-Далд ухамсраас гэгээрлийг эрэлхийлэх уран бүтээлийн хайгуулч-
Дүрслэх урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй, ноён оргил болсон Венецийн 60 дахь удаагийн биеннальд оролцох Монгол Улсын павильоны нээлтийг хийлээ. Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали улсад эхэлсэн биеннальд Монгол Улсыг төлөөлөн уран барималч, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Очирболд сонгогдон бүтээлүүдээ танилцуулав. Монголын талын комиссараар Соёлын сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа нар ажиллаж байгаа бол ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн оролцож буйгаараа онцлогтой. Манай улсын павильоны үзэсгэлэн нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд олон улсын хэвлэл мэдээллийн 50 гаруй байгууллага сурвалжилжээ.
Хэвлэлийн бага хурлыг үргэлжлүүлэн Монгол Улсыг нэгдсэн өнгө төрхтэйгөөр олон улсад сурталчлах “Go Mongolia” брэндийг танилцуулжээ. Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн улс төр, соёл урлаг, бизнесийн салбарын нөлөө бүхий 200 орчим зочин, төлөөлөгчид монгол урлаг, соёлын өвийг сонирхуулан сурталчилсан байна.
А.Очирболдын “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” үзэсгэлэн нь Буддын шашны догшин сахиус Ситипати буюу Дүртэддагва шүтээний дүрслэлээс санаа авчээ. Гурван мэлмийтэй гавлын яс нь амьдралын мөнх бусыг сануулж, сүнслэг ертөнцийн тухай ойлголт, түүний шилжилт, дээд ухамсар, гэгээрлийн эрэлхийллийг бэлгэдэж буй юм.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох дүрслэх урлагийн салбараар дамжуулан улс эх орноо олон улсад сурталчлахын зэрэгцээ бүтээлч авьяас чадварыг хөгжүүлж, дэлхийд танигдсан оюуны болон соёлын өвийг бүтээгч хувь хүнийг дэмжихэд Соёлын яам онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд дараа дараагийн биеннальд эх орноо төлөөлөн оролцох боломжтой Монголын шилдэг, залуу уран бүтээлчдийг энэхүү арга хэмжээтэй танилцуулж, туршлага судлах боломжийг олгож буй юм. Энэ удаагийн биенналь "Харийнхан хаа сайгүй" сэдвийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд дэлхийн 88 улс өөрийн бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгож байна.
Уран бүтээлч А.Очирболд 1976 онд Сүхбаатар аймагт төрж, Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран баримлын ангийг 1998 онд төгссөн. 2014 оноос хойш илүү төвлөрөн “Ухамсар” концепт дээрээ ажиллаж байгаа бөгөөд даяарчлалтай холбогдолтой нийгмийн олон талт сэдвүүдийг хөнддөг. Монгол хүний соёлын онцлогийг бүтээлийн суурь санаа, концептэд маш сайн тусгаад, хэлбэр гаргалгаагаа олон талын судалгааны үндэслэлтэйгээр олон улсын хэлээр шийддэг уран бүтээлч юм. Түүний бүтээлүүдийг Герман, Солонгос, Хятад, Орос, АНУ болон Монголын олон үзэсгэлэнд дэлгэсэн. Хөвсгөл аймагт байрлах Чингүнжавын хөшөө, Булган аймагт байрлах Цогт тайжийн хөшөө, Улаанбаатар хотын “Вива сити” дэх Mандухай Сэцэн хатны хөшөө, Ахмадын талбай дахь “Ухамсар” зэрэг түүний том хэмжээний бүтээлүүд нь олон нийтийн талбай, Монгол орон даяар дэлгэгдсэн нь олны танил болжээ. Түүний "Ухамсар" баримал Нью Йорк дахь НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байдаг. А.Очирболд нь НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 2015 оноос хойш тасралтгүй оролцож байгаа бөгөөд 2015 онд гуравдугаар байр, 2019 онд НордАртын гран-при, 2020 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн болжээ.
Монголын соёл судлалын төвүүдийг нээлээ
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх Монголын соёлын төвийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн байгуулна" хэмээн тусгасан байдаг. Энэ зорилтын хүрээнд Итали улсын нэр хүндтэй боловсролын төв болох Флоренц, Пармагийн их сургуульд Монголын соёл судлалын төвийг дөрөвдүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор нээлээ.
Нээлтийн ёслолд Флоренцын их сургуулийн захирал Аллесандра Петручи, Пармагийн их сургуулийн дэд захирал Мария Чечилия Манчини тэргүүтэй их сургуулиудын удирдлага үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир илтгэл тавьсан бөгөөд эрдэмтэн багш нар, монгол, итали оюутнууд өргөнөөр оролцсон нь энэхүү арга хэмжээний ач холбогдлыг улам нэмэгдүүлэв. Эдгээр соёл судлалын төв нь монгол хэл, соёл, өвийг олон улсад сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэх, Монгол, Италийн соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, мэргэжилтэн бэлтгэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулах юм. Түүнчлэн энэхүү Монголын соёл судлалын төв нь Монгол, Италийн Засгийн газар хооронд байгуулсан соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх, цаашид хоёр орны соёл, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно.
Версалийн шилтгээний дуурийн найрал хөгжимчид Монголд иржээ
Версалийн шилтгээний дуурийн найрал хөгжимчид дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүд болох Антонио Вивальди, Жан-Филипп Рамо, Мишель Ламбэр нарын алдарт бүтээлийг УДБЭТ-ын тайзнаа анх удаагаа тоглолоо. Энэхүү тоглолт нь Монгол, Францын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны үр дүн юм. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНФУ-д Төрийн айлчлал хийх үеэр Версалийн шилтгээний Дуурийн театрт Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга "Монголын сайхан орон" тоглолтоо толилуулж, Нант хотын түүхийн музейд "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнг дэлгэж байв. Эдгээр соёлын солилцоо нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн тоглолт бол Францын найрал хөгжмийн шилдэг уран бүтээлчид Монголд анх удаа хүрэлцэн ирж, өөрсдийн авьяас чадвар, урлагийн өвөрмөц хэв маягаа монголчуудад танилцуулсан онцгой үйл явдал болж өнгөрлөө. Энэ нь цаашид ч манай хоёр орны соёл, урлагийн харилцааг улам бэхжүүлэн, гүнзгийрүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
“Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх” журмыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх” журмыг баталлаа. Энэхүү журамд хүүхдийн насны онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтээлийн нэр төрлийг олшруулж, соёлын өв, шинжлэх ухаан, танин мэдэхүйн, сургалтын агуулга бүхий аппликейшн зэрэг цахим бүтээлүүд, өв соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал контент зэрэг нэвтрүүлгүүд болон хүүхдэд зориулсан уран бүтээлийн ашиглалтын зохицуулалт, бүтээлд тавигдах шаардлагыг тусгасан байна. Мөн уран бүтээлийг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сургалт, судалгаанд ашиглах заалтууд тусган, хүүхдэд зориулсан уран бүтээлийн тоог олшруулах, соёл, урлагаар дамжуулан хүүхэд, багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү журмыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа. Хүүхдэд зориулсан уран бүтээлд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд Соёлын тухай хууль, Иргэний хууль, Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24595/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна