О.Энхтуул: Яг одоо бол дуртай ажлаа хийгээд жаргаж, шаналж байна


Тайз, дэлгэцийн 20 гаруй бүтээлийг үзэгчдэд хүргэж магтаал зэмлэлийг хамтад нь сонссон “Мөрөөдлийн театр”-ынхны ээлжит бүтээл нь “Тод хувцастай эмэгтэй”. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын дүрийн сонголт тун сонирхолтой. Тэднийг эвлэж нийлэх болов уу гэсэн бодол эхэндээ санаанаас гараагүй. Үзэл бодол, өнгө төрх, хэв маяг өөр хүмүүс нэгдэн уянгын төрлийн жүжгийг хэрхэн гаргах бол гэсэн хүлээлт өөрийн эрхгүй уяж байлаа. Энэ бодолд хариу өгөх мэт шүүмж, бодрол хөвөрч нэгэнтээ өндөрлөх тийшээ хандахад дүрүүдээс эгэл нэгэн ээжийг сонгон уулзлаа. Ээжийн дүрийг бүтээсэн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Энхтуулын ярилцлагыг хүргэе.

 

-Хүн бүр өөрийн зохиосон өнгөөр түүхээ бичдэг. Таны дүрийг нь бүтээж байгаа эмэгтэй ямар өнгөөр түүхээ бичиж байна вэ?

-“Тод хувцастай эмэгтэй” жүжигт би ээжийн дүрийг бүтээж байна. Хүмүүс тод гэдэг үгийг өөр өөрийнхөөрөө ойлгож, хүлээн авч байна. Би хувьдаа эмэгтэй хүнийг нүцгэн байсан ч тод гэж хардаг. Яагаад гэвэл тэдний зурж, бүтээж байгаа бүхэн дахин давтагдахгүй. Эмэгтэй хүн бүр амьдралаа тодоор зурахыг хүсдэг.

Тод гэдгийг хүссэн өнгөөрөө зөв, сайхан зурахыг хэлж байгаа хэрэг. Миний дүрийг нь бүтээж байгаа ээж тэдний л нэг. Амьдралаа тодоор зурж явдаг эмэгтэй. Хүний амьдралд баяр, гунигтай зүйл тохиолдоно. Бүдрэх үе ч тулгарна. Тийм үед зарчмаасаа хэзээ ч ухардаггүй хүн нь ээж юм. Тиймээс эх хүн бүрийн явж байгаа зам нь зөв, өнгө нь тод байдаг юм болов уу гэж би хувьдаа боддог. Тэгэхээр би ч, та ч гэсэн тод өнгөөр амьдралаа зураад явж байгаа эмэгтэйчүүдийн нэг. Амьдрал дээр би эгэл жирийн ээж. Миний амьдралд гурван сайхан хүүхэд заяасан нь тод яваагийн жишээ болох байх. Элэг бүтэн, эрүүл саруул явбал амьдралаа илүү тодоор зураад явж байна гэж боддог юм. 

-Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын танд оноосон ээжийн дүр хувь хүний үзэл бодолтой хэр зөрчилдөж байх юм?
-Ээжүүдийн дотоод ертөнц ямар ч үед хоорондоо зөрчилдөхгүй байх. Тэд хань, үр хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулдаг. Яахав, хүүхдүүддээ шаардлага тавих, зөв замд нь оруулахын тулд хатуу үг хэлдэг л байх. Энэ мэт зангаараа л ээжүүд хоорондоо ялгарна. Өмнө нь хэлсэнчлэн би гурван хүүхэдтэй. Энэ зохиол дээр ч гурван хүүхэдтэй ээжийн дүрийг бүтээж байна. Ханиа алдаад хоёр жил болчихлоо. Энэ зохиолын дүр ч гэсэн ханиа алдаж хүүхдүүдээ тэжээж, өсгөж яваа ээж. Эдгээрийг харьцуулахад адилхан тал байгаа боловч ялгаатай зүйлүүд ч бий. Эх хүн бүрийн хүүхдээ хайрлах хайр, хайртайгаа мэдрүүлж байгаа арга хэлбэр ялгаатай. Тэгсэн ч  үр хүүхдээ гэсэн сэтгэл зүрх нэг учир хайрлах арга зам хаа нэгтээ огтлолцох нь ойлгомжтой юм. Ингээд ажихад дүрийн хувьд төстэй талууд байна. Гэхдээ найруулагчийн тавилт үүнд их нөлөөлнө. Найруулагч эх хүний хайр ямар байдгийг илэрхийлэх гээд байгаа юм уу, эсвэл эх хүний дотоод ертөнцөд байгаа зүйлийг гаргах зорилготой юу гээд энэ бүхэн найруулагчийн тавилтаас шалтгаалж тоглолт болгон үзэгчдэд өөрөөр хүрнэ. Үүнээс үзэгчид өөрийн мэдэрснээрээ биднийг хүлээн авч оюун санаандаа буулгана. 
-Хүний элэг зүрхний хамгийн эмзэг бөгөөд зөөлөн хэсэг нь ээжтэй холбоотой байдаг. Тиймээс дүрийн илэрхийллээс гадна дотоод ертөнцийг нь гаргах амаргүй ажил байдаг?
-Хүний зүрх сэтгэлийн хамгийн эмзэг хэсэг яалт ч үгүй ээжтэй холбоотой. Гэхдээ холбохгүй байж ч бас болно. Олон хүүхэд төрүүлж түүндээ түүртээд хааяахан хатуу хандчихдаг ээж байдаг. Газар тавилгүй эрхлүүлж бөөцийлдөг эх хүн ч бий. Зарим нь төрүүлсэн хүүхдээ хаяж, орхиж, хүнд өргүүлдэг. Тэгэхээр ээж бүрийн дотоод ертөнц өөр. Гэхдээ зүрх сэтгэлийнх нь хаа нэгтээ үрээ гэсэн бодол оршдог. Би заримдаа боддог. Хүүхдээ хүнд өргүүлсэн ээжийн талд зогсдог. Тийм ээжийг шүүмжлэхээсээ өмнө яагаад гэж бодохыг хичээдэг. Утга учиргүй муулж, үзэн ядахаасаа өмнө яагаад тийм зам сонгосныг нь мэдээсэй гэж хүсдэг. 
-Тайзан дээр амьд харилцаа үүсдэг. Энэ онцлогоороо хэдийгээр нэг жүжиг ч өдөр бүрийн тоглолт шинэ байдаг. Тод хувцастай эмэгтэйн дүрээр тайзан дээр гараад та юуг мэдэрч, хүлээн авч байна вэ?
-Хамгийн эхэнд онцлох нь үзэгчдээс ирж байгаа энерги. Би өдөр бүрийн жүжиг болгоноосоо их сайхан мэдрэмж авч байна. Түүнийг нь давсан жүжиглэлт гаргахын тулд их хүч зарцуулдаг. Заримдаа үзэгчдээс ирж байгаа энергид нь цохигдоно. Заримдаа үзэгчидтэйгээ нэг цөм болно. Үүнээс театр амьтай гэдгийг мэдэрч байна. Тиймээс хүмүүс театрыг зорин ирж уран бүтээл үзэхийг хүсдэг байх. Хүн гэртээ хүссэн киногоо захиалан үзэж инээж, уурлаж, уйлж болно. Гэхдээ  театрт ирээд үзэж байгаа мэдрэмжийг тэндээс хэзээ ч авахгүй. Найруулагчийн жүжгээ тавьсан онцлог, тайзны гэрэл, дуу хөгжим нийлээд нэгэн цогц болдог. Тиймээс амьд харилцаа илэрхийлдэг театр оршсоор байгаа юм. 
-Тайзнаас нэг хэсэг хөндийрсөн хугацаа танд байсан. Эргэн ирэхэд ямар санагдсан бол. Мэргэжлийн уран бүтээлч болоод анх эхлүүлж байсан шигээ мэдрэмж авч байна уу?
-Бүр илүүг авч байна. Яагаад гэвэл би ажлаа их санасан. Бас амьдралаас их ухаарлыг авсан. Бидний хорь, гуч, дөчин настай үеийн мэдрэмж, хүнтэй харилцах харилцаа болгон өөр. Гэтэл хүн үүнийгээ анзаардаггүй юм билээ. Одоо бол би амьдралыг улам илүү мэдэрч байна. Хүмүүсийн дотоод сэтгэл ямар байдгийг мэдэхийг хүсэж байна. Ингэж тэднийг дотроос нь мэдэрч, хайрлахыг хүсэх болсон. Ингээд ирэхээр уур уцаар, үзэн ядалт, атаа жөтөө алга болдог юм байна. Өнгөрсөн хугацаанд тайз болон дэлгэцийн хэд хэдэн бүтээлд дүр бүтээлээ. “Амьдралоги”, “Худалдагч охин” кино, “Опал” жүжиг гээд бүгдэд нь өөр өөрийн өнгө аястай дүрийг гаргасан. Бүгд л эмэгтэй хүний дотоод ертөнц рүү өнгийсөн бүтээлүүд. 
-Дараагийн асуултад та намайг хөтөллөө. Одоо та найруулагч Н.Наранбаатартай ажиллаж байна. Үүний өмнө найруулагч М.Батболдтой “Опал”-д ажилласан. Арга барил ондоо, хоёр өөр төлөөллийн найруулагчтай ажиллахад ялгаа нь юу байх юм? 
-Хүний оюун тархи үнэхээр агуу, хүч чадалтай. Бид түүнийхээ ердөө багахан хэсгийг ажиллуулж жүжгээ тоглон нэг хүслээ биелүүлээд явж байна. Хүсэл мөрөөдлөө бүгдийг биелүүлнэ гэвэл барагдашгүй юм. М.Батболд найруулагч намайг Германд байхад холбогдсон. Опалын дүрийг бүтээх хүнийг хоёр, гурван жилийн хугацаанд хайхдаа “Таныг л энэ дүрийг бүтээнэ гэж бодлоо” гэж хэлсэн. Саналыг нь хүлээн авахад тэр үнэхээр их баярласан. Эхлэл ийм сайхан байсан болоод ч тэр үү ирээд “Опал”-аа тоглоход  бэрхшээл тулгараагүй. Энэ дүрээрээ “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй гол дүр, “Мөнгөн мод” наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авлаа. Үүнийгээ би хамт олны маань хүч гэж бодож байгаа. Тохирсон дүр гэдэг тийм сайхан байдаг. Н.Наранбаатар найруулагчийн хувьд бид хамтдаа олон бүтээлийн ард гарсан. Санаа нэг найруулагч гэж боддог. Найруулагч болгоны арга барил өөр. Би бараг бүх найруулагчтай ажилласан. Ер нь жүжигчин хүн олон найруулагчтай ажиллаж үзэх ёстой. Учир нь, уран бүтээлчид  тэр болгоноос юм сурдаг. Одоо залуу найруулагчид гарч ирж байна. Тэднийг залуу байна гэж чамлаж болохгүй. Бидэнд ч гэсэн тэднээс сурах зүйл их бий. Тиймээс бүгдтэй нь ажиллаж үзэх юм бол жүжигчин хөгжинө, баялаг болно. 
-Орчин цагийн үзэгчдийн сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Өөрсдийнхөө уншиж мэдсэнээс илүүг уран бүтээлчдээ хүсэн хүлээдэг болсныг та ажиглав уу?
-Сошиал хөгжсөнөөр хүмүүс олон төрлийн мэдээлэл авч байна. Үүнээс хүн зөв буруу мэдээллийг ялгаж сурах хэрэгтэй. Орчин цагийн үзэгчид интернэтийн тусламжтайгаар олон зүйлийг харж, үзэж байна. Тэгвэл тэд өнөөдөр тайзан дээрээс юу харах гэж ирээд байгаа юм бэ. Түүнд л бид анхаарал хандуулах нь чухал болохоос хэн хэдэн ном уншиж судалсан нь сонин биш санагддаг. Тэдгээр хүмүүсийн театрт ирсэн зорилго нь өөрөө агуу байхгүй юу. Бүтээл бүр, зохиол болгон өөр өөрийн гэсэн шугамтай. Өөр өөрийн гэсэн хэлэх санаатай байдаг. Тэр санааг үзэгчдэд ойлгуулж чадвал уран бүтээлийн зорилго биелнэ. Түүнээс соёлтой эсвэл соёлгүй үзэгч гэж ялгах нь өрөөсгөл болно. Театрыг зориод ирнэ гэдэг өөрөө том соёл. Өнөөдрийн үзэгчид алив уран бүтээлийг хүлээн авч байгаа нь надад сайхан санагддаг. 
-Эсрэгээрээ уран бүтээлчийн хувьд таныг юу шаналгаж байна вэ?
-Хүн зовж бас шаналж болно. Жаргаж нэг шанална. Харин би яг одоо дуртай ажлаа хийгээд жаргаж, шаналж байна. 


-Илүү ихийг хиймээр байгаа энэ цаг үедээ та ямар төрөл жанрын уран бүтээлд тоглохыг хүсэж байна?
-Дэлгэцийн бүтээлийн хувьд адал явдалт кинонд тогломоор байна. Театрын хувьд надад ямар ч дүр оноосон тоглоно гэсэн бодолтой явдаг. Эмэгтэй хүн өөрийнхөө ертөнцийг танихын тулд, жүжигчин хүн янз янзын дүрд хувирч байж хүмүүст өөрийгөө таниулна, ойлгуулна. Бүтээсэн дүрээрээ эмэгтэй хүн дотроо ямар агуу хүчтэй юм бэ. Ямар их зүйлийг дотроо тээж явдаг. Бас ямар сайхан гэрэл гэгээтэй зүйлийг дотроо агуулж явдгийг урнаар шаглан гаргамаар байна.

Жүжигчний маань тайзан дээр гарах цаг ойртож ярилцлагаа энд хүрээд өндөрлүүллээ. Зааланд хөдөлгөөн нэмэгдэж жүжигчид нүүр будах ажилдаа оржээ. Олны танил эрхмүүд ар араасаа хөвөрч нэг л зүйлд яарна. Харин гадна талд “Тод хувцастай эмэгтэй”-тэй танилцахаар ирсэн үзэгчид жүжиг эхлэхийг хүлээн зогсох ажээ.             

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/    


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 18 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 23 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22