​ Гэртээ харих 40 жилийн урт зам



Туулж ирсэн амьдралынх нь зам мөр тухайн хүнийхээ мөн чанарыг тодорхойлох нэгэн байхад, мөн чанараараа амьдралаа тодорхойлоод явчихсан хүн ч байх. Эцгийн нэрээр овоглогдохоос илүү бүх насаараа ажил мэргэжлээрээ овоглуулж амьдардаг хүмүүс ч байдаг. Одоо миний бичих гэж буй энэ хүн эцгээрээ овоглуулаагүй ч эрхэлсэн ажил, төрөлх нутгийнхаа нэрээр нэрлүүлж Монгол туургатнаар зогсохгүй дэлхийд нэрээ мөнхжүүлж чадсан эрхэм аж. Намтар түүхийг нь уншиж суухдаа энэ хүний мөн чанар амьдралыг нь заагаад явчихсан юм байна гэж бодож байлаа. Миний өгүүлэх эрхмийг Цахарын Хангин Гомбожав гэдэг. Хангин Гомбожавын тухай дурсахад хэл бичиг, түүх домог гэх мэт маш өргөн хүрээтэй сэдэв рүү орох ч энэ бүгдийг нэгтгээд “Монгол судлал”-ын талаар өгүүлэхээс аргагүй аж. Дэлхий үзэл суртлын хоёр системд зааглагдаад байсан үед капиталист системийг тэргүүлэгч Америк гүрэнд “Монгол судлал”-ыг үүсгэлцэж амьдралынхаа 40 гаруй жилийг зориулжээ. Аливаа нэг үндэстэн ястны судлал өнө удаан жилийн настай байдаг лугаа адил Монгол судлал ч мөн асар олон жилийн түүхтэй. Юуны өмнө Монгол судлалыг хөгжүүлэх үндэс суурь нь Монгол, Хятад, Перс, Арабын дундад зууны гар бичмэл, зохиолууд болон Төв Азид XIII зуунд Плано Карпини, Гийом дэ Рубрук, Андрэ дэ Лонжүмо, Марко Поло нарын хийсэн аяллын тэмдэглэлүүд гэдгийг өгүүлэх нь зүйн хэрэг. Монголын талаарх анхны ул суурьтай судалгаанууд XIX зууны эхний хагаст Швед улсад эхэлжээ. Армен гаралтай швед дипломатч Абрахам Константин Д'Оссон алдарт Рашид ад-Дин, Жувейни нарын туурвилаас орчуулж, Монгол судлалыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан байдаг. Харин Америкт Пол Пеллио, Денис Синьор, Оуэн Латтимор нарын хичээл зүтгэлээр Монгол судлалын суурь тавигджээ. Эдгээр эрдэмтдийн дундаас Пол Пеллиог Монгол Улсын Судар бичгийн хүрээлэн 1925 онд анхныхаа гадаад гишүүдийн нэгээр сонгон өргөмжилж байсан сонирхолтой баримт байна. Түүгээр ч үл барам Пол Пеллио 1922 онд ЗХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр сонгогдоод байж. Хангин Гомбожавыг Монгол судлалд уруу татсан хүн нь Оуэн Латтимор юм.


Язгууртнаас төрсөн эрдэмтэн

Гомбожав 1921 оны тавдугаар сарын 10-ны өдөр Цахарын Шилийн гол аймаг, Тайвас Зүүн хошуунд, Фүллэхэнгэ (1897-1936), Галиндари (1899-2001) нарын хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Хангин Гомбожав гуайн өвөг дээдэс олон үеэрээ Манжийн төрд хүчин зүтгэсэн язгууртнууд байжээ. Са амбан хэмээн алдаршсан Самданлхүндэв болбоос Гомбожавын өвөг эцэг. “Их эрдэмтэн Дандаа хэмээх Дэмчигдорж”хэмээх 2005 онд хэвлэгдсэн номд “Мөн Цахарын Са амбан гэгч Дандааг Нийслэл Хүрээ явсан тухай дуулаад “Хүний доторх жигүүртэй хүн, морины доторх далавчтай морио халхчуудад алдав” хэмээн харамсан өгүүлсэн…”  хэмээн дурдсан байдаг Са амбан Гомбожавын өвөг эцэг мөн ажээ. Гомбожав ах дүү дөрвүүл байснаас ах нь эрт нас барж, харин эмэгтэй дүү Сайчингуа нь Калифорнид, Баадай нь Тайванд аж төрж байгаа аж. Мөн нэрт эрдэмтний гэргий Сарангэрэл гуай өнөөг хүртэл Индиана мужийн Блүүмингтон хотдоо энх тунх аж төрсөөр буй. Гомбожав, Сарангэрэл нар Эрдэнэ-Уул, Эрхэмбат гэж хоёр хүүтэй, Гэрэлтэй хэмээх охинтой айл. Язгууртан угсаатай Хангины Гомбожав бага наснаасаа монгол, манж, хятад гурван хэлэнд нэвтэрхий суралцан өсжээ. Энэ нь хожмоо хэл шинжлэлч болоход нь, олон том толь бичиг бүтээхэд нь нөлөөлсөн биз. Гомбожав Японы дунд сургуулийг Долоннуурт 1937 онд дүүргэжээ. Цаг төрийн ээдрээтэй дэлхийн II дайны үед Японы байгуулсан Манжгоо улсад хавсарга болж байсан Өвөрмонголын Засгийн газрын Гадаад хэргийг тохинуулах сайд Сайнбаяр тэргүүтнүүд олон арван залуусыг Япон улсын Васэда болон шилдэг их сургуулиудад эрдэм сургахаар илгээж байсны дунд Гомбожав орж, Хоккайдо арал дахь Эзэн хааны их сургуулийг дүүргэжээ. Нэрт эрдэмтний амьдралд ийн хамгийн чухал нөлөө үлдээсэн хүн бол эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Дэмчигдонров ван аж. Дэ ван гучаад оны үед Өвөрмонголыг Монгол Улстай нэгтгэх их үйлд хүчин зүтгэж байхдаа Япон улсын тус дэмд түшиглэж байсан тул ирээдүйтэй залуусыг боловсролтой болгохоор шийдэж Япон руу олноор нь явуулсны нэг нь залуу Гомбожав байлаа. Түүнийг 1938 онд бэлтгэл ангиа төгсөөд их сургуульд элсэхэд нь харин өөр нэг эх оронч Үнэнбаян нөлөөлсөн гэдэг. Үнэнбаянгийн зөвлөгөө, ятгалгаар 1938 онд Хоккайдогийн их сургуулийн Ойн аж ахуйн ангид элсэн оржээ. Ингээд 1941 онд сургуулиа төгсөөд арванхоёрдугаар сард нутагтаа эргэн ирж Өвөрмонголын боловсрол, соёлын сэргэлтийн бэлгэ тэмдэг болж байсан Шинэ Монгол сургуулиудад багшлах болсон байна. Дэмчигдонров ван мэдлэг боловсролтой сэхээтнүүдийг дэмжин, өөрийгөө хүрээлүүлж байсан учраас 1944 онд Хангин Гомбожавыг ч мөн татан авч, Тамгын газартаа ажиллуулж эхэлжээ. Энд л түүний үндэсний үзэл, эх соёл, өрлөг түүхээ судлах эрмэлзлэл төрүүлсэн биз. Гомбожавтай хамт Дэ ванд хүчин зүтгэж явсан Жагчид Сэцэн“Гомбожав надаас насаар тав дүү, Монголоо гэсэн агсам согтуу сэтгэлтэй, эрдэм номтой залуу байлаа. Хожим Америкт ирж, их алдартай монголч эрдэмтэн болсон. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд ар Монголд олон удаа очиж, ихийг хийсэн хүн” хэмээн дурссан байжээ. Япон дайнд ялагдаж, Хятадад дотоодын дайн дэгдсэнээр Дэ вангийн үйл хэрэг ч мөхөх замдаа орсон тул Хангин Гомбожав амьдралынхаа ирээдүйг өөрөөр харахаас аргагүй болов. Энэ үед түүний амьдралд гүнзгий нөлөөгөө үлдээсэн хоёр дахь хүн болох, нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор гарч ирэв.


“Монгол хөтөлбөр”-ийн Монгол эрдэмтэн

Хангин Гомбожав АНУ-д ирээд Жон Хопкинсын их сургуульд Оуэн Латтиморын үүсгэн байгуулсан “Монгол хөтөлбөр”-т Дилов хутагт, Онон Өргөнгөө нарын хамт, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж эхлэв. Харамсалтай нь тун удалгүй МкКартигийн хэмээх тодотголтой хилс хэрэг өрнөж, Оуэн Латтимор АНУ-ын Сенатад олон удаа очиж мэдүүлэг өгөх болсноор “Монгол хөтөлбөр” нь ч мөхөж, Жон Хопкинсын их сургуульд ч монгол судлал төгсгөл болжээ. Уг нь Жон Хопкинсын их сургууль Америкт анх монгол судлалд онц ач холбогдол өгч, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш монгол судлалыг хөгжүүлэхэд анхаарч ирсэн ажээ. Yүний тулд Харвард, Колумб болон Стэнфордын их сургуулиудаас шилдэг гэгдэх монголч эрдэмтэн судлаачдыг нь татаж ирсний дотор Гомбожав, Өргөнгөө Онон, Уильям Остин нарын зэрэг нэрт монголч эрдэмтэд байв. Тэдний хамтын хүчээр монгол хэл, бичгийн эрчимт сургалтын хөтөлбөрийг богино хугацаанд амжилттай боловсруулан зааж эхэлсэн гэдэг. О.Латтиморын монгол судлалыг хөгжүүлэхэд гол туслагч байсан тэрбээр Жоржтауны их сургуульд 1953-1954 онуудад монгол хэл бичиг зааж, Калифорнийн их сургууль, Колумбийн их сургуульд ч мөн 1956-1964 онд багшилж байв. Монгол судлаач Денис Синьор Индианагийн их сургуульд Монгол судлалыг үүсгэн байгуулахдаа Хангин Гомбожавыг урьсан нь зам мөрийг нь тэгшилж орхисон гэхэд болно. Ажиллаж байхдаа Индианы их сургуульд докторын зэрэг хамгаалсан нь 1970 он байв. Тэрбээр монгол хэл зүйн олон тооны сурах бичиг, толь, дээж бичгийн зохиогч болсон байлаа. Америкийн шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн зөвлөлийн “Монголын төсөл”-ийн гол гүйцэтгэгч тэрбээр Америкт монгол хэл зүй сурвалж судлалын томоохон мэргэжилтэнд зүй ёсоор тооцогддог болсон байлаа. 1973-1979 онд Инжинашийн “Хөх судар” романыг судлан олон тооны бүтээл гаргаж, “Хөх судар”-ыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан гэдэг. Хангины Гомбожавын хамгийн сүүлийн томоохон бүтээлүүд нь 414 хуудас бүхий дөрвөн хэсэгтэй монголын ардын аман зохиолын найраглал ерөөл, магтаал, оньсого зүйр цэцэн үгс юм. Ийнхүү 1982 он гэхэд Индианагийн  их сургуулийн профессор цол хүртсэн байв.


Америк дахь“Монгол нийгэмлэг”-ээс мэдэгдэх нь
Эрдэмтэн Хангин Гомбожав алдар цуутай монголч эрдэмтэн байснаар зогсохгүй Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцааг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд  хоёр улсын хооронд боловсролын холбогдолтой хэд хэдэн хамтын ажиллагаанд биечлэн оролцсон улс төрийн зүтгэлтэн байсан гэдэг. Хангин Гомбожав Монгол Улсыг НҮБ-д элсүүлэхийн тулд яриа сурталчилгаа хийх, захидал бичих зэргээр үндэсний тусгаар байдлаа тунхаглан зарласаар л байв. Түүний хүсэл 1961 онд биеллээ олж, Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болов. 
Монгол Улсын тусгаар тогтнолын талаар бичсэн түүний захидал АНУ-ын хамгийн олон уншигчтай "Нью-Йорк Таймс" сонины 1977 оны гуравдугаар сарын 28-ны дугаарт нийтлэгдсэн байна. Уг захиаг Америкийн үндэсний номын сангийн судлаач М.Саруул-Эрдэнийн орчуулгаар толилуулъя. 

Монгол хэзээ ч Хятадын нэг хэсэг байгаагүй


Эрхлэгч танаа:
Коммунист Хятадыг хүлээн зөвшөөрч, Тайваныг хаясан нь дээр хэмээн Ерөнхийлөгчөөс хүссэн утга бүхий “Ерөнхийлөгч Картерт бичсэн ил захидал”-ыг (3 сарын 15-ны дугаарт хэвлэгдсэн) Америкийн Хятадуудын Үндэсний Нийгэмлэгийг төлөөлөн бичихдээ Петер Юү нь өөр олон зүйлийг дурдсаны дотор БНМАУ-ыг хууль ёсоор Хятадын нэг хэсэг хэмээжээ. Ацан шалаанд орж, сэтгэл нь зовнисон ноён Юү-г би ойлгож байна. Хоёр, эсвэл бүр түүнээс ч олон Хятад бий болохыг хүлцэн тэвчиж чадахгүй байгаа байх. Гэхдээ цаг хугацааны эрхэнд Хоёр Хятадын бодлогыг “дэмжих” санаатай байгаагаа ч бичиж. Ноён Юүтэй би энэ талаар маргах гээгүй юм л даа. Харин түүний БНМАУ-ыг Хятадын хэсэг гэсэн хөгийн инээдтэй үгийн тухайд хоёр үг хэлэлгүй горьгүй нь. Түүхэн үүднээсээ Монгол хэзээ ч Хятадын хэсэг байгаагүй юм. Энэтхэг Британийн харилцаатай төстэй гэмээр явдал болсон XVII зууны дунд үед Манжийн хааныг Монгол хүлээн зөвшөөрсөн тэр үед ч Хятадын нэг хэсэг болсонгүй. Ердөө 1915-1921 оны хоорондох багаахан хугацаанд Хятад олон улсын ороо бусгаа байдлыг ашиглан Монголыг өөрийнхөө доорх “автономи” хэмээн хүчээр хүлээлгэсэн юм. Гэвч түүхэндээ Хятад хэзээ ч Монголыг шууд захирч байсангүй. Харин ч эсрэгээрээ, Хятад улс Их Монголын Эзэнт гүрний бүрэлдэхүүнд зуу илүү жил байсан билээ. Гэхдээ монголчууд байлдан дагуулал, колоничлол нь бусад улс орны өөртөө засах нандин эрхийг булаах ёсгүй гэдгийг мэддэг ард түмэн юм. Ухаан нь ноён Юү таны Солонгос, Вьетнам, Бирм болон бусад олон улсыг Хятадын нэг хэсэг гэж байгаа шиг Монголчууд харин ч Орос, Иран зэргийг өөрийнхөө харьяа улс гэж мөчөөрхдөггүй билээ. Одоо харин өнгөрсөн баларсан тэр түүхийг ярихаа болиод, ноён Юү таны няцаахыг оролдоод байгаа Монгол улсын өнөөгийн тусгаар тогтнолын баталгаа, “хууль ёсны” дагуу эсэх тухайд ярья. Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад бүрэн эрхтэйгээр элсэн орсноор тусгаар тогтнолыг нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн юм. Өдгөө ная гаруй улс, АНУ-аас бусад бүхий л хөгжингүй улсууд БНМАУ-тай дипломат харилцаа тогтоогоод байна. Үүгээр ч зогсохгүй БНХАУ өөрөө Монголд 1945 оны аравдугаар сарын 25-ны өдөр болсон санал асуулгын дүнг зөвшөөрч, 1946 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр тусгаар тогтнолыг нь албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ. Монголын хил хязгаарын бүрэн бүтэн байдал нь Монгол хийгээд хоёр хөрш нь болох ЗХУ, БНХАУ хоорондын хоёр болон олон талт гэрээнүүдээр баталгаажсан юм. Харамсалтай нь “Монгол бол Хятадын нэг хэсэг” хэмээх синдромоор өвдөгсөд өнөөг хүртэл байсаар байгаа нь тоогүй.
Ж. Гомбожав Хангин
Индианагийн Их Сургуулийн Урал Алтай судлалын тэнхмийн багш
Блүүмингтон хот, 1977 оны гуравдугаар сарын 18 гэжээ. 

Монгол Улс хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсны дараа Хангин Гомбожав АНУ дахь анхны Монгол судлалын ТББ болох “Монгол нийгэмлэг”-ээ үүсгэн байгуулав. Ингээд анхных нь Ерөнхийлөгч болооч хэмээн хуучны анд Латтимороо урьжээ.
“Монгол нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулсныхаа дараа Хангин Гомбожав тус нийгэмлэгийн мэдээ болох “Mongolia Society Newsletter”-ийг 1962 онд, “Mongolia Society Bulletin”-ийг 1965 онд, эрдэм шинжилгээний сэтгүүл нь болох “Mongolian Studies Journal”-ыг 1974 онд тус тус санаачлан эхлүүлсэн нь олон жилийн туршид АНУ-д Монголын талаарх хамгийн гол, найдвартай эх сурвалж болж өгсөн билээ. Ялангуяа тэр сүүлчийн “Монгол судлал” сэтгүүл бол өнөөдөр АНУ-д хэвлэгдэж буй, Монгол судлалын цорын ганц сэтгүүл болон үлджээ. Тэрбээр 1967 онд тусгаар тогтносон Монгол Улсад анх удаагаа зочилжээ. Хүсэж, тэмүүлж ирсэн ажлынхаа ард гарсан өндөр сэтгэгдэлтэй элэг нэгт монголч эрдэмтэдтэйгээ уулзав. Үүнээс хойш Монгол Улстай ажил хэргийн холбоогоо тасалсангүй. Байнга зочлон, хэлний баримт сэлт цуглуулах, ном сэтгүүл солилцох, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх гээд олон ажил хөөцөлдөж ирж очсоор л байлаа. Нутгаасаа гарснаасаа хойш 40 жилийн дараа анх удаа 1987 онд эх нутагтаа, Өвөрмонголд хөл тавьж, садан төрлүүдтэйгөө уулзсан гэдэг. Тухайн жил Хангин Гомбожавын удаан хугацаанд хөөцөлдөж, тэмцэж явсан бас нэгэн чухал үйл бүтэж, АНУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтлоо. АНУ-ын Төрийн Департамент 1987 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон ёслолыг хийхдээ төрийн томчуудаа урьсан бөгөөд энэхүү арга хэмжээнд хоёрхон энгийн иргэн уригдсаны нэг нь зүй ёсоор Хангин Гомбожав гуай байв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтонгуут  Америкийн монголчуудын Соёлын нийгэмлэгийг Сөнидөөс ирсэн Цорж ламын хамт байгуулжээ. Тус нийгэмлэгийн хамгийн анхны томоохон үйл ажиллагаа нь АНУ-д анх удаа яг дүрэм жаягийнх нь дагуу явуулсан Чингис хааны тахилга болсон юм. Хангин Гомбожав гуай биечлэн Өвөрмонголын Эзэн хороон дахь тахилгын зан үйл, судартай танилцан, Америкийн нөхцөлд тохируулан авч хэвшүүлжээ. Хангин Гомбожавын энэ үйл хэргийг доктор Санж Алтан гуай залгамжлан авч, өнөөг хүртэл Чингис хааны тахилгыг жил бүр амжилттай зохион байгуулж иржээ.
Хангин Гомбожавын сүүлчийн эрдмийн ажил багшид зориулсан толь бичгийн төсөл байжээ. Улаанбаатарт ажиллахаар ирээд байхдаа найман сарын сүүлчээр залуу монголч эрдэмтний зуны сургуульд оролцож, хойч үедээ үг сургаалаа айлдсан байдаг. Үүнээс тун удалгүй аравдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар зочид буудал дахь өрөөндөө зүрх нь хаагдан таалал болсон билээ. Монголын төлөө цохилох нэгэн зүрх ийн үүрд зогсов. Эх орон, элэг нэгтнээсээ салж одоод 40 жил тэмүүлсэн гэртээ ирснээр амарсан байж ч мэдэх юм даа. 

  Трамп Төмөрөө 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр