Монголын загварын ертөнцөд нэгэн шинэ дүр төрх тэсрэлт хийхээр дуншиж байна. Сонин хийгээд содон, үзэсгэлэнтэй Plus size моделиудтай шинэ агентлаг мэндэлжээ. Агентлагийн нэрийг “Дагинас” гэнэ. Дагинас агентлагийн захирал М.Аззаяатай ярилцлаа.
-Монголын загварын ертөнцөд мяраалаг бүсгүйчүүд байх ёстой гэдэг санаа хэрхэн төрсөн бэ. Хэн нэгнийг сэдэлжүүлсэн зүйл байсан байж таарна?
-Анх 2022 онд “Plus size model” гэдэг мяраалаг бүсгүйчүүдийн шоу зохион байгуулагдлаа. Шоуг зохион байгуулагчид намайг олны танил гэдэг утгаар урьж оролцуулснаар бид бүгд гар, сэтгэл нийлэн шоугаа амжилттай дуусгасан нь энэ талын бизнес эрхлэгчдийн анхааралд өртөж чадсан. Энэ мэдээж маш том амжилт. Гэхдээ тэр шоунаас гарсан хамгийн том үр дүн бол мяраалаг бүсгүйчүүд хоорондоо танилцан нөхөрлөж, би гэхэд л маш олон эгч, дүүтэй, найз нөхөдтэй боллоо. Шоу тоглолтын дараа ерөнхийдөө нэг хамт олон бий болчихсон л гэсэн үг шүү дээ. Найзалж нөхөрлөөд, үргэлж л холбоотой байсан. Эндээс л би ийм байж болох юм биш үү гэдэг санаа сэдэл дотроо үүсгэж явсан.
-Гэтэл танд ийм агентлаг байгуулъя гэдэг санааг хэн нэг нь тавьсан байх нь. Та яаж хүлээж авав?
-”Дагинас” агентлаг байгуулах ажлыг би ганцаараа шийдэж эхлүүлээгүй л дээ. Би өөрөө урлагийн хүн болохоор бүсгүйчүүдийн агентлаг, продакшн ч юм уу аль нэгийг нь байгуулах хүсэл эрмэлзэлтэй, үүгээрээ дамжуулж нийгэмд дуу хоолойгоо хүргэх ямар нэг арга зам эрэлхийлээд л явсан. Гэтэл манай шоунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж, тэдний нүүр царай болж оролцсон Болороо гэдэг бүсгүй байсан юм. Осолд орсноосоо болоод тэргэнцэр дээр суугаад арваад жил болсон эмэгтэй. Уйгагүй хичээл зүтгэл, тэмцэл, эрмэлзлийнхээ үр дүнг үзэж тайзан дээр алхаж чадсан. Болороо эгч маань нэг удаа надад “Аззаяа бидний шоуг үзсэн хүн Хархоринд ирж шоунд оролцооч гэдэг санал тавилаа. Чи ахлаад биднийг нэгтгээд, удирдаад яваач” гэдэг санал тавьсан. Ингээд Болороо эгчийн санал миний бодож явсан санаа хоёр огтлолцож юуны түрүүнд агентлаг байгуулах шаардлагатай боллоо. Охидтойгоо ярилцаж байгаад “Дагинас” гэдэг нэр өгч анхныхаа шоунд оролцоод амжилт, урам зориг дүүрэн эргэж ирсэн дээ.
-Агентлаг болоод анхныхаа арга хэмжээнд оролцоод ирж. Сэтгэгдэл ямар байна, урам зориг авсан байлгүй?
-Хархорин хотод зохион байгуулсан арга хэмжээ амжилттай, өргөн хүрээтэй болж өндөрлөсөн. Арга хэмжээг үзэж сонирхсон үзэгчид, хамтран зохион байгуулсан хүмүүсийн хариу реакц ямар гоё байсан гэж санана. Анхны арга хэмжээ маань байсан болоод ч тэр үү гайхалтай мэдрэмж авч чадсан. Урьд нь бид агентлаг болоогүй байхдаа янз бүрийн шоу, арга хэмжээнд урилгаар очиж оролцдог байсан ч анхны арга хэмжээнээс сонссон урмын үгс, үзэгчдийн хандлага бидний сэтгэл хөдлөлийг дээд түвшинд аваачсан гэж болно. Бид өөрийгөө бүдүүн гэж ичих ёсгүй юм байна шүү дээ. Тайзан дээр алхаж өөрөөрөө бахархаж болох юм байна. Өнөөдрийнхөөрөө амьдарч болох юм байна гэдэг бидний нийгэмд түгээх гээд байгаа санаа тэнд гялалзаж байлаа.
-Монголд ийм агентлаг байгуулагдлаа гэхээр орох, бүртгүүлэх хүсэл сонирхолтой эмэгтэй хэр байх юм. Бид чинь ерөнхийдөө бүрэгдүүхэн ард түмэн шүү дээ?
-Үнэхээр санаанд оромгүй олон бүсгүй орох саналаа ирүүлснээс бид 200 гаруй бүсгүйг сонгон шалгаруулж түүнээсээ 80-ыг шигшиж аваад сүүлийн шатанд өрсөлдүүлэхээр 40 бүсгүйг авч үлдсэн. Шоуны өөрийн дүрэм, хэмжээ гэж байгаа нь мэдээж. Ингээд өндөр, жин гэх мэтээр шалгарууллаа. Насны хувьд ямар нэгэн шалгуур шаардлага тавиагүй. Агентлаг маань одоохондоо долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа эхлүүлээд явж байна. Хэдийгээр бидэн дээр нэмэгдэх хүсэлтэй, бүр чин сэтгэлтэй гэж хэлж болохуйц олон арван охид байгаа ч тодорхой шалгуур байх ёстой гэж бодож байна.
-Нийгмийн зүгээс та бүгдийн хийж байгаа ажлыг буруушаах, тарган байхад уриаллаа гэх мэт сөрөг хандлагатай шүүмж ирнэ биз?
-Ийм сөрөг хандлага маш их ирдэг л дээ. Энэ тухайд эхлээд эрүүл мэнд яригдана. Таргалалт гэдэг бол өвчин шүү дээ. Бидний ойлгох ойлгохгүй өчнөөн төрлийн суурь өвчин, эмгэгээс үүдэлтэй таргалалт байдаг л даа. Жишээ нь нэг бүсгүй дааврын шалтгаантай таргалалттай байна. Бамбай булчирхайн өвчлөлттэй, багаасаа нэгдүгээр эмнэлгийн хяналтад байдаг гэх мэт. Мөн зүрх, бөөрний өөрчлөлтөөс үүдэлтэй таргалалт байна. Нийгмийн элдэв асуудлаас үүдэлтэй бухимдал, за мэдээж буруу хооллолт, шаардлага хангаагүй хүнсний хэрэглээ орох нь мэдээж. Таргалалт энэ мэт маш олон шалтгаантай байдаг учраас хүнийг зүгээр л “Энэ тарган” гэдэг өнцгөөс шууд хармааргүй байна. Монгол эмэгтэйчүүд их дайчин махруу. Гэртээ идэж, уугаад л хэвтээд байдаг эмэгтэй ер нь л ховор. Ихэнх нь амьдралаа болгож, бүтээчих гээд дээр нь арчаагүй эр нөхөр таарсан бол түүнийг ч нуруундаа үүрч, дүүрээд л явж байдаг. Амьдралаа босгох, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх энэ нүсэр ачаа үүрсэн эмэгтэй өөрийгөө гээчих тохиолдол бий.
-Уучлаарай яриаг тань таслах нь. “Дагинас” агентлаг өөрийгөө гээчихээд байгаа тэдгээр бүсгүйчүүдийг өөртэй нь уулзуулах арга зам нээж өгч байгаа юм байна гэж ойлгож болох уу?
-Уулзуулах гээд байна. Бид нар тарган байна. Ямар байдлаар ч бай хамаагүй гэе л дээ. Сэтгэлзүйн хувьд өнөөдөртөө аз жаргалтай баймаар байна шүү дээ. Турна, эсвэл турахгүй ч байж магадгүй тэр таашгүй ирээдүйг харж шаналж байхаар одоо байгаа өөрийнхөө бие, галбирыг таашааж, бахархаж яагаад болохгүй гэж. Өөртөө дурламаар байна, бусдыг өөртөө дурлуулмаар байна. Хүн өөртөө дурлахгүй бол, өөртөө итгэлтэй байхгүй бол хэн чамд дурлах вэ дээ. Үүнээс гадна бидний зорьж эхлүүлээд байгаа энэ ажил маань маш сайн сэтгэлзүйн эмчилгээ болно гэдэгт итгэлтэй байна. Соён гэгээрүүлэх, таних мэдэх үйл ажиллагаа давхар явна. Өнөөдөр дэлхийн хүн амын хэдэн хувь нь таргалалттай байна. Дэлхий нийтийн санаа зовоосон асуудлуудын нэг нь яах аргагүй мөн. Үүнийгээ дагаад Plus size моделиуд олширч байна, загварын чиг хандлага ч тийш явж байна. Plus size моделиуд 50 нэмэх байсан бол одоо 70 нэмэх болж ирлээ. Яагаад үүнийг яриад байна гэхээр ахиад хэлье бид өөрөөрөө аз жаргалтай л байя гэсэн болохоос туранхай бүсгүйг уруу татаж таргалуулах гээд байгаа юм биш. Нэгдүгээрт, бид эрүүл байх ёстой, хоёрдугаарт, нийгэмд эзлэх байр суурьтай байх ёстой. Мэдээж бүх зүйл хоёр талтай. Гэрэлтэж байгаа нөхцөлд сүүдэр тусах нь мэдээж шүү дээ.
-Өөртөө дурлаж бахархсанаар гарах үр дүн нь ямар байх бол?
-Яагаад бид өөртөө дурлаж, өөрөөрөө бахархах ёстой юм бэ. Гэрийн эзэгтэй, эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй байх нь амьдралын чанарт маш сайнаар нөлөөлдөг байх нь. Өөрийгөө хайрлахаа больсон эмэгтэйгээс эвгүйгээр хэлэхэд таагүй, уур уцаартай харилцаа л гардаг. Тэгвэл эсрэгээрээ өөрийгөө хайрласан эмэгтэй эр нөхөр, үр хүүхдэдээ гаргах хандлага нь эерэг болдог нь судалгаагаар нотлогдсон байдаг. Энэ талын санал асуулгууд, ном товхимол ч өчнөөн байдаг. Гэргий гэдэг үгийг бодоод үз л дээ, гэрийн эзэгтэй гэрэлтэж байхад гэр гийгээд л явчихна. Гэрэлтэж чадсан эхнэрээ харсан эр нөхрийн сэтгэл өдөржин тэнэгэр, хийж бүтээх урам зоригоор дүүрч, ээжийгээ харсан хүүхдийн сурлага сайжирч, хичээл номдоо илүү анхаардаг. Амьдралын чанар дээшилнэ гэж үүнийг хэлээд байгаа юм.
-Plus size модельтой агентлаг Монголд ганцхан танайх. Дэлхийд ийм агентлаг ер нь хэр түгээмэл байдаг юм бэ?
-Дэлхийд маш түгээмэл болсон. Би дэлхий нийтийн чиг хандлага ийм болсон гэж дурдсан шүү дээ. Таргалалт гэдэг тодорхойлолт маань 50 нэмэх байснаа 60 нэмэх болоод хоромхон зуур 70 нэмэх рүү үсрээд орчихлоо. Дээрээс нь дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг Европчууд маань ясархаг том биетэй, бараг төрөхөөсөө л Plus size байдаг. Маш олон нэр алдартай моделиуд бий боллоо. Яагаад гэвэл зах зээл нь байгаад байна. Өнгөрсөн зун хүртэл манайд Өмнөд Солонгосын Plus size моделиуд ирж шуугиулж байгаад буцсан даа.
-Нийгэмд чиглэсэн, тухайлбал мяраалаг бүсгүйчүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа өрнүүлэх байх гэж бодогдож байна?
-Эмэгтэйчүүд нийгмийн амьдралд оролцох, дуу хоолойгоо өргөе гэхэд ганц, ганцаараа бол хүчин мөхөстөж байгаа нь анзаарагддаг. Тийм ч учраас нэгдмэл байдлыг илүү хүсдэг байх. Монголд хүчтэй гэхээсээ илүү, ухаалаг эмэгтэйчүүд их байдаг. Агентлаг маань ашгийн бус гэж явна. Мяраалаг бүсгүйчүүддээ энэ хувцсыг ингэж өмсөж болдог гэдгийг харуулах гээд байгаа юм. Мяраалаг бүсгүйчүүд маань юм л бол нөхрийнхөө футболкийг шүүрч аваад л өмсчихдөг дөө. Ийм өөрийгөө зөнд нь орхидог хандлагыг үгүй хиймээр байна. Бидэнд зориулсан Plus size хувцас үйлдвэрлэл бий болгох сэдэл санааг бизнесмэнүүдэд төрүүлж, гаднаас импортолдог болгомоор байна. Бүсгүйчүүдээ сэдэлжүүлэх, өсөж дэвжихэд нь туслах сургалтууд зохион байгуулах ажлуудыг төлөвлөөд явж байна. Гэртээ суугаад нүүр нүдээ тордохгүй, үс гэзгээ арчлахаа больчихсон, нэг үгээр хэлбэл өөрийгөө хаясан бүсгүйчүүдээ уруу татах санаатай байна. Зөвхөн бид тарган гээд хаяхгүй тураах, эрүүлжүүлэх талаас нь хүртэл бие биедээ туслаад явна л гэсэн үг. Агентлаг байгуулагдаад ирэхээр “Би ийм юм чадна үүгээрээ тусалъя, оролцъё” гэсэн хүүхнүүд маань их хандаж байна. Энэ ташрамд хэлэхэд бүсгүйд минь чаддаг, чаддагаараа биесдээ туслаад цааш хөгжиж дэвшээд явъя, та бүхэн минь оролцоорой гэж уриалъя.
-Таны ярианаас цаашид хийхээр төлөвлөсөн ажил их байгаа гэдэг нь мэдрэгдэж байна шүү?
-Нэг сонирхолтой зүйл нэмээд хэлэхэд бидэнд эрэгтэй моделиуд хандаж байна. Эхэндээ бид энэ талаар бодоогүй юм билээ. Өөрсдөө санал тавихаар “Аа нээрэн ийм зүйл байх ёстой юм байна” гэж бодсон. Одоо хүрээгээ тэлээд эрэгтэй Plus size моделиор эгнээгээ өргөжүүлнэ. Энэ жил Булган аймагт “Алтаргана” наадам зохион байгуулагдана. Биднийг тэр наадамд оролцооч гэдэг албан ёсны урилга ирсэн байгаа. Буриад зоныхоо үндэсний хувцас, гоёл чимэглэлийг өмсөж сурталчилна. Мөн бид 21 аймгаараа тойрч аялна, орон нутагт байгаа бүсгүйчүүдээ бас татан оролцуулж, урам зориг өгөх санаатай байна.
-Ярилцсанд баярлалаа.
Трамп төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна