Соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод” 15 дахь удаагийн наадмын шилдэг продюсероор шалгарсан Үндэсний урлагийн их театрын дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяатай ярилцлаа.
-Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид энэ удаагийн “Мөнгөн мод” наадамд өнгөтэй, одтой байлаа. Өнгөрсөн жилүүдэд хийсэн ажилдаа дүн тавиулж тайзнаа шагнал гардан зогсоход танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Үндэсний урлагийн их театрын хамт олноороо бахархаж зогслоо. Яагаад гэвэл “Мөнгөн мод” цом бол бидний хамтын бүтээлийг үнэлж өгсөн шагнал юм. Хамт олныхоо төлөөлөл болж тайзан дээр шагнал гардахад их сонин мэдрэмж төрдөг юм билээ. Хэлнэ гэж бодож байсан үгээ мартаж их сандарсан. Үг хэлэхийн оронд дуулсан нь илүү дээр санагдсан шүү (инээв).
-Их театрын тайзнаас төрсөн, таны продюсерлож үзэгчдийн хүртээл болгосон бүтээл цөөнгүй бий. Ялангуяа цар тахлын үед эхлүүлсэн ажлууд тань энэ шагналыг авахад жинтэй нэмэр болсон байх?
-Санаа, санхүү хоёрыг нь гаргасан хүнийг продюсер гэдэг юм уу даа гэж манайхны нэг нь монголчилсон байдаг. Миний хувьд ардын урлагаа сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, судлал шүүмжийн ажилд багагүй хугацаа зарцуулж тайзны бүтээл болгоход манлайлсан нь “Мөнгөн мод” цомын эзэн болоход нөлөөлсөн гэж бодож байна. Уран бүтээл хийхэд дэмжиж, тусалсан хүн олон бий. Тэр дундаа театрын захиргаа, Уран сайхны зөвлөл, төрийн их найрал хөгжим болон уран сайхны удирдаачаа дурдахгүй өнгөрч болохгүй. Тэднийхээ тус дэмд би олон ажлын ард амжилттай гарч чадсан юм.
-“Ардын дуу мину” телеконтентыг та санаачлан хэрэгжүүлсэн. Оюутан залууст чухал судлагдахуун болон үлдэх энэхүү баримтат өвийг хэзээнээс хийж эхлүүлсэн бэ?
-Үндэсний урлагийн их театрыг Улсын ардын дуу бүжгийн чуулга байхаас эхлээд 20 гаруй жил би энэ байгууллагадаа ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд дуулалт жүжиг, бүжгийн жүжиг, томоохон ойн болон хүндэтгэлийн концерт тайзнаа тавихад нь оролцож, хамт олонтойгоо олон ч театраар аялан тоглосон. Тиймээс их театрынхаа тайзнаа амилуулсан ардын бүтээлүүдээс түүвэрлэн телеконтент хийхээр бид 2020 оноос ажлаа эхлүүлсэн юм.
“Ардын дуу мину” хэмээх телеконтент хоёр ангитай бөгөөд сүүлийнхийг нь өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болголоо. Олон зуун жилийн түүхтэй ардын урлаг шавхагдашгүй баялаг юм. Манай театрын архивт гайхалтай олон бүтээл бий. Тэдгээрээс дээжлэн “Ардын дуу мину” телеконтентыг эхлүүлж хүмүүсийн сэтгэлд хүрсэнд туйлын их баяртай байна. Энэ ажлыг цар тахалтай амаргүй үед эхлүүлсэн. Хүмүүс тоглолт үзэх нь битгий хэл гэрээсээ ч гарах боломжгүй тийм хүнд нөхцөлд бид энэ сайхан бүтээлээ хийж олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиалаар гаргаж хүмүүсээс талархлын үгүүд хүлээн авч байв.
-Таны продюсерлосон ажлын талаар сонслоо. Харин хувийн уран бүтээлдээ хэр цаг зав зарцуулж байгааг сонирхон асууя?
-Бидний ярилцаж байгаа энэ урлагийн өргөөнд уран бүтээлүүд төрж, ажил амьдрал буцалж байдаг. Уран бүтээлчид бид бэлтгэлээ хийж, тоглолтдоо бэлтгэн ёстой л завгүй өдрүүдийг өнгөрүүлдэг дээ. Мэдээж үндсэн ажлынхаа хажуугаар хувийн карьертаа анхаарал хандуулахыг хичээлгүй яах вэ. Гэхдээ чөлөөт цаг төдийлөн гараад байдаггүй. Би өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд концертуудаас гадна нэлээд хэдэн дуугаа дүрсжүүлээд авлаа. Тэдгээрийн заримаас дурдвал, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн аялгуу С.Доднойн шүлэг “Санаа тэгшхэн яваарай” дуугаа дүрсжүүлсэн. “Мандах нар” гэж сайхан ардын дуу бий. Түүнийг мөн өвөрмөц найруулгатайгаар, хөөмийч Ц.Хаш-Эрдэнэтэй хамтран үзэгчдэд хүргээд байна. Одоо хийхээр төлөвлөж байгаа зүйл ч цөөнгүй бий.
-Урлагийн хүний амьдрал зогсолтгүй эргэх эргүүлэг шиг. Цаг хугацаа өнгөрснийг үл ажран зөвхөн тайзан дээрээ оршдог гэлтэй. Таны хувьд их багаасаа олонд танигдаж, урлагийнхантай ажилласан. Зогсолтгүй урагшилсан энэ он жилүүдэд та дотогшоо чимээлсэн удаа бий юү?
-Өөртөө цаг гаргаж олон зүйлийн талаар бодох үе байлгүй яах вэ. Хамгийн гол нь хүн хүссэн амьдралаараа амьдарна гэдэг аз жаргал юм. Хэрвээ би дуучин болоогүй байсан бол энэ сайхан бүхнийг харахгүй, мэдрэхгүй байсан. Тиймээс би одоо өөрийнхөө хүссэн тэр л тайзан дээрээ амьдарч байна. 16-хан настайдаа Ц.Чинзоригийн хөгжим, Д.Оюундэлгэрийн шүлэг “Сэтгэлийн цагаан хун” дуугаа анх бичүүлж байсан. Одоо бодоход тун ч жоохон байж дээ. Тэгсэн мөртлөө айж эмээхгүй их зоригтой ч байж. Монгол Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй, Н.Бүтэнбаяр удирдаач маань удирдаад Радиогийн алтан фондод дуу бичүүлж байсан юм. Тухайн үед Ц.Чинзориг хөгжмийн зохиолчид П.Хаянхярваа гуай “Чи П.Адарсүрэн, Ц.Өлзий-Оршихыг дуучин болгосон. Одоо бас нэгэн сайхан дуучин төрүүлж байна” гэж хэлж байсныг би мартдаггүй юм.
-Дурсамж цаг хугацааны явцад бүдгэрдэггүй харин ч улам тодордог гэдэг шүү дээ. Түүнээс гадна таныг тухайн үед “Морин хуур” наадмын тэргүүн байр эзэлж байсан талаар сонсож байлаа?
-19 настайдаа Жаргалсайханы хөгжим Баасанжавын шүлэг “Тэнгэрийн тамга” дуугаар “Морин хуур” наадамд орж тэргүүн байр эзэлж байв. Ер нь олон сайхан дурсамж бий. “Хүүхнүүд ардын дуу” хит парадад оролцож дэд, тэргүүн байрт шалгарсан. Бас Ардын жүжигчин Д.Ухнаа гуай маань тэмцээн зохион байгуулахад нь оролцоод түрүүлж явсан удаатай. СУИС-аа дөнгөж төгсөөд дуучин Гэрэлмаатай “Үлэмжийн чанар” нэртэй тоглолтоо анх Соёлын төв өргөөний тайзнаа хийсэн гээд ярих зүйл олон. Залуу байхад их л сайхан зоригтой байж. Бодож санасан зүйлийнхээ ард нь гарахын тулд их хичээнэ. Үнэхээр 20 гаруйхан нас гэдэг дуулахаас өөрийг анзаарахгүй, ажилладаг нас байж дээ.
-Ингэж таныг эртээс тайзан дээр гарах авьяасыг илрүүлсэн хүн хэн байв?
-Би Булган аймгийн Гурванбулаг сумын найман жилийн сургуулийг төгссөн. Ер нь багаасаа дуулах сонирхолтой. Нэгдүгээр ангид байхдаа гитар тоглож дуулдаг хүүхэд байсан юм. Миний авьяасыг тодруулж, өнгөлсөн хүн нь дуу хөгжмийн маань багш Батсайхан. Багшийн сургуулийн хөгжмийн ангийг төгсөөд удаагүй залуухан багш манай сургуульд ирж их олон тэмцээн зохиосон. Хамтлаг, ганцаарчилсан болон орос дууны уралдаан явуулна. Тэр бүрд нь оролцохдоо ихэнхдээ түрүүлж авсан баярын бичгийн зарим нь одоо ч надад байдаг.
-Тиймээс л та сургуулиа төгсөөд багшийнхаа сурсан сургуульд элсэхээр шамджээ?
-Тухайн үеийн хувь тохиол л байх. Би найман жилийн сургуулиа төгсөөд аймгийн төвд ирж Багшийн сургуулийн хөгжмийн ангид элсэхээр шалгуулж нэгдүгээр байр эзлэн хүссэн хуваариа авсан. Түүний дараа СУИС-д элсэж Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Дэлгэр багшийн шавь болж уртын дуучин болохоор суралцсан даа.
-Хөдөөнөөс ирсэн охин хотын амьдралд дасан зохицоход амаргүй байсан уу?
-Би оюутан болж хотод ирээд төрсөн аав, ээжтэйгээ амьдарсан. Миний аав Монгол Улсын заан Д.Амгаа, ээжийг маань Ц.Цэвэлмаа гэдэг. Намайг багад төрсөн эгчдээ өргүүлсэн юм билээ. Өргөж авсан аав маань Ц.Дашдамба гэж 90 хүрсэн хөгшин бий. Ээж минь Ц.Баттөмөр гэж сайхан эмэгтэй байсан. Бурхан болоод нэлээд олон жил болж байна. Би айлын ганц охин болж өргөгдөөд аав, ээжийнхээ гар дээр бөмбөрч өссөн. Ямар сайндаа л мэлхийний махтай хуушуур иднэ гээд уйлж байх вэ дээ. Ийм сайхан хайранд бөмбөрч, хайрлуулж өссөн хүн уян зөөлөн байдаг гэж хүмүүс ярьдаг. Хэдийгээр би хариуцлагатай хүн болж өссөн ч дотоод сэтгэл минь уян зөөлөн гэж боддог юм.
Миний аав, Монгол Улсын заан Д.Амгаа их хөдөлмөрч хүн. Хүүхдүүдээ ч их хөдөлмөрт сургаж өсгөсөн. Би төрсөн аав, ээжийндээ 15 настайдаа оюутан болж ирж гэр бүлтэй болтлоо хамт байсан. Эрх танхи өссөн хөдөөний хүүхэд хотод ирээд ажил, дэг жаягт суралцсан. Оюутан ахуй үеэ амьдралд суралцсан цаг үе маань гэж би хувьдаа боддог юм. Аавын талд Дондой гээд маш сайхан дуулдаг 100 дөхөж яваа хөгшин бий. Нутагтаа анч Дондой гэдгээрээ алдартай. Ээжийн тал маань эхээс арван нэгүүлээ. Бүгдээрээ сайхан дуулдаг удамтай. Ийм л хүмүүсийн үргэлжлэл болсон би өнөөдөр ч уран бүтээлдээ шамдсаар явна.
-Таны уран бүтээлч болохоор сонголт хийсэн, сурсан, ажиллаж эхэлсэн хугацаа бол манай шилжилтийн үе. Хүмүүс урлагийн бүтээл үзэхээс илүү нэгдүгээрт, талхаа тавьж байсан. Ийм үед хөл алдахгүй уран бүтээлчээрээ оршиход юу нөлөөлсөн бэ?
-Тодорхой нэг албан байгууллагад харьяалагдах нь их чухал байдаг. ҮУИТ бол өндөр босготой айл. Тэр босгыг давж дуучин болно гэдэг их хувь заяа. Дээр нь хүн хамт олон дотроо хүмүүждэг. Ялангуяа манай театр уран бүтээлчдээ бэлтгэлтэй байхыг шаардана. Атистатчилал явуулна. Ёстой шүүсийг нь шахдаг гээд хэлэхэд буруудахгүй байх. Ийм нөхцөлд хүн маш их хүмүүждэг, бэлтгэгддэг. Чиг шугамаа тодорхойлоход ихээхэн түлхэц болдог юм байна.
-Театрын хүмүүжилл ондоо шүү. Гэхдээ уран бүтээлчид тун эмзэг улс. Та ер нь юунаас урамшдаг вэ?
-Уран бүтээлч хүн аз жаргалыг тайзан дээр мэдэрч, үзэгчдийн алга ташилтаас их урамшдаг. Дээр нь биднийг хамгийн их ойлгож, өмөг түшиг болдог нь хань ижил юм. Манай гэр бүлийн хүн Монгол Улсын Ардын жүжигчин Л.Чаминчулууны хүү. Урлагийн гэр бүлд өсөж, төрсөн болохоор миний бүх зүйлийг ойлгодог. Намайг 200 хувь дэмждэг. Ямар ч уран бүтээл хийсэн намайг дэмжиж асаалттай танк шиг байдаг хань, гэр бүлийнхээ хүчинд би өдий зэрэгтэй явж байна.
-Таны охин Аззаяатай өмнө нь ярилцаж байсан. Ээжийнхээ цаг барьдаг, хариуцлагатай зан чанарыг дуурайхыг хүсдэг гэж байсан?
-Би нэг хүү, хоёр охинтой. 21 настайдаа Аззаяагаа төрүүлсэн. Залуудаа анхныхаа хүүхдийг төрүүлж хамтдаа өсөж дэвжих сайхан байна. Надад юу хэрэгтэй байгааг мэдэрч, харж, ээждээ байнга зөвлөдөг нь манай Азаа шүү дээ. Миний дунд охиныг Алтанзаяа гэдэг. Өглөө хичээлдээ явахаас өмнө өрөөгөө эмхэлж цэгцлэн хэдэн бамбаруушаа хураана. Бамбаруушуудаа хураахгүйгээр хичээлдээ явна гэж байхгүй. Тийм л хариуцлагатай хүүхэд. Миний бага хүүг Намхай гэдэг. Сайхан том залуу болж байна. Арлын орон руу сүмогийн сургуульд сурахаар удахгүй явах гэж байна.
Миний хань улс төрийн хүн. Үүнийг дагаад хариуцлага, цаг барих зэрэг нь гэр бүлийн хүрээнд өндөр түвшинд байдаг. Ер нь дадал болчихдог юм билээ. Би “Цаг барьдаггүй, цэгцтэй байдаггүй, хэлсэндээ хүрдэггүй хүн ямар ч ажил хийсэн явахгүй шүү” гэж хүүхдүүддээ хэлдэг.
-Өвөөгийн өгөгдлөөс бага хүүд тань байгаа байх?
-Миний хүү 180 сантиметр өндөртэй том залуу бий. Тамирчин хүн тэсвэр тэвчээртэй байх ёстой. Тэр дэг сургуульд суралцах амаргүй. Гэхдээ л хүүгээ эр хүн шиг эр хүн болгохоор Япон руу явуулах гэж байна.
-Нагац ах нь сүмочин байсан. Дүүдээ зөвлөх зүйл олон байгаа болов уу?
-Манай дүү зодог тайлаад Монголдоо ирсэн. Сүмогийн ертөнцийг сайн мэдэх учраас дүүдээ хэлж, зөвлөх зүйл олон байгаа байх.
-Та Монголын биет бус өвийг тээж яваа уран бүтээлчдийн нэг. Тиймээс таныг цаашид багшлахаар бодож байгаа эсэхийг тодруулмаар байна?
-Багшаар ажиллаач ээ гэсэн санал надад ирж байгаа. Гэхдээ уран бүтээлээ хийж байгаа болохоор хоёрдохвий гэж санаа зовниод одоогоор хойшлуулаад байна. Түүний оронд дуучнаа хийж байгаад багшлах цагтаа багшилъя гэж боддог юм. Мэдээж энэ бол миний хариуцлагын нэг. Өв тээгч байна гэдэг нь өөрөө хүндтэй зүйлээс гадна хариуцлагатай ажил шүү дээ.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна