Өр өвтгөх юм бүхнийг дуул...


Эхлэл шигээ төгсгөл гэж үгүй, имэрч үзлээ би цаг хугацааг

Хаврын бүрхэг, саарал тэнгэр толгой дээрээс лүсхийтэл дарж, явган хүний алаг хавтан тогших таягны чимээ гудамж дүүргэнэ.  Бараа нь үл харагдах хэн нэгэн таягаараа тог, тог хийлгэн ямар нэгэн аялгууг дуурайн товших аж. Их хотын хөдөлгөөн аль хэдийнэ эхэлсэн байхад нүргэлсэн чимээн дундаас таягны чимээ ийм ойрхон дуулдах гэж байх уу. Хэн гээч хөгжимчин ямархан аялгуу товших нь энэ вэ. 
Цэмцгэр, хээнцэр нэлээд удаан хөдөлгөөнтэй байрын эр, хар бүрх духдуулан тавьж, цагаан шаргал хослол дээр бор шаргал өнгийн шинэвтэр цув өмсжээ. Түүний амнаас зогсолтгүй “Бум, бум, бум” гэх авиа сонсогдох бөгөөд мөнөөхөн аялгуундаа тохируулан таягаараа газар бөмбөрдөх аж. Ширвээ хар сахал нь зөөлөн шаргал царайнд нь үлэмжхэн зохих агаад алгуурхан хөдөлгөөнөөр мөрөө шүүрдэн гөвөх нь нэн ихэмсэг. 
Ардчилсан хувьсгалын өмнөх жилийн “Морин хуур” наадмын тайзан дээрээс, солгой гараар гитар тоглодог урт үстэй, ширвээ сахалтай эр:
“Үсний сор минь мөнгөрөх тусмаа
Үгүйлэн санах юм төрсөн нутгаа 
Уулзаж амжаагүй ээжээ бодохоор
Уугуул нутаг минь хагсраад байх юм аа”
хэмээх үгтэй хачин уянгалаг аялгуут дууг ард түмэнд толилуулж билээ. Түүнийг сонссон монголчууд аавдаа аргадуулсан хүүхэд асгартал уйлав уу гэмээр уруулаа өмөгнүүлэн, нулимс цийлэгнэсэн нүдээр алсын уулын оройг ширтэн таг зогссон. Ард түмнээрээ нэг л зүйлийг бодох, ганцхан зүйлийг мөрөөдөх ёстой гэж 70 жил загнуулчихаад сууж байсан учраас тэр. Ямар сайндаа л “Насны намар” дууг “Ард түмнийг гунигт уриалсан дуу” гэж үзээд баталж өгөхгүй удсан гэдэг. Гэхдээ яагаад ч юм энэ дууг дуулахыг би сэтгэлдээ тас хориглоод байсан юм. Ээж минь амьд, сэрүүн атал “Уулзаж амжаагүй ээжээ бодохоор” гэж дуулж зүрхлэхгүй байсан хэрэг. Одоо бол сонсох бүрдээ л өмөгнөн, нулимс  цийлэгнэдэг. Дууг ингэтэл зүрх, сэтгэлд сийлж, урлаж дуулдаг дуучин нэгэн зуунд хэд төрдөг бол. Ямартаа ч өнгөрсөн зууны сүүлийн хагаст Монголд нэг төрсөн нь “Солгой” гэдэг алдраа ард түмний сэтгэлд мөнхөлж өгөөд одсон Н.Төмөрхуяг байв. Би яагаад ч юм энэ “Солгой” гитарчин эрийг мэргэжлийн дуучин гэж андуу бодоод явсан юм билээ. Гэтэл мань эр урлагаас тэс өөр  тракторч, комбайнчийн үнэмлэхтэй жолооч байсныг сая л мэдлээ. Жолоочийн бүхээг гэдэг бараг бага тайз байх. Монголын олон алдарт дуучин тэр л бага тайзнаас ирсэн байдаг даа. 
Мөнөөхөн ширвээ хар сахалт эр амандаа аанай л “Бум, бум, бум” хэмээн аялгуулан таягаараа товшиж байснаа “Миний амилуулан түгээсэн "Насны намар" дууны түүх ард түмний дунд домог болсон доо. Гурван их сэтгэл уйлж хийсэн бүтээл учраас тэр биз. Энэ дууны хөгжмийн зохиолч Б.Магсаржавыг Хэнтий аймагт тоглолтоор явж байхад хаа хол Увсын хязгаарт ижий нь таалал төгссөн гунигт мэдээ ирсэн юм. Ижийтэйгээ уулзаж амжилгүй алдчихаад түүнийг уйлан хайлж явахуйд яруу найрагч Д.Амгалан таараад "Миний дүү сэтгэлээ барь. Хорвоогийн жам хойно яая гэх вэ, ах нь нэг шүлэг бичиж өгье" гээд алгын чинээ цаасан дээр дөрвөн мөрт бичиж өгсөн юм билээ. Яруу найрагч Д.Амгалан ч бас ижийтэйгээ уулзаж амжилгүй алдсан хүн шүү дээ. Ээжийнх нь бие муудсаныг сонсоод яаран яаран очиход  ариун цогцсыг нь оршоосон улс өмнөөс нь ирж таарсан гэдэг. Энэ дууг дуулаад тун удаагүй байхад миний өсгөсөн ээж маршалын нарийн бичиг хийж явсан Гончигдулам гэдэг хөгшин тэнгэрт морилж билээ. Тэгтлээ сэтгэлээ нэрж дуулсан минь энэ явдлыг мэдэрснийх ч байж мэдэх л юм. Ингэж л Зохиолчдын хороог айлгасан мөнөөх гунигт дуун суварга мэндэлсэн дээ” хэмээгээд ахин товшиж эхэлвэй. 


Амтай болгон аялж байдаг дуу гэж байлаа. Одоогийнх шиг олон талын мэдээ, мэдээллээр бөмбөгдүүлж тал бүрийн хөгжмийн урсгалаар бичигдсэн дуунуудыг асар олон сувгаар авдаг байсан ч үгүй. Яруу найрагч Ш.Дулмаа агсан шүлгийг нь бичиж, Д.Цэрэнчимэд агсан аялгуу оруулсан “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээх уран бүтээл тийм л дуунуудын нэг байв даа. Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр гуай найзынхаа тухай дурсахдаа “Манай Төмөрөө мөн ч бэрх ааштай хүн байсан даа. Гэхдээ надтай бол таараад байдаг. Миний үгэнд их оромтгой, ер нь л атаман зантай эр дээ. Би найзынхаа эгэлгүй авьяасыг нь биширдэг юм. Одоо түүн шиг дууг урлаж дуулдаг дуучин ахиж төрөх эсэх эргэлзээтэй” гээд бахархаж сууснаа “Гэхдээ тийм бэрх ааштай мөртлөө дууг үнэхээр сэтгэлээсээ урлаж дуулдаг. Хоёр ноотыг чирж наагаад бараг долоон ноот мэт болгоод дуулчихна. "Насны намар" чинь уулзаж амжаагүй ээжээ бодохоор гэдэг тэр хэсгийг л уянгалуулж чирсэн нь амин сүнс болоод дууг амьтай болгосон юм шүү дээ. Ардын жүжигчин Б.Дамчаа гуай "Дайчдын аяны дуу"-г яг л нүдэнд дүрслэгдэхээр дуулсан байдаг. Дорнын гээд л эхлэхэд утаа суунагласан, шороо тоостой аяны зам нүдэнд үзэгдээд л ирнэ. Манай Төмөрөө харын хар гэхэд л яг хар өнгө нүдэнд дүрслэгдтэл зурж дуулдаг” гэж билээ. Тайзан дээр мухар сандал тавьчихаад солгой гараар банзан гитар дарж аргадан, учирлах мэт амьдрал хайр дээр тогтдог гэдгийг ойлгуулан дуулсан нь одоо ч чихнээ сонсогдох шиг. Түүний дуулснаар ард түмэнд хүрсэн “Амьдрал хайр дээр тогтдог” дууг хөгшин залуу, хүүхэд шуухад, хөдөө гадаагүй л дуулж байсан даа. 
Мөнөөх ширвээ сахалт эр эсгий бүрхээ авч тоосыг нь нямбайлан гөвж юу ч юм хуруундаа чимхэн үлээснээ "Тухайн үеийн нийгмийн оюун санаа нэгэн хэвэнд цутгачихсан мэт байсныг чи мэдэхгүй  байх л даа. Өөр төрөл жанр гэж бараг мэдэхгүй хүмүүс ямар дуу хит болно түүнийг бүгд л даган дуулна шүү дээ. Ямар сайндаа Ш.Дулмаа гуай Хужиртад амрах гээд очиж л дээ. Ш.Дулмаа гуайг шатаар дээш, доош явах тоолонд зөрсөн бүхэн л амандаа дуулаад л явж. Дулмаа гуай гайхаад эд нар чинь яагаад бүгд миний дууг дуулаад байгаа хэрэг вэ гэтэл манай ажилчид бүгд энэ дууг сурахаар нэгдсэн журмаар бичиж аваад сурч байгаа гэж хариулсан гэдэг шүү. Одоогийнх шиг өдөр шөнөгүй явуулах олон радио суваг байсан биш ингэж л түмэнд түгдэг байж. Энэ талаас нь харвал би их азтай уран бүтээлч" гэв. 
Би хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр гуайтай хөөрөлдөж сууна. Тэр найзтайгаа анх танилцсанаа дурсан хүүрнэнэ. “Төмөрөөг анх Багшийн дээд сургуулийн урлагийн их танхимд алдарт “Роял”-ын дэргэд харж байлаа. Тэр төгөлдөр хууранд гар хүрээгүй хөгжмийн зохиолч Монголд ховор л доо. Н.Төмөрхуяг гэж дуучин Хэнтийгээс ирсэн гээд л яригдаад байв. Чинзориг багш хаанаас ч юм баахан хөгжимчин авчраад суулгачихаж. Би тэр үед жулдрай байж, хаанахын хөгжимчид гэдгийг нь ч ялгахгүй багшийн сургуулийн нэг багш л байлаа. Чинзориг багшаас айх маягтай хөшигний араас л хараад суугаа. Нэг их урт үстэй гоё залуу гитартай дуулж байна. Ц.Чинзориг багшийн “Намрын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ” гэдэг хоёр дууг нь дуулах гээд ирсэн байгаа нь тэр. Дараа нь манай Ё.Сүхбаатар, “Сүүдэр цармын цэцэг”-ийн С.Мөнхбат, Б.Магсаржав бид нар хамт танилцаж билээ. Би 1989 оны намар болсон явдлыг ярьж байна. Танилцахаасаа өмнө би Н.Төмөрхуягийг мэддэг байлаа. Тэр үеийн ЗХУ-аас ирээд удаагүй радио сонсож байсан чинь мань эр “Амьдрал хайр дээр тогтдог”-оо дуулж байна. Би ч сонсоод нэг өнгөн дээрээ солгойрохгүй дуулдаг овоо гар байна даа гээд л бодоод явдаг. Ингээд удаа ч үгүй мань эр “Чи энэнд нэг ая бодооч” гэсээр нэг шүлэгтэй ирлээ. Барьж ирсэн шүлэг нь Р.Чойномын “Гунигийн дуу”.  Ээж нь Р.Чойномтой нэг анги байсан гэнэ лээ. Ингээд л бид хоёрын уран бүтээлийн ганзага нийлсэн дээ”. 
Хар бүрхтэй эр аялгуулан товшихоо болиод алсыг ширтээд зогслоо. Тэгээд "Б.Бямбабаяр бид хоёр дуулагдсан, дуулагдаагүй нэлээд хэдэн дуу хийсэн. Цаадах чинь жаахан ааш муутай, ёдор зантай. Гэхдээ бид хоёр таараад байдаг юм. Би ганцхан найзаасаа л айна, авьяасыг нь хүндэлдэг учраас тэр. Амьдралд юу эс тохиолдох билээ. Алдаж, эндэх бүрд минь дэргэд зогсож байдагт нь би хайртай. Алдар нэр гэдэг олоход амархан ч алдахгүй хамгаалж хадгалж үлдэнэ гэдэг их ухаан юм шүү. Намайг Хэнтийгээс ирлээ гэхэд л уулзах гэж, барааг минь харах гэсэн хүмүүс миний буусан айлаар дүүрдэг байв. Ард түмний тэр их хүндэтгэлийг мэдэрч, дааж амьдарна гэдэг том даалгавар шүү. Тухайн үед миний дуулсан дуу болгон ард түмэнд таалагдаж, дуулах дуртай, сонсох дуртай байв. Монголын радиогийн “Хүсэлтийн хариу” хөтөлбөр бараг миний тайлан тоглолт шиг л юм болно" хэмээв. 


Хорьдугаар зууны төгсгөл үеийн хоёр их хүмүүн “Зүүдэн бороо” гэдэг уран бүтээлээр ганзага нийлсэн байдаг. Б.Лхагвасүрэн гуай “Зүүдэн бороо” дууг нь амилуулж ард түмэнд хүргэсэн “Солгой” Төмөрхуягт хайртай байсан гэдэг. Ямар сайндаа л хотод ирэхээрээ найрагчийнд очоод хэвтчихдэг байх вэ. Нэг удаа Б.Лхагвасүрэн гуай “Хэрлэн мөрөн хотоор урсаад хэд хонолоо” гээд шүлэглэж суусан гэнэ. Бодвол “Саа мөнгөн Хэрлэн”-тэй нь холбож өгүүлсэн биз. Мань эрийг Ханхэнтий чуулгаас гарч "Варьете" чуулгын дуучин болохоор хотод нүүж ирэхэд нь “Манай Дэнжийн мянгын хашаанд буучих” гээд буулгажээ. Тэрбээр авьяастайн хэрээр аатай омогтой ч эр байж. Ямар аагүй эр гэхээрээ “Хэнтийд Намын Төв хорооны дарга Ж.Батмөнх ирлээ” гээд ажлаас нь дуудуулахад Ленин багш амь ороод ирлээ гэсэн ч би очихгүй гэж адраад зургаан сарынхаа цалинг хасуулж байх вэ. Гэхдээ хэнийг ч дээр, доор гэж ялгаж харилцдаггүй нь түүний гайхалтай чанаруудын нэг. Яруу найрагч М.Амархүү “Төмөрхуягийн нэг бахархмаар зан чанар бий. Өөрт нь тус болсон хэнийг ч үл мартана. Бүр өчүүхэн тус хүргэсэн байсан ч шүү. Шартаж явахад нь 50 грамм хийгээд өгсөн байсан ч заавал эргэн санаж утсаар ярьж хариу яаж тус болох тухайгаа маш чухал хэрэг болгон ярина” хэмээн дурсаж байна. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр гуайн аялгууг нь хийсэн Л.Дагвадоржийн шүлэг “Өр өвтгөх юм бүхнийг дуул” гэдэг уран бүтээл Н.Төмөрхуягийн сэтгэлийн илэрхийлэмж учраас л тийм яруухан дуулсан байх нь. 
Хар бүрхт эр гэнэтхэн толгой өргөн эгцрээд "Би урлагаар яваагүй бол хэн ч биш нэгэн болоод л дуусах байв. Миний дуулсан "Өр өвтгөх юм бүхнийг дуул", "Саа мөнгөн Хэрлэн", "Хорвоод Ганцхан ээждээ", "Халхын сайхан хүүхнүүд", "Намрын дурсамж", "Зүүдэн бороо", "Насны намар", "Зүрхний уяа", "Зүүдэлсэнгүй явлаа", "Ухаарч амьдрах хорвоо" зэрэг дуунууд Монголын радио, телевизийн урын санд бичигдэж, олон түмний хүртээл болжээ. Хүмүүс миний тухай дурсахдаа хутга ямар сайн шиддэг талаар минь биш “Насны намар” дуугаа бүтээж тайтгарсан Д.Амгалан найрагчийн сэтгэлийг илэрхийлж чадсан эсэхээр минь дурсдаг байгаасай. Урлагийн амьдрал минь эхэлсэн шигээр амьдрал минь дуулиан, шагшаанаар дүүрэн дуусав. Би домог шиг амьдарчээ. Үгүй гэвэл чи миний тухай бичээд суухгүй биз дээ" гэж хар бүрхт эр ширвээ сахлаа имэрч цувныхаа хормойг цэмцгэрхэн шидсэнээ таягаараа явган хүний алаг хавтанг товшин амандаа мөн л “Бум, бум, бум” хэмээн аялгуулсаар хаврын бүрхэг саарал тэнгэрт уусах мэт явж одов. 

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 5 минутын өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 26 минутын өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 30 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 35 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22