Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXVI хорооны Засаг дарга О.Түвшинтэй ярилцлаа.
-Та Баянзүрх дүүргийн XXVI хорооны Засаг дарга болоод хэр удаж байна, ажил алба өндөр байна уу. Танай хорооны хувьд хүн амын нягтрал их, нийт хэдэн хүн амтай юм бэ?
-Ажил алба тавлаг, сайхан байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарснаас үүдэж нийгмийн нөхцөл байдал хүндэрч, хөл хорио тогтоож эхэлсэн цаг үед би энэ хорооны засаг даргын ажлыг аваад гурван жил хагас ажиллаад явж байна. Намайг энэ хорооны даргын ажлыг авахад 27 мянган иргэнтэй байсан. Манай хороо 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс XXXVI, XXVI хороо гэж хоёр хуваагдахаас өмнө 31 мянган иргэнтэй байсан.
-Санасныг бодоход 31 мянган иргэн гэдэг бага тоо сонсогдож байна?
-Иргэн гэдэг ойлголтыг тодруулмаар байна. Нэгдүгээрт, улсын бүртгэлийн иргэн гэсэн ойлголт нь оршин суугаа газар үл харгалзан харьяат иргэний асуудал. Хоёрдугаарт, Монгол Улсын иргэн 180 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа хаяг буюу оршин суугч. Гуравдугаарт, өмчийн эзэн буюу сууц өмчлөгчдийн ойлголтыг ялгаж ойлгох хэрэгтэй. Манай хороо 31 мянган иргэнтэй, 45 мянга орчим оршин суугчтай, 10 мянган хаалгатай буюу өмчийн эзэдтэй Монголын хамгийн олон хүн амтай хороо байлаа.
-Баянзүрх дүүргийн XXVI хороо гэхээр монголчууд тэр дундаа нийслэлчүүд андахгүй болсон хамгийн алдартай хороо. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн муу янз бүрийн байдлаар байнга л дурдагдах болсон.
-Хүн байгаа газар асуудал үүсдэг юм байна. Хамгийн наад зах нь гэхэд л тэр олон хүний тарьсан хогны асуудал. Цар тахлын үеэр манай хороог дангаар нь хааж байсан тохиолдлыг та ярьж байгаа болов уу. Ковид бөөгнөрлийн өвчин болохоор хүмүүс хоорондоо ойртож болдоггүй байсан шүү дээ. Хүн амын нягтрал өндөр, шигүү суурьшилтай болохоор ковид хамгийн их гарч байсан нь үнэн. Тийм ч учраас хороог ганцааранг нь хаах шийдвэр гаргаж байсан юм билээ. Би тэр үед хорооны даргын ажлыг дөнгөж авч байсан учраас ямар ч мэдээ, мэдээлэлгүй байлаа. Сайн муу янз бүрээр хэлэгддэг ч манай хороо сайнаараа алдартай.
-Тийм үү. Тэгвэл өнөөдрийн байдлаар XXVI хороонд тулгамдаад байгаа ямар асуудал байна?
-Яг өнөө маргаашгүй хоолой дээр тулсан, тулгамдсан асуудал гээд байх юм алга. Асуудлуудаа ерөнхийд нь шийдээд дуусаж байна.
-Танай хороонд цэцэрлэг, сургууль ховор санагдаад байх юм. Байлаа гэхэд хүн амынхаа тоотой харьцуулбал бага байх?
-Намайг ажил авахад л манай хороонд 133 дугаар сургууль байлаа. Харин “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш хоёр километрт хоёр сургууль, нэг цэцэрлэг баригдаж байсан. Яг ковидын хөл хорионы үе байж таарсан тул барилга барих нь бүү хэл үйлчилгээний газрууд ч хаалгаа барьсан. Зарим үед цагдаагийн машинаар, заримдаа өөрөө явган алхаж гүйж байж ноднин сүүлийнхээ ажлыг хийж дуусган ашиглалтад оруулж аваад одоо үйл ажиллагаа нь сайхан жигдрээд явж байна.
Таны хэлснээр цэцэрлэг сургуулийн хэрэгцээ тийм шахуу, эрэлттэй байсан л даа. Дээрээс нь манай хорооны нутаг дэвсгэрт байдаг “Олимп” хотхонд шүүхийн анхан шатанд сургууль барьж болно гэдэг шийдвэр гарсан газар байсан юм. Гэтэл газрын хуучин эзэмшигчид сургууль барих зориулалтаар газраа өгөхгүй гэдэг маргаан өрнүүлээд шүүхэд хоёр жил боллоо. Барилга руу орох хэсэг хувь хүний эзэмшилд байсан тул барилгын ажил хийхэд жаахан саад гарсан боловч асуудлыг шийдээд сургуулийнхаа барилыг барьж эхэлсэн. Энэ оны намар аравдугаар сард ашиглалтад оруулчих болов уу.
-Эдгээр сургууль баригдсанаар хорооны хүүхдийн сургуулийн хүрэлцээ ямархуу түвшинд хүрч байна вэ. Хороо ер нь сургууль, цэцэрлэгийн насны хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Манай хороонд сургуулийн насны дөрвөн мянга орчим хүүхэд байна. Одоохондоо бид 2500 хүүхдийг 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургуульд явуулаад байгаа юм. Төрөлжсөн сургуулийн төлөвлөлттэй барилга байсан учраас багтаамжийн хувьд жижигхэн юм билээ. Ингэхээр нэг ангид суралцах хүүхдийн тоо давж, нэг хүүхдэд ногдох зай талбай, амьсгалах агаар стандартын шаардлага хангахаа больсон.
Би энэ асуудлыг 26, 36 дугаар хороо гэж яривал илүү ойлгомжтой болж магадгүй юм. Хоёр хороонд нийтдээ сургуулийн насны хүүхэд найман мянга орчим байгаа. Хамран суралцах тойрог дотроо хоёр сургууль ашиглалтад оруулснаар гурван мянга орчим хүүхдийн суралцах эрхийг хангаж чадна гэсэн үг. Цэцэрлэгийн насны хоёр мянга орчим хүүхэд бий. Ажил аваад ирэхэд хүүхдүүд гаднын цэцэрлэгт явдаг, хамран суралцах хүрээнд байгаа цэцэрлэг нь хол.
“Дүнжингарав”, Натур, Зүүн дөрвөн зам, “Хүннү” өргөн чөлөөний гэх мэт алдартай түгжрэлийг дайран өнгөрч хүүхдээ сургуульд нь зөөхөд хүндрэлтэй байсан. Боловсролын яам 2022 онд нэг ч хүүхэд хаалттай хаалганы цаана үлдэх ёсгүй гэдэг зорилт тавьсны үндсэнд хөтөлбөр гаргаж ажиллаад 26, 36 дугаар хороо маань нийт түрээсийн найман цэцэрлэгтэй болсон. Цэцэрлэгийн зориулалтаар барьсан барилгуудаас гадна 170 ам метрээс дээш хэмжээтэй байруудыг цэцэрлэгийн зориулалттай болгон үйл ажиллагаа явуулж байна.
-Хорооны газар нутгийн хил хязгаар, хэмжээ хэр том юм бэ?
-Нийт 973 га газар нутагтай. Баянзүрх дүүргийн хамгийн урд талын хороо болохоор Туул гол, Цэцэрлэгт хүрээлэн, баруун тал нь Маршалын гүүр, зүүн нь Улиастайн гүүр хүрээд хойд талдаа төмөр замаар хязгаарлагддаг. Гэхдээ хороо хоёр хуваагдаад Баянмонгол хорооллын урд талын “Хүннү”-гийн гудамжнаас урагш манай хорооны нутаг болсон. Хэдийгээр газар нутгийн хэмжээгээр том боловч хүн амын нягтрал ихтэй газар нь жоохон. Ерөнхийдөө 80 га орчимд нь буюу нийт газрынхаа арав орчим хувьд л суурьшилтай. Үүгээрээ их онцлогтой хороо.
-Танай хороо түгжрэлээрээ алдартай шүү. Энэ түгжрэлийг шийдэхэд хорооны зүгээс ямар ажил хийж болдог юм бол. Засгийн газар, хотын хийх ёстой ажил гээд л хаячихдаг юм уу?
-Та манай хорооны урд, хойд талаар явдаг замуудыг хэлж байгаа болов уу. Урд талынхыг нь “Нийслэл хүрээ” өргөн чөлөө, ар талын замыг Хүннүгийн гудамж гэдэг. Хорооны зам бариад өргөтгөөд явдаг нэгж биш. Тэгэхээр бид үүнийг өөр талаас нь хараад байгаа юм. Бидний Urbanization буюу хотжилтын ойлголт их бишээ. Дэлхийн бусад улс орнууд төлөвлөлтийн алдаа, он цагийн элэгдэл зэргээс үүдэн нэг барилгаа гурав, дөрөв бүр түүнээс дээш удаа буулгаж суурин дээр нь өөр төлөвлөлтөөр барьж босгож байж өнөөгийн төрхөө олсон.
Би түүхийн ухааны магистр хүн. Энэ чиглэлээр БНХАУ-д сурч байхдаа уншиж судалсан гэдгээ хэлэх гээд байгаа хэрэг. Хот олон хүнтэй байх ёстой юм билээ. Хороо гэдэг хотын анхан шатны нэгжийн хувьд иргэд нь хорооныхоо нутаг дэвсгэрээс гарахгүй “Хороондоо сайхан амьдрах” боломжтой гэж хардаг. Иргэдийн суурь хэрэгцээ болсон сургууль, цэцэрлэгээс гадна ахуйн үйлчилгээний төвүүд, амарч зугаалах зай талбай, чөлөөт цагаа өнгөрөөх үзвэр, үйлчилгээ зэрэг нь нэг дороо хорооныхоо нутаг дэвсгэрт байх нь зөв. Манай хороонд энэ бүх үйлчилгээ нь байна. Хорооны иргэдийн хувьд эдгээр үйлчилгээг хайж машин хөлөглөн зам дээр гарахгүй гэсэн үг. Манай хороонд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нэг нь ч дампуурдаггүй. Яагаад гэхээр хүн ам олонтой. Иргэн бүр худалдан авагч гэсэн үг. Энэ мэтчилэн нийслэлийн хороо бүр аж ахуйн нэгжтэйгээ хамтарч иргэдийн суурь хэрэгцээг хангах нөхцөлийг бүрдүүлж өгөх талд анхаарч ажиллах юм бол түгжрэл шийдэхэд оруулж байгаа хувь нэмэр болно.
-Та МАН-аас хэрэгжүүлэх “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлээд эхэлсэн юм биш үү?
Үүнтэй уялдуулаад ярихад МАН-ын мөрийн хөтөлбөрт дагуул хотуудыг бий болгох тухай тусгасан. Аль 1993 оноос хойш мөрдөгдсөн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ 2020-2024 оны парламент отгон чуулганаараа баталсан. Нийслэл Улаанбаатар хотыг 14 хот, 42 хороотойгоор шинэчлэн зохион байгуулж, 214 Засаг даргатай байсныг дөрөв дахин цөөрүүлэхээр тооцсон. Ингэснээр чиг үүргийн төвлөрөл буурч хотын оршин суугч амьдарч байгаа газраасаа 20 минутын газарт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний болон бусад нийгмийн үйлчилгээг авч байхаар “20 минутын хот” стандарт төлөвлөлтийн концепцыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа. Энэ “20 минутын хот” стандарт миний дээр дурдсан зүйлийг хэлээд байна. Иргэд төрийн үйлчилгээг авах, амьдрах орчноо сайжруулах илүү боломж бүрдэнэ.
-Таны ярианаас “Хотын хөгжил хорооноос” гэдэг уриа биелэх боломжтой гэдэг нь харагдаж байна. Энэ талаар цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг ярьж болох уу?
-Хороо шийдвэр гаргаад гүйцэтгэдэг ажил байхгүй, иргэд асуудал тавина, хороо өөрөө асуудлаа урьтаж харна түүнийгээ шийдвэрлүүлэхээр шат бүрд хандана. Жишээлбэл, траншейны таг хагарсан бол түүнийг ямар байгууламжийн худаг болохыг тогтооно, холбоо, дулаан, цэвэр, бохир, ус зайлуулах, цахилгаан гэх мэтээр тэгээд дүүрэгт хандаад, дүүрэг тухайн байгууллагуудад нь хүсэлт өгнө, хүсэлтийг нь шийдвэрлээд таг тавина энэ бүхэнд хугацаа орно, магадгүй иргэд хохирно. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжээд эхлэхээр тагны мөнгөтэй, тагаа тавих хүн хүчтэй л болчих юм. Цаашид хийх ойрын зорилго гэвэл хашаагүй хороо болж хотынхоо өнгө үзэмж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, “Дүнжингарав” худалдааны төвийн хойд замын өргөтгөлийн ажлыг эрчимжүүлж түгжрэлийг бууруулах чиглэлээр л ажиллаж байна.
Хотын хөгжил иргэдээс маш их шалтгаална.
-Ярилцсанд баярлалаа.
Трамп Төмрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24604/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна