Ц.Шинэдолгор: Хүн байгалиас холдох тусам стресс, бухимдал нь нэмэгддэг


Сэтгэлзүйч Ц.Шинэдолгортой ярилцлаа.

 

-Сүүлийн жилүүдэд сэтгэлзүйч эрэлттэй боллоо. Албан байгууллагууд сэтгэлзүйчийн орон тоо бий болгож, хувь хүмүүс сэтгэлзүйчид хандаж байна. Хандлагын энэ өөрчлөлт нийгэмд хэр эерэг тусаж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд хүмүүс сэтгэлзүйчид их хандах болжээ.    Таны хэлсэнчлэн албан байгууллагууд эхнээсээ сэтгэлзүйчийн орон тоотой  болж зарим нь гэрээт сэтгэлзүйчийн  ажлын байр гаргаж  байна. Мөн байгууллагаараа сэтгэл зүйн цуврал сургалтууд авч ажилтнууддаа анхаарал хандуулах болсон. Хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг ажлын байрандаа өнгөрөөж байгаа учраас хамт олны уур амьсгал сайн, ажилдаа сэтгэл ханамжтай, сэтгэл санаа тайван байх зэрэг нь эргээд  хүний амьдралын чанар, сэтгэл санаанд төдийгүй гэр бүлийн аз жаргалд ч эерэг нөлөө үзүүлдэг. Сэтгэл зүй ямар байхаас тухайн хүний амьдралын олон зүйл шалтгаалдаг юм байна. Тиймээс сэтгэлзүйгээ анхаарах шаардлагатай юм байна гэдгийг ойлгодог болдог. Үүнээс дүгнэхэд сэтгэлзүйчид хандах ёстой гэсэн хандлага, эрэлт хэрэгцээ хэдийнэ бий болсон. Гэсэн хэдий ч сэтгэлзүйчээс биечлэн үйлчилгээ авах соёл төлөвшөөгүй байна. Энэ нь нэг талаасаа монголчуудын санхүүгийн асуудалтай холбоотой байж магадгүй. Нөгөө талаасаа сэтгэлзүйн асуудлаа тоохгүй, өөрийгөө хайрлаж, анхаарахгүй, хэнэггүй байдагтай холбоотой байж болох юм. Ингэж яваад асуудал нь улам хүндрээд сэтгэл гутралд орох, ажлын бүтээмжгүй болох, гэр бүл салалт үүсэх гэх мэтчилэн асуудлууд үүсдэг. Тиймээс албан байгууллага бүр ядаж гэрээт сэтгэл зүйчдийг ажиллуулж, ажилтнуудынхаа сэтгэлзүйн боловсролд хөрөнгө оруулалт хийхэд анхаарах шаардлагатай.

Харин хувь хүн талаасаа мэргэжлийн сэтгэлзүйчид хандаж асуудлаа шийдвэрлэдэг байх нь сэтгэцийн эрүүл мэндэд нь тустайгаас гадна сэтгэл санаа тогтвортой байж хүмүүс хоорондын харилцаанд эерэг, боловсон харилцаа хандлага үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Одоо нийгэм, хүмүүс стресс, бухимдалтай байна. Түүнийгээ хэн нэгэн рүү гаргахад бэлэн явж байдаг. Сэтгэл зүйн боловсрол муутай, уур бухимдлаа хэрхэн тайлахаа мэддэггүй, бусдын сэтгэл зүйг гэмтээгээд байгаагаа мэддэггүй гэх мэтчилэн олон асуудал бий. Тиймээс Сэтгэлзүйн боловсролын талаарх мэдлэг, мэдээллийг сургалтын системд оруулж өгөх шаардлагатай байгаа юм.

-Сэтгэл гутрах нь олон шалтгаанаас үүдэлтэй байдаг. Өнөөдрийн нөхцөлд сэтгэл гутралын ямар шинж нийгэмд зонхилж байна вэ?

-Сэтгэл гутрал бол сэтгэцийн эмгэг. Сэтгэлзүйн асуудлууд, гэмтэл, цочрол, эрүүл мэндийн шалтгаан, стресс бухимдлаа тайлахгүй удаан явах нь сэтгэл гутралыг үүсгэдэг. Өөрийгөө сэтгэл гутралтай гэдгээ мэдэхгүй яваа олон хүн байдаг. Үйлчлүүлэгчдийнхээ кэйсээс харахад сэтгэлзүйн асуудлаа шийдвэрлэхгүй удаан хугацаанд явсаар стресс нь депресс буюу сэтгэл гутрал болж хувирсан тохиолдол олон. Мөн уй гашуутай холбоотой асуудлуудаас болж сэтгэл гутралд өртсөн тохиолдлууд цөөнгүй бий. Зөвлөгөө авсан кэйсүүдээс харахад эдгээр шалтгаан зонхилж байгаа ч амьдрал дээр төрсний дараах сэтгэл гутрал түгээмэл байна. Ийм тохиолдолд хүмүүс хүүхдэд анхаарлаа хандуулдаг болохоос биш дөнгөж төрсөн ээжийн сэтгэл зүйг ажиглах нь ховор. Тиймээс хань ижил, ах дүүс нь харж хандаж, хайрлаж, халамжилж, анхаарлаа хандуулдаг байх нь чухал. Ингэснээр ээжүүдийг төрсний дараах сэтгэл гутралд өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

-Аль салбарынхан сэтгэлзүйчийг олноор нь ажиллуулж байна вэ?

-Монгол Улсад цэрэг, цагдаа, эмнэлэг болон зарим албан байгууллага албан ёсоор сэтгэлзүйчийн орон тоо баталсан байдаг. Үүнээс хамгийн ололттой нь ерөнхий боловсролын сургуулиуд сэтгэл зүйчтэй болж эхэлсэн. Цаашдаа сургууль болгон нэг сэтгэлзүйч биш сэтгэлзүйчдийн баг ажиллуулах шаардлагатай гэдэг нь сүүлийн жилүүдэд ажилласан туршлагуудаас харагдаж байна. Хүний хөгжил бол хүүхэд насны сэтгэлзүйн хөгжлөөс ихээхэн шалтгаалдаг тул сургууль бүр цаашлаад цэцэрлэг хүртэл сэтгэлзүйчтэй байх хэрэгцээ шаардлага үүссэн.

-Хүн хоорондын харилцаанаас их зүйл шалтгаалдаг. Хүмүүсийн харилцаа хандлага ямар байна вэ?

-Хүний амьдрал бүхэлдээ харилцаанд тогтдог. Харилцааны чадвартай байснаараа ажил дээрээ амжилттай, амьдралдаа аз жаргалтай байх гэх мэтчилэн хүний амьдралын чанарт нөлөө үзүүлдэг гол хүчин зүйл гэж хэлж болно. Монголчуудын хувьд “Магтах үгийн далд нь, зэмлэх үгийн ил нь дээр” гэж хүмүүжүүлж ирсэн учраас хэн нэгэндээ урмын сайхан үг хэлэх сайн сайхныг ерөөх тал дээр дадал хэвшил суугаагүй байдаг. Харилцааны хувьд бусадтай харилцахдаа ээж, ааваасаа авсан хүмүүжлээр, өөрийнхөө олж эзэмшсэн туршлагад тулгуурлаж бусадтай харилцах нь түгээмэл. Гэтэл хүн хоорондын харилцаа ямар чухал зүйл болохыг ойлгож анхаардаггүй.

Судалгаанаас харахад хүн байгалиас холдох тусам стресс бухимдал нь нэмэгддэг гэсэн  үр дүн гарсан байдаг. Хүн гэрээсээ гараад л цементэн дээр гишгэдэг. Хотжих тусам стресс бухимдал нь нэмэгддэг гэсэн үг. Монголчуудын хувьд агаарын бохирдол, замын түгжрэл, шударга бус байдал гэх мэтчилэн хүмүүсийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйл олон байна. Бие бие рүүгээ хараад сайхан инээмсэглэхээ больсон. Бие биедээ сайн сайхан үгийг хэлэхээ мартжээ. Нэгэн дээвэр доор амьдарч байж бие биеийгээ танихгүй. Хоорондоо харилцаа, мэнд, ус байхгүй. Энэ мэтчилэн хотжилтын болон нийгмийн сөрөг нөлөө хүмүүс хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Гэсэн хэдий ч бид өөрийнхөө харилцааны чадварт анхаарах шаардлагатай. Ингэснээрээ  амьдралынхаа чанарт анхаарч байгаа хэрэг юм. Яагаад гэвэл, харилцаа гэдэг нь өөрөө үгийн тусламжтайгаар хэрэгждэг. Үг нь  маш хүчтэй Эрчим, энерги, долгио. Тиймээс “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэг шиг амнаасаа дандаа сайн сайхан үгийг гаргаж бусадтай эерэг, зөв боловсон харилцах нь өөрийн төдийгүй бусдын сэтгэлзүйд нөлөөлж, эерэг, таатай сайхан мэдрэмжийг дамжуулах дэмтэй. Сэтгэлгүй хүйтэн хүмүүс  бусдыг шархлуулж, сэтгэлтэй хүн чанартай мэдрэмтгий хүмүүс шархалдаг. Ердөө л энэ гэж Достоевский хэлсэн байдаг. Яг үүнтэй холбоотойгоор бидний сэтгэл зүйд шууд ба шууд бусаар нөлөөлдөг олон хүн байдаг. Сөрөг таагүй уур амьсгалтай газарт та шархалсаар байх болно. Та гэмтсээр байх болно. Тийм учраас танд тав тухтай, тайван мэдрэмжийг төрүүлдэг газар ажиллаж амьдрах нь чухал. Та өөрийнхөө сэтгэлзүйд анхаарч өдөр тутмын амьдралын эрүүл дадал хэвшлээр мөн харилцааны зөв боловсон хандлагаар даван туулбал бусдыг эерэгжүүлэх нөлөө үзүүлэх боломжтой.

-Манай нийгэмд гэр бүл салалт их гэсэн статистик тоо бий. Гэр бүл салалтын хохирогч нь хүүхдүүд. Тиймээс гэр бүлээ хамгаалахад эхнэр, нөхрийн харилцааг хэрхэн зохицуулах боломжтой  вэ?

-Хүүхэд байх үеэс нь гэр бүлийн боловсрол олгоход анхаарах шаардлагатай байна. Гэр бүлийн үнэ цэнийг ойлгож, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн үүрэг хариуцлагыг ойлгодог байснаараа амьдралд тулгамдсан янз бүрийн асуудлыг даван туулах чадвартай болно. Ядаж л залуу хосуудад гэрлэлтийн гэрчилгээгээ авахын өмнө гэр бүлийн боловсрол олгох сургалтыг сум, баг, хороо, дүүрэг бүрд явуулах шаардлагатай. Ингэснээрээ гэр бүл салалтын хувь багасна гэж боддог.

-Эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарахгүй байна. Хүүхдээ хаана, хэнтэй нөхөрлөж байгааг анзаарахгүйгээс хүүхэд буруу зам руу орж байна гэж шүүмжилдэг. Сүүлийн үед эцэг, эхчүүдийн хүүхдэдээ анхаарах хандлага сайжирсан уу?

-Цахим ертөнц хүүхдийн хүмүүжилд маш муу нөлөө үзүүлж байна. Хүүхдүүдийн хувьд дэлгэцийн донтолтод өртсөөр байна. Зөвхөн хүүхдүүд гэлтгүй насанд хүрэгчид, эцэг, эхчүүд нь гар утасны хамааралтай болж байна. Хүүхдэдээ цаг гаргах нь багасаж, тэднийг ялангуяа бага насны хүүхдийг гар утсаар саатуулах арга хэлбэр болгосон. Хүүхдүүд үзэж харж буй зүйлээсээ үлгэр дуурайл авч ямар нэгэн хяналтгүй хязгааргүйгээр  буруу зөрүү мэдээллийг авч байна. Энэ нь эргээд хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлдэг. Өсвөр насны хүүхдүүд танихгүй хүмүүстэй чатаар танилцах, буруу үлгэр дуурайл авсаар байна. Нэг талаасаа эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд болон сошиал хэрэглээнд хараа хяналтгүй хандаж байна. Хүүхдэдээ цаг гаргах, тэдний сэтгэлзүйг ойлгох, цагийг хамтдаа чанартай өнгөрүүлэх талд зайлшгүй анхаарах шаардлагатай байна.

Хүүхдүүд бол ирээдүйн иргэд. Хүүхдийнхээ хөгжилд, хүмүүжилд анхаардаг бол бид ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг. Нэмж хэлэхэд хүүхдийн хөгжлийн суурь 0-6 насанд, зарим эрдэмтэн 0-3 насанд нь тавигддаг гэж үздэг. Тийм учраас хүүхдийн хөгжлийн оргил үед нь цагийг хамт өнгөрүүлэх, хүүхдээ хөгжүүлэх, төлөвшүүлэхэд анхаарч эрт үеийн хөгжил гэдэг зүйлд ач холбогдол өгөх хэрэгтэй.

-”Залуус сэтгэлийн хатгүй, эмзэг байна” гэж олон нийт шүүмжилдэг. Үнэхээр залуусын сэтгэлзүйд байна уу, нийгмээс шалтгаалж байна уу. Залуустаа  эерэг, өөдрөг байх талаар юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Нийгэм цаг үеийн хөгжилтэй холбоотойгоор альфа, зэт үеийнхэн гэх мэтчилэн үе үеэрээ хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог өөрчлөгддөг. Тэд өөрийн гэсэн давуу мөн сул талтай. Тийм учраас бид  хүүхдийнхээ сэтгэл зүйн онцлогийг маш сайн ойлгож зөв хүмүүжүүлж, төлөвшүүлж хөгжүүлэх хэрэгтэй. Хүүхэд залуучууд бол Монголын хойч ирээдүй. Тиймээс тэднийгээ үргэлж сайн сайхнаар харж сайн сайхныг ерөөдөг байгаарай.

Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №024/24603/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна Өчигдөр
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 2025/04/18
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 2025/04/18
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 2025/04/18
Товчхон 2025/04/18
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18