Миланы загварын долоо хоногт Монгол Улсаа төлөөлж дизайнер Г.Ундрам амжилттай оролцоод ирлээ. “Монголоо” брэндийн үүсгэн байгуулагч түүний дэлхийн загварын төвийг зорихдоо урласан бүтээлүүд нь шилдгээр тодорч эзнээ алдаршуулав. Торгон мэдрэмжээр ур хийцээ илэрхийлэхдээ монгол үндэсний хувцасны түүх, өв соёлыг алдагдуулахгүй харин ч орчин үеийн хэв маягтай сүлэлдүүлсэн нь хэрэглэгчдийн сонголт хийх цагийг хэмнэсэн гэлтэй. Нүсэр деталиас илүү өдөр тутамдаа өмсөхөд хялбар бөгөөд чанартайгаар зохиомжилсон дизайнерын шийдэл зарим бүтээлд нь тод тусжээ. Миланы загварын долоо хоногийн сонин сайхнаас сонсохоор дизайнер Г.Ундрамтай уулзаж ярилцлаа.
-Анхны мэдрэмжээс тань эхэлж ярилцъя. Загварын ертөнцийн төвийг юутай зүйрлэмээр санагдсан бэ?
-Юуны түрүүнд “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ц.Одонгэрэл, топ модель О.Пүрэвдулам, шилдэг модель М.Наранмандах, Н.Ану, загварын гэрэл зурагчин Г.Ганбилэг болон миний бие Миланы загварын долоо хоногт амжилттай оролцоод ирлээ. Милан бол дэлхийн загварын хотуудын нэг. Бид Миланы хавар, зуны загварын долоо хоног эхлэх үеэр очсон учраас бүхий л зүйл нь сонирхолтой санагдсан. Тэгэхээр энэ хотод анх очсон сэтгэгдлээ товчхоноор илэрхийлэхэд хялбар биш байна. Загварын хотын гудамж талбайд энд тэндгүй үйл явдлууд өрнөж байхтай нь таарлаа. Мөн урин цагийг угтсан олон улсын загварын шоунд оролцсондоо туйлын их баяртай байна.
-Миланы төвд тусгайлан зураг авахуулж загваруудаа сурталчлан сонирхуулсан дизайнер Монголд тийм ч олон биш. Та энэ удаагийн олон улсын загварын шоунаас шагнал хүртсэнээс гадна монгол үндэсний хувцасны уламжлал, соёлыг танилцуулснаараа онцлогтой яваад иржээ?
-Баярлалаа. Милан бол өнгөрсөн соёлтойгоо орчин цагт алхан орж ирсэн загварын төв юм. Тэндхийн барилгуудын архитектур, өнгөрсөн зууны түүхийг өгүүлэх сүм, музейг хараад алмайрч бишрэхгүй байхын аргагүй. Бидэнд тийм газруудын нэг болох түүхийн дурсгалт музейн гудамжид загварын зургаа авахуулах боломж олдсон. Тэр гудамжид жуулчид олноор очдог. Миланы төв нь учраас тэндхийн иргэд төдийгүй жуулчид манай загваруудыг олноороо үзэж сонирхохын зэрэгцээ асуулт асууж байв.
-Өрнө, дорнын загварын салбарын онцлог, соёлын ялгааг та ажиглав уу?
-Би өмнө нь Америкт хүүхдэд зориулсан загваруудаа танилцуулж байсан. Мөн урд хөршийн хоёр хотод загварын шоугаа хийсэн. Үүнээс ажиглахад Азийн орнуудад тухайн брэндийг үзэмж талаас нь, энтертайнмент болгох тал руу нь илүү анхаардаг. Бас загварын шоунаас гадна өөр үзүүлбэртэй байхыг шаарддаг. Харин Европын загварын салбарын хандлага нь арай өөр. Дизайнерын онцлох бүтээл нь юу вэ гэдгийг чухалчилдаг. Тэнд моделиуд ерөнхийдөө нэг дүр төрхтэй байх жишээний. Тэгэхээр барууны орнуудад дизайнерын хувцасны гол агуулгад ихээхэн ач холбогдол өгдөг юм шиг санагдсан. Миланы загварын долоо хоногоос ч гэсэн хараад сурах зүйл олонтаа байлаа. Тухайлбал, тэд шоу эхлэхээс өмнө арын албаныхныгаа тайзан дээрээ урьж бусдад танилцуулдаг юм билээ. Тэр нь надад их гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн.
-Харин хүмүүсийнх нь хувьд?
-Загварын ертөнцийн томоохон брэндийн орднууд Миланд бий. Үүнээс шалтгаалдаг ч юм уу Миланд хүмүүс нь трендээ дагадаг, загварлаг. Хамгийн гол нь чанартай хувцас эдэлж хэрэглэж байна. Тэндхийн соёл, амьдралын хэв маяг нь биднийхээс өөр. Магадгүй илүү амар амгалан, амьд харилцаа илүү их байх шиг ажиглагдсан.
-Загваруудаа танилцуулсны дараа дизайнер шоуг зорин ирсэн үзэгчидтэй мэндчилдэг. Монголынхоо топ модельтой Миланы загварын долоо хоногийн тайзнаа ёслоход юу бодогдсон бол?
-Гурван модельтойгоо Миланы загварын тайзан дээр гарах үнэхээр гайхалтай. Шоу болсны маргааш нь хүртэл хүмүүс биднийг таньж байхыг хараад үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрсөн. Өөрөөрөө, эх орноороо, брэндийнхээ хамт олноор, хийсэн уран бүтээлээрээ бахархах сэтгэл тэр үед илүү төрж байлаа. Гэхдээ тухайн үед “The best collection” шагнал авна гэж бодоогүй. Үзэгчдийн алга ташихыг хараад “Ямар ч гэсэн коллекцоо амжилттай танилцууллаа” гэсэн бодол төрж байв.
-Загварын долоо хоногоос шагнал хүртсэн “The best collection”-оо та хэдий хугацаанд гараас гаргасан бэ?
-Олон улсын загварын шоунд оролцох саналыг шинэ он гарсны дараахан Монголын үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ц.Одонгэрэл тавьсан. Монгол үндэсний баяртай давхцаж ажил ихтэй өдрүүд бидний хувьд үргэлжилсэн ч их том ажлын ард амжилттай гарсандаа баяртай байна. Миланы загварын долоо хоногт найман орны дизайнер өөрсдийн онцлогтой загваруудаараа оролцсон. Монгол үндэсний хувцас манай моделиудад гайхалтай зохицдогийг энэ үеэр мэдэрлээ.
-Огтлол, гар ажиллагаатай ихтэй загваруудынхаа илэрхийллийг та юу гэж тодорхойлох вэ?
-Монголынхоо өв соёлыг Миланд хэрхэн тод томруунаар харуулах вэ гэдэгт ихээхэн анхаарал хандуулсан. Загвар бүрийн онцлогийг харуулах, хүнд хүргэхэд хамт олон маань их анхаарч ажиллалаа. Загварын долоо хоногийн үеэр монгол аксессуар, орчин цагтай уялдуулан урласан монгол гутал маань үзэгчдийн анхаарлыг маш их татсан. Өмнө нь Монголын дизайнерууд ноос ноолуур, өдөр тутмын загваруудаараа Милан төдийгүй бусад улс орнуудад загваруудаа танилцуулж байсан. Манай брэндийн гол онцлог нь үндэснийхээ дээл хувцсыг Миланд очиж танилцуулсан учраас үзэгчдэд их сонирхолтой санагдсан болов уу. Зарим шүүгчид нь биднийг зорин ирж загваруудыг үзэж, сонирхож байсан юм.
-Торготой ажиллахад тийм ч хялбар биш. Таны зарим загварыг торгоор урлахад багагүй ур шаардахаар харагдсан?
-Тийм ээ. Торго ашигласан хувцас болгон монгол гэж харагддаггүй. Тэгээд ч торго монгол үндэсний түүхий эд, бүтээгдэхүүн биш шүү дээ. Тиймээс би энэ материалтай хэрхэн ажиллавал өөрийн онцлогтой, хүссэн загваруудаа гаргах вэ гэдэгт анхаарч ажилласан. Үр дүнд нь шинэ коллекцоо танилцуулж чадлаа. Энэ бол манай хамт олон, бидний ажлын үр дүн юм. Загвар гаргахдаа монгол хэл бичгийн соёлоос санаа авсан. “Монголоо” гэдгээ үүлэн бичгээр бичиж торгоны хээ гаргах боломжтой загварыг бүтээлүүдийнхээ гоёл чимэглэлд ашигласан. Түүнчлэн монгол гуталнаас санаа авч оймсон түрийнүүд хийсэн. Энэхүү гутлыг хэн ч өмсөж болохоор шийдсэнээрээ онцлогтой. Үүнд нарийн чимэглэл деталиуд оруулж өгсөн.
-Та “Монголоо” брэндийг үүсгэн байгуулахдаа хүүхдийн хувцаснаас гараагаа эхлүүлж байсан. Харин одоо бүх насныханд зориулсан загвар гаргадаг болжээ?
-Хүүхдүүдэд өв соёлоо хэрхэн түгээн дэлгэрүүлэх вэ, үндэснийхээ дээл хувцсыг яаж эвтэйхэн байдлаар өдөр тутамд нь хэрэглүүлэх вэ гэсэн бодолтойгоор бид ажлаа 2016 онд эхлүүлсэн. Түүнээс хойш зөвхөн хүүхэд гэлтгүй охид бүсгүйчүүд, ээжүүддээ зориулсан бүтэгдэхүүнийг түлхүү хийж, үйл ажиллагаагаа өргөжүүлснээс хойш өнөөдрийг хүрчээ. Манай брэндийн гол зорилго бол Монголын үндэсний өв соёл болох дээлийг хэрхэн өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх вэ. Түүнээс гадна гоёлын зориулалтаар мөн ёслол хүндэтгэлийн үед ямар гоёлыг зөв зүйтэй өмсөх вэ. Үүнийгээ орчин үеийн шийдэл, трендтэй хэрхэн шингээн гаргах вэ гэдэгт анхаардаг. Энэ хүсэл зорилгоороо бид жилдээ 2-3 коллекц гаргаж байна. Дээр нь өөрсдийнхөө нэрийн загварын шоу, дотоод төдийгүй гадаадын тэмцээн уралдаанд амжилттай оролцдог. Энэ удаа бид Миланы загварын долоо хоногт амжилттай оролцсон нь бидэнд их урам өглөө.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24590/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна