Тийм ээ, тэр эгшгээр бичдэг “найрагч”


Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын тухай бодрол

 

Хотоос холгүйхэн урсах талын нэгэн жижигхэн голыг Бөхөг гэнэ. Ус ихтэй хангай газар бол уулын горхи төдий л юм. Зун намрын дэлгэр цагт Бөхөгийн голын хүр, дэнж ангир ганганаж, тогорууд цам харайн дэвж тэр аяараа амь орчихно. Өргөө гэрүүд эгнэн буугаад ааруул хуруудаа дэлгэн, гүү барьж, хурдан ажнай хүлгүүдээ сойн хөл хөөр болцгоох нь хөдөө нутгийн гоо үзэсгэлэнг улам л хөгжимлөг болгож орхидог сон. Оройхон гүү тавих, үнээ саах цагаар нар уулын хярд аргамжлагдан, зунтай жилийн өтгөн саглагар ургасан борог, хиагийг алтлаг шар өнгөөр будаж орхих бөгөөд айл болгоны хойморт байх “Вега” нэрт транзистороор “Уяхан замбутивийн наран” Норовбанзадын хоолойгоор алагчлалгүй гийгүүлэн мандсаар байх бүлгээ. Энэ бүх гоо үзэсгэлэн, үлэмж төгс бүрдэх ба баатарлаг үлгэр, туульсын амар амгалан төгсгөл гэлтэй үзэгдэх амой. 

Тэр жилийн намар хотод “Мандухай цэцэн хатан” гэдэг байлдаантай монгол кино гарч байгаа гэнэ гэж хонины бэлчээрт уралдан наадах үеийн хөвгүүдийн ярианаас сонслоо. Дундад зууны түүхээс Их Монголын эзэнт гүрний талаар хэдхэн мөрт багтаан мэдлэг авдаг байсан бидний үеийн хөвгүүдэд энэ яриа жаахан дэгс юм шиг санагдсан учраас нэг л итгэл төрдөггүй. Хэрвээ тийм кино байдаг бол баатарлаг, дайчин өвөг дээдсийн түүхийг өгүүлэх киног үзэхийн тулд сургаж унасан хурдан даагаа ногтлоод өгөхөд ч бэлэн.

Аж ахуйн төвийн улаан буланд индрийн цаагуур татсан цагаан даавуун дээр өрлөг түүхийг амилуулж, өр зүрхийг минь огшооно. Танхимд хөгжим эгшиглэж таван зууны тэртээх тал нутгийг нүдний өмнө зураглан авч ирэв. Үзэгчдэд хөгжмийн хэлээр “Мандухай энэ өдрөөс эхлэн би чиний жадны үзүүр, сэлэмний ир болж явъя. Хэрэг болох аваас хэл дуулгаж бай” хэмээн Өнөболд вангийн хоолойгоор цурхиртал өгүүлэх аж. Хуяг дуулга, хурц зэвсгээ өвч агссан баатар эр домгийн цэнхэр мананг нэвтлэн, толгой гудайн, бодолд автан одох мэт. Би мэдрэмжтэйгээ танилцаж эхэлжээ. Миний мэдрэмжид талын жижигхэн толгод өрлөг түүх, өвөг домгоор амилан хэл орж, таван зууныг элээсэн хөх салхи тийм л яруухан хөг аялгуугаар исгэрч байдаг болов. Хөгжмийн хэлээр мэдрэмжийг минь хөглөсөн тэр эрхэм Н.Жанцанноров гуай байлаа. Хөгжмийн хэлээр Мандухайг хэрхэн “Төр улсаа төвхнүүлэх үед төрсөн юм болохоор хоёр хүүгийнхээ нэгийг Улсболд, нөгөөд нь Төрболд гэж нэр өгье. Хаан эцэгт нь баярт мэдээ хүргэе, элч довтолго” хэмээн хэлүүлж, таван зууны тэртээх урин хөх салхи хэрхэн талын жижигхэн толгодыг минь хэл оруулж байгааг Жанцанноров гуайгаас асуух сан. Саяхан даа нэгэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Оюун санаагаа тухайн цагт аваачиж бичсэн. Энэ үгийг уншсан хүмүүс намайг хувилгаан гэж бодож магадгүй. Хувилгаан чанараар биш л дээ. Ерөөсөө л мэдрэгдэнэ. Хөдөлгөөн нь, хүмүүс нь мэдрэгддэг. Яг тэрийг нь бичвэл унана. Тэр үеийн хүнд биш энэ цагийн чамд сонсгох учраас. Тухайн зууны үед ийм хөгжим байжээ гэж бодогдуулахын тулд XXI зууны хүнийг хуурах ёстой болж таарна. Тэгэхээр антропологиос эхлээд өрнө дахины ололтуудыг үзэхээс аргагүй. Адаглаад л XXI зууны хүний оюун санааны тэвчээр тэр үеийнхээс хэд дахин бага байж болох вэ гэдгийг ухаж байж бичнэ. Тэгж байж хэр хугацаанд удаан ая явсны дараа хурдан ая явуулах, хэдийд нь хүчтэй, сул ая явуулах зэргийг чамаар тооцож баримжаалж хийнэ. Онохдоо онож, алдахдаа алдана. Миний ч ялгаагүй, алдаа оноотой. Гэхдээ “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийн тухай өнөөдөр биш 800 жилийн дараа ярих учиртай” хэмээн хүүрнэсэн байна билээ.

 

Сэтгэлээ өгсөн ард түмэндээ

 

Монголчууд хувьсгал хийчихлээ. Коммунизм хэмээх төгс нийгэмд хүрэх зам болох социализмаа нураагаад хаячихсан. Нийгмийн байгуулал өөрчлөгдөж, картын бараанд орж, эдийн засгийн хямрал нүүрлэн, цаг үе ороо бусгаа эгзэгтэй болоод ирэхээр итгэл үнэмшил гэх зүйл өчүүхэн ч үлдсэнгүй. Монголчууд бахархлаа хайж эхэллээ. Олон намын систем, шинээр үндсэн хуулиа зохиох энэ бүгдээс илүү тулгамдсан асуудал нь үхтлээ цангасан оюуны эрх чөлөө байв. Туулж ирсэн нийгмийн үнэт зүйл, итгэл үнэмшил, бүр заалгаж өссөн түүх нь хүртэл буруу замаар будаа тээж ирсэн байсныг мэдсэн ард түмэн шинэ бахархал хайж эхлэв. Нэрийг нь шивнэн хэлэхээс хүртэл айдаг их хааны нэр, дэлхийн талыг эзэлж явсан бидний баатарлаг түүх сэрж амилан монголчуудын омгорхол бахархлын галыг асааж орхилоо. Ийм л үед "Мөнх тэнгэрийн хүчин дор" кино хийгдсэн нь түүхэн үүргээ гүйцэтгэсэн юм даа. Дэлхийг хоёр хуваасан системийн нөгөө талд байсан монголчууд эргээ зад тавин урсах эрчит мөрөн лугаа өөр лүгээ үерлэж эхлэв. Манжийн эрхшээлд 200 гаруй жил, системийн хяналтад 70 жил болчихсон улсад бүх зүйл цоо шинэ байлаа. Өөр рүүгээ үерлэж эхэлсэн монголчуудад их хааныхаа түүхийг үзэж, түүнийг амилуулсан мэт хөгжмийг сонсож, олон жил нуугдсан омогшил, бахархал нь ийн зад тавьсан болов уу. Хөгжмийн зохиолч нь өөрийгөө “Би эгшгээр бичдэг яруу найрагч” гэж тодорхойлсон Н.Жанцанноров.

 

Бүгд мэддэг хүнийг би бичиж мэддэггүй

 

Монгол Улсын Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гэдэг хүний тухай бичнэ гэдэг хүнд ажээ. Уг нь түүнийг танихгүй хүн Монголд үгүй, түүний тухай баримт материал шиг их юм байхгүй. Хүн бүрийн онож төрөөд байдаггүй хувилгаан ламын хойд дүр хэмээн нэрлүүлж, Хүйсийн найман нуурын эрэгт хүй цөглөж, монголын хөгжмийн урлагийн ноён оргил болсон. Аль ч төрд нүүртэй гэдэг шиг хуучин, шинэ хоёр нийгэмд төрийн өндөр албан тушаал хашиж түмнийхээ төлөө Үндсэн хууль батлалцаж явсан тэр эрхэм шүү дээ. Зөвхөн “Сэцэн Мандухай” хөгжмийн эгшгээр хэчнээн хүүхдийн хүсэл мөрөөдлийг бадрааж мэдрэмжтэй нь уулзуулсныг хэн мэдлээ. Түүний эгшгээр зурсан яруу найраг кинонд Чингис хаан хийгээд Чилүгэний дүрээр уншигдана. Түүхэнд огт байхгүй Чилүгэн гэдэг дүр кинонд гардаг. Чилүгэнийг Чингисийн өөрийнх нь дотоод дүр учраас Чингисийн бодол, Чилүгэн хоёрыг нэг хөгжмөөр хийсэн гэдэг юм билээ. Монгол Улсын урлагийн түүхэнд “Морин хуурын чуулга” байгуулах үйлсийг алдарт хуурч Гомбодоржийн Жамьян, түүний шавь Цэндийн Батчулуун, Нацагийн Жанцанноров хэмээх ачтанууд оюун санаагаа чилээн хөдөлмөрлөсний үр дүнд эхлүүлснийг алтан үсгээр бичих биз ээ. Ямар нийтийн дууны бүтээлийг нь онцлон өгүүлэх вэ дээ. Яруу найрагч Б.Лхагвасүрэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын хамтран бүтээсэн “Байн байн санаа алдахад минь” дууг өгүүлэх үү. Эгшиг аялгуу хийгээд яруу шүлгийн төгс зохицлыг хэрхэн бүтсэнийг өгүүлэх нь тусдаа хэрэг.

“Гэлдрээ зөөлхөн салхинд

                               шүгэлсэн

Гэзэгний чинь үнэр хийсээд

         ирдэггүй ч байгаа даа”

хэмээх хоёрхон мөр аялахад л дурласан эрийн гансрал, хүлээсэн горь, ирэхгүй л байх гэсэн цөхрөл нэвт сонсогдоно. Эгшгээр зурагч, үгээр эгшиглэгч хоёрын цөхрөнгөө барсан эрийн төгс зураглал ийм. Хоёр эрхэм дундаасаа “Хайрлахгүй байхын аргагүй” хэмээх бас нэгэн уран бүтээлтэй.  Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай, Ж.Бадраатай хамтран бүтээсэн “Аргалд явсан ижий” ардын дуу шиг болтлоо монголчуудын сэтгэлд хүрч хоногшжээ. Анх “Аргалд явсан ижий минь арай дэндүү удлаа даа” гэдэг мөрийг Н.Жанцанноров гуай зохиогоод тэсэлгүй Ж.Бадраа гуай руу ярьсан гэдэг. Хэдхэн минутын дараа утас хангинаж алдарт дууны шүлэг мэндэлжээ.

Н.Жанцанноров гуайг гудамжид алхаж явахыг харахад ямар нэг зүйлийг тунгаан бодож, түүнийгээ нягтлан шалгаж угт нь тултал бясалгаж буй мэт. Ерөөсөө үг бүрээ тархиараа зажилж, мэдрэмжээрээ амтлан байж ярьж байна уу даа гэмээр санагдана. Амнаас нь унах үг бүү хэл, амьсгаа нь хүртэл алтаар үнэлэгдэх хэмжээний бясалгагч хэмээн би бодно. Түүнийг насны эрхээр бясалгагч болсон биз ээ хэмээн бодож байсан минь эндүүрэл ажээ. Уртын дууг сонгодог урлагийн хэмжээнд авч үзэхийг аль 1985 онд өгсөн телевизийн ярилцлагадаа онцолж байж шүү. “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонуудын хөгжмийг бичихдээ уртын дууны хэмнэл айзмыг бодож бичсэн гэх юм билээ. Түүний тухай бодролоо “Уяхан замбутивийн наран” Норовбанзадын хоолойгоор алагчлалгүй гийгүүлэн мандсаар буйг өгүүлсний учир ийм.

Мэргэжлийн уран бүтээлүүд нь мэргэжлийг нь эзэмшсэн хүмүүсийн мэдлэг оюунаар тунгаагдаж буй юм хойно энэ хүний талаар өөрийнхөө мэдрэмж, ойлголтыг л сийрүүллээ.  Н.Жанцанноров, Б.Шарав, Б.Бямбабаяр гэдэг гурван эрхмийг би Монголын хөгжмийн ноён оргил гэж бодсоор л байна.

Трамп Төмөрөө

 Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24590/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 минутын өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 33 минутын өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 37 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 42 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22