Ц.Билгүүн: “Нэгээрээ биш бүсээрээ” аян энэ жилийн турш орон даяар үргэлжилнэ


"Политкоммс институт" ТББ-ын  зүгээс “Нэгээрээ биш бүсээрээ” эмэгтэйчүүдийн ман­лайллын аяныг эхлүүлжээ.  Уг аяныг  орон да­яар өрнүүлэх бөгөөд  Мон­гол Улсын наран ургах зүг-зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүх­баатар аймгаас эхлүүлж байгаа ажээ. Ингэхдээ  тухайн аймгуудын 4-5 сумыг нэгтгэн, уулзалт аяны хүрээн дэх арга хэмжээгээ өрнүүлж байгаа юм байна. Эмэгтэйчүүдийн нийгмийн  идэвх оролцоог нэмэгдүүлэх, улмаар эрхэлж буй аливаа бизнесийнх нь хүрээг тэлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх,  хувь хүний хөгжилд нь хувь нэмэр оруулах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилготой уг аянд өнөөдрийн байдлаар  зүүн бүсийн 600 гаруй  эмэгтэй хамрагдаад байгаа ажээ.  “Нэгээрээ биш бүсээрээ” аяныг хэрэгжүүлэгчдийн зүгээс  эмэгтэйчүүдийн нийгэмд өсөн дэвшихэд анхаарах гол гурван зүйлийг өөртөө итгэлтэй бай­дал, итгэл үнэмшил, харилцааны ур чадвар хэмээн тодорхойлж байна. Хэрвээ эдгээр чадварыг маш сайн эзэмшиж чадвал нийгэмд эзлэх байр сууриа ахиулж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх бүрэн боломжтой төдийгүй бүсгүйчүүд нэгнээ дэмждэг, хамтрах чадвар хамгийн чухал гэж үзэж буй. Улмаар  эмэгтэйчүүд хамтарч, нэгдэн нийлж, нэгнээ дэмжиж чаддаг  гэдгийг харуулах нь “Нэгээрээ биш бүсээрээ” аяны бас нэгэн зорилго юм. Хэнтий  аймгийн Хэрлэн, Баянхутаг сум, Бэрх, Өлзийт, Тахилгат тосгоны төлөөлөл болсон 80 гаруй,  Дадал, Норовлин, Баян-Овоо, Баян-Адарга сумын төлөөлөл болсон 120 гаруй бүсгүйчүүд оролцсон байна. Тэдний хувьд өөрсдийн туршлагаа хуваалцаад зогсохгүй эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн оролцоо, цагийн менежмент, карьер төлөвлөлт, ажил амьдралын тэнцвэрийг зохицуулж ажиллахын ач холбогдлын талаар нээлттэй ярилцаж “Нэгээрээ биш бүсээрээ” хамтдаа хөгжих эмэгтэйчүүдийн манлайлалд нэгдэхээ илэрхийлсэн байна.  Манлайллын орон зайг зөвхөн эрэгтэйчүүдийнх гэж ойлгож болохгүй.  Эмэгтэйчүүд нийгэмд манлайлагч байж чаддаг, бас  бие биедээ тусалж, амжилтыг нь уухайлан дэмжих үзэгдэл дутагдах болсон энэ цаг үед хамтдаа хөгжиж, хамтын манлайлалд нэгдэх нь зүйтэй хэмээн тодорхойлж буй “Нэгээрээ биш бүсээрээ” эмэгтэйчүүдийн манлайллын аяны ерөнхий зохион байгуулагч Ц.Билгүүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Нэгээрээ биш  бүсээрээ” аяны үндсэн зорилго юу вэ.  Бид энэ аяныг хэрхэн ойлгож, хүлээн авах ёстой талаар та зохион байгуулагчийн хувьд бидэнд  танилцуулга, мэдээлэл өгнө үү?

-“Нэгээрээ биш бүсээрээ”  эмэгтэйчүүдийн аян нь бизне­сийн нэгдэл юм. УИХ-ын  ээлжит сонгуулийн цаг хугацаатай давхцаж, энэ аянаа эхлүүлж байгаа  учраас улс төрийн агуулгаар хүлээн авахгүй байхыг юуны өмнө хүсье. Албан ёсоор хэлэхэд, бидний эхлүүлсэн энэ аян  сонгууль, улс төртэй ямар ч  холбоогүй. Харин  нийгэм  идэвхэжсэн энэ цаг хугацааг ашиглах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн цаг үе учраас иргэд, олон нийт нэлээд соргог,  идэвхтэй байгааг өөрсдөд  хэрэгтэй байдлаар ашиглая гэж шийдсэн хэрэг. Нэгдүгээрт, энэ оныг  Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Сонгуулийг бүсчилсэн тогтолцоогоор зохион байгуулж байгаа, энэ талаар иргэд, олон нийт багагүй сонсож, энэ талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулж буй энэ цаг үед бид эмэгтэйчүүдээ бүсээрээ нэгдэн нийлж, өөрсдийгөө хөгжүүлэх, манлайлах, нийгмийн чухал хэсэг байх зорилгодоо хүрэх нь зүйтэй гэж үзсэнээр энэ аяныг эхлүүлсэн. Ингэхдээ эмэгтэйчүүд зөвхөн амьдарч буй бүс,  аймаг, сумдаа биш  улс, хот дамжин өөрсдийн эрхэлж буй бизнесийг таниулах, бусдыгаа дэмжихээс гадна бусдаасаа суралцах боломж буюу өөрөө өөрсдийнхөө төлөө нэгдэж буй аян болгох зорилготой. Хоёрдугаарт, бид энэ аяныг  үндэсний хэмжээнд өрнүүлж дууссанаар Ерөнхий сайдад өргөх бичиг барина. Учир нь аливаа сонгуулийн дараа сонгогчид, тэр дундаа эмэгтэйчүүд хохирогчийн дүртэй үлдээд байдаг. Өөрөөр хэлбэл, сонгууль болоод дууссаны дараа “Улстөрчид ирж уулзсан болоод явчихдаг, биднийг төдийлөн сонсдоггүй”  гэх мэтээр гомдол тээж үлдэх хандлагатай байгаад байдаг.  Гэтэл сонгууль дуусна, амьдрал үргэлжилнэ шүү дээ.  Тиймээс заавал сонгуулийн үе гэлтгүйгээр улсын хэмжээний бүхий л бүсийн эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсъё гэж байгаа юм. Ингэж эмэгтэйчүүд мянгуулаа нэгдэн асуудлаа тодорхойлсноор өөрс­дийн дуу хоолойг  төр, за­сагт хүргэнэ. Энэ нь эргээд Зас­гийн газраас гаргаж буй бодлого, шийдвэр эмэгтэйчүүдэд зориулагддаг, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэг байгаасай гэдэг  үүднээс Ерөнхий сайдад хандана.


-Энэ аяныг өрнүүлээд бага хугацаа өнгөрч байгаа ч олон хүнийг хамруулж чад­жээ. Уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлээд явж байхад зүүн бүсийн эмэгтэйчүүдэд нийтлэг тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Бүс бүрийн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон Ерөнхий сайдад хүргүүлж, шийдлийг олоход төр, засгийн бодлогыг чиглүүлэх нь бидний зорилго. Мэдээж  эхний ээлжид бид хамтдаа, эмэгтэйчүүд нийтээрээ  өөрсдийн дунд нийтлэг тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх ямар арга зам байна вэ гэдгийг хамтдаа эрэлхийлэх юм.  Эмэгтэйчүүд гярхай ухаантай байя, ганц нэгээрээ бол биднийг хэн ч сонсохгүй. Тиймээс нэгдэж нийлээд дуу хоолойгоо холбогдох хүмүүст хүргэе гэж байгаа юм.  Нэгдүгээрт, эмэгтэйчүүд нийлж нэгдээд үйлдвэр үйлчилгээ эрхэлье гэхээр хүү багатай, урт хугацааны зээл олддоггүй буюу санхүүжилт байдаггүй нь хүндрэлтэй. Хоёрдугаарт, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд өөрсдийгөө хөгжүүлэх, сурч боловсрох, шинэ зүйл мэдэж судлах боломж, нөхцөл  хомс байна. Тиймээс энэ төрлийн арга хэмжээ, сургалтаар дутагдаж байна. Гуравдугаарт, зүүн бүсэд ямар ч төрлийн үйлдвэр байдаггүй учраас эмэгтэйчүүд цагаан идээнээс авахуулаад дайвар бүтээгдэхүүнээ аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн боловсруулаад ч  зарж борлуулах зах зээлгүй, олон улсын стандарт жишигт нийцүүлэн үйлдвэрлэн түгээх, хүмүүст таниулахад үйлдвэр хэрэгтэй байна гэдгийг хэлж байна.

-Нөлөөллийн аян хэдий хугацаанд, хэр өргөн хүрээг хамарч үргэлжлэх вэ?

-“Нэгээрээ биш бүсээрээ” эмэгтэйчүүдийн  нөлөөллийн аян зүүн бүсээс  эхэлж байна. Цаашдаа бүс бүрд өрнөөд явах зорилготой. Одоогоор 600 гаруй эмэгтэй нэгдчихээд байна. Цаашдаа бүх эмэгтэйчүүдийг эгнээндээ нэгтгэх зорилготой.  Ганцхан жишээ татахад, Хэнтийд  талхны цех ажиллуулдаг эгч яагаад  Дорнодод салбараа нээж болохгүй гэж. Үүний тулд ямар асуудал тулгараад байгаа юм, түүнийг шийдвэрлэхэд хамтын оролцоо ямар хэрэгтэй вэ гэдгийг тухайн бүс нутгийг эмэгтэйчүүдэд таниулахыг зорьж байна. Энэ мэтээр эмэгтэйчүүд бие биетэйгээ танилцаж, хүрээ холбоогоо тэлэхээс авахуулаад олон талын зорилготой. Бидний эхлүүлсэн аян сонгуулийн дараа бүр илүү идэвхэжнэ. Энэ ондоо багтаагаад бүх бүсээр тойрох төлөвлөгөөтэй байна.  Цаашид энэ арга хэмжээ хэр үр дүнтэй явах вэ гэдэг нь манай эмэгтэйчүүдийн  идэвх санаачилга, үүрэг оролцооноос шууд хамаарна. Энэ арга хэмжээ улс төрөөс үл хамаарсан буюу нам үл харгалзсан бизнес эрхлэгч, ажилсаг хөдөлмөрч, өөрсдийнхөө төлөө  гэсэн чин эрмэлзэлтэй эмэгтэйчүүдэд зориулсан  нээлттэй арга хэмжээ гэдгийг тодотгож хэлмээр байна.


-Та бүхний санаачлан өрнүүлж буй энэ аяныг эмэгтэйчүүд хэрхэн хүлээн авч байна вэ?

-Манай эмэгтэйчүүд энэ арга хэмжээг маш таатайгаар хүлээн авч байна. Тэр бүү хэл, бидний  бүсчлэн өрнүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээг сум  тус бүрд хийх санал санаачилга, хүсэлт  гарган, нэгдэх хүсэлтээ илэрхийлж байна. Дээр дурдсанчлан УИХ-ын сонгуулийн цаг үе таарсан учраас  улс төрийн арга хэмжээ эсвэл хэн нэгнийг дэмжих хүсэлт юм болов уу гэдэг ойлголттойгоор манай аяныг зорьж ирсэн эмэгтэйчүүд арга хэмжээний төгсгөлд маш сэтгэл ханамжтай гарч байна.  Арга хэмжээ эхлэхэд  сэрэмжилсэн байдалтай байсан бол   дуусахад бүгдийнх нь нүүрэнд баясал тодрон гарч байгааг харахад талархалтай байна. Орон нутагт эмэгтэйчүүдийг  чадавхжуулах, хөгжүүлэх чиглэлийн  арга хэмжээ дутмаг, тэдэнд ийм хэрэгцээ  дутагдалтай байгаа нь харагдаж байна.  Эмэгтэйчүүд маань маш таатай хүлээн авсан учраас зохион байгуулагч бидний зүгээс их урам орж байна. Нэн хэрэгтэй арга хэмжээ байжээ гэдэг итгэл төрж байгаа. Орон нутгийн эмэгтэйчүүдэд нийтлэг 2-3 асуудал тулгамдаж байгааг уулзалтын үеэр тэд хэлж байна.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр