Олон улсын дүрслэх урлагийн 60 дахь удаагийн Венецийн биенналь дахь Монголын павильоны уран бүтээлчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Очирболд сонгогдон оролцохоор боллоо. Монголын павильоны комиссараар Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын элч, Соёлын тэргүүний ажилтан О.Оюунтуяа томилогдон, кокуратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др.Грегор Янзэн уригдан хамтран ажиллаж байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй.
Уран барималч А.Очирболд үзэгчдийг ухамсрын гүн рүү нь хөтлөхийг хүсжээ. Түүнчлэн Буддын шашны догшин сахиус Ситипати буюу төвөдөөр Дүртэддагва шүтээний дүрслэлээс санаа авсан бөгөөд гурван нүдтэй гавлын яс нь амьдралын мөнх бусыг сануулж, сүнслэг ертөнцийн тухай ойлголт, түүний шилжилт, дээд ухамсар, гэгээрлийн эрэлхийллийг бэлгэддэг байна.
Уран барималч А.Очирболдын уран бүтээлийн концепт нь нийгмийн болон хүмүүний хөгжил, харилцааны өөрчлөлт, түүнчлэн хүн төрөлхтний ухамсрын даяарчлалын бодит дүр төрхийг ажигласан судалгаанд тулгуурлажээ. Кураторын баг нь уран бүтээлчийн шинэ өрөг, орон зайн баримлыг түүхэн Ситипатын дүрслэлтэй харьцуулж, улмаар "Ухамсраа дахин нээхүй" уран баримлын цуврал бүтээлээр үзэсгэлэнгийн дэглэлтийг баяжуулан үзэгчдийн мэлмийг баясгах аж.
Венецийн биенналь ирэх сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 24-нийг хүртэл “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд үргэлжилнэ. Ерөнхий куратор Адриано Педроса Венецийн Арсенал болон Жиардинид байрлах үндсэн үзэсгэлэнд олон улсын 330 уран бүтээлчийг урин оролцуулах аж. 60 дахь удаагийн биеннальд нийт 88 улс бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгоно. Венецийн биенналийн албан ёсны нээлт ирэх сарын 20-нд болно. Монголын павильоны хэвлэлийн бага хурал, албан ёсны нээлтийн ажиллагаа мөн сарын 18-ны 16:00 цагт эхлэх юм.
Уран бүтээлч А.Очирболд 1976 онд Сүхбаатар аймагт төрж, Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран баримлын ангийг 1998 онд төгссөн. 2014 оноос хойш сүүлийн жилүүдэд илүү төвлөрөн “Ухамсар” концепт дээрээ ажиллаж байгаа бөгөөд даяарчлалтай холбогдолтой нийгмийн олон талт сэдвүүдийг хөнддөг. Монгол хүний соёлын онцлогийг бүтээлийн суурь санаа, концептэд маш сайн тусгаад, хэлбэр гаргалгаагаа олон талын судалгааны үндэслэлтэйгээр олон улсын хэлээр шийддэг уран бүтээлч юм.
Түүний бүтээлүүдийг Герман, Солонгос, Хятад, Орос, АНУ болон Монголын олон үзэсгэлэнд дэлгэсэн. Хөвсгөл аймагт байрлах Чингүнжавын хөшөө, Булган аймагт байрлах Цогт тайжийн хөшөө, Улаанбаатар хотын “Вива сити” дэх Mандухай Сэцэн хатны хөшөө, Ахмадын талбайд “Ухамсар” зэрэг түүний том хэмжээний бүтээлүүд нь олон нийтийн талбай, Монгол орон даяар дэлгэгдсэн нь олны танил болжээ. Түүний "Ухамсар" баримал Нью Йорк дахь НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байдаг. А.Очирболд нь НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 2015 оноос хойш тасралтгүй оролцож байгаа бөгөөд 2015 онд гуравдугаар байр, 2019 онд НордАртын гран-при, 2020 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн болжээ.
А.Очирболд энэ жил олон улсын дөрвөн том үзэсгэлэн, биенналь зэрэгт оролцож байна. Венецийн биенналь (Biennale Arte 2024), 11 дэх удаагийн нэн орчин үеийн урлагийн Ази, Номхон далайн триенналиас (APT 11) гадна Герман улсад хоёр үзэсгэлэнд оролцох гэж байгаа билээ. Тухайлбал, 2024 онд тохиож буй Монгол улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ирэх зургадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 6-ны хооронд зохион байгуулах 25 дахь удаагийн НордАрт- олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн (NordArt), зургадугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд Күнстхалле Дюсселдорф (KD Healing the Earth) үзэсгэлэнд тус тус оролцоно.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24590/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна