Энэ жил бороо хур элбэг, газрын гарц сайтай, зуншлага сайхан байна. Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд монголчуудын хөл хөдөлгөөн нэмэгдэж, хөдөө гадаа явах нь ихсэж, аялж эхэлдэг. Ийм хөл хөдөлгөөн долдугаар сар, наадмын дараагаас бүр эрчимжинэ.
Аялал зугаалгын улирал эхлэхтэй зэрэгцээд зүрх зүсэм, эмгэнэлтэй мэдээ хэвлэлээр хөвөрч эхэлнэ. Танаас үл шалтгаалах аз, эз хувь тавилан, зураг төөрөг, үйлийн үр таны амьдралын хэдэн хувийг эзэлдэг вэ. Хамгийн ихдээ 40 хувийг эзэлдэг байж болох юм. Эсвэл 30 бүр 20 хувь ч байж болно. Гагцхүү та өөрөө үүнд итгэх нь л чухал. Тэгвэл таны амьдралыг 100 хувь гэж үзвэл үлдсэн хувь нь танаас л шалтгаална.
Зөв сонголт, ёс суртахуунаар амьдралынхаа аз жаргалтай хором мөч, үр хүүхдийнхээ ирээдүйг шийдэх эрх чөлөө танд байгаа нь сайхан хэрэг. Эрх чөлөө гэдэг хариуцлагаа төгс ухамсарлаж, үүргээ сонголттойгоор биелүүлэхийг хэлнэ. Монголчууд “Амны бэлгээс, ашдын бэлгэ” хэмээнэ. Гэхдээ л үглэхгүй, сэрэмжлүүлэхгүй бол болдоггүй л амьтан даа хүн гэдэг. “Хүн хэлэхээс нааш ухаажихгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэдэг дээ.
Аялж зугаалах нэг хэрэг. Аюулгүй аялж, амгалан тайван, сэтгэл өндөр сайн явж ирэх нь хамгийн чухал гэдгийг ойлгоё. Орчин цагийн хөгжил соёлтой хөл нийлүүлсэн бид орчлон ертөнцийн хамаг л хурд хүч сайтай унаа тэргийг хөлөглөнхөн давхилдаж байна. Өдрөөс өдөрт эрчимжиж байгаа хөгжлийнхөө хурдыг гүйцэх гэсэн мэт унаа тэрэгнийх нь хурд ч огторгуйн хурд руу дөхөж гүйцэгдэхээ ч болилоо.
Цаг хугацааг товчилж, ирээдүйд хүргэх энэ их хурд биднийг сайхан амьдрал, аз жаргалд хүргэж болох ч нөгөөтэйгүүр засаж боломгүй хор хөнөөл учруулж ч болзошгүй нь аймшигтай. Биднийг амарч цэнгэх, аав ээжтэй минь учран золгох баярт мөчийг ойртуулах унаа аюулд хүргэж ч болох юм. Энэ бидний ухамсраас л шалтгаална. Хөдөө орон нутагт зорчих хөдөлгөөн эхлэхтэй зэрэг ослын дуудлага нэмэгдэж эхэлдэг тухай судалгааны тайланд дурджээ. Замын хөдөлгөөн сийрэг, хүн амын нягтрал багатай хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлсэн болон гэрэл шилжүүлээгүйгээс үүдэлтэй осол аваарь нэмэгддэг аж.
Ялангуяа хөдөө орон нутгийн замд гардаг аваарь ослын дийлэнх нь гэрэл шилжүүлээгүйгээс болсон байх нь бий гэнэ. Шөнийн цагаар гарсан зам тээврийн ослын 60 хувь нь жолооч гэрэл шилжүүлээгүйгээс үүдэн өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн жолооч гялбаанд орж зорчих хэсгийн баримжаа алдан замын хажуу руу онхолдох, сөрөг урсгалд орох, замын голын тусгаарлах зурвас мөргөх тохиолдлууд байдаг гэж тус судалгаанд дурджээ. Хэдийгээр ийм төрлийн ослууд тухайн хөдөлгөөнд оролцогчдын санаатай үйлдлээс болдоггүй ч гарах үр дүн нь “Санаатай үйлдээгүй юм даа” гээд орхидоггүй нь харамсалтай. Замын хөдөлгөөнд оролцогчдын дийлэнх нь тээврийн хэрэгсэл зөрөн өнгөрөх тохиолдолд автомашины холын гэрлийг шилжүүлэх, үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд хурдаа тохируулах ёстой гэдгийг хамгийн сайн мэдэж байдаг ч эдгээр хууль дүрмийг үл ойшоон бусдын амь нас, эрүүл мэндэд хор хүргэж байгааг юу гэх вэ. Хамгийн харамсалтай нь бид алдаанаасаа суралцдаггүй.
Гэмт хэрэгтэнтэй кинонд гэрчийг юм уу сэжигтнийг байцаахдаа хурц гэрэл нүүрэнд нь тусгаж байгаа харагддаг. Зарим улс оронд хурц гэрлийн өөдөөс харуулан удаан суулгах шийтгэл ч бий. Удаан хугацааны турш хурц гэрэлтэй өрөөнд хориход сэтгэцийн өөрчлөлтөд ордог тухай 1950-аад оны дунд үед хүн дээр хийж байсан итгэхэд бэрх туршилтуудын дүгнэлтийг ч уншиж л байлаа.
Зарим улс оронд одоо ч гэсэн гэмт этгээдийг шийтгэхийн тулд хурц гэрлийн өөдөөс харуулан удаан суулгадаг. Хурц гэрэлд удаан байсан туршилтад оролцогчдын оюун санаа эргэж сэргэхгүйгээр гэмтэж галзуурлын байдалд орж байгааг өгүүлсэн байдаг. Бид орой үдшээр бие биеэ ингэж шийтгээд байгаа юм биш биз дээ. Жолооч нүдэнд нь туссан хурц гэрлээс болж барьц алдах тохиолдол бий.
Гэрэл шилжүүлэлгүй тээврийн хэрэгслүүд зөрөхөд хоёр жолоочийн нүдний хараанд өөрчлөлт өгч, орчноо хянах, таньж мэдэх мэдрэмж нь алдагддаг тухай өгүүлсэн. Энэ байдал ойролцоогоор 10 секунд үргэлжлэх ба тээврийн хэрэгсэл 80км/цаг-ийн хурдтай явж байна гэвэл арван секунд нь 120 метр зам туулах хугацаа юм. Энэ 10 секунд, 120 метр дотор осол болох нөхцөл бүрдэхэд жолооч ямар нэг шийдвэртэй алхам хийж чадахгүй л гэсэн үг. Дээрх 10 секунд таны үр хүүхэд эсвэл өөр хэн нэгний амьдрал, үр хүүхэд гэр бүлийн оршихуйг сүйрүүлж ч мэднэ. Аймаар байгаа биз.
Бид жолоочийн хариуцлагагүй байдал, буруу сонголт юунд хүргэж болох тухай хангалттай л ярьсан. Тэгвэл нөгөө талаас харвал осолд зарим талаараа дийлэнх хувиар буруутай байж мэдэх хоёр дахь, гурав дахь хүчин зүйлийн талаар хэзээнээс сөхөн ярьж эхлэх бол. Хөгжил биднийг сайн сайхан, амар амгалан амьдралд хүргэх ч зарим талаараа бид хөгжлийн хохирогч болоод байгаа байж болох юм. Яахаараа бид хөгжлийн хохирогч гэж. Хамгийн наад зах нь хазаарлаж үл дийлэх хурд.
Автомашины хөгжлийн явц хэрэглэгчийн аюулгүй байдлаас гадна хэт хээнцэрлэл, тансаглал руу гажуудсан мэт санагддаг. Бичиж байгаа сэдэвтэйгээ холбон жишээ татахад автомашины их гэрлийн талаар өгүүлж болно. Ганган хээнцэр харагдахаас үл хэтрэх замтай харьцахдаа муу буюу асфальтан зам дээр тун муу тусдаг цагаан гэрэл. Бороо орсон үед бол бүр үзэгдэх юм юу ч үгүй атлаа сөрөг урсгалд яваа жолоочийн нүдийг гэмтээх шахам тусдаг. Их гэрлийн тусгал стандарттай байдаг ч чухам яг тийм өнгөтэй, төдөн ваттын ламп байх ёстой гэсэн заалт байхгүй санагдаж байна. Үүнд жолоочийг буруутгах уу, машин үйлдвэрлэгчийг буруутгах уу. Эсвэл бүр стандарт тогтоож өгөөгүй, тогтоосон байлаа гэхэд мөрдүүлэх арга хэмжээ аваагүй засаг захиргаатай хариуцлага тооцох уу.
Ер нь автомашин аюулгүй байдлын хатуу хяналтаас хол харьцангуй эрх чөлөөтэй хөгжиж иржээ. Усан тээвэр, агаарын хөлөг зэрэг нь аюулын зэрэглэл өндөр учраас эдгээр тээврийн хэрэгсэлд тавих хяналтын систем сайтай, дүрмийн мөрдлөг чанга байж иржээ. Гэтэл автомашины хөгжлийн эхэн үед хууль тогтоогчдын анхаарлыг автомашины болзошгүй аюулаас холдуулж, жолооны ард сууж буй хүний үйлдэл, хариуцлагад төвлөрүүлж орхисон байна гэж үзэж байгаа юм. Бид автомашин үйлдвэрлэгч биш тул импортдоо л тодорхой стандарт тавьж анхаардаг байх даа.
Дэлхий даяар автомашин бий болсон цагаас эхлэн дор хаяж 100 сая хүн зам дээр нас барсан гэдэг тооцоог BBC-ийн “Дэлхийг өөрчилж буй хүмүүс” нэвтрүүлгийн багийнхан гаргажээ. Европын зарим орнууд болгоомжгүйгээс болж осолдсон жолоочтой хариуцлага тооцох гэж яарахгүй, осол гарах болсон шалтгаан нөхцөл байдлыг судлан тогтоож дүгнэлт гаргасны дараа хариуцлага ярих ёстой гэж үзэх болжээ. Тэр ч бүү хэл Шведийн парламент зам барилгын компаниудад “Нийтийн замын системд үйлчилгээ үзүүлэгчийн хувьд таны хийсэн зам олон нийтийн хэмжээнд хүн алах эрхгүй” гэдэг шаардлага тавьж эхэлнэ гэнэ. Энэ нь ч тун байж болох шаардлага санагдаад байгаа юм. Замын стандарт гэдэгт өргөн, зузаанаас гадна өөр бас бус зүйл байдаг аж. Хүний эрхийг дээдэлдэг Европын улс орнууд замын голоор тавьдаг цементэн хаалтыг хориглож байгаа юмсанж. Анхаарал сарних, гэрлийн гялбаанд өртөх зэргээс болж жолоодлого алдагдаж мөнөөх хашлагыг мөргөж амиа алдаж, гэмтэж бэртэгсэд олширсонтой холбоотой гэнэ.
Хөдөө орон нутгийн замд гардаг осол юу юунаас улбаатай байж болох талаар сэрэмжлүүлэн бичих гэж оролдлоо. Хамгийн гол нь өөрсдийнхөө ёс суртахуун, хариуцлагаа ухамсарлаж дүрмээ ягштал биелүүлэн аялах нь бидний болоод бусдын эрүүл мэнд, амь насанд ээлтэй. Овилгогүй ойворгон, хариуцлагагүй байдал биднийг диваажин хүрэх “Цагаан гэрэл” рүү л хөтөлнө гэдгийг ямагт санаж явууштай. Сайхан аялаад, амраад ирээрэй.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24604
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна