Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийг 1994 онд байгуулж, түүнээс хойш тасралтгүй, тогтмол үйл ажиллагаа явуулсаар өдгөө 30 дахь жилийн түүхийн хуудсаа нээжээ. НҮБ-ын нийгэм, эдийн засгийн зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол Улс дахь анхны төрийн бус байгууллага гэдгээрээ онцлог, давуу талтай тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг ямар зорилго, алсын хараатай үйл ажиллагаа явуулдаг вэ?
Анх байгуулагдсан цагаасаа эхлэн Монголынхоо хүн амд, тэр дундаа хүүхэд залууст бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн боловсролыг олгох, алслагдсан, төвөөс хол амьдардаг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс орхигдох магадлалтай хүн амд хүрч ажиллахад гол анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн. Бид ямар нэгэн ашиг сонирхлын бүлгээс ангид байж, улс төрийн бус, шашны бус ТББ гэдэг чиг шугамаа барьдаг.
Манай байгууллагын хувьд нэгдүгээрт, бэлгийн болон нөхөн үржихүйн чанартай тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг үзүүлж ажиллах. хоёрдугаарт, өсвөр үеийнхэн, залуучуудад эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох, гуравдугаарт, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн ажлыг хийж гүйцэтгэх гэсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.
-Та бүхэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд онцлох, томоохон ямар ажлуудыг амжуулсан бэ?
1994 оны үед манай улсад гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг үгс хүн амын дунд түгээмэл биш байх үед нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Монгол улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, удамшлын зөвлөх эмч Ж.Раднаабазар эмч маань Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбоо гэж дэлхийн 148 улсад гишүүн нийгэмлэгтэй байгууллагын талаар олж мэдэн захидал бичсэнээр нөхөн үржихүйн эрүүл мэнд, тусламж үйлчилгээ, эрхийн талаарх олон төсөл хөтөлбөр Монголд хэрэгжих боломж бүрдсэн билээ. Энэ хүний оруулсан хувь нэмрийг дурдахгүй байхын аргагүй. Тэрбээр олон эмч, эрүүл мэндийн ажилчдыг гадаадад, дотоодод сургаж, орон нутагт салбарууд нээх, хүүхэд залууст эрүүл мэндийн боловсрол мэдлэг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Өнөөдрийг анх үүсгэн байгуулагдаж байсан үетэй харьцуулахад ахиц дэвшил гарсан, чамлахааргүй ололт амжилттай яваа гэж хэлж болно. Тухайлбал, Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооноос засаглал, менежмент, хөтөлбөр, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж гэх мэт 200 орчим шалгуур үзүүлэлтэд үндэслэж магадлан итгэмжлэл олгодог.. Бид энэхүү шалгуурыг гурван удаа хангасан бөгөөд энэ жил 4 дэх удаагаа шалгуулахаар бэлтгэж байна. Манай нийгэмлэг олон улсад гурван удаа магадлан итгэмжлэгдсэн ТББ гэсэн үг.
Мөн нийгэмлэг маань 17 аймагт салбартай. Салбараар дамжуулан “Өсвөрийн эмч”, “Бяцхан эмч” төслүүдийг ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд, цэцэрлэгүүдэд амжилттай хэрэгжүүлж, үе тэнгийн сургалтын арга барилаар хүүхдүүдэд эрүүл мэндийн үнэн зөв мэдлэг мэдээллийг өгч ажиллаж байна.
Эдгээр салбарууд сум орон нутгийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдтэй хамтран алслагдсан сум, суурин газрын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг уламжлалтай. Энэ ажлыг үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд жилд ойролцоогоор 20-40 мянган хүнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үр дүнтэй олон төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, хосолмол хамгаалалт, хилийн боомтын дагуух хөдөлгөөнт хүн амын БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах,
өсвөр үе, залуучуудын таван төвөөр дамжуулан сайн дурын зөвлөгөө шинжилгээ болон бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээ, үйлчилгээг хүргэх, бид эрхээ мэднэ 1,2 төсөл, аюулгүй үр хөндөлтийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээг өргөжүүлэх, хөдөлгөөнт хүн ам зэрэг олон төслийг гадаад дотоодын хандивлагчидтай хамтран амжилттай хэрэгжүүлсэн гэх мэт олон ажил бий.
-Цаашид үлдсэн аймагт салбараа нээх төлөвлөгөө бий юү?
-Бодол бий. Гэхдээ төрийн бус байгууллагын ажлыг итгэлээрээ нэгдсэн хүмүүс сэтгэл, зүтгэлээрээ хийдэг. Тиймээс хүний болон санхүүгийн нөөц хязгаарлагдмал байдаг учраас төлөвлөсөн бүхнээ хэрэгжүүлэхэд тийм ч амар биш. Манай орон нутаг дахь салбарын тэргүүн, сайн дурын идэвхтэнгүүд маань бүгд сайн дураараа, бусдын сайн сайхны төлөө, эрүүл мэндийн төлөө цагаа зарцуулж ажилладаг болохоор тийм хүнийг олоход бэрхшээлтэй байдаг.
-Та бүхний хэрэгжүүлж буй төслүүдээс эрүүл мэндийн боловсрол олгох, мөн “Бяцхан эмч” төслийг онцлон тодруулмаар байна?
-Олон улсын сайн туршлагыг судлахад хүүхэд багаасаа олж авсан мэдлэг ойлголт, дадал зуршлаа насан туршдаа хэрэгжүүлдэг гэдэг. Бид 2017 оноос эхлэн “Бяцхан эмч” хөтөлбөрийг тодорхой цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж байна. Энэ насныханд тохирсон мэдлэг боловсрол буюу гар, шүдээ зөв угаахаас эхлээд "Миний биед үл хүрэх дүрэм", "Бие эрхтнээ нэрлэж сурах", эрэгтэй, эмэгтэй хүүхдийн ялгаа зэрэг ойлголт мэдлэгийг бяцхан эмчээр сонгогдсон хүүхдүүдэд тусгайлан зааж, тэр хүүхэд цааш нь найзууддаа түгээдэг. Манай сургалтын гол онцлог нь хүүхэд, хүүхэддээ гэсэн аргачлал байдаг.
Одоогоор Төв аймгийн хоёр, Орхон, Өвөрхангай, Дорнод, нийслэлийн 57 дугаар цэцэрлэгт энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Бид тухайн цэцэрлэгүүдэд “Бяцхан эмч”-ийн булан тохижуулж өгсөн бөгөөд үүнийг цэцэрлэгүүд өөрсдийн онцлог давуу талд үндэслэн өргөжүүлж баяжуулж явах учиртай юм. Манай нийгэмлэг 30 жилийн ойгоо тохиолдуулан нийслэл хотод дахин нэг цэцэрлэгт “Бяцхан эмч” хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-Хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөллийн ямар ажлыг хийж гүйцэтгэсэн бэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хамгийн хэрэгтэй, заавал орох ёстой эрүүл мэндийн хичээлийг 2015 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайдын тушаалаар хасаж байсан юм. Тймээс бид 100 гаруй төрийн бус байгууллагатай хамтарч, дуу хоолойгоо нэгтгэн үүнийг эсэргүүцэж тал бүрийн нөлөөллийн ажлыг тууштай, хүчтэй өрнүүлсэн. Ингэснээр 2018 онд зорьсон үр дүндээ хүрч чадсан. Ер нь нөлөөллийн ажилд цаг хугацаа, тууштай байдал шаардлагатай байдаг.
-Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн дотоод болон гадаад хамтын ажиллагаа хэрхэн өргөжин тэлж байна вэ?
-Манай нийгэмлэг Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны гишүүн. Энэхүү холбоо маань дэлхийн 140 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг. Нийгэмлэг маань зүүн ба зүүн өмнөд Азийн далайн бүсэд харьяалагддаг учраас энэ бүсээс зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй, тогтмол оролцдог.
Мөн бид Хятад, Солонгос, Тайланд, Казахстан зэрэг улс орны ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгүүдтэй албан ёсны хамтын ажиллагаа өрнүүлж, харилцан туршлага солилцдог. Сүүлд гэхэд БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийгэмлэгтэй хамтран 2022-2024 онд харилцан туршлага солилцох, эмч, мэргэжилтнүүдээ сургах чиглэлээр амжилттай хамтарч, одоогийн байдлаар нийт есөн хүн маань туршлага солилцоод ирсэн. Мөн БНХАУ-ын гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгээс удахгүй байгуулах залуучуудын бэлгийн боловсрол олгох төвд сургалтын үзүүлэн, тоног төхөөрөмжийн хандив өгөхөөс гадна эмч нараа харилцан сургахаар төлөвлөж байна.
30 жилийн ойгоо угтан долдугаар сард есөн орны залуучуудын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна.
Харин дотоод хамтын ажиллагааны тухайд өнгөрсөн 30 жилийн хугацаанд ЭМЯ-тай байнгын хамтын ажиллагаатай байж тодорхой, томоохон судалгаануудыг хамтарч хийж байсан. Сүүлд ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Бяцхан эмч хөтөлбөр дээр цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл ахуйн дадал хэвшлийг сайжруулах үнэлгээ хийх, зөв зохистой хооллолтын тал дээр судалгаа хийж ажиллаж байна.
Мөн 2017 оноос эхлэн жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх зорилготой төсөл хэрэгжүүлэхээр ЭМЯ болон НЭМГ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, үйлчлэх хүрээний хүн ам болон бусад чиглэлээр судалгаа явуулж хамгийн их хүнд үйлчилдэг СХД, БЗД-ийн эрүүл мэндийн төв болон хамгийн олон оюутан, залууст үйлчилдэг СБДЭМТ, НӨАГ болон Дорнод, Орхон аймгийн БОЭТ зэрэг нийт зургаан байгууллагыг сонгож гэрээ байгуулан төслөө эхлүүлсэн.
Төслийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтын үеэр анхан шатны буюу өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар энэ төслийг өрхүүд дээр хэрэгжүүлэх талаар олон хүсэлт ирсэн тул 2019 онд нэмж нийслэл, орон нутгийн 10 өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж нийт 17 эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэлсэн. Энэ оноос эхлэн дээрх төслийг улсын болон хувийн эмнэлгүүдийн дунд нээлттэй зарласан.
-Нийгэмлэгийн дэргэдэх Гэр бүл эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний талаар сонирхмоор байна?
Бараг Монголдоо хамгийн анхны нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний эмнэлгийг олон улсын төслөөр 1998 онд байгуулснаас хойш өдгөө Гэр бүл эмэгтэйчүүдийн эмнэлэг нэртэйгээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны 140 орны гишүүн нийгэмлэгүүд бүгд өөрсдийн дэргэдэх эмнэлгээр дамжуулан зорилтот бүлгийн хүн амд нөхөн үржихүйн цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг онцлогтой. Манай эмнэлгийн хувьд "Аюулгүй үр хөндөлтийн төсөл", "Биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, зорилтот бүлгийн төсөл", "Эмзэг бүлгийн иргэдэд зориулсан төсөл" зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлж, жирэмслэхээс хамгаалах арга хэрэгсэл авах тавих үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна. Мөн Нийслэлийн Өргөө амаржих газартай хамтран резидент эмч нарыг сургах, дадлагажуулах, кредиттэй сургалтыг хамтран зохион байгуулж ажиллаж ирсэн. Эмнэлэг маань одоогоор эмэгтэйчүүдийн үзлэг зөвлөгөө, шинжилгээ, хэт авиан оношилгоо, үтрээний булчин чангалах, нөхөн сэргээх эмчилгээ, умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх шинжилгээ, жирэмслэхээс хамгаалах арга хэрэгсэл гэх мэт 30 орчим төрлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Жишээлбэл, ерөндөгийн тухайд манайх үйлчлүүлэгч нартаа хамгийн олон төрлийн сонголт санал болгодог. Бид Монголд анх удаа испани спираль оруулж ирж үйлчилгээ үзүүлж байгаа.
-Танай эмнэлэг ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдээс ямар онцлог, давуу талтай вэ?
-Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны гишүүн, олон улсын магадлан итгэмжлэгдсэн Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн дэргэдэх эмнэлэг гэдгээрээ онцлог, давуу талтай. Тодруулбал, манай эмнэлэг олон улсын стандартын түвшинд үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Мөн бид эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулахын сацуу үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан үйлчилгээгээ улам өргөжүүлж, сайжруулдаг. Мөн олон улсын туршлагатай эмч мэргэжилтнүүд ирж бидэнд байнгын сургалт зөвлөгөөг өгч, жирэмслэхээс хамгаалах орчин үеийн шинэ арга хэрэгсэл, эмчилгээний аргыг сайжруулан ажилладаг.
Бид эмч нараа БНСУ, БНХАУ-д сурган дадлагажуулж, байнгын суралцахуйг ажил хэрэг болгодог. Одоо энэ оны тавдугаар сард БНХАУ-ын Гэр бүл төлөвлөлтийн холбооны шугамаар Хөх хотын эх барих эмэгтэйчүүдийн их эмч нар ирж, бидэнд сургалт хийхээр болсон байгаа. Манай эмнэлгийн хувьд ашгийн бус, хөнгөлөлттэй үйлчилгээний журамтай, олон улсын шаардлага хангасан гэдгээрээ гол давуу талтай бөгөөд залууст ээлтэй үйлчилгээ явуулдгаараа бахархдаг. Оюутан залуус, залуу хосуудад гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө, сургалтыг тасралтгүй өгч, хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй, шүүмжлэлгүй үйлчилгээг төлөвшүүлж ажиллахад анхаардаг.
-Та бүхэн энэ онд явуулын тусламж үйлчилгээгээ аль аймаг, сумын иргэдэд үзүүлэхээр төлөвлөж байна вэ?
Бид жил бүр 17 аймаг дахь салбараар явуулж ирсэн явуулын үзлэг шинжилгээг 30 жилийнхээ ойг угтаад энэ ондоо арай өөр байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Дорноговь гэсэн 3 аймгийг хамруулсан эрүүл мэндийн явуулын үзлэгийг ирэх 9-р сард Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны санхүүжилтээр төвөөс алслагдсан, тэр бүр эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй зорилтот бүлгийн хүн амд хийхээр төлөвлөөд байна. Өнгөрсөн онд Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Төв, Говь-Алтай, Булган аймгийн 23760 гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, бэлгийн замаар дамжих халдварын 75 шинэ тохиолдлыг илрүүлэн дараагийн шатны тусламж үйлчилгээнд хамруулсан.
-Сүүлийн асуултаараа та бүхний цаашдын зорилго зорилтыг хуваалцъя?
-Бид стратеги төлөвлөгөөгөө тав таван жилээр баталж, талуудын үнэлгээгээр дүгнэдэг. Үүний дагуу бид 2016-2022 онд хэрэгжүүлсэн стратеги төлөвлөгөөгөө өнгөрсөн онд үнэлж дүгнээд, дараагийн таван жилийнхээ төлөвлөгөөг баталсан. Ирэх таван жилд бодлогын нөлөөллийн ажлаа үргэлжлүүлнэ. Мөн хүүхэд, залуучууд руу чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ орчин үеийн цахим хэрэглээн нийцүүлэн сайжруулж эрчимжүүлэхээс гадна “Бяцхан эмч” хөтөлбөрөө илүү боловсронгуй болгон өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Бид ирэх жилүүдэд өсвөр насныханд бэлгийн болон нөхөн үржихүйн үнэн зөв мэдээллийг олгох, хүн амд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх ажлаа шинэлэг хэлбэрээр хүргэнэ.
Бид 30 жилийн ойн хүрээнд уламжлалт хурал цуглаан зохион байгуулахаас татгалзаж, Улаанбаатар хотод хүүхэд залууст зориулсан цоо шинэ, VR технологид суурилсан “Залуучуудын бэлгийн боловсролын төв”-ийг байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү төвөө ирэх долдугаар сарын 4-нд албан ёсоор нээхээр төлөвлөж бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү төв маань хүн бүхэнд нээлттэй, эцэг эхчүүдийн өсвөр насны хүүхдүүдтэйгээ ойлголцоход хэцүү байдлыг бэлгийн боловсролтой холбоотой асуудлыг шийдсэн гэдгээрээ давуу талтай. Шинэ үеийнхний онцлог нь мэдээллийг визуал хэлбэрээр үзэж, сонсож, сурч, мэдэх чадвар нь илүү хөгжсөн байдаг учир бид үүнд тулгуурлан нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг бодит үзүүлэн, муляж, VR төхөөрөмж ашиглан хүргэж, сонирхолтой эвент, сургалтыг зохион байгуулна.
С.Аз
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна