Өгүүллэг
Алс Дорнод. Намар болоход газар дэлхийн өөр хаа ч байхгүй үзэсгэлэн гоо энд бүрдэнэ. Хуш, гацуурын өтгөн ногоон өнгө сүлэлдсэн алтан шаргал тайга, зэрлэг хар усан үзэм, алтан хөлтийн гал шар мөчирс, намрын ойн, бас мөөгний мансуурч ташуурам үнэр. Мөөг нь хашааны байцай мэт багцалж ургана. Цэргийн ангийн хашаагаар гүйж гараад, хагас цагийн дараа гэхэд сагс дүүрэн мөөгтэй эргээд л ирнэ. Москвагийн ойр орчим эерүү зөөлөн байгальтай, харин энд бүдүүн хадуун. Дэндүү их ялгаатай ч яг тийм гээд оноод хэлчих гэхээр үг дутам. Алс Дорнодод нисдэг бүхэн хазна. Өчүүхэн муу шавж бугуйн цагны оосрын цаадтай хазахад хэдэн хоног хавдана.
“Өргөн хаан аа, өргөн хаан аа, сүү чинь дэврээд, хүүхэд чинь уйлаад байна шүү” – за, энэ бол Алс Дорнодод тохирох үг биш ээ. Наймдугаар сарын сүүлээр цоохор цохууд сүрэг шумуул шиг шавааралдаж, гэр оронд дайран орж ирээд шууд л хазна. Сэгсрээд унагаж болохгүй, алгадаад алж барахгүй. Өмхий шар шингэн дусаана, юугаар ч угаагаад арилгаж дийлэхгүй. Ингээд би чинь 1988 оноос эхэлж цох хорхойд дургүй болсон хүн.
Хазаж шимдэг шавжнууд есдүгээр сар шувтрах үеэр ичээ ноохойдоо шургаж, аравдугаар сарын дунд хүртэл диваажингийн улирал үргэлжилнэ. Тэнгэр нь арчсан толь мэт цэв цэлмэг, амьдрал ч дагаад тийм. Аадар бороо, салхи шуурганы завсраар ихэнхдээ нартай. Москвад тэнгэр олон хоног уйлагнадаг, энд үгүй. Ес, аравдугаар сард тохиох диваажингийн хорь гаруйхан нарлаг өдөр хэн хүнийг Алс Дорнодод эргэлт буцалтгүй дурлуулж орхидог юм.
Аравдугаар сарын эхээр нуурын эрэгт Багш нарын баяр тэмдэглэдэг. Анх удаа явж байгаа надад юм бүхэн содон. Тунгалаг уст нууруудыг эмжсэн нарийн элсэн хөвөө, идэрхэн гоолиг хус, цэлмэг хөх тэнгэр, хар дэр мод, хаягдсан нарийн цариг. Алт, хөхөлбий өнгө, төмөр. Нам гүм, салхигүй тогтуун, илчит наран, амар амгалан.
- Энд урьд нь юу байв. Нарийн цариг харагдана.
- Хуучин элсний ухмал. Гяндан байсан юм.
Алт, хөхөлбий өнгө, төмөр тэрхэн зуур хувьсхийн өөрчлөгдөх шиг. Би нуурын элсэн эмжээр даган, цэнгэг уснаа тусах хус, тэнгэрийн дүрс дундуур алхална. Хусан ойн дундах шорон. Шоронгийн хариугүй муу жижиг цонхоор ийм сайхан байгаль харагдаж байж. Хоригдлууд суллагдаад, хуягуудын хамт нэг тосгонд аж төрдөг байжээ. Аль алиных нь үр хойчис нэг дор амьдарч, ач гуч нь нэг сургуульд сурна. Эндхийн зарим айлуудын хооронд эвлэршгүй дайсагнал яваад байдгийн учрыг би ингэж ухав.
Тэрхүү аравдугаар сард намайг анги удирдсан багш болгож, наймдугаар анги өгөхөөр ятгав. 25 жилийн өмнө хүүхдүүд сургуульд арван жил сурдаг байв даа. Наймдугаар анги төгсөөд, цаашид суралцах шаардлагагүй хүүхдүүд нь сургуулиас гардаг, тийм үе. Надад өгсөн энэ ангийн бараг бүх хүүхэд есдүгээр ангид орохгүй. Ихэнх нь ТМС-д хуваарь авбал их юм. Үгүй бол оройн сургуульд сурч, хүнд хүчир ажил хийнэ. Манайх хэцүү анги. Сурагчид дуулгаваргүй, өнгөрөгч есдүгээр сард ангийн шинэ багш нь тэдэнтэй ажиллаж чадахгүй гээд орхисон. Захирал намайг л энэ хүүхдүүдийн учрыг олж магадгүй гэсэн юм. Ганцхан жил. Ганц жил тэсээд гарвал, энэ ангийг төгсгөж чадвал ирэх намар надад нэгдүгээр анги өгнө гэлээ.
Би 23 настай. Манай ангийн хамгийн ахмад сурагч Иван 16-тай. Зургадугаар ангид улирч сурсан, энэ ангид ч бас нэг удаа улирах төлөвтэй. Ангийн хаалгаар анх удаа алхаад ороход Иван намайг духайн харж угтсан. Хамгийн арын ширээнд суугаа өргөн мөр, том толгойтой тэр хүүгийн хиртэй хувцас, яз цохисон нударга, мөс шиг хүйтэн харцыг би шууд анзаарав. Би түүнээс айж байлаа. Ангийн бүх хүүхдээс би айна. Харин ангийнхан нь Иванаас дөлцгөөнө. Ноднин жил төрсөн эхийг нь муу үгээр хараасан хөвгүүнийг цус нөжтэй нь хольж орхисон сураг дуулддаг.
Энэ хүүхдүүд бүдүүлэг, хорсол хилэн дүүрэн, хичээл ном сонирхохгүй. Анги удирдсан дөрвөн багшийг дүрвээж орхисон, сурлагын дэвтэрт сануулга бичих, эцэг эхийг нь сургууль дээр дуудах зэргийг юман чинээ тоохгүй. Тэн хагасынх нь эцэг эх нэрмэл архинд нэвширсэн. “Хэзээ ч хүүхдүүд рүү дуугаа битгий өндөрсгө. Үгэндээ оруулна гэсэн итгэл чамд байвал үгэнд чинь орж л таарна” гэж хөгшин багшийнхаа хэлснийг бодсоор зэрлэг барстай торонд орох мэт айдас жихүүдэст автан, ангийн хаалгыг татлаа. Манай хэдэн бар зохисгүй үг шидэлж, цор цор гэлцэнэ. Иван арын ширээнд доош харан чимээгүй суух бөгөөд хэрэв таагүй санагдах юм бол дүрсгүйтсэн хэнийг ч болов чонон чигжүү харцаар нам зогсооно.
Боловсролын газраас хүмүүжлийн ажлыг нэмэгдүүлэх чиглэл өгчээ. Эцэг эх нь хүүхдийн хүмүүжилд хариуцлага хүлээхгүй, одоо энэ нь гагцхүү багшийн үүрэх ажил болов. Иймээс бид ангийн хүүхдүүдийн ар гэрээр байн байн орж гарах ёстой, надад сурагчдын гэрт очих шалтаг шалтгаан түм бум. Талаас илүүг нь нэг жилээр ч биш, бүр насаар нь улираан суралцуулмаар. Боловсрол хэчнээн чухал болохыг сурталчлан таниулахаар би мордлоо. Эхний айлаар ороход л эвэртэй туулай үзсэн мэт өөдөөс ангайн сууцгаана. Боловсорч яах гэж. Ойн аж ахуйн ажилчид чинь багшаас өндөр цалинтай шүү дээ... Айлын согтуу аав, хууларч урагдсан ханын цаасыг хараад юу хэлэхээ ч би мэдэхгүй. Өндөр боловсролын тухай үг минь хумхын тоос болж сарнив. Нээрээ яах гэж. Дадсан сурснаараа амьдарч байхад. Өөр амьдрал ер хэрэггүй.
Ангийнхаа хүүхдүүдийг эргэж тойроход цаад захын айл 12 км зайд бий. Нийтийн унаа гэж үгүй. Яваад ороход баярлах хүн лав байхгүй. Багш хүн гэрт ирэх нь гомдол санал, зодуур нүдүүрийн л эхлэл. Сайн сайхан зүйл хэлэх гэж айлаар явах биш дээ. Ингээд айл айлын хаалга татан явахад илжирч өмхөрсөн банзан шал, согтуу эцэг, эх угтана. Эх нь согтуу суухад хүүхэд ичнэ. Бохир заваан гэр, угаагаагүй сав суулга. Сурагчид маань ийм амьдралаа харуулах дургүй. Би ч хармааргүй байна. Уй гуниг, гарах гарцгүй цөхрөл намайг нөмрөн авна. 50 жилийн дараа ялтан, харгалзагчдын үр удам өмнөх өшөө хорслоо умартаж болох ч нурсан хашаагаа шургаагаар түшүүлж, илжирсэн заваан сууцандаа үргэлжлүүлэн амьдарсаар л үлдэнэ. Хэчнээн хүссэн ч эндээс зугтаж чадахгүй. Хүсдэг ч үгүй. Гацаа тойрог.
Иван над руу духаараа харна. Орон дээр хиртэй хөнжил дэрэн дунд дүү нар нь эгнээд суужээ. Орны даавуу алга, хөнжлийг нь харвал угаас цагаан хэрэглэл байгаагүй бололтой. Жаалууд эцэг эх хоёроосоо зайдуу бөөгнөрч, Иваны бөөрөнд наалдах аж. Зургуулаа юм. Иван том нь. Эцэг эхэд нь дуулгах олигтой юм надад үнэндээ алга. Бүх дүн нь муу, энэ янзаараа хичээл номоо хэзээ ч гүйцэхгүй дэг. Самбарт дуудаж гаргалаа гээд нэмэргүй. Гарч ирээд хуучин гутлынхаа хоншоорыг ширтэн дув дуугүй зогсох нь хэцүү. Англи хэлний багш эмэгтэй Иваныг үзэн ядна... Ийм байхад би юу ярих вэ дээ. Утгагүй. Иваныг муу сурч байна гэвэл зодуур амсана. Эцэг нь согтуу, түрэмгий. Иймд Иван сайн байгаа, тун их хичээж буй гэж хэллээ. Тэртэй тэргүй юуг ч өөрчилж чадахгүйгээс хойш. Ядаж л зөрүүд дүнсгэр, шаргал үст энэ хүүг дэргэд минь битгий зодог. Ээж нь баясан дуу алдаж “Миний хүү сайхан сэтгэлтэй. Хүн итгэхгүй байх даа. Дүү нараа үргэлж асарна. Гэр орны ажил хийж, ой тайга руу ч орно... Хүүг минь муу сурдаг гэлцдэг л юм. Хичээл хийж суух чөлөө зав хаа байна. Алив, та суу. Цай хийж өгье” - гээд явган сандлын үйрмэг хогийг бараан алчуураар сэгсчин унагааж, гал дээр данх тавихаар сандчин харайв. Үг дуугүй энэ хорон жаал сайхан сэтгэлтэй байна гэж үү. Үдэш боллоо гэж шалтаглаад салах ёс хийж, гадагш гарлаа. Гэртээ очиход 12 км дутуу. Өвлийн сар гарсан, эрт гэгээ тасардаг болохоор яаралгүй горьгүй.
Светлана Юрьевна, Светлана Юрьевна, хүлээгээрэй! гэх дуунаар эргэвэл Иван араас гүйж айсуй. Та яаж ганцаараа явах вэ, харанхуй болчихлоо.
Бурхан минь, ярьж байна нөгөөх чинь. Хэзээ хамгийн сүүлд дууг нь сонссоноо ч мартаж.
-Ваня, гэртээ ор. Замын унаанд суучихна.
-Сууж чадахгүй бол. Хүн амьтан айлгаж ичээвэл?
“Айлгаж ичээх”. Алс Дорнод гэдэг чинь огтоос нийцэмжгүй зүйлс юм. Энд бүгд бие биедээ тус дэм болж явдаг. Гэр орны хэрүүл зодоон дээр нэгнээ хөнөөж мэднэ. Харин өвөл зам дээр унаа зогсоосон хүнийг бол айлгаж ичээхгүй. Зам дагуу биш байсан ч бүрэн бүтэн хүргээд л өгнө.
Ванька унаа таартал надтай явж замын талыг барлаа. Хоёул зогсолтгүй ярьсаар явав. Хүү хамт яваагүй бол аймаар, замын хажуугаар араатан амьтдын мөр үзэгдэнэ. Хүүтэй хамт явлаа ч бас аймаар, эцгийнх нь булингарт харц нүдний өмнө сүүмийнэ. Иваны мөсөн харц зөөлөрсөнгүй. Тайга дундуур үдшийн бүрийгээр алхахад дуу хоолойгоо сонсож явбал арай учиртай, айдас бага ч юм шиг, тиймээс би ярьсаар л явлаа.
Маргааш өглөө нь газарзүйн хичээл дээр сахилгагүйтсэн хүүхдэд сануулга өгтөл өөдөөс хар яр хийв. Гэтэл “Наад амаа” гэх намуун дуу арын ширээнээс гарлаа. Бүгдээрээ гэнэтийн энэ явдалд цочирдон, Иваны зүг эргэцгээв. Тэрбээр хүйтэн хөшингө харцаар хүүхдүүдийг тойруулж хараад, миний нүд рүү эгцлэн ширтсэнээ:
-Наад амаа! гэж би хэллээ. Чи багш хүнтэй ярьж байгаа биз дээ. Ойлгоогүй хүн байвал гараад тайлбарлая гэх нь тэр.
Ингээд миний хичээл ямар ч асуудалгүй үргэлжлэв. Дуу цөөтэй Иван ангидаа жинхэнэ том гар байлаа.
Олон удаагийн сөргөлдөөн, хоёр талын харилцан зүдгүүрээ туулсны эцэст надтай манай ангийнхан эвлэрч чадсан нь санаанд оромгүй явдал. Хамгийн чухал нь, хүүхдүүдтэй шударга, хүндэтгэлтэй харьцах ёстой юм билээ.
Долоо хоногт хоёр удаа хичээл эхлэхээс өмнө улс төрийн мэдээллийн цагтай. Хүүхдүүд маань индианчуудыг энэтхэгчүүдээс, Воркутыг Воронежоос ялгахгүй. Иймд би сонин хэвлэлийн тэргүүн нүүрийн нийтлэлийг намын бодлоготой нь нулимж хаячхаад, “Ертөнц дахинаа” сэтгүүлийн нийтлэлээс уншсанаа өглөөд нэгийг ярьж өгдөг боллоо. Бид футурист зөгнөл, алмас байдаг эсэх талаар хэлэлцэж, оросууд болон славянчууд гэдэг нь нэг ойлголт биш гэдгийг, мөнхүү Кирил Мефодий нараас ч өмнө бичиг үсэг байж л байсныг ярина. Мөн барууны талаар ярьж өгнө. Баруун гэдэг нь энд бол Зөвлөлт холбоот улсын төв хэсгийг хэлж байгаа хэрэг. Энэ улс одоохондоо оршин тогтнож буй. Сансрын хөтөлбөр, муруй баганаар тулж тогтоосон хашаатай улс. Удахгүй энэ улс задран үгүй болно. Ойн аж ахуйн анги, ажил төрөл ч байхгүй болно. Нуранги балгас үлдэж, хөдөөх тосгод гуйланчлал, итгэл найдваргүйд живнэ. Гэхдээ бид одоохондоо энэ тухай мэдэхгүй л байв.
Эндээс хэзээ ч салж чадахгүйг нь мэдсэн хэр нь би тэдэндээ сайтар хичээх юм бол амьдралыг өөрчилж чадна шүү гэж хэлдэг. Баруун руу явж болох уу. Бололгүй яах вэ. Үнэнээсээ хүсвэл. Хэдийгээр бүтэхгүй ч гэлээ, буруу газар, буруу айлд төрснөөрөө миний хэдэн шавь нарын, энэхүү нээлттэй, уриалгахан, хаягдсан хүүхдүүдийн бүх зам хаалттай юм аа гэдэгтэй би яаж эвлэрэх юм бэ. Насан туршид нь. Юуг ч өөрчлөх өчүүхэн төдий боломжгүй. Иймийн учир би тэдэндээ өөрчлөлтийг хүсэх л хамгийн чухал нь гэж худал хэлж суудаг байлаа.
Хавар болж, хүүхдүүд манайд ирэхээр гуйцгаах болов. “Та бүх айлд очсон, харин гэртээ урьдаггүй, шударга биш байна даа”. Товлосон цагаас хоёр цагийн өмнө Лёшка ирлээ. Үл мэдэгдэх эцэг, дурламтгай эхийн дундаас гарсан хүү юм. Дорно зүгийнхний өргөн түүш, том хар нүдтэй. Цагаа олж ирсэнгүй. Би хөөмөл чихэр хийж байлаа. Хүү маань тоос сорогч чирэн гэрээ цэвэрлэж, Лёшка хөлд тээгэлдэн тойрч эргэлдэнэ.
- Энэ юу вэ?
- Холигч.
- Яадаг эд вэ?
- Өндөгний цагааныг хутгана.
- Мөнгөний гарз. Сэрээгээр сайхан хутгаж болох байтал. Тоос сорогч яах гэж авсан юм бэ.- Шалны тоос цэвэрлэх гэж.
-Хэрэг байхгүй. Шүүрээр шүүрдчихнэ гэснээ үсний сэнс рүү чичилж, Энэ бас юу вэ гэнэ.
-Лёшка, энэ бол сэнс. Үсээ хатаана!
Арга нь барагдсан Лёшка ундууцаж
-Яасан гэж үсийг бас хатаана вэ. Өөрөө хатчихдаггүй юм уу, тэр чинь гэх аж.
-Лёшка! Үсээ засаж янзална шүү дээ. Гоё болгоно.
-Энэ бол цамаан зан, Светлана Юрьевна! Мөнгөө үрж ядаж байгаа хүн байна даа, та ч! Хараач, тагтаар дүүрэн орны даавуу тохчихсон! Угаалгын нунтаг гарздаад!
Лёшкагийн гэрт Иваныхтай адилаар орны даавуу сэлт байдаггүй. Цагаан хэрэглэл бол цамаархал. Харин холигч авах хэрэгтэй, ээжийнх нь гар чилдэг гэнэ.
Иван ирэхгүй. Түүний ирсэнгүйд хүүхдүүд гонсойж, гэрийн бялууг хувааж идээд, Иванд зориулж хөөмөл чихэр авцгаав. Дараа нь ганц нэгээрээ, эсвэл бөөнөөрөө манайд ирэх мянга нэгэн шалтаг бодож олцгоох болно. Иванаас бусад нь. Тэр л ирэхгүй. Манай шавь нар надаар гуйлгалгүй хүүг минь цэцэрлэгээс авч, харин би тосгоны хулигаанууд хамт байхад хамгийн сүрхий хамгаалалт болохыг мэдрэн, тайван амьдарна. Үүнээс өмнө ч, хойш ч би сурагчдын зүгээс ахиж ийм нандин итгэл, тийм нарийн холбоог олж үзээгүй билээ. Заримдаа хүүг маань Иван цэцэрлэгээс авчирна. Тэр хоёрын дунд үг дуугүй харилцан тааламж бий болсон юм.
Төгсөлтийн шалгалт тулж ирлээ. Би ч англи хэлний багш хүүхний араас сүүл даран дагаж, Иваныг бүү улираагаач хэмээн гуйж гувших болов. Дуусашгүй мөнхөд арцалдаж, бие биенээ туйлаас үзэн ядах нь Ванькад сургуулиа төгсөх боломж өгөхгүй нь ээ. Елена багш Иваныг архичин эцэг эхийнхээ амьд ахуйд хаягдсан дүү нараар нь гоочлон хатгаж, харин Иван багшийг үзэж чадахгүйн дээр хээв нэг доромж үг хаяна. Бүх багшаас Ванькаг төгсгөөд өгөөч гэж би ятгалаа. Елена л нугаршгүй. "Хөгцтэй гэрийн үнэр нэвчсэн хөгийн муу бэлтрэг" гэж ирээд л нүд нь эргэлдэнэ. Ванька ч Еленагаас уучлал гуйх санаагүй.
-Тэр муу гичийгээс өршөөл хүснэ гэж санасны гарз! Миний эцэг эхийг ярихаа боливол би өөдөөс нь юм хэлэхгүй.
-Ваня, чи багш хүнийг тэгж хэлж болохгүй ээ гэмэгц Иван өөдөөс үг хэлгүй, аягүй харц өргөхөд нь би дуугаа татаад, ахиад л Еленаг гуйхаар гүйнэ.
-Елена Сергеевна, энэ хүүхдийг улираах нь зөв л дөө. Гэхдээ угаас англи хэл сурахгүй хүнийг та ахиад нэг жил тэвчих хэрэг гарна шүү дээ. Хүү өөрөөсөө гурван насаар дүү хүүхдүүдтэй нэг ангид суухаар улам догшрох биш үү.
Ванькаг ахин нэг жил тэвчиж суух ирээдүйн төлөв л шийдвэрлэх хүчин зүйл боллоо. Елена намайг сурагчдын өмнө нэр хүнд олж авах гэсэндээ хөөрхийлөлтэй хямд зан гаргалаа хэмээн буруутгаад, Ванькад жилийн эцсээр дунд дүн тавихаар зөвшөөрсөн юм.
Ингээд удалгүй орос хэлний шалгалт эхэллээ. Манай ангийнханд нэг өнгийн үзэг тараав. Зохион бичлэгээ хураалгасны дараа багш нар хоёр гартаа нэг нэг үзэг бариад сууна. Улаан, цэнхэр бэхтэй хоёр үзэг. Ядаж дунд дүн тавихын тулд, чөтгөр алгадмар гэж, бөөн алдааг нь яаж ийгээд зүглүүлэх хэрэгтэй. Дараа нь улаан үзгээ гаргаж болно. Нэг хүү өөр үзгээр биччихжээ. Ийм өнгөтэй бэх тосгон даяар олдсонгүй. Ингээд шалгалтад унав. Иван биш байсанд л баярлаж суулаа. Шалгалтын дүнг танилцуулахад хүүхдүүд бахадсан янзтай. Орос хэлний шалгалтыг давахгүй дээ гэж байтал давлаа гэлцэнэ. Сайн байна! Багш нь та нартаа итгэдэг.
Би хэлсэн амандаа хүрч, хичээлийн жилийг давлаа. Намар нэгдүгээр анги авна. Есдүгээр ангид элсэн орсон сурагчид маань есдүгээр сарын нэгэнд барьж ирсэн бүх цэцгээ надад өгцгөөв.
1990-ээд оны эхэн. Есдүгээр сарын нэгэн. Өөрчлөлт шинэчлэлт өрнөсөн улс оронд би амьдарч байна.
-Светлана Юрьевна, сайн байна уу гэж нэгэн сайхан залуу мэнд мэдээд, - Та намайг таньж байна уу гэлээ.
Би ч дотроо “Хэний эцэг билээ” гэж хичээнгүйлэн санахыг хичээв. Гэвч хүүхдийг нь таньдаггүй ээ.
-Танилгүй яах вэ гэж хэлэхдээ ой санамж минь яриан дундуур сэргэнэ гэж найдна.
-Би дүү охиноо авчирлаа. Таныг манайд ирэхэд надтай хамт орон дээр сууж байсан, та санах болов уу даа.
-Ванька юу даа! Чи мөн үү.
-Би байна аа, Светлана Юрьевна! Та намайг таньсангүй гэх дуунд нь гомдол, буруутгал дүүрэн сонстоно.
Яаж таних билээ. Бэлтрэг минь чи тэс өөр болжээ.
-Би тусгай мэргэжлийн сургууль дүүргэж, Хабаровск хотод ажиллаж байна. Байрны мөнгө цуглуулж байгаа. Байр авмагц дүү нараа татна.
Ваня маань 1990-ээд оны өөрчлөлтийн шуурган дундуур ирлэсэн хутга шиг зүсээд л оржээ. Амьд гарах онц туршлагатай, жинтэй жихүүн харцтайг ч хэлэх үү.
Хоёр жилийн дараа том байр худалдан авч, гэрлэж, дүү нараа өөр дээрээ аваад, эцэг эхээсээ холбоо тасалсан. Харин Лёшка архинд орж, 2000 он гарахад бүрэн сүйрчээ. Хэд хэдэн хүүхэд дээд сургууль төгссөн. Зарим нь Москва руу шилжсэн дээ.
-Та л бидний амьдралыг өөрчилсөн.
-Би юу.
-Та их зүйл ойлгуулсан. Бас олон сайхан даашинзтай. Ангийн охид маань таныг маргааш ямар даашинзтай ирэх бол гээд хүлээдэг сэн. Тан шиг амьдрахыг бид хүсдэг байлаа.
Над шиг амьдрахыг хүсэж байх тэр үед нь би ойн аж ахуйн тосгоны дэргэдэх цэргийн ангийн үлдэгдэл гурван байшингийн нэгэнд суудаг байв. Манайх холигч, үсний сэнс, тоос сорогч, орны даавуу, “Ертөнц дахинаа” сэтгүүлтэй айл. Харин тэр гоё даашинзуудыг нь оёх гэж би хурим дээр эмээгийн бэлэглэсэн оёдлын машины ард оройжин суудаг сан. Нээрээ л нам хаасан хөшүүн хаалганы түлхүүр нь үсний сэнс, гоё даашинз ч байж болох юм даа.
Светлана Комарова
/Зохиолч/:
Д.Оюунгэрэл
/Орчуулагч, ЧҮНДЖ паблишинг/
Ашигласан зураг: И.Раздрогин
/“Хөдөөгийн багш” 1958 он. Третьяковскийн галерейд бий/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна