Шинэ санаа иннова сургууль нь боловсролын салбарт бүтээмж, инновацыг үр дүнтэйгээр нэвтрүүлэхээр зорьж буй шинэхэн хамт олон юм. Сургуулийн онцлог нь Кембрижийн олон улсын хөтөлбөрийн хичээлүүдийг үндэсний хөтөлбөртэй интеграцлан, монгол өв соёлыг олон улсын түвшинд судалж, инновацыг бүтээгч шинэ үеийн залуусыг бэлтгэхээр зорьж байна. Энэ тухай сургуулийн захирал О.Жавхлангаас тодрууллаа.
-Хэрхэн яаж монгол өв соёлоороо инновацыг бий болгох вэ?
-Сургалтын үйл ажиллагаанд инновацын мөн чанарыг шингээнэ гэдэг нь багш сурагчдын санал санаачилгыг дэмжин цуглуулах, үүнээс үр өгөөж өндөртэйг сонгон төсөл болгон хөгжүүлэх юм. Инновацын эхлэл үе болгож хичээлийн жилийн нэгдүгээр хагаст хамт олноос ирүүлсэн саналаас сонгосон гурван төсөлт хичээлүүдийг хэрэгжүүлж байна. Нэгдүгээр багц төслийн хүрээнд мэдээллийн технологийн төсөл болон биологи, химийн хичээлд суурилсан хүлэмжийн төсөл хоёрыг хослуулан үр дүнд нь бүрэн автомат хүлэмжийг бий болгохоор бүтээлч ажлаа эхлүүлээд байна. Хоёрдугаар багцын хүрээнд, монгол өв соёлыг өвлүүлэн, хөгжүүлэх зорилготой эсгий ширмэл бүтээлийн төсөл хэрэгжиж байгаа бол, гуравдугаарт нь бүтээлээ зөвөөр илэрхийлж, бусдад таниулах чадварыг эзэмшүүлэх зорилготой илтгэх урлагийн төслийг хэрэгжүүлж байна.
-Өнөө цагийн ЕБС-ийн дүр төрх ямар байвал зохистой юм бол?
-Боловсролын салбар бол гэр бүлийн бүх гишүүнд хамаатай маш том салбар юм. Хүүхдүүд хичээл дээрээ сурсан мэдсэнээ гэртээ түгээн дэлгэрүүлж, танилцуулж нээлттэй байж чадвал сургуулийн боловсрол олгох үйл ажиллагаа амжилттай байна гэж ойлгож болно. Жишээ нь манай сургуульд заадаг дэлхий нийтийн чиг хандлага хичээлээр хүүхдүүдэд гэрийнхээ ус, цахилгааны төлбөрийг мэдээд сард хэр их хэмжээний ус, цахилгааныг хэрэглэдэг болохоо мэдэж ирэхийг даалгавар болгож өгөхөд тухайн гэр бүлд янз бүрийн яриа өрнөж, гэр бүлийн гишүүн бүр оролцож байх жишээтэй. Эндээс хүүхэд маш их зүйлийг ойлгож авч, цаашид усаа хэмнэж хэрэглэх ёстойгоо ойлгож, хэрхэн байгальд ээлтэй амьдрах талаар цаг ямагт бодож эргэцүүлдэг болох нь бидний нэг чухал зорилго юм. Сургуулийн сургалтын үйл ажиллагаа блүүмийн таксаномын бүтээх түвшинд 60 хувь нь явагдаж байж ур чадвар, мэдлэгийг хослуулан эзэмшсэн сурагчдыг бэлтгэж чадна.
-Мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, дэлгэцийн хамаарал хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж байгааг хэрхэн зохицуулах вэ. Гар утас, дэлгэцийн хэрэглээг хязгаарлан хориглох нь зөв үү?
-Мэдээллийн технологи өдрөөс өдөрт хурдтай хөгжиж байгаа нь бүхий л салбарт шинэ ур чадвар бүхий мэргэжилтнийг шаардахад хүргээд байна. Энэ үед хүүхдүүдийнхээ төхөөрөмжийн хэрэглээг хорихоос илүү хэрхэн зөвөөр ашиглаж, баялаг бүтээх ур чадварт сургах нь бидний үүрэг билээ. Тийм ч учраас манай сургуулийн хөтөлбөрт Робот, кодчилолын хөтөлбөр 1-12 дугаар ангид хэрэгжүүлдэг ба анги тус бүрд насны онцлогт нь тохирсон агуулгын хүрээнд хичээл ордог юм. Бусад орны залуусын бүтээсэн тоглоом контентод дурлан донтох, үндэсний соёлыг шингээсэн контент, инновацыг бүтээхийн хооронд маш том ялгаа байгаа юм.
-Гэрийн даалгавар хэт их байна, хүүхэд насыг нь үрж байна гэсэн эцэг эхчүүдтэй санал нийлдэг үү?
-Гэрийн даалгавар хичээлийн цагт сурсан мэдсэнээ бататгах гол зүйл учир зайлшгүй байх ёстой. Харин хэддүгээр ангид хэр их хэмжээтэй, ямар төрлийн даалгавар өгөх вэ гэдэг нь хамгийн чухал. Бага ангийн сурагчдын гэрийн даалгавар нь аль болох гэр бүл, асран хамгаалагчидтайгаа хамтдаа хийж болохуйц, практик үйл ажиллагаатай байвал илүү зохимжтой. Жишээ нь хамтдаа нэг үлгэр уншаад, утгыг ярилцаад ирэх ч юм уу, аль эсвэл оройн хоол хийхэд ямар үүрэг гүйцэтгэснээ багшдаа ярьж өгөх ч байж болно. Гол нь хүүхэд хариуцлагатай байж сурах нь цаашдын сурах үйл ажиллагаанд нь маш том, зөв суурь болж өгдөг. Эсрэгээрээ анги дэвших тусам гэрийн даалгавар хийх хугацаа уртсаж, илүү бие даан судлан шинжлэх, дүгнэн нэгтгэх даалгавруудыг өгөх нь чухал. Манайд эсрэгээрээ бага ангид нь суулгаж сургаж байна гээд хэтэрхий их бичих даалгавар өгч, түүнээсээ болж багахан хэмжээний гэр бүлийн хүчирхийлэл үүсэх нөхцөл бүрдэж хийдэг тогтолцоо байх шиг байна. Гэрийн даалгаврыг ял мэт хийсээр ирсэн хүүхэд томрох тусмаа даалгавар хийх дургүй болж ид бие даан суралцах насан дээр ээж аав нь аль хэдийнэ анхаарал хандуулахаа больсон байдаг нь харамсалтай.
-Шинэ санаа иннова сургуулийн сурагчдын ялгарах онцлог юу вэ?
-Манай сургууль хүүхдүүдэд Монгол өв соёлоо өвлөн тээсэн, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах ур чадвартай, хайраар дүүрэн, сайхан сэтгэлтэй иргэн байхыг заадаг. Хэрхэн хайраар дүүрэн, сайхан сэтгэлтэй болгох гэж үү. Маш энгийн зүйлээс л хайрыг мэдрүүлж, бусдыг хүндлэхийг үлгэрлэнэ шүү дээ. Багш, захирал гэлтгүй хүүхэдтэй энгийн хүндэтгэлтэй харилцаж, хамгийн гол нь жижиг гэлтгүй хүүхдэд тулгарч байгаа асуудлыг нь сонссоноор эргээд бусадтай яг тэгж харилцдаг хүн болно л доо.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна