Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрынхан хошин дууриар урын сангаа баяжуулан үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэж байна. Шинэ бүтээлийн найруулагчаар ОХУ-ын Театр урлагийн сургуулийг төгссөн Б.Мэндбаяр ажиллах юм. Тэдний сонгосон дуурь нь Г.Доницеттийн “Дурлалын ундаа” бөгөөд Новосибирск хотод суралцаж буй Т.Юндэн удирдан тоглуулахаар иржээ. Энэ тухай найруулагч Б.Мэндбаяртай ярилцсанаа хүргэе.
-Билгийн тооллоор бол урин цагийн эхэнд та бүхэн шинэ бүтээлээ үзэгчдэдээ хүргэх нь. Гэхдээ чухам ямар шалтгаанаар Г.Доницеттийн дуурийг сонгох болов?
-Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид бид энэ удаа Г.Доницеттийн “L'elisir d'amore” буюу “Дурлалын ундаа” дуурийг Монголд анх удаа тоглохоор бэлтгэж байна. Энэхүү сонгодог бүтээл хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлтэй, жанрын хувьд хошин дуурь юм. Та яагаад ийм жанрын дуурь сонгох болсныг асуулаа. Учир нь, манай театрын урын санд Ж.Россинийн “Севилийн үсчин”-ээс өөр хошин дуурь байдаггүй. Театрынхаа урын санг баяжуулахыг хүссэн учраас Г.Доницеттийн “Дурлалын ундаа”-г сонгосон. Мөн дуулаачдад мэргэжлийн ур чадвар техникийн хувьд үр өгөөжтэй байлгахыг бодолцож энэ дуурийг барьж авсан.
-Дууриа үндсэн тавилтаар найруулах уу эсвэл орчин үедээ уусгаж шинэчилснээр үзэгчдэдээ хүргэх үү?
-Найруулагчийн шийдэл болгон харилцан адилгүй. Миний хувьд энэ дуурийг найруулахдаа яг өнөөдөртөө авчирч байна. Гэхдээ манай театрын онцлог, миний баримтлахыг хичээдэг зүйл бол сонгодог бүтээлийг сонгодгоор нь эгшиглүүлэх явдал. Энэ утгаараа хэдийгээр орчин цагийн хэлбэрт оруулж байгаа ч сонгодог барилыг нь алдагдуулаагүй. Дэлхийн олон театрт энэ бүтээлийг орчин үед “хөрвүүлсэн” байдаг. Түүний нэгэн адилаар бид ч гэсэн нийгэмд нийцтэй, үзэгчдэд ойлгомжтой байдлаар найруулан тавихаар ажиллаж байна. Би аливаа бүтээл дээр ажиллахдаа үзэгчдийн оронд өөрийгөө орлуулж боддог. Жүжгийн гол сигмент 18-35 насныхан учраас “Дурлалын ундаа” дуурийг өнөөдрийн нийгмийн байдал, онцлогтой уялдуулсан. Дээр нь хөгжмийн театр драмынхаас юугаараа ялгаатайг үзэгчдэдээ мэдрүүлэхийг хүссэн юм.
-Тэгэхээр юүдэнтэй цамц, жийнсэн өмд гээд яг л өнөөдрийн залуусын дүрд хувирсан жүжигчидтэй “Дурлалын ундаа” дууриар уулзах нь гэж ойлголоо?
-Та зөв ойлгожээ. Харин тайз декрацын тухайд бид сонгодог барилыг нь өөрчлөөгүй.
-Шинэ дууриа сонгохдоо хэнийг ямар дүрд тоглуулах зураглалаа аль хэдийнэ төсөөлсөн байх. Ганц нэг дүрийнхээ талаар задалж болох уу?
-Бүтээлээ сонгоход хамгийн түрүүнд “Энэ дуурьт тохирох хоолойнууд маань байгаа бил үү” гэсэн бодол төрдөг. “Дурлалын ундаа” дуурийн хувьд гол дүр цөөнтэй. Та ажигласан бол дуурьт балетынхан оролцон тоглодог. Харин энэ бүтээлд балет анги бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоогүй. Хөгжимчин, дуучид болон симфони найрал хөгжмийнхөн голлон ажиллаж байна. Миний хувьд уран бүтээлийг сонгохдоо удирдаачтайгаа зөвлөдөг. Хамтдаа ярилцаж байгаад дүрүүдээ сонгодог. Шинэ дуурьт манай театрын гавьяатуудаас эхлээд шинэ залуу дуучид оролцоно. Манай театр бүрэн нөөцтэй учраас гаднаас уран бүтээлч уриагүй.
-“Дурлалын ундаа” дуурийн удирдаачаар Т.Юндэн ажиллана гэсэн. Оросод удирдаачаар сурч байгаа түүнийг энэ дуурьт ажиллуулахаар дуудсан юм уу?
-Т.Юндэн Новосибирскэд магистрын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа. Энэ жил сургуулиа төгсөнө. Түүнийг энэ дуурьт хамтран ажиллахаар санал тавихад нь бид талархан хүлээж авсан. Театрын ирээдүйн удирдаач маань учраас манай удирдлага дэмжин ажиллахаар болсон. “Дурлалын ундаа” дуурь түүний дипломын ажил нь болж таарч байгаа. Тэгэхээр Т.Юндэнгийн хувьд удирдаачаар ажиллаж буй шинэ жүжиг болох байх. Миний хувьд ч гэсэн найруулан тавьж буй анхны томоохон бүтээл болж буйгаараа онцлогтой.
-Дуурийн үйл явдал хэрхэн өрнөх бол. Энэ дуурийн ямар илэрхийлэл нь үзэгчдийн сонирхлыг татна гэж та бодож байна вэ?
-Жүжигчилсэн байдал багатай нь энэ дуурийн нэг онцлог нь. Өрнөлийн хувьд залуучуудын энгийн л нэг хайрын тухай өгүүлнэ. Харин түүнийг хэрхэн үзүүштэй, сонирхолтой болгох нь найруулагчийн ажил. Зохиолын дүр 16-25 насных байдаг. Би үүнийг 25-30 насных болгон найруулан тавьж байна. Илэрхийллийн хувьд хүн хайр дурлалд хэрхэн хандах ёстой вэ, яавал үнэнч, хувирахгүй вэ гэдгийг хэлэхийг зорьсноороо тодрох байх. Энэ дуурийн онцлог нь хөгжимдөө байдаг. Аливаа илрэл бүрийг хөгжмийн хэлээр өгүүлдгээрээ бусдаас ялгарна.
-Театр хөл хөдөлгөөн тасрахгүй, ажил өрнөж байгааг харлаа. Шинэ дууриа товлосон цагтаа үзэгчдэд хүргэж амжихаар байгаа юу?
-Бид ажлынхаа талаас илүүг хийчихээд байна. Шинэ дууриа үзэгчдэд хүргэх хугацааг дөрөвдүгээр сарын 27-ныг гэж товлосон. Төлөвлөсөн өдрөө үзэгчдэд хүргэх зорилготойгоор ажиллаж байна.
-Анх ярилцахад та найруулагчийн ажлаа аваад удаагүй байсан бол одоо нэлээд хэдэн уран бүтээлийн ард гарчээ. Ажил гарт орж байна уу?
-Тантай Ж.Вердийн “Аида” дууриар улирлын нээлтээ хийх гэж байхдаа анх ярилцсанаа санаж байна. Түүнээс хойш хоёр ч жил өнгөрчээ. Энэ хооронд яг л суралцаад явж байна. Сайхан бас саар, хэцүү зүйлтэй ч учирч байна. Гэхдээ ганцхан зүйлийг барьж байгаа нь театрынхаа төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр л ажиллана. Миний зорилго театраа найруулагчтай болгохыг хүссэн. Энэ хүсэл зоригоороо ОХУ-д сурсан. Эргээд ирэхэд театр ажлын байр гарган өгч, ажиллах нөхцөлөөр хангаж байна. Тиймээс өөрт байгаа бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Одоо өдөр өдрөөр ажилдаа дурлаж байна. Хүмүүстэйгээ бага багаар ойлголцох гээд явж байна. Мэдээж төвөгтэй зүйл байгаа ч түүнийг асуудал болгохыг хүсэхгүй. Бид уран бүтээл гэсэн ганцхан зүйлийн төлөө л тэмүүлж байгаа шүү дээ. Бусад зүйл нэг их чухал санагдахгүй байгаа. Надад театртаа ажиллах үнэхээр сайхан байна.
-Та театрын бүтээгдэхүүн, анхнаасаа эндээс бүхнийг эхлүүлсэн учраас уран бүтээлийн тасралтгүй үргэлжлэх ачааллыг сайн мэдэх хүмүүсийн нэг нь?
-Би жүжгээс жүжгийн хооронд амьдарч байна. Найруулагч бүр жүжигчидтэй ажиллах өөрийн арга барилтай. Ерөнхий найруулагч маань ч надаас өөр арга барилтай байгаа байх. Харин миний барилын нэгдүгээрт хөгжим, хоёрдугаарт, зохиолын утга зүй, өгүүлэмж байдаг. Г.Доницеттийн “Дурлалын ундаа” бол миний бие даан найруулж байгаа анхны бүтээл. Уран бүтээлчдэд суусан дадал гэж бий. Үүнээс шалтгаалж бидний хооронд маргалдах асуудал тулгарна. Уран бүтээлчидтэйгээ маргалдах үе гарна. Үүнийг би байх л зүйл гэж боддог. Бид итали, герман, франц зэрэг гаднын хэлээр уран бүтээлээ тоглуулдаг. Тиймээс зохиолтойгоо ажиллахдаа үгийн утгыг сайтар судалдаг, ач холбогдол өгдөг. Юуны талаар өгүүлж байгаагаа хамгийн түрүүнд мэддэг байх ёстой. Найруулагчийн хувьд бол биеийн хэлэмж, хэлж байгаа үгэн дээр нь ямар үйлдэл хийх, харц зэргийг нь анхаарч төвлөрөн ажилладаг. Энэ бол миний онцлог. Хөгжмөө мэдэрч, хэлж байгаа үгийнхээ утгыг ойлгодог байх ёстой. Хэрвээ мэдэхгүй бол мэдэхийн төлөө зүтгэдэг байх нь чухал юм. Хэрвээ итали хэлээр тоглох дуурь бол Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа эгчээс асуудаг. Бүр болохгүй бол толь бичиг ашиглана. Ингэж би боломж бүрийг хайж уран бүтээлээ илүү чанаржуулахыг хичээдэг.
-Тайзан дээр амьдруулахыг хүссэн бүтээлийнхээ ард нь гарч зорилгоо биелүүлсний дараа их сайхан мэдрэмж авна биз?
-Тоглолтоо бүрэн үзүүлээд дууссаны дараа их сайхан мэдрэмж төрдөг. Баярлаж байгаагаа бусдадаа илэрхийлж гаргахыг хүсдэг. Бид алхам алхмаар урагшлах ёстой. Жилээс жилд өсөж дэвжих ёстой. Ингэж яваад болоод л байдаг гэсэн ойлголттой байж болохгүй. Биднийг зориод ирсэн хүмүүст сэтгэл ханамж төрүүлэхийг чухалчилдаг. Тэдний үзэхийг хүссэн бүтээлийг хийхийн тулд бид ч гэсэн боловсорч, өдрөөс өдөрт хөгжих ёстой.
-Танд халаасандаа хийчихээд гаргаж чадахгүй байгаа уран бүтээл байгаа л байх. Түүнийгээ хэзээ гаргаж ирье гэж бодож байна вэ?
-Би Римский Корсоковын “Царьская невеста” буюу “Хааны сүйт бүсгүй” жүжгийг тавихыг маш их хүсдэг. Яагаад гэвэл театрын урын сан “Евгений Онегин” гэсэн ганцхан орос дуурьтай. Тиймээс урын сангаа Оросын сонгодог, гайхалтай бүтээлүүдээр баяжуулах юмсан гэж боддог. Тийм боломж надад олдоно гэдэгт итгэлтэй байна.
-Ажлаас гадуур өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?
-Театрынхаа үндсэн ажлыг хийгээд явж байна. Жүжгээс жүжгийн хооронд ажиллаж, амьдарч байгаа болохоор одоогоор өөр зүйлд зарцуулах цаг хомс. Шинэ дуурийн дараа Ж.Вердийн “Аида” дуурь тоглогдоно. Түүний дараа Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэл ажилдаа орно. Хэдийгээр өмнө нь “Аида” дээр ажиллаж байсан ч сэргээх шаардлагатай. Хоёр жил өнгөрсөн байна. Би “Чио Чио Сан” дуурь дээр огт ажиллаж байгаагүй. Тиймээс судлахад дахиад сарын хугацаанд ажиллана гээд ёстой завсар зайгүй л явна.
-Бүтээлээс бүтээлийн хооронд шатаж явах гоё байна уу?
-Үнэхээр гоё байна. Ажлын үед янз бүрийн зүйл тулгарна. Байх л асуудал. Гэхдээ жүжгийн үйл явц үнэхээр гоё. Тэгээд нэг бүтээл дуусаж хэсэг хугацаанд нам жим болоход ганцаардсан юм шиг мэдрэмж авдаг. Яг бэлтгэлийн үедээ өлсөж ядарч байгаагаа ч мэдэрдэггүй. Гэнэт засварлахад хоосон санагддаг. Тиймээс дараагийн бүтээлээ барьж авдаг. Цаг гарвал найз нөхөдтэйгөө уулзаж стрессээ тайлалгүй яахав. Гэхдээ л сэтгэлээс гарсан юм сэтгэлд хүрдэг гэдгийг үзэгчдэд мэдрүүлэхийг хүсдэг учраас одоо зөвхөн ажилдаа л төвлөрч байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна