Үсрэнгүй хөгжиж буй Хятад орноор аялсан нь


Монгол Улс БНХАУ-тай дипломат  харилцаа  тогтоосны  70 жилийн  ойн хүрээнд  2019 оны  хавар  Өвөрмонголд 10 хоног аялсан  юм. 2000-гаад км  аялахдаа  БНХАУ  цөлжилтийг хэрхэн  сааруулж  буй, иргэдээ  ядуурлаас  гаргахын  тулд  ямар  зоримог  алхмуудыг  хийж   буй,  Өвөрмонголын  МАА, аялал  жуулчлалын  салбарын хөгжил, Ганцмод  боомт, Баяннуур,  Ухай хот, Алшаа  аймаг,  Хотон үндэстний өөртөө засах орны Нинся  буюу  Яргай  хоттой  танилцсан.  БНХАУ нь өдгөө  дэлхийн эдийн засгийн өсөлтийн  40 хувийг дангаар бүрдүүлж  буй бөгөөд  сүүлийн  30 жилд  700 сая  тариачныг  ядуу амьдралаас  чөлөөлж  чадсанаараа  дэлхийг  гайхшируулсан юм. 

Ганцмод  боомтын  сургуульд  монгол  хүүхдүүд  төлбөргүй  сурдаг 

Нийслэлээс  өглөө  эртлэн  хөдөлсөн  бид  үдийн  хойхно Даланзадгадад  ирэв.  Маргааш нь үүр шөнийн заагаар  давхисаар Цогтцэций сум, Оюутолгойг  дайран Гашуунсухайт, Ганцмод боомтод хүрэв.  Биднийг  Ганцмод боомтод   ӨМӨЗО-ы  Засгийн газрын  хэвлэл  мэдээллийн албаны  дарга  Үндэсбат, “Монгол Одон” телевизийн  сонин мэдээний  хэлтсийн  дарга  Чандмань нар тосон тус  боомтын “Цунлинь”  гэх  дунд сургуулийн үйл ажиллагааг танилцуулав.  Энэ сургууль  300-гаад  сурагчтай, тэдний 54 нь тус боомтод  амьдардаг  монголчуудын  хүүхэд  бөгөөд  бүс нутгийн  түншлэлийн  хүрээнд төлбөргүй сурдаг аж.  Аяллын  анхны  уулзалт “Ганцмод” суурины  малчин Эрдэнэхишигийнхээс  эхлэв.  Эрдэнэхишиг  2011 онд  “Говийн –Эрдэнэ”  тэмээний нийгэмлэгийг байгуулж  /энэ нь манайхаар  компани/  58 өрхийг  нийгэмлэгтээ  нэгтгэн  ашиг орлогоо  нэмэгдүүлэн  хоёр  ч удаа 1000 тэмээний  баяр зохион байгуулжээ. Жилдээ нэг удаа  Өмнөговь аймгийн тэмээчидтэй уулзаж  туршлагаа солилцдог аж.  БНХАУ цөлийн бүсэд  тэмээ маллаж  буй малчдад худаг гаргаж, усан сан тавьж өгөх, малын  тэжээл бэлтгэх, буцалтгүй мөнгөн  тусламж  өгөх  зэргээр ихэд  дэмждэг байна.  Өвөр  монголчуудын  говь цөлд тэмээ  маллах сонирхол нь  Засгийн бодлоготой нь ч нийцдэгийг  малчин Эрдэнэбилэг  хэлж байлаа.

 Элсэн цөлд  цагаан будаа тариалж байна

 Аяллын дараагийн  маршрут Баяннуур  хот байв.  Баяннуур нь  нэг  сая зургаан зуун наян мянган  хүн амтай,  65 мянган  хавтгай дөрвөлжин  км нутагтай , Хатан гол  дундуур нь урсдаг, тариалангийн  талбай  ихтэй, голынхоо  дагуу  13 мянган га  газрыг хамарсан  усалгааны системтэй.  Хот  нь жигд таруу байршилтай тул  багширсан олон хүн төвдөө бужигнахгүй. Хаашаа л харна,  ногоон байгууламж, тариалангийн талбай, хүлэмж, өнгө алагласан  цэцгүүд  нүд хужирлана.  Газар зүйн тогтолцоо, хөрсний бүтцээр манай говьтой  адилхан нөхцөлд газар тариалан эрхэлж   төрөл бүрийн  жимс, хүнсний  ногоо, эрдэнэ шиш тарьж  улаан буудай, гурилаа  экспортолж  байна. Эко парк байгуулж  нарны эрчим хүчийг ашиглан  хүлэмжийг  технологийн  дагуу хөгжүүлж  байна. Цөлийг ногооруулсны  нэг  нууц нь  хөрсөнд  нь  тохирсон  ургамлаар газраа бордож  услалтын системээ зөв байршуулж  чадсанд байгаа аж. 

 Бид Дэнкеү аж үйлдвэрийн цогцолбор, Бээжингийн  Рэньчуан  технологийн группийн  хамтран байгуулсан Цөлийн  цагаан  будааны байгууламжтай танилцсан юм. Цөлийг  өөрчлөх төслийн дагуу  үхрийн өтөг бууцыг  элстэй найруулж  газрыг  нь хужирлаг  болгодог аж. Цагаан будаагаа  таван сард тариалаад аравдугаар  сард хураадаг юм байна.

 Өвөрмонголд  эрчимжсэн  МАА-н  38 компани  бий

 Бидний  дараагийн  зочилсон газар бол  Баяннуур хотын  “Шү И” гэх компани.  Тус компани  нь  ангус, симменталь  үүлдрийн   мах,  сүүний чиглэлийн  5000  гаруй  үхэртэй. Түүнээс  махны чиглэлийн  3000 гаруй  үхрийг  амьдын  жин нь нэг  тонн хүрэхэд  зах зээлд  нийлүүлдэг. Эрчимжсэн  МАА-н  фермийн тулгамдсан асуудал бол тэжээл. Тиймээс  МАА-н  компани  бүр тариалан эрхэлж  өндөр ашиг шимтэй  бордоогоор  малынхаа  тэжээлийг бэлдэхийн  зэрэгцээ  малынхаа өтөг бууцыг  боловсруулж  бас тэжээл болгодог.  Тус  компани  2015 онд ISO 9001  чанарын стандартын гэрчилгээ авснаар  Бээжин, Шанхай,  Хөх хот, Тяньжин зэрэг хотыг  махаар  хангадаг болжээ. 

Өвөрмонголд ийм эрчимжсэн МАА-н 38 компани  ажиллаж дотоодын  мах сүүний хэрэгцээгээ  бүрэн  хангаж  байна. Мах бэлтгэх аргын манайхаас  ялгаатай нь тэнд  ченж байхгүй. Малаа  үйлдвэрт  тушаасан малчин  үйлдвэртэй  өдөртөө  л тооцоогоо  хийчихнэ, хүлээнэ, буцаана гэх ойлголт байхгүй, бас  тэр  өдөртөө  үйлдвэрийн хүндтэй зочин болно. Өөрөөр хэлбэл,  “Та  манайхаар дахин ирээрэй”  гэх урилга  аваад буцдаг байна. Мөн  Баяннуурт “Вэйшин”  хэмээх ноолуурын групп  бий.  Жилдээ  хоёр  сая гаруй ноолууран бүтээгдэхүүн  үйлдвэрлэж  10 гаруй оронд  экспортолдог,  БНХАУ-ын  үндэсний 10 шилдэг  компанийн нэг. Түүхий эдийнхээ 70 хувийг дотоодоос, 30 хувийг Монголын зах зээлээс  бэлддэг. Цагаан ямааны соргүй ноолуур  үндсэн  түүхий  эд  нь  бөгөөд  дэргэдээ ноолуур ангилах  лабораторитой.

 Чингисийн түүхтэй Ухай хот

 Ухай хот нь  Ордос,  Баяннуур, Алшаа аймагтай  хаяа залгадаг,  1754 хавтгай  дөрвөлжин  км нутагтай, 561 мянган хүн амтай. Сайн чанарын коксожсон нүүрсний ордтой, бас  химийн  аж  үйлдвэрүүдтэй.  Хот нь  төлөвлөлт  сайн, барилга  орон сууцнууд нь  таруу байршилтай, ихэд цэмцгэр. Ухай хотод  элсэн дээр  усан үзэм  тариалдаг  компаниуд нэлээд бий. Тарихын өмнө ус  дулааны  хэмийг  нь  жигд барихын тулд  талбайгаа  тойруулаад  битүү  мод тарьдаг гэнэ. Ийм усан үзэм нь  чихэрлэг, дарс  хийхэд  илүү  тохиромжтой   тул  Франц технологийн  дагуу дарсны үйлдвэрүүд  нэлээд байгуулагджээ. БНХАУ-ын   Засгийн газраас  Ухай хотыг “Уран бичлэгийн хот”,  “Хятадын чулуу  сонирхдог  хот” гэх  цолоор шагнасан гэнэ. Өөрөөр хэлбэл,  өв соёлыг эрхэмлэгч хот. 

Ухай нуураа  түшиглэн дөрвөн улирлын  аялал  жуулчлалыг  хөгжүүлж  байгаа.  Ухай хотод  Чингисийн  хөшөөтэй  88.9 м  өндөр  Гандир  уул бий.  Учир нь, Чингис хаан  дайлаар явж байхдаа энэ газар буудаллаж байсан  ба  бэлд нь  жуулчдыг  татах  олон бүтээн байгуулалт хийжээ. Тус   цогцолбор нь  дэлхийд  хамгийн томд тооцогдох  хэмжээтэй бөгөөд  цогцолборын  гурав, дөрөвдүгээр  давхарт  музей,  кино театр  бий. “2018 онд  гурван сая жуулчин   хүлээн авч долоон  сая юанийн  орлого олсон”  хэмээн хотын аялал жуулчлалын  газрын дарга нь  хэлж байлаа. Удахгүй  хөшөө рүү  очих  дүүжин шаттай болох  гэнэ. БНХАУ-ын  Засгийн  газраас  тус хотыг аялал  жуулчлалын  чиглэлээр  түлхүү  хөгжүүлэх  зорилт  тавьж  багагүй хөрөнгө оруулалт  хийж  байгаа нь илт байлаа.

Далай ламын төрсөн нутаг-Алшаа

 Алшаа бол Өвөрмонголдоо хамгийн том газар нутагтай ч  цөөн хүн амтай аймаг. Манай Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймагтай  хиллэдэг.   270 мянган  хавтгай дөрвөлжин  км нутагтай, 248 мянган  хүн амтай.  Аймгийн  төв нь  Баян хот. Зүүн, Баруун, Эзнээ гэсэн гурван  хошуутай.  Монголчууд  ихэвчлэн  Эзнээ болон  Зүүн хошуунд амьдардаг. Алшаа нь баруун талаараа  Шинжаан Уйгартай, өмнө талаараа  Хотонгийн  Өөртөө засах орон, Гансү мужтай,  зүүн талаараа  Баяннуур  болон Ордостой, хойд талаараа Монгол  Улстай  735 км газраар холбогддог. Зүүн болон өмнө талаараа  Алшаа  хэмээх  үргэлжилсэн сүрлэг уултай. Торгоны зам, Цайны зам энэ нутгаар дайрдаг  байжээ. 

Зургадугаар Далай лам  Санжаажамцын  төрсөн нутаг. Түүхэнд  Алшаагийн монголчуудын  түрүүч нь XIII-XVII  зуунд ирж  суурьшсан халх, ойрадууд, сүүл хэсэг нь 1920-1940-өөд онд нүүдэллэн ирсэн халхчууд гэж  үздэг байна. Алшаагийн  монголчууд цэвэр халх аялгатай, нөхөрсөг, илэн далангүй харилцаатай  нь  аргагүй л түүхийн  жимийг  санагдуулахаар...  Алшаад дэлхийн гурван  том цөлийн нэг  Бадайнжаран цөл, дэлхийн гурван том тооройн улиасны  нэг  Эзнээгийн ой, дэлхийн сансрын  гурван  том төвийн нэг “Дүнфэн” сансрын  хотхон, дэлхийн  хамгийн том автомашины  уралдааны “Авто Алшаа” гэх  газар байдгийг өвөрмонгол  нөхөд  маань  ярьсан ч  аяллын хугацаа  богино тул очиж үзэх  боломжгүй байлаа. Алшаагийн  ихэнх  нутаг нь цөл ч  хоёр  бөхт улаан тэмээ, цагаан ямаагаа өсгөж ноос ноолууран бүтээгдэхүүн хийж  Япон, Солонгост  экспортолдог  гэнэ. 

20 сая  гаруй ямаа, тэмээтэй ба  Хятадын бүх тэмээний  50 хувь нь Алшаад  бий. Алшаачууд  жилд  хоёр удаа  гоёогоо хурааж борлуулдаг бөгөөд энэ нь цөлжилтийг сааруулахад бага ч болов нэмэртэй гэж музейн тайлбарлагч хэлж байлаа.  Өвөр монголын бүх ашигт малтмалын нөөцийн 70 хувь нь  Алшаад бий. Алшаад  гадаадынхны  нүдийг  хужирладаг газар бол Хулангийн тал дахь монгол  гэр, нүүдэлчин монгол ахуйг харуулсан цогцолбор, Биет бус соёлын  өвийн музей, Цөлийн хачин чулууны музей зэрэг соёлын өвүүд юм. 

ӨвөрМонголын  бүтээн байгуулалтыг  түргэсгэх , ядуурлыг багасгахад анхаарч байна

 2017 оны арваннэгдүгээр сард  ӨМӨЗО-ы  Коммунист намын хорооны дөрөвдүгээр  бүгд хурлаас  “Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж  хөгжүүлэх, Өвөрмонголын бүтээн байгуулалтын явцыг түргэтгэх тухай” тогтоолыг гаргажээ. БНХАУ нь  баруун , баруун хойд хэсгээрээ хүн ам сийрэг, бүтээн байгуулалт багатай.  Харин Бээжин, Хөх хот,  Шанхай, Тяньжин, Ухань, Сичуань  зэрэг  хотууд нь  төвлөрөл ихтэй. Тиймээс хэт төвлөрлийг  сааруулахаар баруун бүсдээ томоохон  үйлдвэр, суурин, орон сууцнуудыг  бариад эхэлжээ. Гэхдээ Ухай, Алшаагийн  орон сууцнуудын  зарим  нь  шөнө оройдоо гэрэлгүй байсан  юм. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. 

БНХАУ-ын Засгийн газраас баруун, баруун  хойд бүс нутагт  амьдрах  иргэддээ орон сууц, дэд бүтцийг нь бэлдэж буй  нь тэр аж. Мөн  Алшаа руу төмөр зам тавихаар  барьж буй гэсэн. Хүн  амаа ядуурлаас  гаргахын  тулд  иргэдээ ажлын байртай болгох,  амьдрах  орчныг нь  сайжруулж  дэд  бүтцийг нь шийдэж өгөх,  нэг удаагийн буцалтгүй  мөнгөн  тэтгэлэг  олгож  эргэлтийн  хөрөнгөтэй  болгох  зэргээр  тулж  ажилладаг  байна.  Үүний дүнд  Өвөрмонголд  хот суурингийн  хүн амын нэг хүнд ногдох цэвэр орлого  жилд 35670 юань, хөдөө тосгоны хүн амын нэг хүнд ногдох цэвэр орлого нь  жилд  12584 юаньд  хүрчээ. 

Хотон үндэстний нутгаар...

 Аяллын  маань  маршрут  Хотон  үндэстний  өөртөө  засах орны нийслэл   Нинся  буюу Яргай  хот руу  хөтлөв. Хотон  үндэстэн  нь  хүн амын тоогоороо  БНХАУ-ын  54 үндэстэн  ястнаас  гуравт жагсдаг. БНХАУ-ын Засгийн газраас Хотон  үндэстний өөртөө засах  орны нийслэл Нинсяг  ядуурлаас  гаргах  20 жилийн хөтөлбөр боловсруулж  байгаль цаг уурын  хүнд  нөхцөлтэй, алслагдсан  бүс нутгийн хүн амыг гацаа тосгоноор  нь  нүүлгэн  шилжүүлж  суурин газруудад  суурьшуулж  амьдрах сууцаар ханган газар тариалан,  мал аж ахуй  эрхлэхэд нь  газар олгож  усан сан, худаг гарган өгч,  эргэлтийн хөрөнгө босгох  буцалтгүй  мөнгөн тэтгэмж  олгож  дэмжсэнээр ард түмний  амьдралын  чанар нь сайжирчээ. Манайхаас  ялгаатай нь  иргэдээ орлоготой, орлогогүй, барьцаатай, барьцаагүй, хөгшин залуу  гэх мэтээр  ялгаварладаггүй  байна. Тиймээс  иргэд нь улсынхаа  дэмжлэгийг  хөсөрдүүлэх, буруу зүйлд зарцуулах,  хулхидах  хандлага  гаргадаггүй. “Өдгөө Нинсяд үгээгүй ядуу иргэн  байхгүй, газар тариалан  эрхлэгчид сард  2000-2500 юанийн цалинтай болсон” хэмээн хотын удирдлага  нь хэлж байв.

 БНХАУ-ын  хүн амаа  ядуурлаас  гаргах  энэхүү  дорвитой алхам  нь зөвхөн  Нинсяд  төдийгүй бусад  хот суурин,  гацаа  тосгонд  ч  адил  хэрэгжиж  буй.  Мөн усан  үзмийн  тариаланг хөгжүүлж  дарсны үйлдвэрүүд байгуулан,  олон сая  иргэнийг  ажил орлоготой болгожээ.  Орсон бороо арилж  ирсэн гийчин буцдаг  болохоор  БНХАУ-д   аялсан 10 хоног  дуусаж нутаг буцах замдаа   Хятад  улсын  төрийн  мэргэн бодлогын  дүнд  улс орон  нь  дэлхийд тэргүүлэх гүрнүүдийн  зэрэгт хүртлээ хөгжиж  чадсаныг  биширч  явлаа.

 Баяннуур-Ухай-Алшаа-–Улаанбаатар 

Ж.Намжил

Монголын үнэн сонин №042/24523/


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 8 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 8 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 8 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 8 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 9 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр