Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилт, соёлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2024” аяныг зохион байгуулж байна. Өнгөрсөн онд улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн “Соёлын сэргэлт” аян энэ жил 1400 гаруй өвлөн уламжлагчийг оролцуулан нийслэл Улаанбаатар хотоос эхэллээ.
Соёлын сайд Ч.Номин соёлын өвийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх бодлогоо танилцуулан зөвлөгөөнийг нээж үг хэлэв. Тэрбээр "Соёлын биет бус өв бол хүний оюун санаагаар дамжиж уламжлагддаг эмзэг бөгөөд үнэт зүйл. Иймээс энэхүү нандин өвийг хамгаалах нэгдмэл зорилго, нийтлэг үнэт зүйлтэй хүмүүсийн харилцаа холбооны үндэсний сүлжээг бэхжүүлж, тэдний оролцоотой тогтвортой байдлыг хангах явдал чухал байдаг. Ялангуяа соёлын өвийн үнэт хэв шинжийг олон түмэнд ойлгуулж, үнэ цэнтэй болохыг тайлбарлаж мэдүүлэх нь иргэдэд соёлын биет бус өвд хүндэтгэлтэй хандах үзэл санааг төлөвшүүлж, улмаар өвлөн уламжлах сонирхлыг бий болгодог. Энэ бол соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хадгалж үлдээх томоохон хөшүүрэг юм" гэлээ.
Энэ удаагийн аяныг соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөнөөр эхэлж, соёлын биет бус өвийн долоон ай савд багтах 380 гаруй өвлөн уламжлагчид оролцож буйгаараа онцлогтой юм.
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ ГЭЖ ЮУ ВЭ
Соёлын биет бус өв гэдэг нь тухайн ард түмэн, үндэстний оюун санаагаар бүтэж, уламжлагдан ирсэн түүхэн тодорхой орон зайг төлөөлж чадах эх хэл, ардын мэдлэг, амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, хөдөлмөрийн зан үйл, наадам, наргиа, ёс заншил, дуу хөгжим, уламжлалт гар урлал, түүний хийц технологи зэрэг оюуны үнэт зүйлийг хэлнэ.
СОЁЛЫН БИЕТ БУС өвийг ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ?
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж тухайн өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн, түүнийгээ дараагийн үедээ өвлүүлэн уламжлуулж байгаа хамт олон, бүлэг, хувь хүнийг хэлнэ.
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВД ЯМАР ӨВИЙГ ХАМААРУУЛАХ ВЭ
Ард түмний билиг авьяас, мэдлэг, туршлага эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл болон биет бусаар өвлөгдөн уламжлагдаж ирсэн түүх, угсаатны судлал, ардын билиг, зан үйл, ур хийц, арга барил, дэг сургууль, урлан, шинжлэх ухааны ач холбогдол бүхий дараах оюуны соёлын үнэт зүйлийг соёлын биет бус өвд хамааруулна.
Соёлын биет бус өвд
•Эх хэл, бичиг, түүний хүрээний соёл
•Аман зохиол
•Ардын уртын болон богино дуу, тууль зэргийг дуулах, хайлах арга барил
•Уран нугаралт болон циркийн үзүүлбэрийг илэрхийлэх гоц авьяастны ур чадварын арга барил
•Хөөмий зэрэг өв багтдаг бөгөөд эдгээр биет бус өвийг улсын хэмжээнд 10924 өвлөн уламжлагч түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлж байна.
Зөвлөгөөнөөр Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн нар соёлын биет болон биет бус өв, соёлын өвийн нөөц даац, соёлын орон зайд түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлж, санал солилцов.
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг бүртгэлжүүлж, хамгаалах нь дараах ач холбогдолтой. Үүнд:
Уламжлал, зан заншлаа хадгалах: Соёлын биет бус өв нь ард түмний түүх, соёл, зан заншил, үнэт зүйлсийг илэрхийлдэг тул хамгаалснаар өв соёлоо өвлөн уламжлуулах боломжтой.
Оюуны өмчийг хамгаалах: Уран бүтээлчид, ардын авьяастнуудын бүтээлийг хамгаалснаар тэдний оюуны өмчийг хамгаалж, урамшуулна.
Бүтээлч сэтгэлгээг дэмжих: Соёлын биет бус өвийг хадгалж, өвлүүлэх нь шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг төрүүлэх үндэс суурь болдог.
Дэлхийн өв соёлыг баяжуулах: Монголын соёлын онцлог, өвөрмөц байдлыг харуулсан биет бус өв нь дэлхийн соёлын өвийн санг баяжуулдаг.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх: Монголын өвөрмөц соёл, уламжлалыг үзэж сонирхох жуулчдын тоо нэмэгдэх боломжтой.
Үзэсгэлэн
“Урлахуй, шүтэхүй гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэнг нээлээ
Уран зургийн галерейд “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнгийн нээлт боллоо. Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд дэлгэж буй үзэсгэлэнг энэ сарыг дуустал олон нийтэд толилуулах ажээ.
Үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музей, Эрдэнэ зуу музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 233 шүтээн зургийг дэглэж буй юм. Тэр дундаа Эрдэнэ зуу музейгээс XVIII зууны үед бүтээсэн Гомбо Махгалын цуврал 13 дүр бүхий нагтан бүтээл, Автай сан хааны үеэс Монгол оронд шүтэж ирсэн хийдийн гол шүтээн Гомбогүр бурхны дүр, Чойжин ламын сүм музейгээс догшин Арван хангал бурхдын цуврал дүр, Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн музейгээс Өндөр гэгээн Занабазарын хэд хэдэн өөр дүр бүхий бүтээлийг олон нийтийн хүртээл болгож байна. Танка зургуудаас хамгийн бага хэмжээтэй нь 10 см, том нь гурван метр, өмнө төдийлөн олны хүртээл болж байгаагүй ховор бүтээлүүд багтсанаараа онцлогтой юм.
Урлахуйн ухааны үндсэн төрөл танка буюу шүтээн зургийн урлаг Монгол оронд эрт үеэс хөгжиж XIX-XX зууны үед дахин давтагдашгүй бүтээлүүд туурвиснаас заримыг нь өдгөө музейн сан хөмрөгт хадгалж байна. Шүтээн зурагт бурхны хөрөг дүр болон жирав буюу намтар түүх, орд өргөө орон хийд, номын багш, хутагт хувилгаан дүр тэргүүтнийг дүрслэхээс гадна монгол танка зурагт түүхэн гавьяат хүний дүрийг бурханчлан бүтээснээс гадна монголчуудын ахуй, зан заншил, соёл уламжлалыг багтаасан дүрслэл оруулсан байх нь цөөнгүй.
Тусгай тиг ёсны дагуу бүтээдэг уламжлалтай, зургийн дэвсгэр өнгөнөөс нь хамаарч нагтан буюу хар дэвсгэрт, гартан буюу цагаан дэвсгэрт, мартан буюу улаан дэвсгэрт, сэртэн буюу шар дэвсгэрт хэмээн ангилан үздэг. Шүтээн зураг бурхны сургаалын нэгэн илэрхийлэл болж гүн гүнзгий утга бэлгэдлийг агуулдаг бөгөөд эрт үеэс өнөөг хүртэл тасралтгүй уламжлан хөгжиж ирсэн урлахуй ухааны томоохон төрөл, соёлын үнэт өв юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна