Д.Оюунгэрэл: Орчуулагч-маш сайн уншигч байх ёстой



Фэйсбүүкийн цахим хуудсаараа дамжуулан гадаад, дотоодын ном зохиолын товч танилцуулга, тэмдэглэл, өгүүллэг зохиолуудыг орчуулан хүргэхээс гадна роман, тууж, өгүүллэгүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хэвлэдэг “Чүндж паблишинг” бүлгэмийг уран зохиол сонирхогчид сайн мэддэг. Энэхүү ашгийн бус бүлгэмийн гишүүн, орчуулагч Д.Оюунгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр Оросын орчин үеийн уран зохиолын бүтээлээс монгол хэлнээ буулгадаг юм.

 

-Үндэстнүүдийн хэл сэтгэлгээ асар ялгаатай. Тэр ч байтугай нэг хэлээр ярьдаг, нэг улсад амьдардаг угсаатнууд хүртэл адилгүй байдаг. Оросын зохиолчдын бүтээлүүдийг эх хэлнээ буулгахдаа та юунд анхаардаг вэ?

-Оросын орчин үеийн зохиолчдын бүтээлийг орчуулахад онцын хүндрэл гэхээр зүйлгүй. Харьцангуй даяаршиж, мөн монголчуудад учир зүггүй харь хол, үзэгдэж дуулдаагүй соёл биш мэт санагдана. Харин эрт үеийн зохиолууд нь яалт ч үгүй хэцүү, ялгаа их мэдрэгддэг шүү. Толь бичиг нухах, өөр зохиолтой харьцуулах зэрэг судалгааны  ажил бага шаардана. Гэхдээ миний хувьд эртний зохиол орчуулж тавиагүй, уншиж судалснаа л ярьж байгаа хэрэг. Оюутан байхад орчин цагийн уран зохиолыг нь яая даа гэж суухад эртний Оросын уран зохиолын хичээлийг оросуудтай ижил түвшинд заадаг байв. Оросоос орос руу орчуулж уншина шүү дээ, адармаатай бас явдалтай. Номын сангийн том том толь бичиг тэврээд, унтан сэрэн, уйлан алдан уншаад байхад л явж өгөхгүй, мөн ч чанга. Манай уран зохиолын багш Жак овогтой Екатерина Сергеевна  гэж жүүд гаралтай, хатуу чангаараа цуутай нэгэн байсан.

Багшийг хичээл ороход оюутнууд ганц үг ганхийж дуугарахгүй. Шалгалт дөхлөө, давтлагын үеэр асуултуудыг нь  хараад, за би ч ингээд өнгөрчээ гэсэн шүү юм бодож суутал:  “Та яав?”  гэж байна, багш. “Би давшгүй ээ” гэсэн чинь “Монгол хүн байж арай ч дээ!” гэлээ. Ингэж хурцалж, шар хөдөлгөж орхиод, би ч ухаан жолоогүй нухсаар эхний шалгалтаа давж байв. Дунд дүнтэй өгсөн юм. Гэхдээ би онц авснаас ч илүү баярлаж билээ. Жак багшийн хичээлийг  найман семестр үзсэн. Дараа нь магистр, аспирантурт гүнзгийрүүлээд судалсан даа.


-Ямар бүтээлүүдийг дагнан орчуулж байна вэ?

-Одоо орчуулдаг бүтээлүүдийн тухайд гэвэл, хэл зүйн хувьд эртний зохиолтой харьцуулахад айхавтар бэрх биш. Орчуулгад юуг анхаарах вэ гэхээр, монголоор яг сайхан буулгах юмсан л гэж боддог. Зарим орчуулагч үгчлэхгүй, утгачлахыг илүүд үзэх нь бий. Харин би үгчлэх талдаа, хаях үг байдаггүй. Хэл, сэтгэлгээний онцлогийн тухай та дээр асуусан. Монгол зохиолоо орос хэлнээ буулгахад энэ асуудал яах аргагүй анзаарагдаж байна. Тэнхимийн нэг хурал дээр орос багш нар миний тухай авч хэлэлцэхдээ монгол хүн монгол номоо орос руу орчуулж барахгүй ээ гээд байхаар нь би зохиолч Б.Наминчимэдийн “Цагаан бороо” романыг орчуулна, чадна гээд ам гарчихсан. Утга зохиолын орчуулгаар зэрэг хамгаалах санаатай яваа нөхөр шүү дээ, уг нь. Яруу сайхан монгол хэлийг яаж тэр чигт нь орос болгох вэ гэдэг дээр хөөрхий толгой минь гашилсаар удаж байна. Нэгэнт за гэснийх ёогүй хүн болох гээд нухаж сууна даа. Бэрх ажил.          

-Утга зохиолын орчуулга хэлний мэдлэгээс илүү үг сонголт, уран чадвар шаарддаг. Энэ утгаараа уран зохиолын орчуулагч, зохиолч хоёр надад адилхан санагддаг. Танд ялгаа мэдрэгддэг үү?

-Зохиол бичиж үзээгүй болохоор хэлж мэдэхгүй юм. Зохиолчийн нэгэнт бичсэн бэлэн санааг хөрвүүлэхэд эх хэлний мэдлэг, арвин баялаг үгийн сангаа л шавхана шүү дээ. Орчуулагч өөрөө маш сайн уншигч байх ёстой. Ядруухан монгол хэлтэй бол орчуулга хийх ер нь хэрэггүй. Шүлэг яруу найргийн орчуулгын тухайд үг сонголт, уран чадвар шаардана, бараг шинээр шүлэг зохиох шахуу юм болно.

-Орос орон, орос хэлтэй үргэлж холбоотой байхад танд юу түлхэц өгсөн бэ. Таныг орос хэлний “TOEFL”-д хамгийн өндөр оноо авсан гадаад хүн гэж сонссон?

-ТORFL гэдэг зургаан түвшинтэй. Хамгийн доод түвшнийх нь сертификатыг авчихсан явж байгаад, хориод жилийн дараа гэнэт ухасхийж дээд түвшинд нь шалгалт өгөөд тэнцсэн юм. 18 нас хүрээд анх ОХУ-д очиж орос хэл судалсан. Одоо ч оюутан хэвээр.     


-Ер нь та ямар жимээр уран зохиолын орчуулгатай холбогдсон юм бэ?

-Утга зохиолын бүтээлүүдээс 2013 оноос бага сагаар орчуулж эхэлсэн. Түүнээс өмнө бол чин үнэнч уншигч байв. Сошиалд утга зохиолын бүлгэмийн нөхөдтэй азаар таарч урам аваад, нэг мэдэхэд 11 жил өнгөрсөн байна. Яаж  зориглосноо одоо ч гайхдаг.

-Орчуулах зохиолоо сонгохоос эхлээд хэвлэгдэн гарах хүртэлх өрнөл хүн бүрд адилгүй. Тухайлбал, та сонгосон зохиолоо шууд орчуулж эхэлдэг үү, түрүүлж судалгаа хийдэг үү?

-Уншаад таалагдвал нэн түрүүнд зохиолчтой нь, эсвэл зохиогчийн эрхийг нь эзэмшдэг хэвлэлийн газартай холбоо тогтоосны дараа орчуулна. Шууд орчуулах гэх нь ээ, төлбөр мөнгөн дээрээ тохиролцохгүй бол яах билээ. Гэхдээ миний нэртэй цөөхөн хэдэн ном бий.  Бүгдийнх нь эрхийг төлбөргүй авах аз таарсан юм. Хошин, зөгнөлт, хүүхдийн зохиолын номтой.

-“Чүндж паблишинг”-ийнхаа тухай ярина уу. Хэдэн оноос үйл ажиллагаа явуулж байна вэ?

-2014 онд фэйсбүүк дэх номын бүлгэмд танилцсан найзууд маань нийлж паблишинг байгуулсан. Нэрийг нь хүмүүс гайхаж, сонирхож асуудаг. Таван үгний товчлол үсгүүд юм. Ямар нэгэн нууц агуулаагүй. Эхлээд бид арван тав зургуулаа байж байгаад, одоо есүүл үлдсэн байна. Ихэнх нь Монголдоо байдаггүй, гадаадад ажиллаж, амьдардаг уран зохиолд дуртай залуус. Бүгд мэргэжлийн орчуулагчид биш.  Зүгээр л ажлынхаа хажуугаар орчуулга сонирхдог, ном уншдаг хүмүүс. Манай паблишинг ашгийн бус байгууллага. Бусад паблишингтай харьцуулж мэдэхгүй нь. Ирэн очин амьдардаг болохоор “Чүндж”-ийн ялгаа онцлог, юугаараа ондоог хэлж чадахгүй нь. Бид 16 мянган дагагчтай фэйсбүүкийн  хуудас хөтөлж, хүүхэд залуусыг уран зохиолд дурлуулахсан, хар бараан голдуу өнгөтэй сошиал ертөнцийг багахан ч атугай гэрэлтүүлэхсэн гэж ихийг бодож явдаг.      


-Удахгүй Номын баяр болно. Танай бүлгэмийнхэн олон шинэ бүтээлтэй оролцох уу?

-Арван жилийн ойдоо зориулж, орчуулагч бүр нэг ном гаргахаар ярьсан. Намрын Номын баяраар л амжих болов уу.  

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/


0
angry
2
care
0
haha
9
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.188
2024/05/13
0
0
Үнэхээр чадварлаг уран яруу орчуулдаг шүү. Орос өгүүллэгийн групээс орчуулгыг нь шимтэн, хүлээн байж уншдаг даа.
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22