Дистопиор айлгасан “1984”


Монголын театр урлагийн тайзанд тэсрэлт хийсэн нэгэн бүтээл олны хүртээл болоод удаагүй байна. Аливаа уран бүтээл төрөхөөр дуншиж эхлэх тэр цагаасаа л сайн, муу хоёр талаасаа үнэлүүлж, дүгнүүлж байдаг. Би тоглолтын өмнө болсон хэвлэлийн бага хурлын дараа “Орфей театр. Энэ нэр урлаг тэр дундаа драм сонирхогчдын дунд танил болоод уджээ. Яагаад гэвэл тэд хүлээлт үүсгэдэг. Хүн төрөлхтний сод бүтээлүүдийн нэг болсон “Гэм зэм” романыг тэд тайзан дээр гаргаж ирснээрээ Раскольниковын шаналангаар үзэгчдээ шархируулж өнөөгийн нийгэмд үр дүн нь үйлдлээ зөвтгөх үү” гэдэг асуулт тавьсан. Энэ нь хүн төрөлхтний зөв хариултгүй асуулт. Тэдний дараагийн уран бүтээл бас л бодрол, эргэцүүлэл агуулсан асуултыг нийгэмд тавих нь. Асуултынх нь ард анхаарлын тэмдэг байх болов уу” хэмээн бичиж байлаа. Тэд үнэхээр үзэгчдийг айлгаж, ангайлгаж, асуултаа тавьж, ар шилэнд нь жин тавиад гаргалаа. Тэдний асуусан асуултад хүн бүр дор бүрнээ хариулах гэж тархиа хэмлэж яваа гэж таамаглана.

 

Дистопио мартуулсан Дистопи

 Миний үзсэн “1984” жүжиг ямар нэг “изм”, хүмүүсийн яриад байгаа шиг нэг намын дарангуйлал, тоталитар дэглэм гэдэг нийгмийн ойлголтыг өгүүлсэнгүй. Угаасаа жүжиг тийм зүйлийг үзүүлэх ч гээгүй болов уу. Жүжиг эхлэхэд Ж.Оурвелийн дистопи Зөвлөлтийн үеийн Сталинист нийгмийн шууд дүр мэт сэтгэгдэл төрүүлнэ. Түүний төсөөлсөн энэ шинэ ертөнцөд “Үнэний яам” гэж байх бөгөөд тухайн нийгмийнхээ “Үнэн”-ийг хадгалж үлдэх зорилготой. Оршин суугчдын энгийн үнэн “Эрх чөлөө бол боолчлол” ажээ. Нийгмийн “Үнэн”-ээс ангид харх мэт хүн сүргийг “Проллууд” гэнэ. Тэдний “Мунхаглал бол хүч юм”. Эрх мэдлийн тэмцэлд ертөнц хуваагдаж, нэгтгэж захирах нэг санаагаар удирдах хүсэлтэй хэд хэдэн хүч бий. Тэдэнд иргэдээ мунхаг байлгаж, зөвхөн өөрийнхөө “Үнэн”-д итгэх мунхаг байлгах зорилго бий. Өдөр бүрийн “Үзэн ядалтын хоёр минут”-аар харгис, аймшигт мэдээллээр ард иргэдийнхээ хорслыг цэнэглэж, тэднийг айдсаар удирдах хамгийн амархан аргыг олжээ. Эндээс эргээд дистопи руугаа очъё. Жүжгийн сэтгэхүйн гэдэг тодорхойлолтыг “1984” үзэгчид мартаж орхив. Бидний туулж өнгөрүүлсэн нийгмийн сайн мууг үл ялгах хүүхэд залуус өнгөрсөн рүүгээ нулимах, туулаад ирсэн нь өөрийгөө өрөвдөн гаслах сэтгэлээр өмөлзөж эхэлсэн нь жүжиг үзсэн сэтгэгдлээ олон нийтийн сүлжээнд бичсэнээс уншиж болох ажээ.

 

Үзэгчдийг ховсодсон тайз  засал

 Жүжгийг дөрвөн талаас нь үзэж болох маш өвөрмөц шийдэлтэй, бүхэлд нь цав цагаан өнгөөр хийсэн тайз засалт, мөн тийм өнгийн өрөөний интерьер үзэгчдийг бүхэлд нь ховсдож орхисон гэхэд болно. Найруулагч М.Батболдын эрэлхийлэгч, хувьсгалч шийдэл үзэгчдийн зөв цэгийг оносон нь илт. Нэлэнхүй цагаан өнгө хүйтэн агаад хоосон харц мэт. Хуучин төмөр пүрштэй орыг гудас дэвсгэргүй тавьсан нь ядуу зүдүүгийн туйлыг илтгэх ажээ. Тухайн нийгмийг шорон мэт гэсэн санааг өгүүлэх нь цав цагаан засалттай тайзан дээр улаан гэрэл анивалзан түгшүүрийн дохио хангинах нь дотор зарсхийм. Үзэгчдийн сэтгэлзүй рүү хийсэн энэ дайралт төгсгөл хүртлээ тэднийг эзэмдэж ямар нэгэн хориотой бүсэд буй мэт сэтгэгдэл төрүүлэн сандалтай нь хадаж орхисон нь лавтай. Гол дүр нь олны хэсэг юм уу гэмээр. Нэг загварын хувцсаар жигдэрсэн олны хэсэг үе үе тайзан дээр нир, нирхийлгэн гарч ирээд ямар нэгэн лоозонг сүрт хэмнэлээр орилон мэдэгдэл хийх аж. Энэ нь үзэгчдийн сэтгэл хөдлөл, өнгөрсний ой санамж дээр хийсэн “Айлгах төлөвлөгөө” болов уу гэж бодсон маань үзэгчдийн уур амьсгалаар нотлогдож байв.

 

Т.Ариунчимэгийн сонгосон гурвал

 Гол дүрийн жүжигчдийн ур чадвар үзэгчдийг жинхэнэ утгаар ангайлгаж чадлаа. Смитийн дүрд тоглосон жүжигчин С.Болд-Эрдэнэ. Дүрийнхээ сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмжийг өгүүлэх түүний нүүрний хувирлыг харсан үзэгчид автахгүй үлдэх аргагүй. Дотогш чимээлсэн, өөртөө итгэлгүй, аймхай нэгнээс харсаар байтал юунаас ч үл эмээх дурласан хархүү болон хувирах нь гайхмаар. Жүжгийн турш хазганан алхах түүнийг мэддэггүй хүн бол угаасаа доголон хүн юм уу гэж хэлэх биз. Үзэгчдийн бараг 80 орчим хувь нь бүсгүйчүүд байсан гэж үзвэл тал нь түүнийг Смитийн дүрийг хэрхэн гаргахыг үзэхээр ирсэн гээд таачихад хол зөрөхгүй биз. Түүнийг тайзнаа гарч ирэхэд угаасаа ийм доголон билүү гэж бодоход хүрч байлаа. Ямар сайндаа жүжгийн дундуур хэрхэн ийн доголоод байгааг нь олж мэдэхээр харайлгасан гэж байгаа. Орфей театр, продюсер Т.Ариунчимэг үзэгчдэд С.Болд-Эрдэнэ, Я.Баяраа, М.Батболд гэсэн гурвалыг “1984 Том ах харж байна” жүжгээр толилуулсан нь драмын урлаг сонирхогчдын загатнасан газар маажив бололтой. Ахиад юу тавих бол. Мэдээж сэтгэлгээний уран бүтээл л байх.


“Үзэн ядах цуглаан”-ы удирдагч, улаан алчуур бүсэлхийгээрээ ороосон үзэсгэлэнт бүсгүй Жулия. Бичих гэж тэсэж ядан байсан дүр минь. Тайзан дээр үзэл бодолдоо үнэнч, үйл хэрэгтээ тууштай бүсгүй эрс шийдмэг алхаагаар туучин гарч ирээд л буучих аж. Илүү удаан хармаар байхад л буугаад явчихна. Гэхдээ нэг л айдас төрөм эрс шийдэмгий төрхтэй. Давхар бодолт этгээдийг илчлэн үг дуугуй цаазаар хороох хэрцгий авирт нэгэн тийм хонгорхон хоолой гаргана гэхэд санаанд оромгүй. Смитэд дурласан хонгорхон бүсгүй өөрийн бүтээсэн ертөнцдөө хэчнээн эрх танхил охин болж хувирна вэ. Гэхдээ тэр давхар бодолтой бохир нэгэн. Смит, Жулия хоёр теле дэлгэцээс зугтаад байгаа боловч бодит ертөнцөөс өөрсдийн төсөөлөл рүү аялал хийх аж. Тэд ёс суртахууныг дэвслэхийг хүсэх өөрсдийн төсөөлөлдөө илжирч дууссан хүмүүс аж. Оюун санааг нь хүчээр хайрцаглах гэсэн оролдлогоос зугтах нь тэднийг тэмцэгч болгож харуулснаас өөр юу ч үгүй.

 

Бодит амьдралтай тэрсэлдсэн Ж.Оурвелл

 Бодит амьдралтай Ж.Оурвелийн дистопи хэрхэн зөрчилдсөнийг бид мэднэ. Түүний өгүүлснээр ойлговол, хүн харх мэт амьдралтай проллууд гэх бидний ээж аавын үе ирээдүйг өөдрөг хүсэл тэмүүллээр харж, ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн. Тэдэнд үнэт зүйл, итгэл үнэмшил хийгээд амьдрах урам зориг байлаа. Үнэт зүйлтэй байна гэдэг ямар нийгэм байхаасаа үл хамааран урт удаан оршин тогтнох бат бөх сууриа тавьчихсан л гэсэн үг. Хүүхэд хөгшид айдасгүй, эрүүл мэндээ улсад даатгаж, суурь боловсролоо ч мөн төрөөр даалгадаг байлаа. Ерөнхий агуулгаараа Ж.Оурвел алдаагүй гэж маргах нэгэн байж болох юм. Тэгвэл өнөөгийн хөгжлийн суурийг тавьсан он жилүүд, бидний урд үеийн хүмүүсийн хийсэн бүтээсэн болгоныг үгүйсгэх гээд байна.

 

Шинэ “Том ах”

Өнөөгийн хүн төрөлхтний өмнө О.Хакслигийн шинэ дарангуйлагч “Том ах” төрсөн. Энэ нь XX зууны утопи ухамсрын хөгжил цэцэглэлт хүчээ авах үетэй холбоотой бөгөөд хүн төрөлхтний хийсвэр төсөөллөө хэрэгжүүлэх оролдлого орчин үеийн шинжлэх ухааны хөгжилд суурилж нийгмийн механизмуудыг ажиллуулснаар шинэ оюун санааны боолчлол бий болгов. Хэдийгээр ирээдүйн тухай төсөөлөл нь Ж.Оурвеллийнх илүү дөхөж очих ч О.Хакслийн төсөөлөл өнөөдөр бодит болох алхам руугаа оржээ. Хүний оюун санааг хүчээр удирдаж нэгэн хэв загварт оруулахаас илүү дур таашаалаар нь удирдах нь илүү амар гэдгийг өнөөдөр хараад сууж байна. Бидний өдөр тутмын хэрэглээ өглөөний цай, үдийн аяга кофе, татах янжуур, суух сандал, хэвтэх ор шиг болсон интернэт ертөнц хийгээд сүүлийн хэдэн жил хурдацтай өргөжиж чадсан цахим платформууд бидний оюун санааг удирдаж эхлээд байгаа. О.Хаксли төрөхөөсөө программчлагдсан ийм хүн сүрэг бий болно гэдгийг өгүүлсэн. Цахим сүлжээгээр оюун санааны хамгийн дорд түвшний хэрэгцээ хангасан контентууд өндөр хандалт авч байгаа нь нийгмийн ухамсар хэрхэн нийтээрээ ёроол руу гулсаж байгааг харуулсан сэрэмжлүүлэг юм. Сүүлийн үед нийгэмд “Хүлэмжийн хүүхэд” гэдэг ойлголт бий болжээ. Хэдийгээр байгалийн үржлийн аргаар төрсөн ч яг л ургамал мэт өсөлт, бойжилт, эрсдэл, гэх мэт хүний өмнө тулгардаг бүх байгалийн шалгарлыг эцэг эх нь өмнөөс нь арилгаж явдаг хүүхдүүдийг ийн нэрлээд байна. Эцэг эхэд буруу байхгүй, тухайн хүүхдэд ч буруу байхгүй. Ерөнхийдөө ирээдүйн төсөөлөл утопи, дистопиосоо үл шалтгаалаад оюун санааны инженерчлэл бодит юм гэдгийг л сануулаад байгаа хэрэг.

Ж.Оурвелл түүний дистопи мэдлэгийн хүрээ нь тэлсэн, мэдээлэл технологийн асар өргөн боломжийг ашиглаж сурсан өнөөгийн ертөнц дэх иргэдийн хувьд өнгөрсөн цаг. Нэг үгээр хэлбэл Ж.Оурвеллийн сэрэмжлүүлж хэлсэн зүйлийг хүн төрөлхтөн нэгэнт туулаад иржээ. “Орфей” театр, зохиолч Я.Баяраа, найруулагч М.Батболд нар “1984” романыг тайзны уран бүтээл болгож тавьсан нь бид ийм нийгмийг туулж өнгөрүүлсэн, туулж өнгөрүүлсэн учраас хүн төрөлхтөн алдах ёсгүй гэдгийг сануулсан хэрэг.

Тодорхойлолтоор бол дистопи нь ирээдүйн талаарх гутранги үзэлд суурилсан сөрөг бараан талыг нь харсан дүр дүрслэлийг үзүүлдэг. Ийм сөрөг талыг нь харсан төсөөлөлтэй жүжиг ямар ч үнэт зүйлгүй болчихсон нийгмийг харин ч бүр айлгаж орхих шиг боллоо. Хувь эрх чөлөө, үзэл бодлоо нэн тэргүүнд тавьж үнэт зүйлтэй ч болохоос айдаг болчихсон “НИЙГЭМЦЭР” шүү дээ. Нөгөө талаас утопийг эсрэгцүүлж тавьсан бүтээлүүд соёл иргэншлийн мөхөл, доройтол тун удахгүй болох тухай өгүүлдэг. Бидний хамгийн ойрхон мэддэг Холливудад хийгдсэн “2012”, “Нөгөөдөр сүүлчийн өдөр” гэх мэт маш олон кино уран бүтээл байдаг. Утопийн эсрэгцүүлж тавьсан уран бүтээл, зохиолуудын нэг ижил төстэй зүйл нь хүмүүсийн ёс суртахууны уналт ба оюун санааны хомсдолын талаар өгүүлдэг. Ер нь антиутопи ертөнц зүгээр л нүцгэн зөн совингоор хийсэн “Оюун санааг инженерчлэх” оролдлого юм.  

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/ 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 11 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 16 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22