Ирээдүйгээсээ татгалзчихгүй юмсан


Дэлхий ертөнцийн технологийн чиг хандлага нь байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалж нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах шаардлагаас үүдэл­тэйгээр цахилгаан тээврийн хэрэгслийг өдөр тутмын хэрэглээнд оруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шийдлүүдийн нэг хэмээн таашааж, байгальд ээлтэй энэ технологийг нэвтрүүлэх, ашиглалтыг нэмэх зорилготой байгаа. НҮБ үүнд нь дэм өгч Уур амьсгалын өөрчлөлтийн комиссын зургаа дахь үнэлгээний тайланд цахилгаан скүүтерийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөг эергээр дурджээ. Цахилгаан скүүтерийг нийтийн тээврийн хэрэгслийн найман төрөлтэй харьцуулсан судалгаа хийж үзэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалт 70 хувь бага байгаа нь тогтоогдов. 

 Гайхалтай гэхээс яах вэ. Монгол Улс, улаанбаатарчуудын хувьд дэлхийн хөгжлийн энэ чиг хандлагаас хоцрохгүйг хичээж байна. Хоцрохгүйг хичээж буй нь цахилгаан скүүтер, суррон дугуй түрээсийн бизнес биеллээ олсноос харагдана. Улаанбаатарчуудын хувьд цахилгаан скүүтер, суррон дугуйг бензиний үнийн өсөлтөөс үүдэлтэй амьжиргааны өртгөө хэмнэх арга гэхээсээ илүү автозамын түгжрэлийг шийдэх тун зөв алхам гэж хүлээж авсан байж болох. Тэр ч бүү хэл АНУ-д хийсэн нэгэн судалгаагаар түгжрэлийг 17.4 хувь бууруулах боломжтой гэдэг дүгнэлт гарсан байдаг шүү. Нүүрстөрөгчийн ялгаруулалт бага байдаг нь бидэнд мөн л таатай. Бидний таашаан хүлээж авсан скүүтерийн хэрэглээ анх 2017 онд "Bird Rides" компани Калифорни мужид скүүтер түрээсийн үйлчилгээ эхлүүлснээр тавигджээ. 

Хэдийгээр хэрэглэгчдийн таашаалд нийцсэн ч гамгүй хэрэглээний улмаас гарсан алдагдлаас үүдэн үр ашиг өгөх бизнес биш гэж үзэн 18 сарын дараа хаалгаа барьжээ. Гэсэн ч тэдний гаргасан жим дэлхийг хэрэхээр аль хэдийнэ хурдаа авч эхэлжээ. Хэрэглэгчид эдийн засагт хэмнэлттэй таатай унааг зөвхөн түрээслэх бус өмчлөх хүсэлтэй байв. Хэрэглэгчдийн өсөлтийг Statisca.com-д харуулснаар 2017 онд цахилгаан скүүтер хэрэглэгчийн тоо 520 мянга байсан бол 2019 он гэхэд 40 сая болж огцом өссөн нь дээрх баримтыг нотлох аж. Өнгөрсөн жилийн байдлаар хэрэглэгчийн тоо 77 саяд хүрсэн бөгөөд өдгөө хэдэн тэрбум доллароор тоологдох бизнес болжээ. 
Сайныг дагаж саар гэдэг шиг аливаа ололт, амжилтын ард сөрөг үр дагаврууд гарч байдаг нь нууц биш. “Би ганц л удаа амьдарч үзэж байна” гэдэг шиг хүн төрөлхтний технологиуд үргэлж цоо шинэ байдаг учраас сөрөг үр дагаврууд нь ч шинэ байх нь тодорхой. Технологиудтай танилцаж маргаашнаас нь сураад, судлаад ашиглаад явдаг шигээ эдгээр сөрөг үр дагавруудыг нь хэрхэн бууруулах талаар судалгаа хийж, хууль эрхзүйг нь сайжруулж засаж залаад явах нь хүн төрөлхтний гэрийн даалгавар. Хамгийн анхны скүүтер 1817 онд өөрөө жийж унах зориулалттайгаар Герман улсад хийжээ. Харин АНУ-д хагас цахилгаан, хагас түлшээр ажилладаг скүүтер 1915 онд бүтээгджээ. Хааз, тоормос, километрийн заалт бүхий 35 км/цаг хурдлах чадалтай энэ тээврийн хэрэгслийг машинаар явахад ойрхон, алхахад хол зайд унах сэдлээр бүтээжээ. Үүнээс хойш 100 шахам жилийн дараа "Micro", "Razor" зэрэг компани өнөөдрийн бидний хэрэглээ болсон бүрэн цахилгаан скүүтерийг бүтээв. Үүнийг хүүхдийн тоглоом гэж үзэж байсан томчууд скүүтертэй нэлээд хожуу нөхөрлөж эхэлсэн. Өнгөц харахад гэм хоргүй тун боломжийн энэ унаа нийтийн хэрэгцээнд ороод ирэхээр бас ч тийм гэм хоргүй тоглоом биш болж таарах нь тэр. Энэ тоглоомоос болж гэмтэж бэртсэн тохиолдлын талаарх сүүлийн гурван жилийн статистик бидэнд нотлоод өглөө. Скүүтер болон суррон дугуйнаас үүдэлтэй гэмтсэн хүн ГССҮТ-д 2022 онд 96 ирж байсан бол 2023 онд 266 болж огцом өсчээ. Харин 2024 он гараад эхний дөрвөн сарын хугацаанд 72 хүн тусламж авсан гэдэг тоо байна. Скүүтер, суррон гэдэг энэ тун дажгүй унаа сүүлийн гурван жилд 418 хүнийг ГССҮТ-д хүргээдхэж. Эмнэлэгт очилгүй гүрийсэн хүн хэд байгааг бид мэдэхгүй юм даа. Уг нь бидний нөхөрлөл тун дажгүй эхэлж байсан юм сан. Юу болов. 


Дүрэм, журам стандарт нь тогтоогүйгээс үүдэлтэй сөрөг үр дагаврууд

Юуны өмнө бид энэ шинэ тээврийн хэрэгсэлтэй танилцах үед үүрэг хариуцлагаа дүрэм журмаар зохицуулсангүй. Үйлчлүүлэгчдэд төлбөр төлөхөөс өөр ямар нэгэн шаардлага тавьдаггүй нь эрсдэлд өртөмхий болгочихож. Скүүтер, суррон, мопедоор зорчигчдыг замын хөдөлгөөний дүрэм баримтлуулж, хамгаалах хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангахыг шаардаж, ойлгуулдаг болъё гэтэл манайд ямар ч шаардлага, шалгуур, дүрэм хэрэгжүүлэх нөхцөл нь ч алга, хяналт тавих бүтэц нь ч алга. Хэн дуртай нь суррон, скүүтер хөлөглөн хотын гудамжаар давхилдаж, өөрийн болон өрөөлийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байна. Явган замаар нисэлдэж яваа тэднийг зам дээрх ачааллаа дийлэхгүй сандарч байгаа зохицуулагчид шаардлага тавина гэдэг юу л бол. Зорчигчид л өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс хамгаалах ухамсартай байхаас өөр аргагүй. Хөгжил дагаж ирсэн шинэ соёлоо уг нь унтраагаад хаячихгүй цааш нь авч явмаар байгаа учраас л сайнтай, муутай нь бичээд байгаа хэрэг. Тээврийн цагдаагийн албанаас техникийн үзүүлэлтийн хувьд скүүтер, цахилгаан унадаг дугуй буюу суррон, мопедод стандарт гаргах асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа л гэнэ. Зөрүүтэй ойлголт, нэгдсэн шийдвэргүйн улмаас энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэх боломжгүй тухай ч дуулдана. Осол гэмтэл олширч байгаатай холбоотойгоор мопед, сурроныг бүртгэлжүүлж дугаар олгох асуудлыг ч нэн яаралтай шийдэхгүй бол дараа дараагийн эрсдэлийг үүсгэж буйг энд дурдах нь зүй. 
Насны хязгаар тогтоож өгөөгүй нь маш их эрсдэлийг дагуулж байна. Үүнээс үүдэж бага насны хүүхдүүд ч түрээсэлж, осол аваарт өртөх нь элбэг боллоо. Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийн 1,2,24-т “50 куб.см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсвэл 0.25-4 кВт хүртэл хүчин чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км.ц-аас ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгслийг насны ангиллаар, тусгайлан эрх авахгүйгээр жолоодож болно” гэж заажээ. Мөн "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйл заалтад цахилгаан скүүтер, унадаг дугуй, мопедтой хөдөлгөөнд оролцох дүрмийн заалт байдаг. Цагдаагийн байгууллагаас энэ дүрэм журмын дагуу хяналт тавин ажиллаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд нийтлэг илэрч буй зөрчил нь насны хязгаар зөрчсөн зөрчлүүд гарч байгаа. Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхдүүд унахдаа харгалзах хүнтэйгээр тоглоомын талбай, хашаандаа унахыг зөвшөөрдөг. Харин 14-өөс дээш насныхан олон нийтийн зам, талбайд унадаг дугуй унана. Үүнтэй адил цахилгаан скүүтерийг 14-өөс дээш насныхан унадаг дугуйн замаар унана. Мөн зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явна. Хэрэв цахилгаан скүүтерийн моторын хүчин чадал нь мопедынх шиг бол 16-гаас дээш насныхан хамгаалалтын хувцас хэрэглэлтэй унахыг шаарддаг. Хоёр дугуйт хэрэгслийг 50 км.цаг хүртэл хурдалдаг бол мопед гэж үзнэ. Тиймээс замын хөдөлгөөний дүрэмд мопедтой хэрхэн зорчино гэж заасан байна түүнийг дагаж, мөрдөнө гэсэн үг.Тэгвэл  Европын дийлэнх оронд скүүтерийн хурдны дээд хязгаар 20-25 км.цаг байдаг бөгөөд хэрэглэж болох доод нас 12-18 байна. Дани улсын хувьд хувийн скүүтерээ заавалд даатгалд хамруулах шаардлагатай заалтыг тусгаж өгсөн байдгаараа онцлог аж. Тэд ч хууль дүрмээ ягштал бариулж, барьж сурсан улс даа. Харин бид хууль дүрэм нь байгаа ч үүнийгээ мөрдөх, мөрдүүлэх механизм нь тодорхойгүй байгааг ахиад л үглэж яншихаас өөр аргагүй. Гудамжаар давхилдаж яваа залуусын олонх нь хамгаалалтын хувцас, хэрэгсэлгүй байгаа нь харагддаг. Хэдийгээр 20 км.цагийн хурдтай явж байсан ч унавал яана гэдэг айдас өөрийн эрхгүй төрдгөө нуух юун. Явганаас ч бэртдэг хорвоо шүү дээ. 
Зориулалтын зам талбай хүрэлцээгүйн улмаас скүүтертэй иргэд явган хүний зам гарц, автомашины замаар урсгал сөрөн зорчиж байгааг бид яриад л байгаа. Энэ нь зорчигчийн аюулгүй байдал, амь насанд ч эрсдэлийг ихэсгэх нэг нөхцөл. Нэгэн албаны хүн "Улаанбаатар хот нийт 90 орчим километр дугуйн замтай. Энэ жилийн хувьд бид 30 орчим километр дугуйн зам болон дугуйтай зорчигчдод зориулсан хоёр гүүрэн гарц хийхээр төлөвлөөд байсан. Гэвч одоогоор хөрөнгө мөнгө, төсвийн асуудлаас үүдэж ажил түр зогсоод байна" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Нийт хүн амынх нь тэн хагас амьдран суудаг дэлхийн мегаполис хотын хэмжээнд хүрсэн их хот маань 90 орчим километр дугуйн замтай гэж хэлэхэд ёстой “Ичмээр дамшиг” юм аа. Олон улсад тэр дундаа Австри, Чех, Дани, Герман, Унгар, Их Британи тэргүүтэй орнуудад электрон скүүтерээр явган хүний зам дээр зорчихгүй байхаар зохицуулсан байдаг аж. Хэрэв дугуйн зам байхгүй, явган хүний замаар явах шаардлагатай бол скүүтерийн хурдыг тодорхой хэмжээнд хүртэл хязгаарлах шаардлагатай болдог гэнэ. Нэг зүйлийг сонирхуулан өгүүлэхэд өнгөрсөн онд Францын нийслэл Парис хотод түрээсийн цахилгаан скүүтерийг хэрэглээнээс хасах санал асуулга явуулсан байдаг. Ингэхэд иргэдийнх нь талаас дээш хувь нь буюу 90 орчим хувь нь скүүтрийг хэрэглээнээс халахыг дэмжсэн гэдэг. Учир нь, тус улсад 2022 оны байдлаар цахилгаан скүүтер унах явцдаа 459 хүн осолд өртөж, гурван хүн нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Улмаар зохицуулалтгүй, дүрэм журамгүй байсан түрээсийн скүүтерийн үйлчилгээг зогсоосон байдаг. Харин иргэд хувийн скүүтерээ олон нийтийн газраас бусад газраар унахыг зөвшөөрсөн. Ингэхдээ насны хязгаарыг 16 байхаар тогтоожээ. Уг нь бид ухрах биш урагшлах тухай л яриад байгаа юм. Эдгээр тохиолдлыг олон давтан гаргуулахгүйн тулд эрхзүйн орчныг нь яаж зохицуулж, ашиглах нөхцөлийг нь хэрхэн сайжруулах вэ гэдэг талаас нь л ярилцах цаг болсон. Ирээдүйгээсээ татгалзчихгүй л юм сан.

Эрсдэлийг ялах ухамсар

Дэлхий даяар цахилгаан скүүтер ашигладаг хүмүүсийн 75 хувь нь автомашины хэрэглээгээ эрс багасгасан. Автомашингүй амьдралын хэв маягийг сонгож скүүтер, суррон дугуй ашиглах болсон хүмүүс тэдгээр хэрэглэгчийн 21 хувийг эзэлж байна. Тэгэхээр дэвшил харагдаж байгаа биз. Дээр дурдсан зөрчил, дутагдлыг арилгахын тулд эхний алхам юу байж болох вэ. Инженерүүд цахилгаан скүүтер, суррон дугуйны ирж яваа чимээг сонсогдохуйц байхаар ямар шийдэл байж болохыг судлаад эхэлсэн болов уу. Нэг үгээр хэлбэл, хөдөлгүүрийн дуу чимээг ихэсгэх талд анхаарч байгаа гэж найдаж байна. Иргэд ч мөн өөрийн эзэмшлийн скүүтер, суррондоо чанга яригч суурилуулж, дуут дохио нэмж болох юм. Бага насны хүүхдийг унаж бэртэхээс сэргийлэхийн тулд жолоодох эрхийг хязгаарлаж 18-аас дээш насны хүнд унах, түрээслэхийг зөвшөөрдөг болох. Түрээслэгч компаниуд хамгаалалтын малгай, дуулга хэрэглүүлэх, хэрэглэхийг шаардах. Тэдгээр зүйл нь шөнийн гэрэлтүүлэгтэй байх. Хурдны хязгаарыг тодорхой болгох. Одоо мөрдөж байгаа замын хөдөлгөөний дүрмийг ягштал мөрдөхийг шаардах зэрэг нь нэн тэргүүнд тавигдана. Эдгээр шаардлага түрээслэгч компани болон иргэдийн ухамсраас шалтгаалах зүйл учраас нэн даруй биелэх боломжтой. Хууль эрх зүйн болон орчин нөхцөлийг төрд найдахаас өөр аргагүй. Жилийн дөрвөн улирлын уур амьсгалтай манай орны нөхцөлд ашиглагдах хугацаа багатай ч хууль эрхзүйг нь тодорхой болгочихвол зохино. Учир нь, энэ технологи цаашид яаж хөгжин хувьсахыг бид таашгүй шүү дээ. 

  Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр