Салаа зам дээр гацсан Монгол


Монгол малчид уур амьсгал, улирлаар өөрчлөгдөх янз байдлыг харгалзан нутаг сэлгэн нүүж байгалийн нөөцөд түшиглэн мал малладаг арга туршлагатай. Монголчуудыг нутаг амьтай ард түмэн хэмээн нэрлэдэг. Монгол малчид уулзахдаа мэнд амраа мэдэлцэж нутаг ус, тэнгэр хангайн байдлаа ярилцдаг. Нүүж буусан газраа нутаг гэдэг. Нутаг гэдэг нь газрын гадаргын байдал, нарны элч, газрын дулаан, хөрс, ус, агаар, салхи, өвслөг ургамал, ой, хүйтэн, халуун, хур тунадас, ан амьтан зэрэг байгалийн нөөц багтдаг цогц орчин, орон зай гэж үздэг байна. Бэлчээр хэмээн нэрлэдэг ургамлан нөмрөг нь газрын бүтээгдэхүүн, баялаг юм. Эдгээрийг нийтэд нь газрын дээрх байгалийн нөөц гэж үздэг байна.

Мал бол биологийн амьд үйлдвэр бөгөөд түүний үндсэн түүхий эд нь өвс ургамал, ус, агаар, хужир мараа болдог. Нутаг бэлчээр нь мал аж ахуйн үйлдвэрийн үндсэн талбар юм. Малчин ард нутаг усандаа эзэн болж “Миний нутаг, манай нутаг” гэсэн өөриймсөг сэтгэлээр хандан, нутгийнхаа байгалийг эрхэмлэн хамгаалж ирсэн уламжлалтай. Малчид бол байгаль хамгаалагчид юм.

XIII зуунаас өмнөх үед нүүдэлчид овог овгоороо хамтран нүүдэллэдэг, тогтсон нутаггүй байж. Үүнийг тэнүүлч, хэсүүлч хэмээн жуулчид нэрлэдэг байжээ. Эзэн Чингис хааны үед мянгат, зуут, аравтын тогтолцоо бий болсон нь нүүдэлчид нутаг' усандаа тогтвортой байх эхлэл тавигджээ. Өгөөдэй хааны үед газрын алба бий болж нутагчин, газарчин хэмээх түшмэд хариуцаж нутаг бэлчээрийг хот айлын хүрээнд хуваарилж, хот айл хоорондын газрын хил заагийг тогтоон өгч байжээ. Хот айл нь нутаг, бэлчээр, усаа хамтарч эзэмших, хамгаалж ашиглахын зэрэгцээ нүүж суух, хашаа хороо барих, худаг гаргах, малаа ээлжээр хариулах, аян жин тээх, бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэлээ зохион байгуулах зэрэг олон янзын ажлыг хийхэд бие биедээ дэм болж, хамтарч ажилладаг хөдөлмөрөө хоршсон анхны нэгж юм.

 

Хот айл нь нүүдлийн соёл иргэншил үүсэх, хөгжин уламжлагдах төв болж байжээ

 

Богд хаант Засгийн үед малчид нутаг газартаа эзэн болж хамгаалах, хуваарилж ашиглах уламжлал хэвээр үргэлжилж бэлчээрийн газрыг эзэмшүүлж ашиглахдаа хууль, цааз, зарлиг, тусгай дүрэм журам гаргаж чанд  баримталж,  хүн,  мал,  байгалийн зохистой харьцааг алдагдуулахгүй байх, нутаг орныхоо байгалийн нөөцүүдийн харилцан хамаарлыг хэвийн байлгах гол нөхцөл, хүчин зүйлсийг бүрдүүлж иржээ.

Хааны зарлигт “...Засаг ноёд, хутагт нар харьяат хошууныхаа нутгийг бүрэн бүтнээр нь сахин хамгаалах, нутаг газрыг бусдад бэлэглэх, түрээслэх, уурхайн баялаг  ашиглахгүй байх. Нутаг газар нь хэн нэгэн этгээдийн хувийн юм бус. Газар нутгаа хэрхэн эдэлж байгаад хяналт тавих...” гэх зэрэг олон заалт тусгасан байна.

Социализмын үед газар, түүний баялаг төрийн өмч, мал сүрэг нийгмийн өмч, нутаг бэлчээрийг нийтээр ашиглах болсон. Мал сүрэг нь улсын аж ахуй, хөдөө аж ахуйн нэгдэл, тэжээлийн аж ахуйн мэдэлд төвлөрч малчид аминдаа цөөн малтай үлдсэн. Хот айлын тогтолцоо задарч, нутаг бэлчээр эзэмшиж ирсэн уламжлал үгүй болж, аав нь хоньчин, хүү нь адуучин, хүргэн нь үхэрчин гээд тус тусдаа нутагладаг. Буйр нь хүртэл арилаагүй буурал аавын нутгаа орхих болжээ.

Мал сүргээ хаана өвөлжүүлэх, хаваржуулах, зуслан, намаржаанд гаргахыг сумын захиргаа шийддэг. Нутаг бэлчээр эзэмшилгүй болсон учраас бусдын бэлчээрийг хадлан болгох, мал оруулахгүй нийгмийн мал хариулдаг малчинд хамаагүй болж нутаг хүнийсэх болсон. Бэлчээр доройтож мал аж ахуйн байдал хүндэрсэн. Бэлчээрийг нийтээр ашиглах “онол” тохирохгүй болсон учраас тухайн үед нам, Засгийн шийдвэрийн дагуу “Бэлчээрийг мал аж ахуйн бригад, суурьт эзэмшүүлэх, зохистой ашиглах заавар”-ыг ХААЯ 1981 онд баталж гаргасан. Энэ зааврыг Архангай аймгийн Жаргалант сумын “Хоолт” бригадын бэлчээрийг сууриудад эзэмшүүлсэн туршлага болон эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнг үндэслэж боловсруулжээ.

Тус заавар хэрэгжиж байх үед Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж билээ. Зах зээлийн нийгэмд шилжсэн үед газар түүний баялаг төрийн өмч, мал сүрэг хувийн өмч, бэлчээрийн газрыг нийтээр ашиглах болж өөрчлөгдөв. Мал сүрэг хувийн болохоор хот айлын тогтолцоо дахин сэргэв. Мал сүрэг өсөж хүнс нэмэгдсээр байв. Монгол мал өвчинд баригдсан гэх цуурхал дэгдэж үүнийг дагаад махны экспорт хумигдав. Уур амьсгал дулаарч, хур тунадас багасан, ган, гандуу байдал зонхилж чийгсэг ургамал ургахаа больж бэлчээрийн нөөц буурч доройтов. Бэлчээрийн даац хэтрүүлсэн гэж мал, малчин хоёрт бурууг тохож эхлэв. Малаа цөөлөөд л байвал бороо хур ороод л бэлчээр нь сайжраад байх “онол” өрнөв. Аливаа юм хэмжээндээ зөв гэдэг. Хэмжээт нутаг бэлчээргүй байж даац тохируулсангүй гэх нь юу л бол. “Нийтийн юм гэдэг нэг л биш дээ” гэдэг үнэн.

 

Бэлчээрийн газрын ашиглалт замбараагүй болов

 

Малчдын хооронд бэлчээрийн маргаан ил, далд өрнөж хүний амь үрэгддэг болов. Нийтийн газар учраас дуртай нь дайрч эдэлдэг болов. Аж ахуйн олон хэвшил, амралтын газар, суурьшлын бүсүүд бий болж, алт, эрдэнэс ухах, тариа, ногоо тарих, хадлан авах гээд дайрчихдаг учраас мал, малчин хоёр шахагдаж нутгаасаа хөөгдөж туугдахад тулав.

Сүүлийн үед тариалангийн бүсээс малыг гаргана гэж төрийн түшээд, зарим тариалангийн удирдлага ярьдаг болсон. Мал, малчин хоёрыг нутгаас нь хөөн зайлуулах гэдэг бол Монгол Улсын Үндсэн хуулийн 2.10.] 8-нд “Монгол Улсын иргэн байнга оршин суух газраа сонгох эрхтэй...” гэсэн заалт зөрчигдөх болно гэдгийг ухаарах хэрэгтэй юм. Нутаг бэлчээрээ эзэнтэй, зэмшилтэй болгох нь бэлчээрийн мал аж ахуйн тулгамдсан асуудал мөнөөс мөн боловч энэхүү суурь асуудлаа шийдэхгүй тойруулж ярьсаар өдий хүрсэн нь бодлогын том алдаа болов. Бэлчээрийн газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдэхгүй удах тусам уршиг тарих нь тодорхой болов.

Газрын харилцааны хоёр өөр тогтолцооны салаа зам дээр Монгол гацаад байна. Бэлчээрийн газрыг нийтээр ашиглах социалист зам эзэнт гүрний үеэс гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулж ирсэн уламжлалт зам дээр тээглэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 2.6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэсэн байдаг. Ингэхээр малчид, бэлчээрийн газрыг өмчлөх эрхгүй, харин эзэмшиж ашиглах эрх нь нээлттэй байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “...Бэлчээр эзэмшүүлэх, хамгаалах болон нөхөн сэргээх чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх...” гэж заасан байдаг.

Гэтэл малчин ард яагаад бэлчээрийн газрыг эзэмшиж болохгүй байна вэ. Малчдаас харамлаад байгаа нь юуных вэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 2 “Хүнийг ...эрхэлсэн ажил, ...боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн заасныг санагтун. Мал аж ахуйн үйлдвэрлэл явагддаг үндсэн талбар болсон бэлчээрийн газрыг эзэнтэй болгосноор муудахгүй. Бидний үед бүрэн бүтнээрээ, онгон төрхөөрөө уламжлагдаж ирсэн бэлчээрийн газар эзэмшилтэй болохоор нүүдлийн хэв шинж устахгүй. Тухайн нутагтаа нүүж буусан хэвээр л байх болно.

Нутаг бэлчээрийн газрыг эзэмшүүлэх эрх зүйн зохицуулалт бүрдвэл малчин хот айлууд оршин буй нутагтаа хамтарч нутаг бэлчээрээ хамгаалах, нөөцлөх, сэргээх, сэлгэн ашиглах түүндээ тохируулсан малын тоо, төрөл, сүргийн бүтцээ тогтвортой байлгах бололцоо бүрдэнэ. Худаг, усан сан, хөв байгуулах, үр бордоо, усалгаа хэрэглэж чанартай ногоон тэжээл бэлтгэхээр газартаа хөрөнгө оруулах баталгаатай болно. Малын ашиг шим, түүхий эд бүтээгдэхүүний чанараар өрсөлдөх шинэ тогтолцоонд шилжинэ. Нэгэнт үйлдвэрлэл тогтвортой болохоор хөрөнгө оруулалт нь эрчим хүчний эх үүсвэртэй болох, ахуйн болон үйлдвэрлэлийи зориулалтаар орчин цагийн техник, тоног төхөөрмж худалдан авахад чиглэгдэж тав тух, тохитой амьдрах, ажиллах нөхцөл бүрдүүлэх болно.

 

Малчин ард үе залгамжлан эзэмших нутагтай байсан

 

Монголын малчин ардууд хот айлаараа ханьсаж нутаг газраа хариуцан эзэн болж бэлчээр ашиглах, хамгаалах, арга ухаанаа эрт цагаас нааш үе үедээ өвлүүлж ирсэн уламжлалтай. Иймээс нутагтай бол эзэнтэй, эзэнтэй бол нутагтай гэдэг болсон байна.

Хот айл бол ураг төрлийн холбоотой өрхүүдийн анхдагч бүлэг юм. Нэг хот айлд байх өрхийн тоо бүс нутгуудад адилгүй байж. Дунджаар 2-4 өрх нэг хот айл болох нь түгээмэл байжээ. Мал нь олширвол өрх тасарч шинэ нутагт гарах, ганц нэгээрээ байх зэргээр бэлчээр ашиглалтаа зохицуулдаг. Монгол нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд хамгийн хүнд бэрх үе нь өвөл, хавар юм. Энэ нь 150-210 хоног үргэлжлэх урт хугацаа. Иймээс өвөл, хаврын нутаг сонгоход их анхаардаг байжээ. Өвөлжөө бол хатуу цагт итгэж нутаглах газар гэж үздэг байжээ. Хот айл өвөлжөөний талаарх эрдэмтэн, судлаачдын бүтээлээс үзэхэд хот айл нь бэлчээрийн мал аж ахуйн зохион байгуулалтын үндсэн хэлбэр болж засаг захиргаа, нийгмийн анхан шатны нэгж байжээ. Өвөлжөө бууц нь 3-9 үе дамжин уламжлагдан өвлөгдөж ирсэн. Өвөлжөө бол хот айлын нутгийн төв нь болж байсан(доктор Н.Амаржаргал, Р.Самдандовж) гэжээ.

Далай Чойнхор вангийн хошууныхан газар зүйн байдал, малын тоо, төрөл, бэлчээр усны хэрэгцээг харгалзан өрх, хот айлын хүрээнд нутаг бэлчээрийг хуваарилж хил, заагийг нарийн тогтоож, урт хугацааны гэрээгээр эзэмшиж, өвлийн бэлчээрийг өдөр өдөрт нь зурж эрэмбэтэй ашигладаг байсан тухай(С.Бадамхатан) тэмдэглэсэн байна.

 

Уламжлалаа хаяагүй нутгийнхан

 

Хот айлаараа нэг нутаг усандаа тогтвортой байж, байгаль орчноо хайрлан хамгаалж, бэлчээр, ус, хужир марааг дундаа зөв ашиглаж, малаа ээлжээр хариулахаас эхлээд аливаа ажилд бие биедээ тус дэм болж ирсэн түүхэн уламжлал бол зөвхөн Монголынх юм.

Малч удамт монголчууд олон зууны турш үеэс үед уламжилж ирсэн нутаг ус, бэлчээрийн газрын харилцааны энэ хосгүй тогтолцоо өнөө хэр зарим бүс нутагт хэрэглэгдсээр байгаа нь нэн сонирхолтой. Үүнийг мартаж хаяагүй авч яваа Увс аймгийн Зүүнговь сумыг онцлон үзье. Энэ талаар доктор Г.Дээшин бүтээлдээ тодорхой оруулснаас дурдвал, тус сумын нутаг өвс нь халиурсан, хангай ч биш, хээр тал ч биш цөлөрхөг хээрийн өвс ургамал зонхилсон. Бэлчээрийн ургамал тийм ч түгээмэл бус. Дунджаар нэг га-д 3.8-4.1 центнер ургацтай. Өвөл, хаврын бэлчээрийн газрыг хот айлын хүрээнд хуваарилсан. Хот айл хоорондын бэлчээрийн газрын хил заагийг тогтоож шав тэмдэг (нутгийн хэлээр Айвал гэх) тавьж заагладаг. Үүнийгээ бүр эрт цагаас уламжилж ирсэн гэдэг (Нэн эрт XIII зуун, Чингисийн эзэнт гүрний үеэс эхтэй).

Нутаг бэлчээрийг хуваарилах ажлыг сум, багаас томилогдсон ажлын хэсэг (ахмад малчид оролцсон) гүйцэтгэдэг (Хошуу нутаг байхад Тамгын газар хариуцдаг байж).

Нэг хот айлд ногдох бэлчээрийн газар малын төрөл, тооноос хамааралтай 1500- 4000 га газар. Малын тоо 500-1000 толгой байна гэвэл дунджаар нэг малд 3-4 га ногдох юм. Малчид жилийн арваннэгдүгээр сарын дунджаас дараа оны дөрөвдүгээр сарын дунд хүртэл өвөлжөө, хаваржаандаа суудаг. Өвөл, хаврын улиралд бэлчээр ашиглах өвөрмөц арга ажиллагаатай. Бэлчээрийг бод, бог малынх гэж заагладаг. Бод малын өвөлжөө тусдаа байх нь байна. Өвлийн цагт бог малыг битүү дулаан байранд хотлуулж, өдөрт таван цаг бэлчээрлэдэг.

Бэлчээрийг нарийн хуваарьтай, эрэмбэ дараалалтай ашиглах нь малаа хариулж маллахаас хамаарна. Мал хариулах арга ухааныг нэн чухалд үздэг. Хот айл бүр малаа дураар нь бэлчээхгүй, өдөр бур хариулдаг. Тэгэхдээ мал бэлчээх 2-3 зурвас зам жим гаргаж түүгээр малаа бэлчээрт хүргэж, орой хотлуулдаг. Өдөрт бэлчээх газраа хуваарилдаг. 500 бог малд өдөрт хааш хаашаагаа 300 алхмаас хэтрэхгүй хэсэг газрыг сонгож малаа тогтоож хариулдаг.

Тачир өвстэй бол газраа бага зэрэг нэмдэг аж. “Ахмадын сургаал алт” гэдгийг эндхийнхэн хэрэглэж заншсан. Тиймээс залуу, бага хүүхэд малд явах бол ахмад нь цасан дээр зурж өдөр өдөрт малаа бэлчээх хэсгийг заадаг. Түүний дагуу сэлгэн хариулдаг аж. Амьд үйлдвэр болох малыг амьдруулах, ашиг шим үйлдвэрлэх үндсэн түүхий эд болох тэжээл, усаар хангахын тулд малын хариулгад ингэж анхаарч ажилладаг байна. Энэ нутагт цас их унадаг. Хамгийн багадаа 20 см, зарим газраа 50-60 см хүрч хунгарладаг. Цагаан сарын дараа дулаарахаар цас өдөртөө хайлмагтаж шөнөдөө мөстөж хатуурч мал идшилж чадахгүйд хүрдэг. Бэлчээр гаргахын тулд цасны доороос элс малтаж эргэн тойрон цасан дээр цацдаг. Сайн цацагч дөрвөн метр хол цацдаг. Өдөрт 30-40 цэгт элс цацдаг. Элсний оронд бууц, үнс цацаж болдог. Зарим үед бул чирч хөрлөсөн цасыг няцалдаг. Ийм маягаар бэлчээр гаргаж зудтай үед зудгүй мэт ажилладаг хөдөлмөрч малчид бол Увсын Зүүнговийнхон юм.

 

Б.Минжигдорж

/Шинжлэх ухааны доктор, профессор, Гавьяат мал зүйч/

Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24603/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18