Балетын шилдгүүд Монголд өрсөлдөнө


 

Хүмүүний сэтгэл хөдлөл, амьдралыг биеийн уян налархай, эрхэмсэг хөдөлгөөнөөр хөг аялгуунд тааруулан харуулж, үзэгчдэд  таашаал өгдөг урлаг бол балет. Монгол Улсад балет буюу бүжгэн жүжгийн урлаг үүсэн, хөгжсөн 60 гаруй жилийн хугацаанд дотооддоо төдийгүй олон улсад нэр хүндтэй олон бүжигчид төрсөн билээ. Театрын сонгодог уран бүтээлээсээ давж, илүү ихийг бүтээх зорилготой, эрч хүчтэй, авьяаслаг залуу бүжигчдийн чансаа ямархан зэрэгт хүрснээ сорих боломжтой боллоо. Балетын чансаа өндөр тэмцээнүүдэд зүй ёсоор багтдаг  “World Ballet Grand Prix”-ийг Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ бол  Монголын балетын түүхэнд оруулж буй шинэ салхи. Дэлхий дахины орчин үеийн бүжгийн хувьсал, шинэчлэлийг төрөлх тайзнаасаа харж, цаашлаад орчин үеийн бүжгээр дэлхийн тавцанд гарах боломж юм. Тэмцээнд ОХУ, Казакстан, АНУ, Сингапур, Өмнөд Солонгос, Монгол, Япон, Эстон, БНХАУ, Филиппин  улсын шилдэг бүжигчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэмцээнийг сонгодог, үндэснийхээ өв соёл, гайхамшигт бүжгийн хийцийн донж хэв маягтай хослуулсан контемпрари болон этник төрлөөр энэ сарын 22-29-нд зохион байгуулах аж. Энэхүү тэмцээнийг Верона, Токио, Сөүл, Москва, Сингапур, Осло, Нью-Йорк  хотод  жил бүр ээлжлэн зохион байгуулдаг.  Балетын шинэ авьяастныг нээж, тэдний өмнө зорилго, өрсөлдөөн, мөрөөдөл бий болгож буйгаараа “World Ballet and Dance Grand Prix” тэмцээн онцгой. Тэмцээнд мэргэжлийн бүжигчид, тив дэлхийд эх орноо дуурьсгах алдартнууд оролцдог.  Үүгээрээ сонгодог урлагийн шинэ үе төрөн гарч буйг их тайзнаас зарлан тунхагладаг. Дэлхийн балетын шинэ үеийг харах боломж монгол үзэгчдэд тэр бүр тохио­доггүй.  Тиймээс авьяас, алмааз хоёрыг өнгө­лөх тусам гялалздагийн адилаар үзэгч, бүжиг­чин хоёрыг багаас нь хөгжүүлэх “World Ballet and Dance Grand Prix Mongolia” балетын урлагт олон гайхамшгийг хамтад нь төрүүлэх биз ээ.

 

Амжилт, боломж

 

“World Ballet and Dance Grand Prix Mongolia” урьд өмнө нь манай улсад  болж байгаагүй өндөр шагналын сантай тэмцээн.  Амжилттай оролцсон бүжигчдэд  Бельгийн балетын сургуульд 20 хувийн тэтгэлэгтэй суралцах эрх, Даллас консерваторийн сонгодог сургалтын  бүрэн болон 50 хувийн хөнгөлөлттэй тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах,  Новосибирскийн балетын сургуульд сурал­цах эрх, “Seoul Ballet” компанитай хамт аялан тоглолт хийх боломж, Сингапур, Нью-Йорк, Веронагийн тэтгэлэг,  шүүгч Пак Жэ Кеуны шагнал 1000 ам.доллароор ур чадвараа үнэлүүлэх юм. Тэмцээнийг  Нийслэлийн засаг даргын тамгын газар, СУИС-ийн Бүжиг урлагийн сургууль, Монгол Улсын Консер­ватори хамтран зохион байгуулж байна.  Уралдааныг Монголын балетын урлагийн томоохон төлөөлөл болсон багш нар шүүнэ. Тухайлбал, У.Бат-Эрдэнэ, О.Ганбаатар, Д.Баярбаатар, С.Ганбат, Н.Оюун нар шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Тэгвэл ерөнхий шүүгчээр Их театрын тэргүүн гоцлооч асан Вячеслав Гордеев ажиллах юм. Герман улсын “Staats Opera”, Польш улсын “Warsaw Opera” театрын тэргүүн гоцлооч, Москвагийн олон улсын уралдааны алтан медальт Эвелина Годунова, “Ла Скала” театрын тэргүүн гоцлооч Марко Агостино, балетын “Оскар” гэгддэг “Benoit de la Dance” шагналт, Мариинский театрын тэргүүн гоцлооч Кимин Ким, Монгол Улсын Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин нар оролцогчдод амжилт хүсэж мэндчилгээ илгээжээ.  “World Ballet and Dance Grand Prix Mongolia” олон улсын уралдааны шилдгүүдийн нэгдсэн гала тоглолт энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох юм. Гала тоглолтод Их театрын гоцлооч Елизавета Кокорова, Красноярскийн бүжгийн чуулгын бүжигчин Александр Ляпин, тэргүүн гоцлооч Акира Лидиа Абао,  ОХУ-ын Русский балет театрын тэргүүн гоцлооч, дэлхийн од Сиори Фукуда, “Астана Опера” театрын  тэргүүн гоцлооч Бахтияар Адамжан тэргүүтэй энэ цагийн шилдэг бүжигчид оролцоно. Дэлхийн сор болсон балетчидын  бүжиглэхийг эх орныхоо эгэл тайзнаас  харж, мэдэрнэ гэдэг Монголын сонгодог урлагийг шимтэн сонир­хогч­дод том аз завшаан. Дэлхийн хэмжээ­ний балетчин Монголд ирж, бүжгэн жүжигт тоглоно гэдэг үзэгчдийн хувьд таатай байж болох. Гэхдээ өргөн утгаараа бол Монголын сонгодог урлагийнханд асар том хөрөнгө оруулалт юм.

 

У.Бат-Эрдэнэ: Монголын балетын суурь баазыг дэлхийд таниулахыг зорьдог

 

Сонгодог урлагаар эх орноо төлөөлж, Монгол Улсаа дэлхийд таниулах “гүүр” болж яваа цөөн уран бүтээлч бий. Тэр дундаа балетыг дэлхийн хэмжээний бүжигчдийн дайтай эзэмшиж, монгол бүжигчин гэж зарлуулах нь том гавьяа. Тийм нэгэн эрхэм бас даруухан уран бүтээлч бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, АНУ-д мэргэжлээрээ багшилж буй  У.Бат-Эрдэнэ. “World Ballet and Dance Grand Prix Mongolia-2024” тэмцээнийг түүний нэрэмжит болгосон нь гүн утгатай. Тэрбээр  сонгодог бүжгийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг залууст олгон, дэлхийд гайхагдсан сонгодог бүжгийн өв сангаас үзэгч олондоо таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлч. Тэмцээний босгон дээр түүнтэй ярилцаж, олон улсын хэмжээний уралдааныг эх орондоо зохион байгуулахын ач холбогдол, хэтийн зорилгоос нь хуваалцсан юм.  Тэрбээр “2019 оноос  “World Ballet Grand Prix” тэмцээний уран сайхны удирдагчаар ажиллалаа. Тэр үеэс л олон улсын нэр хүндтэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулахсан гэж мөрөөдөх болсон. Монгол Улсад зохион байгуулах эрх авахын тулд Олон улсын балетын холбооноос зөвшөөрөл авсан. 240 гаруй оролцогч бүртгүүлэхээр мэдүүлгээ өгөөд байна. Олон улсын топ зэрэглэлийн уралдаанд оролцохын тулд өмнө нь тэмцээнд  байр эзэлсэн байх ёстой гэдэг шалгуурыг баримтална. Шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсын мэргэжлийн багш нар, ЗХУ-ын Ардын жүжигчин Вячеслав Гордеев, Өмнөд Солонгосын балетын холбооны ерөнхийлөгч Пак Жэ Кеун, БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуу­лийн захирал, хатагтай  Ким Сан Жим нарын нэр хүндтэй төлөөлөгчид багтсан. Салбартаа домог болсон хүмүүсээр үнэлүүлж, үгийг нь сонсоно гэдэг асар том хүнд­лэл бас боломж. Шагналын тухайд цом, мөнгөн шагналаас илүү нэр хүндтэй сургуулиудад тэтгэлэгтэй суралцах эрх олгоно. Энэ бол өсөн дэвжихийг хүсдэг залуу бүжигчдэд юутай ч зүйрлэшгүй том бэлэг. Онцлон хэлэхэд тэмцээн зохион байгуулснаар би бизнес хийж, нэр хүнд, ашиг хайгаагүй шүү.   Миний зорилго бол Монголын балетын суурь баазыг дэлхийд таниулах. Манайд консерватори, СУИС гээд мэргэжлийн сургуулиуд байдаг. Төгсөгчид нь дэлхийн том театрын тайзнаа тэргүүн гоцлоочоор  бүжиглэж байна. А зэрэглэлийн тэмцээнүүдэд байр эзлээд, монгол бүжигчдийн ур чадварыг хүлээн зөвшөөрүүллээ. Шүүгчид хүртэл “Хаана  сурсан юм бол” гэж гайхаж, асуудаг. Энэ бол манай үндэсний сургуулиуд  танигдаж чадвал гадаад оюутнуудыг татах боломжтой гэсэн үг. Сонгодог балетын ийм бат бөх, чанартай суурьтай мэргэжлийн сургууль, консерваторитай улс Азид ховор шүү. Тиймээс үндэснийхээ сургуулиудыг сурталч­лахыг би зорьдог. “World Ballet and Dance Grand Prix Mongolia” тэмцээн миний зорилгоо биелүүлэх нэг боломж. Бид гадаадад сурах биш, тэд Монголын сургуу­лиудад зорьж элсдэг болохын төлөө ажиллана” гэсэн юм. 


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22