай 15 хувийг, унд ахуйн хэрэглээ 14 хувийг, эрчим хүч дулаан найман хувийг, үйлдвэр ахуйн үйлчилгээ долоон хувийг эзэлж байна. Монгол орны ундны усны чанарын судалгааг 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүрэг, төмөр замын дагуух 128 зөрлөг, суурин газрын гүний худаг, төвлөрсөн шугам сүлжээний 3582 цэгээс ерөнхий физик, хими, бичил элемент, цацрагийн аюулгүйн дээж шинжилгээ авч 88 үзүүлэлтээр тодорхойлсон байдаг. Шинжилгээний дүнгээс харахад 1367 сорьц нь эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын стандартыг хангахгүй нь тогтоогдсон. Сорьцын 62 хувь нь унданд шууд хэрэглэх боломжтой, дөрөв орчим хувь нь ундны усанд хэрэглэх боломжгүй, үлдсэн 34 хувь нь нэмэлт шүүлтүүр суурилуулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа унданд хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Гэтэл газар доорх гүний ус нь Монгол Улсын усны нийт нөөцийн тун бага хувийг эзэлдэг. Манай улсын нийт газар нутгийн 60 орчим хувь нь 1970-аад онд цэвэр усны нөөц цэвдэгтэй байсан бол одоогоор 20 гаруй хувь болж буурсан. Цэвдэг алаг цоог болсон нь онцгой анхаарах ёстой асуудал гэдгийг судлаачид анхааруулж байгаа юм. Монголчууд цэвэр усны нөөцөөрөө 145 орноос 22-т жагсдаг ч усыг хуримтлуулж, нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг.
Дэлхийн улс орнууд ойрын жилүүдэд цэвэр усны хүртээмжийг сайжруулах нь нэн тэргүүнд анхаарал тавих, шийдвэрлэх асуудал гэж үзээд байгаа юм. Энэ асуудлын нэг шийдэл нь хаягдал усыг боловсруулж эргүүлэн ашиглах явдал. Өөрөөр хэлбэл, унд, ахуйн хэрэглээнээс бусад хэрэгцээнд тодорхой хэмжээнд цэвэршүүлсэн хаягдал усыг ашиглаж, чанартай цэвэр усны эрэлтийг бууруулах замаар усны нөөцийг хэмнэх шийдлийг гаргаж 1970-аад оноос хаягдал усыг дахин ашиглаж эхэлсэн байдаг. Өнөөдөр дэлхийн олон орон унд, ахуйн хэрэглээнээс бусад усны хэрэгцээгээ саарал усаар хангах бодлого барьж байна. Хэдийгээр 1970-аад он гэж байгаа боловч соёлт хүн төрөлхтөн саарал усыг дахин ашиглах технологийг маш эртээс хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Хэдхэн жишээ өгүүлэхэд МЭӨ 3000 он Грекийн Крит хот-Минойны соёл иргэншлийн үед ахуйн хэрэглээний бохир усыг хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаанд ашиглаж байсан ба МЭ 97 он Италийн Ром хотын анхны усны зохицуулагчаар инженер Секст Юлий Фронтин томилогдож байжээ. Мөн 1500, 1700 онд Герман, Их Британид бохир ус зайлуулах системийг ашиглаж эхлэв. 1800-1850 он Франц, Англи, АНУ-Ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг Парист 1880 онд, Лондонд 1815 онд, Бостонд 1833 онд анх удаа хуульчлав. 1890 онд Мексик улс Мехико хот-ахуйн хэрэглээний бохир усыг хөдөө аж ахуй, газар тариалангийн ус дамжуулах хоолойг барив. Цэвэрлээгүй болон анхан шатны цэвэрлэгээ хийсэн усаар 90 орчим мянган га тариалангийн талбайг усалж байлаа гэж түүхийн шарласан хуудас өгүүлж байна.
Хүн төрөлхтөн усыг зөв зохистой хэрэглэх урт удаан түүхтэй атал бид ундны болон аж үйлдвэрийн хэрэгцээний 99 хувьд нь гүний цэвэр ус ашиглаж байна. Бохирдуулсны төлбөр төлдөггүй, усны тухай хуулийн зүйл заалтын хэрэгжилтийг хангадаггүй дураараа дургисан улс л байдаг бололтой. Бид энэ хүрээнд дүгнэлт хийж саарал усыг хэрэглээнд оруулах, цаашид усны төлбөрийг нэмэгдүүлэх замаар ус бага ашиглах, хуулийн зүйл заалтыг бүрэн хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх нь байгаль экологид эерэг өөрчлөлт авчрахаас гадна ирээдүйдээ хийсэн томоохон хөрөнгө оруулалт болох юм.
Одоогоос арав хүрэхгүй жилийн дараа гэхэд л Монгол Улсын усны хэрэгцээний 43 хувийг хангах боломжгүй болно гэсэн судалгаа гарчээ. Мэдээж энэ асуудалд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Гол хүчин зүйл нь цэвэр усны хяналтгүй, зохицуулалтгүй хэрэглээ. Цэвэр усны хэрэглээг багасгах хэд хэдэн арга байдгаас саарал ус дахин боловсруулах арга юм. Ундны усны хязгаарлагдмал нөөц, эдийн засгийн хэмнэлт зэргийг бодолцон саарал ус хамгийн ихээр хаягддаг, усны хэрэглээ ихтэй цахилгаан станц, зочид буудал, спортын ордон, бассейн, эмнэлэг, автомашин угаалгын гэх мэт газруудад ашиглалтын саарал усны систем нэвтрүүлэх нь үр дүнтэй шийдэл болно. Эдгээр газраас гарсан хаягдал саарал усны хэмжээ өдөрт дунджаар нэг хүн 55-100 литрт хэлбэлздэг ба саарал усыг дахин ашигласнаар ундны усны өдрийн хэрэглээний 50 хувийг хэмнэх боломжтой гэсэн судалгаа байна. Одоогийн байдлаар манай улс даяар өдөрт 329.862.456 литр усыг ашигладаг. Саарал усыг ашигласнаар энэ тоо хамгийн доод үзүүлэлтээр 54.522.720 литрээр буурна гэсэн тооцоо байна. Саарал ус ашиглах технологийг нэвтрүүлснээр оруулсан хөрөнгө оруулалт дөрвөөс 10 жилийн дотор эргэн нөхөгддөг гэнэ. Саарал усыг газар тариалан, уул уурхай, машин угаалгын газар зэрэгт ашиглаж болдог. Туул гол дагуу байрлах хайрга, дайрганы уурхайнууд хамгийн түрүүнд ийм системийг нэвтрүүлж болно. Үүнээс гадна цэвэр усны хэрэглээг хэмнэхэд хур тунадасны ус болон гадагшаа урсацтай голын усыг хуримтлуулах зэрэг нөөц бололцоог ашиглах боломжтой. Энэ талаар хийсэн эрдэмтдийн судалгаа цөөнгүй байдаг учраас нуршин өгүүлэх нь илүүц гээд хойш тавьж болох ч, цэнхэр алт болсон чандмань эрдэнээ хэмнэх ямар их боломж алдаж байгааг өгүүлэхийн тулд цөөхөн баримт дурдахад болохгүй юмгүй биз ээ. Монгол орны гол мөрний жилийн дундаж урсцын 60 хувь нь гадагш хил даван урсаж үлдэх хувь нь хөрсөнд нэвчиж, газрын доорх усыг тэжээх буюу говийн нууруудад цутгадаг байна. Үүнээс гадна Улаанбаатар хотын хэмжээнд жилд дунджаар нэг метр квадрат талбайд буух хур тунадасны хэмжээ 250 литр. Хэрвээ Туул голд хөв далан барьж хурын усыг цуглуулбал Улаанбаатар хотын хоёроос гурван жилийн хэрэглээг хангах усыг цуглуулах боломжтой ажээ. Энэ нь жилд 300 сая орчим метр куб ус хуримтлагдах боломжтой гэсэн үг гэнэ. Хэдэн жилийн өмнө саарал усаар цөөрөм бий болгож цахилгаан станц байгуулах тухай ч яриа явж байв.
Ташрамд Монгол Улс 2011 онд баталсан Усны тухай хуультай, 2015 онд баталсан саарал усны стандарттай. Усны тухай хуулийн 18.3-т “Цэвэрлэх байгууламж нь саарал усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах технологи бүхий тоног төхөөрөмжтэй байна” гэсэн ба 18.5-т “Үйлдвэрийн хэрэглээнээс гарсан бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжаар зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа татан зайлуулах шугам сүлжээнд нийлүүлэх, технологийн хэрэглээндээ эргүүлэн ашиглана” гэж хуульчилж өгсөн байдгийг сануулах хэрэг юун. Хууль, стандарт нь батлагдсан ч дэд бүтэц нь алга. Энэ бүхнийг дурдахын учир бид цэвэр усны нөөцөө ариглан хэмнэж, саарал усыг хэрэглээнд оруулж ахуйдаа ашиглах сэтгэл дутаад байгаа юм биш биз.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24590/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна