-Жижиг дунд үйлдвэрийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж буй төслүүдийг цувралаар танилцуулж байна-
Хийж буй ажилдаа, бүтээгдэхүүн үйлчилгээндээ чин сэтгэлээ зориулж, түүнийгээ итгэл үнэмшлээ болгон зөвхөн бизнес гэж харахаас илүү том зүйлд хувь нэмрээ оруулахыг хичээн ажилладаг бүсгүйн ажил үйлсийг энэ удаагийн “Бүтээлч Монгол” сурвалжиллаа. Тэрбээр гадаад харилцааны мэргэжилтэй, гадаад худалдааны чиглэлээр ажиллаж байсан ч ноос ноолуур, сүлжмэлийн салбарт хүчин зүтгэж буй нэгэн. 2013 онд “Зу Зу” ХХК-ийг үүсгэн байгуулсан ч хүүхэд асрах чөлөөтэй байх үедээ хөгшин настай ааваа асарч идэвхтэй үйл ажиллагаа, үйлдвэрлэл эрхлэлгүй Х тайлан өгч явсаар 2016 оны босгыг давав. Энэ хооронд нөхрийнх нь бизнест хамтрагч хэрэгтэй болсныг харж туслахаар ханцуй шамлан оржээ.
-Бидний яриа таны бизнесээ эхэлсэн тэр цэгээс эхэлбэл сонирхолтой байх болов уу?
-Тухайн үед гэр бүлийн хүн маань бусадтай хамтран сүлжмэлийн үйлдвэрлэл эрхэлж байлаа. Хийж байсан ажлаа орхиод энэ салбарт эргэлт буцалтгүй ороход нөлөөлсөн нэг зүйл нь эргэн төлждөг, дахин ургадаг нөөцийг боловсруулалтад оруулж, баялаг бүтээх, эх орондоо эко бүтээгдэхүүний хэрэглээг илүү дэлгэрүүлж, улмаар олон улсын зах зээлд ч гарах байсан. Цаашилбал, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, бүтээгдхүүнд миний, бидний хувь нэмэр юу байх юм бол гэсэн бодлоос үүдэлтэй.
-Анхны хөрөнгө оруулалт?
-Сүлжмэлийн салбарт тоног төхөөрөмж чухал.Хөдөлмөр хөнгөвчилсөн, бүтээмж сайтай тоног төхөөрөмж эрэлт хэрэгцээтэйгээ дүйгээд үнэ өндөр. Нэг машин л гэхэд 70 мянган ам.доллар орчим. “SHIMASEIKISWG041 БА SWG061N”., “SES 122S, STOLL” машиныг авна гэдэг шинээр бизнес эхэлж байгаа хүмүүст том даваа. Тиймээс хятад хэлний мэдлэг, гадаад худалдааны салбарт ажилласан туршлагадаа үндэслэн БНХАУ-ын зах зээлээс хэрэглэж байсан тоног төхөөрөмж судлан авахаар болсон юм. Бүтээгдэхүүний чанар нэгдүгээрт тул бид мөн л нэгт эрэмбэлэгдэх тоног төхөөрөмж авахаар шийдсэн. Ингээд хөнгөн үйлдвэрийн тэр дундаа сүлжмэлийн талд сайнд тооцогдох Японы “Shima Seiki” (Шимасэки), Германы “Stoll” (ШТОЛ) брэндийн тоног төхөөрөмж захиалсан. Тухайн үед хөнгөн үйлдвэрийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийн гаалийн татварыг чөлөөлж байсан нь бидэнд их дэм болсон шүү. Анх эхэлж байсан үеэ, анхны хөрөнгө оруулалтаа харахад бас л эрсдэл тооцоололгүй том шийдвэр гаргаж байжээ хэмээн одоо боддог.
-Ийм үнэтэй тоног төхөөрөмж авчихдаг.Ажилчдын цалин, эргэлтийн хөрөнгө гээд шийдээгүй асуудлууд байсан биз?
-Байраа барьцаалаад зээл авчихсан, эргэлтийн хөрөнгөө ч мөн л адил зээлээр шийдэж хэсэгтээ л чардайсан. Ингээд 2017 онд буюу жилийн дараа гурван улсын үзэсгэлэнд оролцсон нь бизнестээ итгэх итгэл, улам ихийг хийх урам зориг авсан даа. Монголдоо бүтээгдэхүүнээ борлуулж хараахан эхлээгүй ч “Дулаан” брэндийнхээ эхний бүтээгдэхүүнүүдээ аваад гаднын орныг зорьсон.
Анхны оролцсон үзэсгэлэнгийнхээ талаар Н.Эрдэнэ “2017 онд “Монгол-Хятадын экспо II” үзэсгэлэн Хөххотод болсон юм. Нэг ширхэг ч бүтээгдэхүүн Монголдоо борлуулаагүй байж энэ үзэсгэлэнд оролцох боломж гарч байлаа. Анх удаа энэ үзэсгэлэнд оролцсон нь надад их урам зориг өгсөн. Бид тав хоногийн хугацаанд 150 мянган юаний борлуулалт хийсэн. Бага ч гэсэн валютын орлого оруулж байгаадаа урамшихаас илүү Монголын маань 100 хувь эко бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид таашааж байгааг олж харсан нь чухал байсан. Үүнээс хойш бид жижиг гэлтгүй үзэсгэлэн худалдаагаар дамжуулаад хэд хэдэн газарт өөрсдийн бүтээгдэхүүнийг нийлүүлж ирсэн” хэмээн ярьсан юм.
-Одоо “Зу Зу”компани бүтээгдхүүнээ гаднын хэдэн оронд нийлүүлж байна?
-Герман, Бельги, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг улсад борлуулж байна. Мөн “ДУЛААН” брэндийн хүүхдийн ноос, ноолууран бүтээгдэхүүн мөн нас, хүйс хамаарахгүй “Unisex”, нэг размерын “one size” бүтээгдэхүүнээ түлхүү үйлдвэрлэдэг. Түүнээс гадна Монголд хэд хэдэн томоохон үйлдвэрийн захиалгаар бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэж байна.
-Гадаад харилцаа өргөжихийн хэрээр эрэлт ихсэж нэмэлт хөрөнгө оруулалт шаардаж таарна даа. Нэмэлт хөрөнгө оруулалтаа зээл авч шийдэж байна уу?
-Бидний бизнест цар тахлын үед томоохон дэмжлэг болсон зүйл нь ЖДҮ-ийг дэмжих зээл. 2020 онд ЖДҮ-ийг дэмжих сангаас 100 сая төгрөгийн зээл авч эргэлтийн хөрөнгө болон тоног төхөөрөмжийн сайжруулалтад зарцуулснаар цар тахлын хүнд үеийг даван туулах, цаашлаад өргөжих боломж олгосон юм. Нэмээд хэлэхэд энэ зээлийг авсныхаа дараа АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй, “Хөгжлийн шийдэл” ТББ-ийн хэрэгжүүлж буй “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийн “Хурдасгуур” хөтөлбөрт хамрагдсан нь бидэнд тун чухал байсан. Хөтөлбөрт хамрагдаж, бүтэн жилийн хугацаанд компанийн засаглал, сошиал маркетингийг хэрхэн хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчид санхүүгийн тайлангаа хэрхэн зөв хөтлөх, мэдүүлэх вэ гэдгээс эхлээд олон зүйлийг суралцлаа.
-Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй энэ хөтөлбөрт миний уулзаж ярилцсан жижиг дунд үйлдвэрлэгчдээс их олон орсон байна. Их өгөөжтэй хөтөлбөр болжээ?
-“Хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд бидэн шиг үйлдвэрүүдэд хэрэгтэй сургалтууд байсан. Ихэнх бичил, хувийн компанийн эзэд компаниа хүчээр шахуу хүүхдэдээ өвлүүлэх хүсэлтэй байдаг. Гэтэл урт хугацаанд тогтвортой авч явахын тулд ажилчдаасаа хөрөнгө оруулалт авахгүйгээр, оролцооноос шалтгаалаад хувь эзэмшигч болгож оролцоог нь нэмэгдүүлэх боломжтой гэдгийг олж харсан нь тун чухал байсан.
Мөн бид “Z” клуб нэртэй компанийн үүсгэн байгуулагч-захирлуудын клуб байгуулсан. Клубийнхэн маань өөр өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдий ч түвшин ижил, эхлэлийн шатандаа яваа бичил компаниуд. Бидэнд тулгардаг асуудлууд ерөнхийдөө төстэй. Тэгэхээр бусадтайгаа туршлага солилцож, мэдээлэл хуваалцаж байгаа нь бодит туршлагыг цаг хэмнэж олж авах боломж гарсан. Мэдлэг, туршлагаа хуваалцахаас гадна бид нэгнийхээ бизнесийг дэмжих нетворкинг бий болгон, хамтран ажиллаж чадсан нь тун чухал байсан. Дээр нь бид хамтраад ажилтнуудаа сургалтад хамруулахад нэгдэж, хөнгөлөлт эдлэх боломжтой болсон гээд маш олон давуу талыг олгосон. Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулахад их л олон харилцаанд орж байлаа. Ковидын үеийг ашиглан хамтран сургалт, хамтран байгуулсан клубийн хүрээллээс хүртэж буй өгөөж нь их өндөр байгаад баяртай байна.
Тэрбээр зээл олгож байгаа санхүүгийн байгууллагууд зээлийн эцсийн зориулалтыг үлдэх юм буюу тоног төхөөрөмж, барилга гэж хардгаас үүдэн сөрөг тал гарч байна гээд “Энэ салбарт багагүй хугацаанд ажилласан хүний хувьд харахад зээлийн зориулалтад баригдаад хүмүүс тоног төхөөрөмж ихээр аваад байдаг. Гэтэл ашиглалт нь хаягдчихдаг. Тоног төхөөрөмжийг суурилуулсан хүчин чадлынх нь ядаж 50 хувьд ажиллуулах нь чухал. Тэгэхээр зээлийн зориулалтыг зөвхөн тоног төхөөрөмж гэж хязгаарлаж байгаа нь эргээд үр ашиг багатай санагддаг” хэмээн тайлбарласан. Бизнестээ баримталж буй зарчмууд нь үнэлмээр. Бүтээгдэхүүнээ сурталчлахаас илүү хэрэглэгчийн мэдлэг, хандлагыг өөрчлөх нь чухал, нэрийн олон дэлгүүртэй болохоос илүүтэй түүний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн байгальд ээлтэй, эко байх нь чухал, өөрийнх нь ажилчид тогтвор суурьшилтай өндөр цалинтай байхаас гадна энэ салбарт бэлтгэж буй мэргэжилтнүүдийг дадлагажуулаад дөртэй болгоход хувь нэмрээ оруулах гээд зөвхөн өөрийн бус бусдын төлөө, салбарынхаа төлөө сэтгэл зовнидог нэгэн.
Сүлжмэлийн салбарт ажиллах хүчний нөөц дутагдалтай байгаагийн дээр тогтвор суурьшилтай ажиллах хүн хүч цөөн байгаа нь асуудал болдог. Энэ салбарт бие, сэтгэлээ зориулах мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаарах хэрэгцээ, шаардлага боловсролын салбарт тулгамдаад байна.
МСҮТ-ийн суралцагчдыг байнга цалинжуулах, ажилтай байлгах боломжийг нээгээд өгвөл бид боломжоороо хүүхдүүдэд зааж сургаад, ажлын байран дээрээ мэргэшүүлээд мэргэжлийн зэргийг нь төгсгөхдөө шалгадаг бол, төгсөөд ажилд орохдоо өндөр цалин авч чадахаар байна гээд, гэрийн эзэгтэй нарыг сургалтад хамруулж, гэртээ хүүхдээ харангаа ажиллаж өрхийн орлогоо нэмэгдүүлж болох боломжийн тухай компани нь одоогийн байдлаар л гэхэд арваад гэрийн эзэгтэйг ажиллуулж, цалинжуулж байгаагаа бахархан ярилаа.
Салбартаа тулгарч буй асуудлын нэгээр санхүүгийн бэрхшээлийг нэрлэсэн. “Төрийн худалдан авалтад оролцох юм бол бид нар шиг жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэм өгөх хэмжээний их ажлууд бий. Гэтэл шалгуур нь хэт өндөр. Танил тал, бичиг баримт цуглуулсан хүмүүс аваад биднээр гүйцэтгүүлдэг. Бид сүүлийн 10 жилд томоохон компанийн захиалга дээр тасралтгүй ажиллаж байна. Ажилтан 100 хувь цалинд баригдаад байдаггүй. Хамт олны уур амьсгал, нэг нэгнийхээ дэмээр урам зориг авч байдаг. Миний ашиг сайн байвал би тэднийхээ цалин урамшууллыг нэмээд, дадлагын хүүхдүүдийг ч цалинжуулаад ажиллуулмаар байна. Ажилчдаа сэтгэл ханамжтай, хөдөлмөрөөрөө бахархдаг, бусдад түгээн дэлгэрүүлдэг байгаасай гэж хүсдэг.
Н.Эрдэнэ нөхөр Т.Энхбаярын хамт “Хэрэглэгчийн сэтгэл ханамж гэдэг ямар ч маркетингаас илүү” гэсэн “Zara”-гийн үүсгэн байгуулагчийн үгийг сэтгэлдээ тээж, өөрсдийн бүтээгдэхүүний чанар, үнэ цэнийг хэрэглэгчдэд мэдрүүлж, таниулж, цаашлаад өөрийн бүтээгдэхүүнээр дамжуулан эх дэлхийгээ хайрлах, хамгаалахад хувь нэмрээ оруулахаар зорьж байна.
“Дулаан” өвөлжөөрэй монголчууд аа.
Трамп төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24523/